Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 291

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Б.Б ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдааны 5 дугаар танхимд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалтын хэлтсийн ажилласан жил нэмэгдүүлэн тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ажилласан жилийг хуульд нийцүүлэн нэмэгдүүлж тооцохыг даалгах тухай” 

Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Манбадацангийн ..-р гудамжинд оршин суугч Б.Б миний бие 1994 оны 05 дугаар сараас өнөөг хүртэл Цагдаагийн байгууллагад тасралтгүй 21 жил гаран ажиллаж байна. Ингээд би Цагдаагийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нас харгалзахгүй ажилласан жилээрээ тэтгэвэр олгох болзол хангагдсан гэж үзээд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэст хандан Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцож тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан.

Гэвч уг хүсэлтийн хариуд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх ажилласан жилийг Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д /Цагдаагийн албан хаагчийн албадан саатуулах байр, Улсын онц чухал обьектийн хамгаалалтанд болон эргүүл, харуул, жирүүрээр ажилласан жилийг 1 жил 3 сараар тооцно/ гэсэн заалтаар нэмэгдүүлэн тооцохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл /Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд хамаарахгүй гэсэн тайлбарыг өгч миний хүсэлтийг хангаж өгсөнгүй. 

 

Хууль тогтоомжид зааснаар ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулах хүсэлтийг хайхарч үзэхгүй, хангахгүй, татгалзаж байгаа эс үйлдэхүй нь Цагдаагийн албаны хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалт нь зөвхөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд хамаарах мэтээр үзэж байгаа нь хуулиа зөв хэрэглэхгүй цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хохироож байна гэж үзэж байна.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар үүнтэй адил төстэй хэрэг маргааныг өмнө нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол байдаг. 

Өөрөөр хэлбэл шүүхийн практикт дээрх хуулийн заалт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд ч хамаарна гэдгийг тогтоосон байдаг.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэст хуулийн зүйл заалт, холбоо хамаарлыг зөв ойлгож хэрэгжүүлэн тэтгэврийг Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэмэгдүүлэн тооцохыг даалгаж миний зөрчигдөж буй эрхийг сэргээлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №9784 дугаар захирамжаар намайг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасны дагуу мөн хуулийн 14.1-д заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай гэсний дагуу Төрийн албаны зөвлөлд тухайн маргаантай холбоотой байдлаар өргөдөл гаргасан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 1301 тоот өргөдлийн хариугаар “Өргөдөлд дурдсан цагдаагийн байгууллагад ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулах асуудлаар та шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн хариу өгсөн. 

Иймд миний ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулах хүсэлтийг хуулийн дагуу хангаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон/ 38 дугаар зүйлийн 38.6-д Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно гэж заасан байдаг тул нэхэмжлэл гаргасан. Урьд нь ажиллаж байсан эргүүл, харуулыг ажилласан жилд тооцохгүй гэсэн тул ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцуулах хүсэлттэй байна. Бичгээр гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б ын Б ийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдүулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Б ын Б ийн ажилласан жил, эрхэлсэн албан тушаалын талаар:Б.Б нь 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн цагдаагийн тасгийн цагдан хорих байрны цагдаа, 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, Ар гэрийн гачигдлаар чөлөөлсөн, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны 1 дүгээр ангийн цагдаа, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн цагдаа, 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн даагийн хэлтсийн эргүүлийн салаанд цагдаа, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 4-р хэлтсийн эргүүлийн цагдаа, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлстийн цагдаа, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Иргэний агаарын

тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Цагдаагийн байгууллагад 22 жил 6 сар 27 хоног ажиллаж байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 8.1.1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” 8.2.1-д “биеийн эрүүл мэндээр”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “.эргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19.2-т “Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биөийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан.

Б.Б ийн хувьд алба хаасан хугацаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан хугацааг хангахгүй тул тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөх боломжгүй байна.

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтьг буцаан хэрэглэх талаар:

Эргүүл, харуул, жижүүрээр ажилласан жилд нэмэгдэл хоног тооцох заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй зохицуулалт юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийг буцаан хэрэглэх талаар Цагдаагийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тус тус тодорхой хуульчлаагүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн.

Үүнээс өмнө 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх талаар заагаагүй.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтад шаардлагатай тохиолдолд хууль буцаан хэрэглэх тухай заалтыг тусгахаар заасан.

Үүнээс үзэхэд Б.Б ийн 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагад эргүүл, харуул, жижүүрийн албан тушаал /ажлын байр/-д ажилласан хугацаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахааргүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Тухайн үед нэхэмжлэгч Б.Б ийг ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцох тухай хүсэлт гаргах үед Цагдаагийн албаны тухай хууль /2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн/ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд нэмэгдүүлэн тооцох тухай заалтыг нарийвчлан тогтоож өгөөгүй байдаг. Алба хаагчийг нэмэгдүүлэн тооцож Цагдаагийн байгууллагаас чөлөөлсөн ч нийгмийн даатгалын байгууллага нэмэгдүүлэн тооцсон жилийг тооцохгүй хохироох эрсдэл байдаг тул иргэн Б.Б д нэмэгдүүлэн тооцох боломжгүй гэсэн хариуг бид өгсөн. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдахад тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулинд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарч ажилласан жилийг тооцох тухай асуудал яригдаж байгаа болно” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б ийн “Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалтын хэлтсийн ажилласан жил нэмэгдүүлэн тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ажилласан жилийг хуульд нийцүүлэн нэмэгдүүлж тооцохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 10-12/. 

Маргааны үйл баримт, нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн талаар:

Нэхэмжлэгч Б.Б ийн цагдаагийн алба хаагчаар ажилласан байдал дараах байдлаар тогтоогдов. Үүнд:

1.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цагдаагаар 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 сар 23 хоног ажилласан гэдэг нь архивын лавлагаа /хх 6, 25/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр  тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тушаал /хх 47/, гэрч Ж.Б ийн мэдүүлэг /хх 109/ зэргээр  тогтоогдож байна. 

2.Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн цагдан хорих байрны цагдаагаар 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жил 6 сар 8 өдөр ажилласан гэдэг нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тушаал /хх 47/,  архивын лавлагаа, гэрч Ж.Б ийн мэдүүлэг зэргээр нотлогдов.  

3.Цагдаагийн ерөнхий газрын эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны эргүүлийн цагдаагаар 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сары 01-нийг хүртэл 2 жил 5 сар 2 өдөр ажилласан гэдэг нь архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны захирагчийн 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/241 дүгээр тушаал /хх 48/ зэргээр тогтоогдсон. 

4.Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Дамбадаржаа  дахь цагдаагийн тасгийн жижүүрийн цагдаа-жолоочоор 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 2 сар 14 хоног ажилласан гэдэг нь архивын лавлагаа, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн б/27 дугаар тушаал /хх 50/, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14/0-4/03 тодорхойлолт /хх 104/, гэрч С.Э , Д.Г , Р.М нарын мэдүүлэг /хх 109-111/ зэргээр тогтоогдож байна. 

5.Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн салаанд цагдаагаар 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сар 15 өдөр ажилласан гэдэг нь архивын лавлагаа, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/105 дугаар тушаал /хх 49/ зэргээр нотлогдов.

6.Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 жил 5 сар 4 өдөр ажилласан гэдэг нь архивын лавлагаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/163 дугаар тушаал,

 Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14/0-4/03 тодорхойлолт /хх 104/, гэрч М.У ийн мэдүүлэг /хх 111-112/ зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн 2004 оноос 2010 оны хооронд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаа, цагдаа-жолоочоор ажилласныг жижүүрийн цагдаагаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй нь гэрч С.Э , Д.Г , Р.М , М.У ийн нарын мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолтууд /хх 92-98 /-аар нотлогдож байна. 

7.Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрөвдүгээр хэлтэст эргүүлийн цагдаагаар 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сар 29 өдөр ажилласан гэдэг нь архивын лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тушаал /хх 57-58/-аар тогтоогдов. 

8.Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 жил 4 сар 7 хоног ажилласан гэдэг нь архивын лавлагаа /хх 6/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар тушаал /хх 59/ зэргээр тогтоогдсон. 

9.Цагдаагийн ерөнхий газрын харьяа Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 3 жил 2 сар 2 өдөр ажиллаж байгаа гэдэг нь архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар тушаал /хх 89/ зэргээр нотлогдов.

Дээрх нэхэмжлэгчийн ажилласан байдлаас дүгнэхэд: 

Нэхэмжлэгчийн маргаж байгаа Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан байдалд  1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 сар 23 хоног буюу сумын цагдаагаар ажилласан нь хамааралгүй байна. 

Харин нэхэмжлэгч нь албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жил 5 сар 5 хоног, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сары 01-нийг хүртэл 2 жил 5 сар 3 өдөр, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 1 сар 10 хоног, 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сар 12 өдөр, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 жил 5 сар 9 өдөр, 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сар 29 өдөр, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 жил 4 сар 5 өдөр, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 3 жил 2 сар 2 өдөр  буюу нийт 21 жил 10 сар 9 өдөр ажилласан гэдэг нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйлийн талаар:

Нэхэмжлэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө д хандан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн 1994-2014 оны хооронд ажилласан жилийг Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтанд болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэж заасны дагуу ажилласан жил нэмэгдүүлэн тооцуулах өргөдөл /хх 82/ гаргажээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө “1994-2013 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход түр саатуулах байранд харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар, эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил хоёр сараар тооцно” гэж заасан. Харин 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Цагдаагийн алба хаагчийн ... эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох” эрх зүйн зохицуулалттай байна.” гэсэн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгчээ. 

Нэхэмжлэгч уг хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу,  Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1301 дугаар албан бичгээр өргөдөлд дурдсан цагдаагийн байгууллагад ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулах асуудлаар шүүхийн байгууллагад хандахыг зөвлөжээ. 

Энэ албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Цагдаагийн албан хаагч Б.Б ээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор цагдаагийн албанд ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулахаар ажил олгогч Цагдаагийн ерөнхий газарт ханджээ. Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай /2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн заалтыг “буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй тул ажилласан жилийг нэмэгдүүлэн тогтоох, цэргийн тэтгэвэр тогтоох үндэслэлгүй” гэх үндэслэлээр түүний өргөдлийг шийдвэрлэхээс татгалзжээ. 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь ... цагдаа, ... асуудал эрхэлсэн болон ..., цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн албан хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад  оршино.” гэж зохицуулжээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 5-д заасны дагуу цагдаагийн алба хаагч нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ дэх заалтад “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;”, гэж тус тус заажээ. Уг заалтыг Улсын дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоолын 3-д хэсгээр “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэдгийг тухайн албыг хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд цэргийн албан хаагч өөрийн санаачилгаар тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж ойлгоно.” гэж тайлбарлажээ. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан ... цагдаа, ... асуудал эрхэлсэн ...буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ.” гэжээ.

Эдгээр зохицуулалтыг маргаан бүхий тохиолдлын хувьд хэрэглэвэл, нэхэмжлэгч Б.Б нь цагдаагийн буюу цэргийн алба хаагч бөгөөд цэргийн албан хаагчийн тэтгэврийг 25-аас доошгүй жил цагдаагийн алба хаасан тохиолдолд өөрийн санаачилгаар тэтгэврээ тогтоолгон авах эрхтэй. Харин цэргийн албан хаагч Б.Б ийн ажил олгогч буюу түүний алба хааж байгаа Цагдаагийн ерөнхий газар нь Б.Б ийн өргөдлийн дагуу түүний тэтгэврийг тогтоох, олгох ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй байна. 

Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд ... цагдаа, ...ын …алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заажээ. Цагдаагийн албаны тухай /Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно” гэж зааснаас үзвэл эдгээр албан тушаалд ажилласан хугацааг “нэмэгдүүлж тооцсоны” дагуу алба хаасан нийт хугацааг тодорхойлохоор байна. 

Нэхэмжлэгч Б.Б ийн албадан саатуулах байр, эргүүл, жижүүрийн цагдаагаар ажилласан 21 жил 10 сар 9 өдрийг дээрх хуулийн заалтын дагуу нэг жилийг нэг жил гурван сараар нэмэгдүүлэн тооцсоноор 6 жил 6 сар 2 өдөр нэмэгдэж, нийт цагдаагийн алба хаасан хугацаа нь 28 жил 4 сар 11 хоног болсон нь хэрэгт авагдсан ажилласан байдлын баримтуудаар тогтоогдож байна. Үүний учир нэхэмжлэгч Б.Б ийн хувьд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “тэтгэвэр тогтоолгох 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан байх” шаардлагыг хангаж байгаа учир  нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн байна. 

Иймээс хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын “...Б.Б ийн хувьд алба хаасан хугацаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 ...-д заасан хугацааг хангаагүй тул тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөх боломжгүй байна.” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

“Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг “буцаан хэрэглэх талаар хуульчлаагүй, Б.Б ийн 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд Цагдаагийн байгууллагад эргүүл, харуул, жижүүрийн албан тушаал /ажлын байр/-д ажилласан хугацаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй байна.” гэж энэ зүйлд тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг алдагдуулсан тайлбарыг хариуцагч хэлж, цэргийн алба хаасан хугацааг тооцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. 

Учир нь хуулийн дээрх зүйл, хэсэгт цагдаагийн алба хаагчийн “албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох” талаар заасан. Гэтэл хариуцагч нь уг зохицуулалтыг хууль дагаж мөрдсөн хугацаанаас буюу 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “эдгээр албан тушаалд ажилласан” цагдаагийн алба хаагчид хамааралтай, уг заалтыг цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг зохицуулсан хэм хэмжээ мэтээр буруу ойлгон, хэрэгжүүлэхээс татгалзаж улмаар “хууль буцаан хэрэглэхтэй” холбоотой маргаан гаргасан нь үндэслэлгүй юм. 

Тодруулбал, энэхүү хуулийн заалтын хэм хэмжээ хууль тогтоогчоос албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрийн ажлын байрны онцлог, ажиллах нөхцөлийг харгалзан тусгайлан эдгээр ажлын байранд ажилласан цагдаагийн албан хаагчид олгож байгаа тусламжийн арга хэмжээ юм. Энэ заалт нь тухайн ажлын байранд ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох зохицуулалт бөгөөд уг хуульд заасан ажлын байранд ажилласан цагдаагийн алба хаагч өндөр насны тэтгэврээ тогтоолгох, ээлжийн амралт эдлэх, цалингийн нэмэгдэл тогтоох зэрэг харилцаанд түүний ажилласан жилийг жирийн цагдаагийн албан хаагчаас нэмэгдүүлэн тооцох тусламж юм. Нэхэмжлэгч Б.Б ийн хувьд өөрийгөө энэ заалтын дагуу ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулж, өндөр насны тэтгэврээ тогтоолгох өргөдлийг энэ хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагад гаргасан. Иймээс хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шийдвэрлэх, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох зорилгоор ажилласан жилийг энэ заалтын дагуу нэмэгдүүлэн тооцохоор байна. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврээ тогтоолгох цагдаагийн алба хаагчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох тохиолдолд хэрэглэнэ.

Гэтэл Монгол Улсын Их Хурал 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн заалтыг “буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй тул ажилласан жилийг нэмэгдүүлэн тогтоох, цэргийн тэтгэвэр тогтоох үндэслэлгүй” гэж, Б.Б ийн ажилласан жилээ нэмэгдүүлэн тогтоолгох өргөдлийг шийдвэрлээгүй Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүй энэ хуулийн заалтад нийцээгүй буюу хууль бус байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, Цагдаагийн албаны тухай хууль /2013/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу  нэхэмжлэгчийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б ийн  ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Цагдаагийн албаны тухай хууль /2013/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалтын хэлтсийн ажилласан жил нэмэгдүүлэн тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ажилласан жилийг хуульд нийцүүлэн нэмэгдүүлж тооцохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн албаны тухай хууль /2013/-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б ийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                      А.САРАНГЭРЭЛ