Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 289

 

С.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар магадлалтай, С.Гхолбогдох 2009000001487 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,.

 

С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 10 дугаар гудамжны 145 тоотод байрлах нийтийн байранд өөрийн төрсөн дүү 16 настай эмэгтэй С.Ганчимэгтэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим дүү С.Ганчимэгийг гэрээс гарах үед араас нь хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг хаясан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 252 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... С.Гоногдуулсан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял болгож өгнө үү гэсэн агуулгаар гомдлоо гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж. мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч талаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д заасныг журамлаж, түүнд оногдуулсан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ялаар өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

С.Г нь хувийн таарамжгүй харьцаатай төрсөн охин дүү С.Ганчимэгийн хоолойг боож алсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хоёр шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсний улмаас шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг нь дордуулсан  байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох шүүгдэгч болон амь хохирогч нар нь өөр хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай байсан нь тэдний эцэг, эх, ах нар болон хөрш эмэгтэйн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдсон байтал прокурор С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай билээ.

 

Хувийн таарамжгүй байдлаас шалтгаантай гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх учиргүй бөгөөд энэ нь хууль хэрэглээний алдаатай шийдэл юм.

 

Шүүгдэгчийн үйлдлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн явдал нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд харшилсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын дүгнэлтэд амь хохирогчийн цогцсыг “зөөвөрлөн хаясан” гэх гэмт хэргийг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Цогцсыг мөчилж цагаан уутанд хийж гудамж, талбай, байшингийн үлдэгдэл балгасанд зөөвөрлөж хаясан явдал нь хүнийг алах гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор хийгдсэн үйлдэл бөгөөд үүнийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй, гэмт хэргийн хүндрүүлэх шинжид ч хамааруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хоолойг боож алсны дараа цогцсыг мөчилж тасалсан нь хөдөлбөргүй тогтоогдсон тул энэхүү балмад харгис хувийн зан төлөвийн илрэл, хандлагыг ял оногдуулахдаа харгалзан, ялын хэмжээг тогтоодог нь хууль хэрэглээний тогтсон жишиг болно.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар магадлалд дараахь өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Прокуророос шүүгдэгч С.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсүгэй”;

 

1.2. “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”;

 

1.3. “Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        С.БАТДЭЛГЭР

 

                     ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                  Б.ЦОГТ

 

                                                                                  Ч.ХОСБАЯР

 

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН