Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 215/МА2024/00009

 

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багт оршин суух Я.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ........... сум “Э Х” ОНӨААТҮГ,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ИТХ-д тус тус холбогдох

Зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Я.Б нь 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай 26,000,000 төгрөгийг ................ аймгийн ............ сумын “Э Х” ОНӨААТҮГ зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Энэ хугацаанд сар сарынхаа хүүг зээлийн гэрээнд заасныхаа дагуу 9 сарын хугацаанд авсан. Энэ 26,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөгийг өнөөдрийн байдлаар гар дээрээ аваагүй байгаа.

Ийм учраас зээлийн гэрээнд заасны дагуу 26,000,000 төгрөгийнхөө алдангийг нь гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл дээрээ хариуцагчаар Говь-Алтай аймгийн ............. сум эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар болон Говь-Алтай аймгийн ИТХ-ыг хариуцагчаар татсан. Яагаад энэ хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татах болсон юм бэ гэхээр Говь-Алтай аймгийн .......... сумын эрчим хүчийг татан буугдсан талаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын тогтоол гарчихсан байгаа. Ингэж хурлын тогтоол гарсан мөртөлөө өнөөдөр хавтаст хэргийн материалд бүрдүүлсэн улсын бүртгэлээс авсан баримтаас харахад өнөөдрийн байдлаар .......... сумын эрчим хүч нь татан буугдсан бүртгэл одоо хүртэл ороогүй байдаг. Ийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг давхар хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн ............ сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 08 сарын 05-нд ............эрчим хүч, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажлыг хүлээж авсан. Бичиг баримт дээр ч байгаа. Энэ өр зээлийн асуудал чинь байгаагүй. Тэгээд 2023 оны 03 сарын 09-нд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр энэ хэрэг надад ер нь хамааралгүй гэж үзэж байна. Намайг ажил хүлээж авахад энэ өр зээлийн асуудал ерөөсөө яригдаагүй. Тэгээд сүүлд нь мэдсэн. Я.Б нь өөрөө надтай ерөөсөө уулзаагүй. Г ах өөрөө нэг ийм юм ярьсан учраас энэ ер нь юу болоод байна вэ гэдэг байдлаар би шалгуулъя. Хууль хүчний мэргэжлийнх нь байгууллага шалгаад тунгаагаад өгөх байлгүй гэж хүсэлт гаргасан байгаа гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ хариу тайлбартаа: Аймгийн ИТХ-аар аливаа асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барихын өмнө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж байж хуралд өргөн мэдүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх байгууллагатай холбоотой өр авлагын асуудал байхгүй гэж танилцуулагдсан байдаг. Татан буулгахад ямар ч асуудалгүй, өр авлагын асуудал байхгүй гээд. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 20 дугаар тогтоолоор ..........., ........... сумын асуудал хэлэлцэгдэж шийдвэр гарсан байдаг юм. Тэгээд Засаг даргын удирдлагын зөвлөлөөр өмнө нь орохдоо Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Орон нутгийн өмчийн газраас татан буулгахтай холбоотой өр төлбөрийн асуудал байгаа юу гээд хурлаар хэлэлцэхэд байхгүй, энэ хоёр байгууллагыг татан буулгахад ямар ч асуудалгүй гэсэн тайлбар хэлсэн байна гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, иргэн Я.Б нарын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Манай зүгээс Я.Б гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар 26,000,000 төгрөгөөс ерөнхийдөө 17,419,000 төгрөгийг төлчихсөн байдаг. Я.Б-тай байгуулсан зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1,5 хувиар бодож алданги төлнө гэж заасан. Гэрээн дээрээ ингээд тусгаад өгчихсөн хэрнээ нэхэмжлэгч тал 13,000,000 төгрөгийг ямар байдлаар тооцоод байгаа юм бэ? 26,000,000 төгрөгөөс 17,419,000 төгрөгийг төлөхөөр 8,581,000 төгрөгийг Я.Б-т өгөөгүй гэж санхүүгийн баримтуудаас харагдаж байгаа. Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1,5 хувиар гэхээр алданги нь 128,715 болоод нийтдээ 8,709,715 төгрөгийг төлөхөөр харагдаж байгаа юм. Тэгээд манайх эдний нэхэмжилж байгаа алданги нь тодорхой бус, ямар үндэслэлээр ийм алданги нэхэж байгаа нь ойлгомжгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээ нь болохоор 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 26,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаанд багтаан буцаан төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд өнөөдөр нэхэмжлэгчийн шаардаж байгаа нь болохоор өнөөдрийг хүртэл зээлийн хугацаа хэтэрсэн, өдийг хүртэл нэг ч төгрөг аваагүй гэсэн байдлаар шүүхэд маргаж байгаа. Гэтэл гэрээг 2021 оны 08 дугаар сарын 01-нд байгуулсан байдаг. Гэтэл энэ ............сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны дансанд Я.Б-аас орлого гэх 26,000,000 төгрөг гэрээ байгуулахын өмнө буюу 07 дугаар сарын 28-ны өдөр орсон байдаг. Энэ мөнгийг ямар зорилгоор авсан нь тодорхойгүй. Зээлийн гэрээ байгуулсан гэх нотлох баримт зөвхөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэг хувь гэрээ л байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас асуухаар иргэнээс авсан гэх нотлох баримт, зээлийн гэрээ байхгүй байна. Энэ нотлогдохгүй байна гэсэн асуудлыг тавьдаг. Тэгэхээр манай зүгээс нотариатаар батлуулсан зүйл байхгүй байгаа. Энэ нь болохоор үгсэн хуйвалдаж гэрээг холбогдох баримт бичгийг нийцүүлэн хуурамчаар нөхөж хийсэн байж болзошгүй гэж бодож байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.16-д төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл, үнэт цаас гаргана гэсэн байгаа. Мөн хуулийн 5.2-т энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит давамгайлсан хуулийн этгээд нь 16-д заасан зөвшөөрөлгүйгээр үнэт цаас болон зээл авахыг хориглоно гээд заачихсан байхад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс зээл авсан нь эргээд хууль бус гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй гэж манай зүгээс үзэж байгаа. Тэгээд алданги 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хэлье. Нэгдүгээрт 07 дугаар сарын 28-ны өдөр Я.Б-аас 26,000,000 төгрөг орчихоод 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь манай санхүүд 1 хувь нь байхгүй байна, нотариатаар батлуулаагүй байна гэдэг зүйл ярьдаг. Үүн дээр Я.Б гэдэг хүн нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны 24............... гэдэг данс руу Б-аас гээд 26,000,000 төгрөг орсон байгаа. Энэ мөнгө нь эрчмийн данснаас ямар байдлаар зохицуулаад гарсан байгаа вэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч байгууллагаас гаргаж ирсэн Төрийн банкны ............сумын Эрчим хүчний санхүүгийн дансны хуулгаас маш тодорхой харагдаж байгаа. 26,000,000 төгрөг нь ороод юу юунд зарцуулсан бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Тийм учраас энэ мөнгө ороод энэ мөнгийг нь өөр хувь хүн ч юм уу, тухайн үед ажиллаж байсан нягтлан дарга нар нь хуйвалдаад аваад мөнгийг нь идчихсэн ч гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж бодож байгаа. Мөн зээлийн гэрээ санхүүд 1 хувь байхгүй. Энийг нотариатаар батлуулаагүй гэдэг зүйл ярьж байгаа. Гэрч Л.Г болон Б нар нь тухайн үед дарга, нягтлангаар ажиллаж байсан хүмүүс нь хавтаст хэргийн материалд хоёулаа мэдүүлэг өгчихсөн байгаа. Энэ хоёрын мэдүүлэг дээр тухайн үед авч байсан гэдэг нь маш тодорхой байгаа бөгөөд Л.Г нь ажлаа хүлээлгэж өгөхдөө зээлийн гэрээний 1 хувь тухайн материал дотор үзэгдээд явсан гэдгийг хэлдэг юм. Я.Б гэдэг хүн өөрийнхөө зээлийн гэрээнийхээ нэг хувийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаад өгчихсөн байгаа. Энэ зээлийн гэрээн дээр талууд гарын үсгээ зурчихсан. Тухайн ............сумын эрчим хүчнийх нь тамга нь дарагдчихсан зээлийн гэрээ байгаа. Энийг Б, Г нар нь ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа хуйвалдаад хуурамч нотлох баримт бүрдүүлээд хийчихсэн зүйл байхгүй. Тамга тэмдгийг нь дараа нь нөхөөд дарах боломжгүй. Баримт бичгийг нийцүүлээд хуурамчаар нөхөөд хийчихсэн байж болзошгүй гэж үзэж байгаа нь өнөөдрийн иргэний хэрэгт авагдсан байгаа бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Тийм учраас үүнийг хуйвалдаад гэрээг нь нөхөөд хийчихсэн гэсэн байдал хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байгаа. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.16 дахь хэсэг гэж яриад байна. Энэ 5.16 дахь хэсэг дээрээ төрийн өмчит төрийн давамгайлсан хуулийн этгээд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч үнэт цаас гаргана гэсэн 1 заалт. 5.20 дээр нь орон нутгийн өмчит давамгайлсан хуулийн этгээд зээл авах үнэт цаас гаргахыг хориглоно гэсэн 2 заалтыг бичээд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл яг энэ хуулийн чинь буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5.16, 5.20-ийг сөрөг нэхэмжлэлтэй бичээд байгаа бол 5.18 дээр нь тэгвэл бас заачихсан байгаа. Яагаад энэ заалтыг нь алсгаад 16-г нь харчхаад 20-ийг нь хараад байгаа юм бол дунд нь байгаа энэ 18 дугаар заалтыг нь харж болдоггүй юм бэ 5.18 дээр энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөл гэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй гээд ороод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл ............сумын Эрчим хүч аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 9 сарын хугацаатай буюу ийм богино хугацаагаар зээл авахад дээд газраасаа зөвшөөрөл авахыг шаардахгүй байсан байна гэдэг нь энэ 5.18 дээр нь ороод ирж байгаа. ............сумын эрчим хүч аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг маань өөрийнхөө ашгаараа орлогоо нөхөөд явдаг ашгийн төлөө байгууллага, аж ахуй тооцоот үйлдвэрийн газар байсан. Төрөөс нэг ч төгрөгөөр энэ байгууллагыг санхүүжүүлдэггүй байсан. Энэ байгууллага нь одоо анх эхэлж үүсгэн байгуулагдаад явснаасаа хойш хувь хүмүүсээс зээл аваад буцаагаад төлөөд яваад байсан баримтууд хавтаст хэргийн материал дотор байгаа. Авлигатай тэмцэх газраас шалгуулсан байгаа дээр хувь хүмүүсээс маш их хэмжээгээр аваад түүгээрээ өрөө төлөөд яваад байдаг байгууллага нь харагдаж байгаа. Тийм учраас энэ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.18-д заасны дагуу заавал зөвшөөрөл аваад байх шаардлагагүй байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Ийм учраас энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 (гучин есөн сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х овгийн Я.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-аас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-т олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Я.Б нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн ............сумын “............сумын эрчим хүч” ОНӨААТҮГ болон аймгийн ИТХ-д холбогдох иргэний хэрэгт Т.У миний бие Говь-Аптай аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр /хамтран хариуцагч/ оролцсон.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дугаар шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтад үндэслэхгүйгээр хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй бөгөөд үндэслэл бүхий хуулийг зөв хэрэглэж чадаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Тухайлбал:

 

1. Аймгийн ИТХ-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “............сумын Эрчим хүч” ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэсэн ба байгууллагын дуусгалтын балансыг гаргаж, өр авлагыг барагдуулах ажлыг татан буулгах комисст даалгасан. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан ба тухайн комисс нь хууль тогтоомжид заасны дагуу ............сумын эрчим хүч ОНӨААТҮГ-ын бусад этгээдтэй хийх тооцоог мөн хуулийн 32.5.7 дахь заалтын дагуу барагдуулах үүрэгтэй. Тухайн иргэний өр төлбөрийн асуудал нь аймгийн ИТХ-д хамааралгүй ба татан буулгах комисс болон аймгийн Орон нутгийн өмчийн газрын чиг үүрэгт хамаарах асуудал юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаснаас бус татан буулгах ажлыг хариуцах үүрэг хүлээгээгүй, хариуцагч биш байхад шүүхээс “нийт 11.700.000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд 26.000.000 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч сар бүр гэрээнд заасны дагуу хүүгийн төлбөрийг шилжүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 26.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна”, алдангид үндсэн зээлийн мөнгө болох 26.000.000 төгрөгийн 50 хувь болох 13.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж” дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн зээлийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, зээлийн гэрээ байгуулсан гэх нотлох баримтгүй зөвхөн 1 хувь үйлдэгдсэн санхүүгийн анхан шатны баримтанд холбогдох ямар ч баримт байхгүй, өглөгийг нотлох боломжгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.6 (анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна), 13.7 (Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно) гэж тус тус заасныг зөрчсөн нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас “............сумын эрчим хүч” ОНӨААТҮГ-ын 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Төрийн аудитын газрын дүгнэлтүүдээр нотлогддог.

 

2. Иргэн Я.Б Хаан банкны 53............... тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 6.850.000 төгрөг (турбоны үнэ гэх гүйлгээний утгатай), мөн өдөр тухайн данс руу 4.066.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны 53................. тоот (“............сумын Эрчим хүч” ОНӨААТҮГ-ын) данснаас 8, 9, 10 сарын зээлийн хүү гэсэн утгатай 3.900.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.300.000 төгрөг, Төрийн банкны 24............... тоот (“............сумын Эрчим хүч” ОНӨААТҮГ-ын) данснаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2.600.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1.300.000 төгрөгийг банкны 8 удаагийн гүйлгээгээр нийт 22.616.000 төгрөгийг Я.Б-т буцаан өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ............сумын эрчим хүч ОНӨААТҮГ-ын Хаан болон төрийн банкнуудын дансны хуулга, санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн хяналт шалгалтын дүн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

Мөн иргэн Я.Б, “............сумын эрчим хүч” ОНӨААТҮГ нарын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний 4-д “зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1.5 хувиар бодож алданги төлнө” гэж заасан ба гэрээнд тохиролцсоноор төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1.5 хувь буюу 226.260 төгрөгийн алдангийг төлөхөөр байгаа ба шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчиж хийгдсэнийг тогтоосон атлаа алданги 13.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар “............сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-аас иргэн Я.Б-т 8 удаагийн банкны гүйлгээгээр нийт 22.616.000 төгрөгийг буцаан өгсөн ба гэрээний дагуу 9 сарын хүүний төлбөрт 11.700.000 төгрөг өгсөн гэж тооцвол үндсэн зээлээс 10.916.000 төгрөгийг өгсөн болох нь баримтаар нотлогддог. Гэтэл шүүхээс гэрээний үндсэн үүрэгт 26.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх уг иргэний хэргийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээ, холбогдох нотлох баримтыг үндэслэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч тал болон тухайн үед иргэнээс зээл авахад “............сумын эрчим хүч ОНӨААТҮГ”-ын даргаар ажиллаж байсан М.Б болон нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Г нарын гэрчийн худал мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Я.Б нь 39,000,000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн ИТХ-аас гаргуулахаар шаарджээ.

 

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. “Говь-Алтай аймгийн ............сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Я.Б-тай зээлийн гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн хугацаа хэтрээд нэг жил болсон ч зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байхад нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор ............сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргасан.

Уг үйлдвэрийн газрыг татан буулгах комисс томилж өр авлагын тооцоо нийлж барагдуулах үүрэг өгсөн.

3.2. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас авсан баримтаас харахад татан буугдсан бүртгэл одоог хүртэл хийгдээгүй. 

3.3. Тиймээс уг зээлийн гэрээний үүрэг 39,000,000 төгрөгийг Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулна.

3.4. Мөн Говь-Алтай аймгийн ИТХ нь уг үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргахаасаа өмнө өр зээлийг нь шийдвэрлээгүй, шийдвэрийнхээ биелэлтийг бүрэн хангуулаагүй тул татан буулгах шийдвэр гаргасан байгууллага болох Говь-Алтай аймгийн ИТХ Я.Б-т учирсан хохирлыг хамтран хариуцах ёстой.” гэж тайлбарлажээ.

 

4. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлж гаргасан хариу тайлбартаа Д.Ц нь:

4.1. “Би 2022 оны 08 дугаар сарын 05-нд ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдож, 2023 оны 03 дугаар сарын 09-нд чөлөөлөгдсөн.

4.2. Намайг ажил хүлээж авахад энэ байгууллага албан ёсоор татварт 45,000,000 төгрөгийн, нийгмийн даатгалд 23,000,000 төгрөгийн, нүүрс тээврийн зардалд 16,000,000 төгрөгийн өртэй байсан. Өөр өр зээлийн асуудал яригдаагүй.

4.3. Долоон сарын хугацаанд ажиллахдаа би үйл ажиллагааг нь хэвийн явуулахаас гадна нийгмийн даатгалын 23,000,000 төгрөг, нүүрс тээврийн 16,000,000 төгрөг, татварын 21,000,000 төгрөгийн өрийг уг үйлдвэрийн газрын дотоод боломжоор төлсөн. Өөрийнх нь орлогоос 100 метр хос шугамыг 200 метр болгож сольсон.

Байгууллагын үйл ажиллагааг мэддэг хүний хувьд зээл авдаг асуудлыг ашиг сонирхолын зөрчил, мөнгө угаах арга байсан гэж харж байна.

4.4. ............сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай Говь-Алтай аймгийн ИТХ-ын 20 дугаар тогтоолоор татан буугдсан.

4.5. Энэ нэхэмжлэл надад хамаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

 

5. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ хариу тайлбартаа:

5.1. “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аливаа асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барихын өмнө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хуралд өргөн барих эсэхийг шийдвэрлэдэг.    

5.2. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж хуралд оролцсон албан тушаалтнууд энэ байгууллагыг татан буулгахад ямар ч асуудалгүй гэсэн тайлбар хэлсэн, Засаг даргын зөвлөлийн хуралд дээрх байгууллагатай холбоотой өр авлагын асуудал байхгүй, татан буулгахад харшлах шалтгаангүй гэж танилцуулагдсан байсан учраас Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” 20 дугаар тогтоол гарсан.

5.3. ............сумын эрчим хүч аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дансанд 26,000,000 төгрөг орсноос хойш нэхэмжлэгч Я.Б дансанд 6,850,000 төгрөг, 4,066,000 төгрөгийг трубаны үнэ гэсэн утгаар буцаан шилжүүлсэн байгаа.

Үүнийг тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Г өмнө зээлж авсан 10,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг трубаны үнэ гэсэн утгаар шилжүүлсэн гэдэг боловч 26,000,000 төгрөг авахаас өмнө Я.Б-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан гэсэн ямар ч баримт байдаггүй.

5.4. Түүнээс гадна Я.Б дансанд 3,900,000 төгрөг, 1,300,000 төгрөгийг нийт 5,200,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгаар мөн шилжүүлсэн байдаг.

5.5. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй гэж зээл, алдангид 39,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

5.6. Говь-Алтай аймгийн ИТХ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

 

6. Мөн хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ нь нэхэмжлэгч Я.Б-т холбогдуулан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

7. Говь-Алтай аймгийн ИТХ сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

7.1. ............сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Я.Б нарын хооронд 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. Хариуцагч  байгууллагын санхүүгийн баримтад гэрээ байдаггүй. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө тус байгууллагын дансанд 26,000,000 төгрөг шилжиж орсон байдаг. 

7.2. Үгсэн хуйвалдаж, гэрээг хуурамчаар нөхөн хийсэн байж болзошгүй. Мөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс өндөр хүүтэй зээл авсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Я.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

8.1. Я.Б нь 07 дугаар сарын 28-ны өдөр 26,000,000 төгрөгийг шилжүүлээд 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Гэрээг хуурамчаар хийж, тамгыг дараа нөхөж дарсан байх боломжгүй.

8.2. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээлийг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр, хувь хүнээс авах эрхтэй байсан.

8.3. Тиймээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

9. Нэхэмжлэгч Я.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь татан буугдаагүй, татан буугдсан талаарх улсын бүртгэл одоог хүртэл хийгдээгүй тул уг хуулийн этгээд зээлийн гэрээний үүргээ хариуцан биелүүлэх ёстой гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.

10. Хариуцагч нар Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” 20 дугаар тогтоолоор татан буугдсан гэж мэтгэлцжээ.

11. Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх боломжтой эсэх нь маргааны зүйл болсон байна.

12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах, тодруулбал хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг процесс ажиллагааны журмыг тогтоох үндсэн зорилготой байх бөгөөд хуулийн этгээдийн эрх зүйн чадварыг тодорхойлох  зорилго агуулаагүй байна. 

13. Хуулийн этгээдийг түүний иргэний эрх зүйн чадвар, үүсгэн байгуулах журам, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан иргэний эрх зүйн хуулийн этгээд, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж ангилдаг.

14. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсэж, татан буугдсанаар дуусгавар болно гэж нарийвчлан зохицуулсан байна.

15. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэндээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж тодорхойлсон.

 16. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” 20 дугаар тогтоол /1 хх 136/ гарснаар Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь бодит байдалд хуулийн этгээдийн үндсэн шинж, чадамжаа алдсан тодруулбал өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх боломжгүй болсон байна.

17. Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын энэхүү маргаантай үүргийг хэн нэгэн этгээд залгамжлан авсан  байдал тогтоогдоогүй байна. 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зохигч хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. 

19. Түүнчлэн  нэхэмжлэгч Я.Б нь Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь зээлийн гэрээний үүрэг 39,000,000 төгрөгөө биелүүлээгүй байхад өр зээлийг нь шийдвэрлэлгүй уг хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргасан, шийдвэрийнхээ биелэлтийг бүрэн хангуулаагүй учраас Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэхүү шийдвэрийн улмаас учирсан хохирлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулахаар нэхэмжилж байна.

20. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллага болох Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан тул шийдвэр гаргасан тухайн байгууллагаас хохирлыг гаргуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэний хэрэг үүсгэж болох нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг нэрлэн заасан байна.

22. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхээр заажээ. 

23. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан эсэхийг дүгнэхийн тулд татан буулгах шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх талаарх маргаан иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.  

24. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан харъяалалыг зөрчсөн тохиолдолд иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэхээс бусад нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэргийн шүүх хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

25. Уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

26. Хэргийн харъяалал зөрчсөн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

27. Нэхэмжлэгч нь Захиргааны байгууллага буюу Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан шийдвэр, эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл эрх нь зөрчигдсөн этгээд тухайн шийдвэр, эс үйлдлийн талаар Захиргааны хэргийн шүүхэд, сөрөг нэхэмжлэлийн тухайд эрх бүхий этгээд Иргэний хэргийн шүүхэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

28. Мөн үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хэргийг тус шүүхээр шийдвэрлэх хүртэл хойшлуулах агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч, давж заалдах гомдол нь хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэхгүй байхаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Я.Б нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн ИТХ-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 39,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Я.Б-т холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн ............сумын Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Я.Б нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын давж заалдах гомдол гаргахдаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг төлөх хугацааг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, давж заалдах гомдол нь хангагдсан тул нөхөн төлөхөөс чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.О

            ШҮҮГЧИД                          Ш.Б

                                                Ч.Э