Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

Т.Чимэдцогзолын нэхэмжлэлтэй иргэний 
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
                                                                         Даргалагч шүүгч: Т.Жаргалсайхан 
                                                                    Шүүгчид: Л.Уламбаяр, Л.Нямдорж
Оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Чимэдцогзол
 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхзаяа
Хариуцагч нарын өмгөөлөгч: Ж.Мөнхнасан
Нарийн бичгийн дарга: Л.Отгонбаяр

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Чимэдцогзол, хариуцагч С.Ундармаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Д.Чимэдцогзолын нэхэмжлэлтэй, С.Ундармаад холбогдох 4.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
    Нэхэмжлэгч Т.Чимидцогзол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Чимидцогзол 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хас банкнаас ипотекийн зээлийн гэрээ хийж 16.000.000 төгрөг зээлж авсан юм. Гэтэл 16.000.000 төгрөгнөөс С.Ундармаа бэлэн тоолж авч өөрийн нагац Л.Энхтөрд мөнгө зээлэн өгсөн юм. Л.Энхтөр нь уг зээлийг өөрийнхөө амьдардаг Баянхайрхан багийн хөгжил хорооны 2-2 тоот А байр банкны барьцаанд тавьсан. Ингээд энэ зээлийг хамтран авсан юм. Гэтэл зээлээс оногдох хэсэг болох мөнгөнөөс одоо хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Иймд С.Ундармаа, Л.Энхтөр нараас банкнаас зээлж надаар авахуулсан 6.000.000 төгрөгний үлдэгдэл 4.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч Т.Чимидцогзол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хас банкнаас би 16.000.000 төгрөгийн зээл авсан. Би 10.000.000 төгрөгийн зээл авах гэж байтал С.Ундармаа нь би блокны үйлдвэр ажиллуулах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гээд нэмээд 6.000.000 төгрөг аваад өг гээд Л.Энхтөрийн байрыг барьцаалуулахаар өгсөн. Зээлээ 2014 оны 4 сарын 22-ны өдөр аваад С.Ундармаад би 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөгийг тоолж өгөхөд С.Ундармаа нь ахдаа өгөөд энэ хоёр хувааж авсан байсан. Би 2015 оны 01 дүгээр сарын үед блокны үйлдвэр дээр нь очиж үзэхэд үйлдвэрээ хамтарч ажиллуулж байсан. С.Ундармаа нь 2015 оны 03 дугаар сараас эхлээд мөнгөө төлөхөө больсон. Би өөрөө банкны зээлтэй, олон оюутантай учраас нэмж зээл авах хэрэг гарсан  тул би өөрөө үлдэгдэл мөнгөө нэмж шахаад банкны зээлээ төлж барагдуулж дуусгасан. Энэ хүмүүсийн зээлийг өмнөөс нь төлж барагдуулсан. Анхнаасаа энэ хүмүүс хамтарч зээл авахуулаад 2 сарын хугацаанд зээлийг буцаан төлнө гэсэн саналтайгаар авахуулсан. Би одоо эдний авахуулсан мөнгөний үлдэгдэл мөнгө, хүүнд нь төлсөн мөнгөө нэхэж байна. Би банкинд шахаад өөрөөсөө төлчихсөн. Энэ хоёр дундаа хийчихээд байгаа учраас одоо нийт 4.250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 4.250.000 төгрөг яагаад нэхэмжилж байна вэ гэвэл банкнаас хүүтэй зээл авсан учраас 6.000.000 төгрөгийн зээлийн хүү 1.780.000 төгрөгийг хүүнд төлсөн. Энэ хүмүүс өөрсдөө банкнаас байраа тавиад зээл авахуулсан учраас энэ хүмүүсээс би хүүг нь гаргуулах эрхтэй.  Би өөрөө 10.000.000 төгрөгийн зээл авах гэж байхад өөрсдөө байраа тавьж 6.000.000 төгрөгийн зээл нэмээд аваад өгөөч гэж гуйсан. Түүнээс би зээл авах гэж байрыг нь гуйгаагүй. Тэгээд нэмэлт зээл авч банкны хүүтэй зээл нь 2 жилийн хугацаанд 1.780.000 төгрөгний хүү гарсан байсан. 2014 оны 6 дугаар сарын 5-нд өгсөн мөнгө нь үнэн. 2014 оны 7 дугаар сарын мөнгийг өгөөгүй, 2014 оны 8-11 дүгээр саруудад тус тус 300.000 төгрөг өгсөн. 2014 оны 12 дугаар сард 260.000 төгрөг,  2015 оны 01, 02 дугаар саруудад 300.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Цагаан идээг бол 2015 оны 10 дугаар сарын 26-нд С.Ундармаа нь Баянхонгор аймгаас цагаан идээ авчирч бөөндөхөд 1.297.500 төгрөгийн цагаан идээг би авсан. 6.000.000 төгрөг тоолоод өгөхдөө банкны шимтгэлийн 60.000 төгрөг, өмнө нь бараа зээлж авсан байсны үлдэгдэл 43.000 төгрөг, нотариатын 50.000 төгрөгийг нэмсэн. Одоо ч гэсэн би өөрийн хөрөнгөө тавиад авсан 17.000.000 төгрөгийн зээлтэй байгаа. 3 сард мөнгө өгөөгүй. Би өөрт нь ийм ийм учиртай гээд хэлсэн. 2 сард дансаар мөнгө орж ирсэн. Би өөрийнх нь санаагүй зүйлийг хүртэл сануулж хэлж байсан. 2014 оны 6 дугаар сарын 5-нд 449.500 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын мөнгийг өгөөгүй, 2014 оны 8-11 дүгээр саруудад тус тус 300.000 төгрөг өгсөн. 2014 оны 12 дугаар сард 260.000 төгрөг,  2015 оны 01, 02 дугаар саруудад 300.000 төгрөг өгсөн. Цагаан идээний 1.297.500 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 1.780.000 төгрөг нь хүү, 60.000 төгрөг нь банкны зээлийн шимтгэл, 50.000 төгрөг нь нотариатын, 43.000 төгрөг нь барааны үнийн үлдэгдэл, 2.317.000 төгрөг нь үндсэн зээлийн үлдэгдэл нийт 4.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.   
Хариуцагч С.Ундармаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Самданням овогтой Ундармаа нь 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.Чимидцогзол, Л.Энхтөр хоёртой тохиролцон 16.000.000 төгрөгний зээл банкнаас авсан. Үүнээс Т.Чимидцогзол 10.000.000 төгрөг авсан. Л.Энхтөр 6.000.000 төгрөг авсан. Энэ 6.000.000 төгрөгөөр Л.Энхтөрийн манай 2 тохиролцож 3.000.000, 3.000.000 төгрөгөөр хувааж төлөхөөр блокны машин болон эд материал худалдаж авсан. 4 дүгээр сарын 25-ны өдрөөс шууд блокоо цохиж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 4 дүгээр сарын 28-нд өглөө ажилдаа ирэхэд 1 жанам алга болсон байсан. 10 хоног блокоо цохиж ажиллаж байсан. Цаашаа зуурмагны машины жанам шатсан тэгээд үйл ажиллагаа зогссон. Тэгээд Л.Энхтөр би ажиллахгүй гээд 200 блок эхнэр Ариунжаргалтай цуг авч явсан. Би банкны мөнгө 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 449.600 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 330.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 300.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сард 300.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 300.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 1.360.000 төгрөгний цагаан идээг бөөний үнээр авчирч өгсөн. Нийт бүгд 4.239.600 төгрөг төлсөн. Би цаг тухайн үед нь чадлынхаа хэрээр төлөөд явж байтал насанд хүрээгүй хүүхдээ турхирч олон нийтийн газар болон захаар явуулахгүй доромжилж сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. 2016 оны 03 дугаар сарын 14-нд Т.Чимидцогзолоос шүүх дээр ямар хүнтэй уулзах юм гээд асуутал хүүхэд нь хажуугаас гуйлгачин минь мөнгө олж ир, гар гээд түлхэж өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Баярмагнай болиоч гээд гар утсаараа бичлэг хийх гэтэл хажуугаас  Т.Чимидцогзол  утас  руу  цохиж  цементэн дээр шидсэн. Би өөрийн тохиролцож авсан мөнгөө илүү гаргаж төлсөн. Үлдэгдэл мөнгийг барьцаа тавьсан Л.Энхтөрөөс гаргуулж авна уу гэжээ.  
Хариуцагч С.Ундармаа анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 03 дугаар сарын 24-нд энэ хүнээс 6.000.000 төгрөг зээлж аваад нагац ах Л.Энхтөрд өгсөн. Тэрнээс хойш Т.Чимидцогзолоос авсан 6.000.000 төгрөгнөөс 4.176.000 төгрөг буцаан төлсөн. 2015 оны 4 дүгээр сараас эхлээд энэ хүн намайг хэл амаар доромжилж эхлэхэд энэ мөнгөний төлөлтөө зогсоосон. Намайг хэл амаар доромжлохгүй бол үлдсэн 1.800.000 гаруй төгрөгийг төлнө гэж бодож байна. 2014 оны 6 дугаар сарын 5-нд 449.500 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 5-нд 330.000 төгрөг, 2014 оны 9  дүгээр сард 300.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сард 300.000, 2014 оны 11 дүгээр сард 300.000,  2014 оны 12 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 300.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сард 300.000 төгрөг тус тус төлсөн. Мөн 2015 оны 9 сард өгсөн цагаан идээний 1.297.000 төгрөг, нийт 4.176.500 төгрөгийг өгсөн. 6.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Хамгийн гол нь энэ хүн намайг хэл амаар доромжилж, насанд хүрээгүй хүүхдээрээ элдвээр хэлүүлж байсан учраас би төлөхөө 4 сараас эхлэн зогсоосон. Хэрэв хэл амаар доромжлохгүй бол би өөрөө төлнө гэжээ.
             Хариуцагч Л.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Энхтөр миний бие нь зээ дүү болох С.Ундармаад 6.000.000 төгрөгөөр блокны машин авахад нь тусалж байрныхаа гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч өгсөн юм. Гэтэл Т.Чимидцогзолоор зээл авахуулж 16.000.000 төгрөгний барьцаанд тавиулаад 6.000.000 төгрөгийг авсан байхаар нь нөхөртэй нь хамт дагуулж яваад блокны машин 3.000.000 төгрөгөөр, мотор 920.000 төгрөгөөр, солярка 20.000, банз 210.000, хадаас утас 33.000, 5-ын банз 78.000 төгрөг, түлш, ус 33.600, түлш, ажилтанд цалин 27.400 төгрөг, хүнсний зүйл 23.100 төгрөг, түлш 20.400 төгрөг, ус 3.500 төгрөг, шаарик 22.000 төгрөг, банз 100.000 төгрөг, банз 31.000 төгрөг, шаарик 4.000 төгрөг, ажилчинд 60.000 төгрөг газар түрээслэхэд 50.000 төгрөг, хайрга 100.000 төгрөг, хайрга 30.000 төгрөг нийт 4.766.000 төгрөгийн эд зүйлийг авч өгөөд 9 сард гэрчилгээгээ авна гэхэд санаа зоволтгүй Т.Чимидцогзолыг гаргаж өгөхгүй бол би зээлээ аваад гаргаад өгчихнө гэсэн. Дараа нь Т.Чимэдцогзол нь дахиж намайг гуйгаад байрны гэрчилгээг чинь би өөрөө гаргаад өгчихнө нэмээд 5.000.000 төгрөг авах гэсэн юм гээд банктай уулзахад банк 3.000.000 төгрөг л өгөх боломжтой гээд 3.000.000 төгрөгийг нэмж авч өгсөн. Би энэ хоёр хүнд гэрчилгээгээ л өгсөн. Би мөнгө төгрөг аваагүй. Энэ хүмүүс хоорондоо мөнгө төгрөгний учраа олох байх. Би гэрчилгээгээ авна. Би хэрэгцээнд нь зориулж 5.000.000 төгрөгийг авсан болохоос би хувьдаа авсан зүйл байхгүй. Би мөнгө авсан өдөр нь өөрийг нь нөхөртэй нь дагуулаад  5.000.000 төгрөгийг бэлэн аваад 1.000.000 төгрөгийг өөрөө авч үлдсэн. Бид хэд бүгд юмаа аваад 2014 оны 4 дүгээр сарын 26-наас хойш авсан бүх зүйл бичээтэй байгаа. Үлдэгдэл 230.000 гаруй төгрөг үлдсэн. Тэрийг манай авгай цалиндаа суутгаад өгсөн. Бид хэд блокны машиныг нь авч өгсөн. С.Ундармаа Т.Чимэдцогзолыг гуйж байгаад зээл авахуулсан байгаа. Би байрныхаа гэрчилгээг С.Ундармаад өгсөн гэжээ
    
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Самданнямын Ундармаагаас үндсэн зээлийн төлбөр 2.193.000, зээлийн хүүд төлсөн хохирол 1.790.030 төгрөг, нийт 3.983.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төмөрийн Чимидцогзолд олгож, нэхэмжлэлээс 266.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 82.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч  С.Ундармаагаас  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 3.983.030 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Чимидцогзолд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
    
    
Нэхэмжлэгч Д.Чимэдцогзол давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Т.Чимидцогзол би 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хас банкнаас гэрээ хийж 16.000.000 төгрөг зээлж авч Л.Энхтөр,С.Ундармаа нарт 6.000.000 төгрөгийг зээлж өгсөн юм. Л.Энхтөр нь Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Хөгжил хорооллын 2-2А тоотод байрлах байраа барьцаанд тавьж надаар 6.000.000 төгрөгний зээл авахуулсан юм.                                                                
Гэтэл анхан шатны шүүх Л.Энхтөрөөс 4.250.000 төгрөгийн оногдох хувийг гаргаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд Л.Энхтөрөөс 4.250.000 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.
    
    Хариуцагч С.Ундармаа давж заалдах гомдолдоо: С.Ундармаа миний бие Т.Чимэдцогзолоос 6.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс төлөөд 2.193.000 төгрөг үлдсэн үүнийг төлнө. Шүүх зээлийн хүүд төлсөн хохирол гэж 1.790.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
    Иймд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 1.790.030 төгрөг зээлийн хүү хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Чимэдцогзолын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Л.Энхтөр нь ямарч холбоогүй. Тухайн үед С.Ундармаад барьцаанд тавихыг зөвшөөрч Хас банкинд барьцаанд тавьж байсан.Түүнээс Т.Чимэдцогзолоос ямарч мөнгө аваагүй юм. Иймд Т.Чимэдцогзолын Л.Энхтөрөөс 4.250.000 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    
    Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

    Нэхэмжлэгч Т.Чимэдцогзол нь С.Ундармаа, Л.Энхтөр нарт холбогдуулан өөрийн нэр дээр банкнаас авч өгсөн 6.000.000 төгрөгний зээлийн үлдэгдэл, түүний хүүгийн хамт нийт 4.250.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

    Хариуцагч С.Ундармаа нь Т.Чимэдцогзолоос 6.000.000 төгрөг аваад хэлцэл ёсоор зээлээ төлж байсан бөгөөд “...энэ хүн намайг доромжилсон, доромжлохгүй бол авсан мөнгөө төлнө...” гэж тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд банкнаас зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн адил хүлээж байгаа тул үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар түүнээс шаардах эрх нэхэмжлэгч Т.Чимэдцогзолд бий гэж үзнэ. 

    Хэрэгт авагдсан баримтаар С.Ундармаа нь 2015 оны 2 дугаар сараас хойш сар бүрийн төлбөл зохих төлбөрийг төлөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчээс анх авсан 6.000.000 төгрөгнөөс төлсөн 3.807.000 төгрөгийг хасч зөрүү 2.193.000 төгрөгийг хүүгийн хамт төлөх нь үндэслэлтэй байна. 

    Нэхэмжлэгч Т.Чимэдцогзол нь хариуцагч С.Ундармаагийн төлөөгүй мөнгийг түүний өмнөөс өөрөө банкинд төлж дуусгасан байгаа учраас  зээлийн хүүг шаардах нь зүйн хэрэг бөгөөд анхан шатны шүүх хүүний хэмжээг зохигчдын анх авсан мөнгөний хэмжээгээр хувь тэнцүүлж тооцсон нь буруу биш юм.

    Л.Энхтөр нь С.Ундармаа, Т.Чимэдцогзол нарын хүсэлт, гаргасан баталгааны дагуу өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг банкны барьцаанд тавихыг зөвшөөрч банктай гэрээ байгуулсанаас өөрөөр Т.Чимэдцогзолтой тусдаа хэлцэл байгуулсан зэрэг байдлыг  нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Чимэдцогзол, хариуцагч С.Ундармаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Чимэдцогзол, хариуцагч С.Ундармаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Т.Чимэдцогзолын 82.950 төгрөг, С.Ундармаагын 43.590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         
    
    
                    
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН
                          ШҮҮГЧИД                                          Л.НЯМДОРЖ
                                                                                     Л.УЛАМБАЯР