Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01108

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1116 дугаар магадлалтай,

           “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “ОХ” ХХК-д холбогдох,     

            Хоёр давхар обьектыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунцэцэг, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “К” ХХК нь 2011-08-16-ны өдрийн 0231906 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 20 хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 4591 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байна. “ОХ” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа манай компанийн эзэмшил газарт Газрын тухай хуулийн 27.4-т заасныг зөрчиж дур мэдэн 2 давхар обьект барьсан тул удаа дараа шаардлага тавьсан. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар байдлыг мэдэж байгаа атал арга хэмжээ аваагүй. Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргаснаар 2016-05- 09-ний өдөр Дээд шүүхийн 168 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дараа хууль бусаар барьсан 2 давхар обьектыг албадан буулгах талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2016-07- 05-ны өдөр хандсан ч 2016-08- 02-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хариу өгсөн учраас шүүхэд хандаж байна. Газрын тухай хуулийн  24.4-д хүчин төгөлдөр газрын гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан. Хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг барих явцад эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас аваагүй. Газрын тухай хуулийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр заасан. Хариуцагч шинээр газар эзэмшиж аваагүй, аливаа бусад этгээдээс газар эзэмших

эрхийг хуульд зааснаар шилжүүлж аваагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3-д заасан үндэслэлээр тодорхойлогдож байна. Хариуцагч нь Дулааны 4 дүгээр цахилгаан станцын газар эзэмшиж байх үед барилгыг барьсан нь энэ маргаанд хамааралгүй, манайх бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагчийн хувьд төрийн өмчийн газар буюу манай эзэмшлийн бус газар дээр барилгаа баригдсан гэж үзвэл түүнийгээ нотлох ёстой. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчин төгөлдөр байгаа учраас өөрийн эзэмшлийн газрын эрхээ, бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа тул уг шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ОХ” ХХК нь уг барилгыг 2009 онд барьж ашиглалтад оруулсан. Тэр үед “К” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан нь аж ахуйн нэгжийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг газар нь тухайн үед төрийн өмчийн газар байсан бөгөөд 4 дүгээр цахилгаан станц ТӨХК газрыг эзэмшиж байсан. Манай компани нь 4 дүгээр цахилгаан станц ТӨХК буюу хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрлөөр уг үл хөдлөх хөрөнгийг барьсан. Барилга 2008-2009 онд баригдсан, бид 2 давхар барилга болон газрын шударга эзэмшигч юм. “ОХ” ХХК 1999 онд байгуулагдсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн алба нэхэмжлэгчид газрыг олгохдоо хариуцлагагүй хандсан асуудлаас болж эзэнгүй хөрөнгийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжүүд байхад бусдын эрх ашгийг зөрчиж ганцхан “К” ХХК-д олгосноор маргаан үүссэн. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрт газар эзэмшигч нь “К” ХХК гэж тогтоосон боловч тухайн үед тус компанийн эзэмшлийн газар дээр баригдаагүй. Хэрэв “К” ХХК нь 2004 онд газар эзэмших гэрчилгээ авчихсан, манайх уг газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан бол барилгыг буулгуулах шаардах эрхтэй байж болно. Эднийх газар авах эрхтэй бөгөөд газрыг авахдаа “ОХ” ХХК-ийн эзэмшлийн газрыг үлдээгээд бусад хэсгийг авсан бол маргаан үүсэхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч газрыг бүгдийг авах гээд, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний хувийн өмчийг хүчээр устгах гэж байна. Бид газрын хууль ёсны эзэмшигч болохоор удаа дараа холбогдох хүмүүст хандсан боловч шийдэж өгөхгүй байсаар уг маргаан гарч байна. Нэхэмжлэгчид газар олгохдоо кадастрын зурагт манай обьектыг оруулахгүй хасч, “К” ХХК-д уг газрыг олгосон нь маргааны эх үүсвэр болсон. “К” ХХК уг газар дээр эзэмших эрх үүссэнээс хойш манайх барилга бариагүй. Бид энэ асуудлаар Авилгатай тэмцэх газарт хандсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан ч 4 дүгээр цахилгаан станцын дарга, газрын кадастрын албаны байцаагч, албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 168023/0120 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 4591 м2 газар дээрх “ОХ” ХХК-ийн 2 давхар обьектийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 162 750 төгрөгийг улсын орлогоос, “ОХ” ХХК-иас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1116 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.        

     Хариуцагчийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“ОХ” ХХК нь 2003 оноос одоог хүртэл маргаан бүхий газар дээр станцын даргын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна 2008-2009 онд үйл ажиллагаагаа өргөтгөж 2 давхар барилга, 4 машины дулаан гарааш барьж ашиглаж байна. Манай “О х” ХХК нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ барилга барихаас өмнө НГА-нд удаа дараа хандахад тухайн газар Төрийн өмчийн объект байрладаг 4-р цахилгаан станцын газар гэсэн тайлбар өгсөн. Гэтэл 2009 онд байгуулагдсан “К” ХХК 2011 онд кадастрын зургаа хуурамчаар үйлдэн /тухайн газар дээр байсан үл хөдлөх хөрөнгүүдийг кадастрын зурагнаас хасч/ тус газрыг эзэмших гэрчилгээ авсан. Энэхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн үйлдлүүд нь ТЭЦ-4-ийн захирал Ц.Баярбаатарын хүргэн М.Мөнхзоригтын АТГ-д өгсөн мэдүүлгээр нотлогддог. “К" ХХК нь ийнхүү хуурамч материал бүрдүүлж авсан газрын гэрчилгээгээ ашиглан 2013 онд уг газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг /газрын гэрчилгээ авахдаа кадастрын зурагнаас хассан үл хөдлөх хөрөнгүүд/ өөрийн эзэмшилд авсан. Уг хэргийг хэргийг АТГ-д шалгуулахад ТЭЦ-4-ийн дарга Б.Цэвээн, ЭХГ-ын дарга Ц.Баярбаатар нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж Ц.Баярбаатарын хүргэн М.Мөнхзоригтын хууль бус үйлдлийг дэмжиж Төрийн өмчийн газраас олгосны зэрэгцээ тухайн газар дээр байрлаж байсан төрийн өмчийг хувьд шилжүүлсэн нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үйл баримтыг дурдсаар байхад шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж байгаад гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         К ХХК Баянгол дүүрэг, 20-р хороо, нэгж талбарын 168023/0120 дугаартай,  4591 кв.м газар буй “ОХ” ХХК-ийн 2 давхар обьектыг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн эзэмшлийн газраас 4591 м2 газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны  582 дугаар захирамж хууль зөрчөөгүй талаар хийсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 13-22 /   

 Марганы зүйл болсон газрыг “ОХ” ХХК эзэмших эрхтэй болохыг мөн 2 давхар обьектыг зохих этгээдийн зөвшөөрлөөр барьсан гэдгээ хариуцагч нотлоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

         Хоёр шатны шүүх “ОХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Газрын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1116 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан  “ОХ” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ