Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0519

 

 

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорыг төлөөлж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.М-ыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.У-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.6, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.У-ын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д.И-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,

Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 0174003 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Д овогтой И-гийн торгуулийн төлбөрт төлсөн 100.000 төгрөгийг буцаан олгож” тус тус шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.У давж заалдах гомдолдоо: “...иргэн Д.И-гийн улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр эмийн зүйлс импортлосон нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.9.3-т заасан хориглох заалтыг зөрчсөн, ...Эрүүгийн хуулийн 16.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу Д.И-гийн улсын хилээр нэвтрүүлсэн эмийн зүйл болох АЦЦ нь цэр шингэлэх үйлчилгээтэй, жоргүй олгогддог эм тул зөрчил гэж үзэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0174003 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. ...Зөрчлийн тухай хуульд тухайн хуулийн заалт нь зөвхөн зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд хамаарах тухай заагаагүй байхад ямар шинжийг агуулсан байвал гэмт хэргийн шинжтэй гэж үзэхийг хуульд тусгайлан тус тус зааж өгөөгүй байхад гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээд Д.И нь Оросын Холбооны Улс руу зорчиж явахдаа эмчийн зөвлөсний дагуу өөрийн хэрэгцээнд хэрэглэхээр АЦЦ 200мг-15 хайрцаг, АЦЦ 100мг-30 хайрцаг, Виферон 150000 ед-10 хайрцгийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортолсон гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.У 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 0174003 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Д.И-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 13 дугаартай дүгнэлт[2] гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ “...Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь заалт нь тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж тусгаагүй хэдий ч хуулийн заалт нь зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн явуулах үйл ажиллагааг дурдсан байх учир дээрх заалт нь зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд хамаарахаар байна. Иймд Д.И-гийн үйлдлийг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хийж маргаж буй 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-т “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараахь зүйлийг хориглоно:”, 15.9.3-д “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дугаар хэсэгт “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.6 дугаар зүйлд заасан зөрчил” гэж тус тус заажээ.

Уг хуулийн зохицуулалтаас үзвэл иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр эм импортлохыг хориглох ба ийнхүү хориглох зүйлийг зөрчсөн бол мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байх тул хариуцагч өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр АЦЦ эм, виферон лааг импортолсон үйлдэлтэй нь холбогдуулан импортлосон эмийг хурааж, түүнд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь дээрх хуулийн заалтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг “тусгай зөвшөөрөлтэй этгээдийн явуулах үйл ажиллагааг дурдсан байх тул уг заалт нь тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд хамаарахаар байна” гэж дүгнэх боломжгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авсан баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн гэх баримт байхгүй төдийгүй Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор дүгнэлтдээ энэ талаар тусгаагүй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан бөгөөд зөрчил гаргасан гуравдагч этгээдэд оногдуулсан 0174003 дугаартай шийтгэлийн хуудас нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.”, 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл шүүх прокурорын дүгнэлтээр зөрчлийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэхээр хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн авсны дараа захиргааны хэрэг үүсгэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчил гаргасан ч энэ нь дээрх үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх цаашид энэ талаар анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай 13 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 13 хуудас

[2] Хавтаст хэрэг 1 хуудас