Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

иргэдийн төлөөлөгч Б.Батсүх,

улсын яллагч Г.Цогтгэрэл,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Нямхүү,

гэрч Д.Батхуяг, М.Саранцэцэг, Б.Соёл-Эрдэнэ, О.Алтансувд,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт Д.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000001019 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт гарсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо, бага наран 10 дугаар гудамж 01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дуламжавыг онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 10 сарын 21-ний орой 19 цаг 30 минутын үед талийгаач “ганц шил архи ууя” гэж хэлээд би архи авч ирж бид 2 хувааж уусан. Талийгаач согтчихоод намайг “зайл” гэж хөөгөөд байсан. Би тэгэхээр нь түлхчихсэн, баруун бөөр рүү нь 2 удаа өшиглөсөн. Толгой руу нь цохиогүй. Маргааш нь Бэлхийн эцэс орж архи авсан. Жижгээ гээд Дуламжавын хүүхдийнд орой 15.00 цагийн орчимд талийгаачийг хүргэж өгсөн. Би хүргэж өгөөд буцсан…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нас барсан шалтгааныг нь тогтоосон. Бид нарын эцэг шиг ээжийн минь нөхөр шиг байсан хүн яагаад ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Манай дүү Занабазар буюу Жижгээ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17:00 цагийн үед ээжийн бие муу байна гээд утсаар ярьсан. Би хүргэнтэйгээ хамт Вива сити орсон. Замдаа түргэн дуудсан. Ороход ээж ямар нэг баримжаагүй харилцаагүй байсан. Би гар хөлийг нь бага зэрэг хөдөлгөж байгаад орон дээр нь хэвтүүлсэн. Удалгүй түргэн ирээд даралт нь их байна гээд авч явахаар болсон. Эгч Түвшинжаргал бид 2 түргэнтэй хамт ирсэн. Эгч бид хоёрыг эмчилгээний өрөө рүү оруулаагүй. Рентген зураг аваад тархины гэмтэлтэй байна гэсэн. Түүнээс гадна бие нь олон тооны хөхрөлт няцралтай байна гэхээр нь зодуулсан гэж бодсон. Тэндээс гэмтэл рүү яваад орой хагалгаанд ороод найдваргүй гэсэн. Орой ах дүү нар бүгд цугларсан. Хагалгааны дараа бид нар сахиж байгаад 10 дугаар сарын 26-ны өглөө  09:00 цаг өнгөрч байхад нас барсан. Манай талаас гомдолтой байна. Би ээжийнхээ амьдралд нэг ч удаа оролцож үзээгүй. Амьдралын нарийн асуудлыг нь сайн мэддэггүй байсан. Ар гэрээс нь нэг ч удаа ирж байгаагүй. Манай талаас бүх талаар дэмждэг байсан. Уучлалт гуйхыг шаардаж байна. Оршуулгын зардал, өмгөөлөлийн хөлс, буяны ажилд зарцуулсан нийт мөнгө 16.020.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв.

 

Гэрч Д.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач хааяа нэг энд тэндээ хөхөрчихсөн байдаг байсан. Талийгаач Хатанбаатар нар бидний хажууд маргалдаж зодолдож байгаагүй. Гэр нь манай хажууд учир сонсогддог байсан. Хатанбаатар эрүүлдээ зүгээр, согтуу үедээ огцом ууртай...” гэв.

 

Гэрч М.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ээж сүүлийн 2 жилийн хугацаанд ирэхээрээ ямар нэгэн гэмтэл авчихсан байдаг байсан. Сүүлд хавирга нь хугарчихсан ирж байсан. Яасан гээд асуухаар халтирч унаад гэмтсэн гэж хэлсэн. Энд тэнд нь хөхөрчихсөн, гараа шохойдуулчихсан ирдэг байсан...” гэв.

 

Гэрч Б.Соёл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хавиргаа хугалсан тухай хэлж байсан. Хөл гар дээрээ шархтай, тэр нь идээлж буглачихсан үе байдаг байсан. Ямар учиртай талаар асуухад дандаа уначихлаа гэж хэлдэг байсан. Өөрсдийнх нь амьдарч байсан газар нь их эвгүй, хазгай газар учир нээрээ ч нүүрс түлээгээ оруулах гэж яваад уначихсан юм болов уу гэж бодож хэлсэн үгэнд нь итгэдэг байсан. Хажуу дахь хүн нь зодчихсон гэж бодож байгаагүй. Сүүлд нүд, нүүр нь хөхөрчихсөн байдаг байсан...” гэв.

 

Гэрч О.Алтансувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач 2 жилийн өмнө Хатанбаатар өөрийг нь өшиглөсөн тухай хэлж байсан. Тэр үед хамраас нь цус гараад тогтохгүй байна гээд том охин нь ээжийгээ эмнэлэгт үзүүлээд явж байсан...” гэв.

 

Эрүүгийн 1809000001019 дугаартай хэргээс:

 

   Шүүгдэгч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бид хоёр гэртээ байж байгаад 0.75 литрийн архи авчирч талийгаач Дуламжав бид хоёр хувааж уусан. Архи ууж байхад талийгаач намайг “чи зайл чамд өгөх юм юу ч байхгүй, чи ядуу, би баян мөнгөтэй” гэх зэргээр над руу дайрч намайг хөөж эхэлсэн. Талийгаач миний өөдөөс босоод ирэхээр нь би талийгаачийг гараараа түлхтэл талийгаач зуухны араар унаад өгөхөөр нь би баруун талын бөөр хэсэгт нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Талийгаач тэгэхэд босож ирэхгүй босож чадахгүй байхаар нь би талийгаачийг татаж босгоод орондоо оруулаад бид 2 хамт унтсан....талийгаач өөрөө согтчихоод намайг хөөгөөд байхаар нь би харанхуй орой би хаачих юм гээд зодсон...маргааш өглөө нь босоод надад толгой жаахан өвдөөд байна гэж хэлээд хамраас нь цус шүүрээд байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145-150 дугаар хуудас/,

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “…2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд дүү Занабазар залгаад “ээж газар унаад амнаас нь хөөс сахраад царай нь хөхрөөд байна хурдан ирээч, миний утаснаас 103 руу дуудлага гарахгүй байна, хүүхэд айгаад байна хурдан ир” гэж хэлсэн. Манай гэр дүү Занабазарын гэртэй ойрхон байдаг учраас хүргэний машиныг аваад дуудлага ирснээс хойш 7 минутын дараа гэхэд дүү Занабазарын амьдардаг Хан-Уул ргийн 4 дүгээр хороо Вива хорооллын 12 байрны 6 тоотод очсон. Мөн замдаа яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Тэгээд дүү Занабазарын гэрт очиход ээж Дуламжав ширээ түшээд сандал дээр ухаангүй байдалтай байхаар нь харвалт өгсөн юм байх гээд гар, хөлийг нь хөдөлгөж үзсэн.Тэгээд би түшиж босгоод орон дээр хэвтүүлэхэд ээж Дуламжав зүүн талын чихээ бариад маш чангаар өвдөлт өгч орилж байсан. Тэр үед яаралтай яаралтай түргэн тусламжийн эмч ирээд үзлэг хийгээд тавцан орон дээр хэвтүүлээд түргэн тусламжаар 1 дүгээр эмнэлэг рүү хүргэгдсэн очиж эмчилгээ хийлгэсэн. Тэнд нэг цаг гаран болж байгаад жижүүр эмч, туслах эмч нарын хамт гэмтлийн эмнэлэг рүү яаралтайгаар хүргэгдэж, 23 цагаас шөнийн 02 цагийн хооронд хагалгаанаас гарсан. Тэгээд ухаангүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 22 минутанд нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-60 дугаар хуудас/,

   Гэрч М.Саранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эх Дуламжав над руу залгаад “ээжийнх нь бөөр гацчихлаа ээж нь очиж чадахгүй байна” гэж утсаар ярьсан. Би тэр өдрөө буцаагаад залгаад бие нь яаж байгааг асуутал сая эм уугаад арай гайгүй болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед манай ээж Дуламжав нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн 53-436 тоотод байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дуламжав нь хамтран амьдрагч Хатанбаатарын хамт манай дүү Түвшинжаргалтай уулзахаар хороололд ирсэн. Гэтэл Хатанбаатар нь манай ээжийг Түвшинжаргал, Занабазар, нарын хамт үлдээгээд Толгойт руу аавынх руугаа явлаа гээд явсан. Орой 22 цагийн орчимд манай дүү Занабазар ээжийн хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хороолол руу Занабазарын гэрт хонохоор явсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны 17 цагийн орчим манай дүү Занабазар өөрийнхөө 86100096 дугаарын утсаар залгаад “ээж сонин болоод байна. Гэр дотор хойшоо татаад уначихлаа би айгаад байна” гэхээр нь би 103 тусгай дугаар руу дүүгийнхээ хаягаар дуудлага өгсөн. Гэтэл 103-ийн эмч нар манай ээжийг нэгдүгээр эмнэлэг рүү авч явсан...манай ээж Дуламжав хүлээн авах тасагт ухаангүй хэвтэж эмчлүүлж байсан. Тухайн үед ээжийнхээ хөнжлийг сөхтөл бие нь хөхөрсөн шарх ихтэй байхаар нь эмчээс асуутал “энэ хүн битүү хөхрөл болсон нуруундаа хүртэл хөхрөлттэй байна. Гадны нөлөөтэй гэмтлийн шарх байх магадлалтай яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай учир Гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлээд гэмтэл рүү эмнэлгийн машинаар авч ирээд тархины хагалгаанд орсон...бөөр өвдөөд байна гэж хэлж байсан ямар учраас өвдөөд байгааг нь хэлээгүй...3аримдаа ээж над руу залгаад “ээжийгээ ирээд аваач энэ Хатанбаатар намайг зодоод байх юм” гэж хэлдэг байсан. Хааяа уулзахаар нүүр нь хөхөрсөн байдаг байсан. “Яагаад хөхөрсөн юм бэ” гэж асуухаар “юм руу уначихлаа” гэдэг байсан... “ээжийнх нь толгой, бөөр 2 өвдөөд байх юм” гэж хэлээд цай ч уухгүй байсан. Царай зүс нь тааруухан харагдаж байсан бөгөөд зүүн талын хөлөө чирээд сонин яваад байсан...улсын нэгдүгээр эмнэлэгт намайг очиход манайхан бүгд цугласан байсан бөгөөд тэнд байсан эмч нар бид нарт “ээж чинь зодуулчихсан байна” гээд биеийг нь харуулахад битүү хөх эрээн болсон байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-67, 87-89 дүгээр хуудас/,

 

               Гэрч Ө.Бямбаринчин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй Б.Дуламжав нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны 21 цаг 20 минутанд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас хүргэгдэн ирсэн. Тээвэрлэгдэж ирэхдээ амьсгалын аппаратанд холбосон ухаан санааны байдал 3%-тай биеийн гадна ил харагдах хэсгүүдэд хөхрөлт няцралттай өндөр халуунтай байсныг яаралтай мэс засалд бэлдэн тархины хатуу хальсны доорх хурсан цусыг авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийсэн боловч өвчтөний биеийн байдал маш хүнд хэвээр эмийн болон мэс заслын эмчилгээний үр дүн өгөхгүй гүн комын байдалтай амьсгалын аппараттай хэвтэн эмчлэгдэж байсан...Б.Дуламжавын биеийн байдал маш хүнд, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжлэгтэй эмчилгээг үргэлжлүүлж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

               Гэрч Д.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд 453-р худгийн орчим тааралдсан. Хатанбаатар надтай таарахдаа шувууныхаа хоол асуугаад явж байсан. Дуламжав, Хатанбаатар 2 байнга хоорондоо хэрэлдэж, зодолддог байсан. Би хөрш байхдаа орж салгадаг байсан. Цагдаад огт дуудлага өгч байгаагүй. Хамгийн сүүлд надтай таарахдаа “Дуламжавтай хэрэлдээд бөөр рүү нь өшиглөсөн чинь охин нь ирээд аваад явсан” гэж хэлж байсан...3аримдаа Дуламжав эгчийн бие нь хэсэг газраа хөхөрчихсөн байдаг байсан. Асуухаар “Хатанбаатар намайг зодчихлоо эгч нь зовж явнаа” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

               Гэрч Б.Сэвжид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хажуугийн хашааны айлыг танихгүй. Ямар ч байсан 60 орчим насны өвөө, эмээ хоёр орж гарч байгаа харагддаг. Уг хоёр хүн архи согтрууруулах ундаа хэрэглэдэг шинжтэй согтуу явж харагддаг. Би зодсон талаар мэдэхгүй. Маргаж байгаа бололтой байдаг хоёулахнаа уудаг шинжтэй санагддаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

               Гэрч М.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээж Дуламжав нь “ээжийнх нь бөөр татаад босож чадахгүй байна, миний охин эгчтэйгээ яриад очоорой, ээж нь цаашаагаа утсаар яриад очиж чадахгүй бие өвдөөд байна” гэж хэлнэ гэсэн. Өмнөх өдөр надтай ээж утсаар ярихдаа надад лав бие өвдөөд байна гэж хэлээгүй...надтай ээж Дуламжав нь уулзах гээд ирэхдээ зүүн талын хөлөө чирээд явсан, зүүн нүдний дээд хэсэг нь хөхөрсөн байдалтай явж байхаар нь би “нүдээ яасан юм бэ” гэхэд “ээж нь юм мөргөсөн юм аа харин ээжийнхээ бөөр өвдөөд явж чадахгүй байгаа юм” гээд хүн сугадаж, тонгойж яваад байхаар нь би “Хатанбаатар ахыг Толгойт руу явуулчихлаа хэдүүлээ хоолонд ороод гадуур явж байгаад дүүгийн гэрт очиж усанд орчих маргааш эмнэлгээр явья” гэхэд ээж Дуламжав нь “би эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхгүй бол миний биеийн байдал хүнд ядраад байна эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэе” гээд байсан. Ээж Дуламжав бид нар хоолонд ороход ээж би ерөөсөө хоол идэж чадахгүй байгаа, миний охин л гээд байсан...тэр шөнөө ээж сайн унтаж амраагүй яагаад гэвэл ээж “толгой өвдөөд байна” гэж босож ирээд эм уугаад хэвтсэн. Дахин ам цангаад байна гээд 2-3 удаа босож ирсэн. Тэр үед ээж надад “миний нойр хүрэхгүй байна” гээд байсан...тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт би сургалтанд суух ёстой байсан учраас 07 цаг гээд боссон байхад ээж Дуламжав босож ирээд ээж нь “шөнө ерөөсөө унтаж чадсангүй” гэж хэлсэн. Намайг дүүгийн гэрээс гараагүй байхад ээж 00 өрөөнд бөөлжиж, огиулаад байхаар нь очиж харахад идсэн хоолоороо бөөлжсөн байхаар нь даралт нь ихсээд дотор нь муухай оргисон юм болов уу гэж бодсон...Занабазар залгаад уйлаад “ээжийн гар хөл нь татаад ухаан алдаад уначихлаа, аниа гээд ярихаар нь би түргэн дуудаарай” гэхэд “за аниа” гэхээр нь би сургалтаасаа чөлөө авч гараад шууд дүү Занабазарын гэрт очиход тэдний гэрт дүү Атар-Эрдэнэ түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан. Намайг очиход ээж ухаантай орон дээр хэвтсэн байдалтай толгойгоо бариад ээж “миний толгой задарлаа” гээд хашгираад байсан. Мөн зүүн талын гар, хөл чих нь хүртэл таталт өгөөд байсан...анхан шатны тусламж үзүүлж байхад ээж Дуламжав нь 1 удаа бөөлжөөд шууд таталт өгч байгаад ухаан алдсан...1-р эмнэлгийн хүлээн авах дээр очоод яаралтай түргэн тусламж үзүүлэхэд тархины томографикийн зураг авахуулахад зургаар нь тархины гэмтэлтэй байна яаралтай гэмтлийн эмнэлэг орж хагалгаанд орохгүй бол болохгүй гээд эмч нь өөрөө түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд шууд тархины хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай боллоо одоо өвчний биеийн байдал мэднэ ер нь найдваргүй байна шүү гэж хэлсэн. Хагалгаанаас гараад 2 хоногийн дараа ухаан орохгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цаг 22 минутанд нас барсан...хагалгаанд орсон эмч нь манай ээжийн гавал тархины гэмтэл нь 2-3 хоногийн өмнө авсан шинэ гэмтэл байна шүү, цус нь хатаагүй, бүлэгнэсэн, шинэ цус хуралт байсан, мөн зүүн чихний ар хэсгээс доош чиглэсэн хаа хүрэх нь мэдэгдэхгүй цууралт үүссэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-86 дугаар хуудас/,

               Гэрч М.Занабазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Вива сити хорооллын 12 дугаар байрны 6 тоотод очиж хоносон. Тэр үед манай ээж унтаж чадахгүй, хоол идэж чадахгүй, биеийн байдал хэцүү хүнд байсан...Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд босоход манай хүүхэд ээж Дуламжав бид 3 байсан ба эгч Түвшинжаргал нь сургалтанд сууна гээд өглөө эрт явсан байсан. 11-12 цагийн орчимд ээж “ээжийнх нь бөөр татаад толгой өвдөөд байна, өвчин намдаах эм авчирч өгөөч ээж нь эмнэлэгт хэвтэхгүй бол миний бие их муу байна” гэж хэлэхээр гэрээсээ гараад эмийн сан орж өвчин намдаах эм аваад гэртээ орж ирээд ээж Дуламжавт өгсөн. Ээж ерөөсөө хоол идэж чадахгүй 00 өрөөнд бөөлжөөд, хүчтэй алхаж явж чадахгүй байсан. Надад толгой дайвалзаад байна гэхээр нь би “үсийг нь угаагаад өгөх үү” гэхэд ээж “үгүй” гээд байсан...ээж Дуламжавын нүүр нь хөхөрсөн байдалтай бүх бие нь таталт өгч байгаад хойшоо унаад амнаас нь хөөс сахарч амнаас нь бага хэмжээний цус гарсан ..Түргэн тусламж ирэх хооронд ээж Дуламжав нь сэргээд ямар ч орон зайн баримжаагүй 00 өрөө хайж ороод цусаар бөөлжсөн. Удаагүй бага ах Атар-Эрдэнэ орж ирээд ээжийг орон дээр өргөж хэвтүүлсэн...тэгээд гэмтлийн эмнэлэг ороод тархины хагалгаанд ороод 2 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед ухаан орохгүй байсаар байгаад нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

       Гэрч Д.Адилбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай урд талын хашаанд талийгаач, Хатанбаатар хоёр амьдардаг байсан. Талийгаач, Хатанбаатар ах 2 хамт их архи уудаг байсан. Хоёулаа өдөр шөнөгүй архидаж байнга хоорондоо зодолддог байсан. Хааяа гэрээр нь ороход талийгаачийн нүүр ам, бие нь хөх няц болсон байдаг бөгөөд талийгаач “Хатанаа намайг зодсон” гэж хэлдэг байсан...Талийгаач нэг удаа надад хандан Адилаа миний дүү Хатанаа дандаа миний тархи толгой руу цохих юм гэж хэлж байсан...Харин талийгаач Дуламжав эгч байнга нүд ам, эрүү нь хөх няц болчихсон юм явж байдаг байсан. Хааяа цус нөжтэйгөө хутгалдчихсан манайд ороод ирдэг байсан. Ноднин жил шиг санагдаж байна талийгаач, Хатанбаатар ах хоёр хоёулаа согтуу орж ирсэн бөгөөд талийгаач нь надад хандан “Хатанаа миний дух руу алхаар цохьчихлоо” гэхэд Хатанбаатар ах “наадах чинь өөрөө цохь гэхээр нь би цохьсон” гэж байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр санагдаж байна...талийгаач над руу залгаад байхаар нь би гэрт нь ороход талийгаач ганцаараа сандал дээр сууж байсан бөгөөд Хатанбаатар намайг зодоод бие өвдөөд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

       Гэрч Ц.Соёлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрөөд цэцэрлэгээс хүүхдээ аваад гарч байтал манайхан залгаад “ээж бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн байна” гээд би эхнэрийгээ аваад түгжирсээр байгаад 1 дүгээр эмнэлэгт очсон. Тэгэхэд ээжийг харахад зүүн мөрөн дээр нь нилээн том хэмжээтэй хөхрөлттэй байсан. “Энэ яагаад ингэсэн юм бэ” гэж би асуухад дүү нар “сая л харж байна бүх бие нь хөх няц болчихсон байна” гэж байсан...хамт байх үед бид нартай огт юм ярьдаггүй, ярианд огт оролцдоггүй юм. Талийгаач хааяа шөнө орой унтаж байхад хүртэл Саранцэцэг бид хоёр руу залгаад “Хатанбаатар намайг зодоод байна ирээд аваадах” гэж хэлдэг байсан. Талийгаач нэг удаа 2 хавирга нь хугарсан ирж байсан бөгөөд яасан юм гэхэд ээж нь унаад хавиргаа гэмтээчихсэн гэж хэлж байсан. Ер нь нүд ам нь хөхөрсөн няцарсан шинжтэй ирдэг байсан. Яасан юм гэхээр дандаа унасан, мөргөсөн өөрөө бэртсэн гэж хариулдаг байсан. Тэр бол Хатанбаатар зодоод тийм болгосныг нь талийгаач бид нараас нуудаг байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

       Гэрч А.Баатаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Бэлхийн Цэргийн байрны доохон талд би харих гээд явж байгаад талийгаачтай тааралдаад мэнд мэдэх гэхэд надад “Баатараа ахаа нөгөө Хатнаа чинь ийшээ өшиглөсөн чинь бөөр өвдөөд байна” гээд бөөрний хэсгээ гараараа хувцасны араас зааж үзүүлсэн. Тэгэхээр нь би “яагаад та хоёр муудаад байдаг юм бэ” гэсэн. Талийгаач тэгэхэд хүүхдийнх рүүгээ явлаа гээд явсан бөгөөд намайг гудамжаар өгсөхөд Хатанбаатар нь талийгаачийн араас явж байгаа бололтой явж байсан. Өөрөөр талийгаач надад Хатанбаатарт зодууллаа гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,

              

               Гэрч Г.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 сарын 23-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити Н-12-р байрны 6 тоотод 55 настай эмэгтэй хүн таталт өгөөд ухаангүй байдалтай байна гэсэн утгатай дуудлага ирсэний дагуу уг дуудлаганд очиход уг тоотод бага насны хүүхэдтэй нэг эмэгтэй хүн уйлж сандарсан байдалтай байсан. Тэр эмэгтэй “манай ээж сая таталт өгөөд ухаан алдаад унасан одоо ухаан орж байх шиг байна” гэсэн бөгөөд гэрийн орон дээр нь 55 орчим насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Уг эмэгтэйд үзлэг хийхэд даралт маш өндөр байхаар нь би даралт бууруулах тариа хийх явцад шууд огиод бөөлжихөөр нь би бөөлжилтийн эсрэг тариа хийтэл уг эмэгтэй таталт өгсөн. Бүх бие нь маш хүчтэй таталт өгсөн тул би таталтын эсрэг тариа хийгээд жолоочоо дуудаж насилкаар уг эмэгтэйг машинд зөөж суулгаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/,

               Гэрч О.Алтансувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүүлийн хоёр гурван жил талийгаач над руу шөнө оройн цагаар их утасддаг болсон бөгөөд ялангуяа 2018 оны зун над руу нилээн их утасдаж байсан. уйлаад ярьдаг байсан бөгөөд “миний бие өвдөөд байна та хүрээд ирж чадах уу” гэдэг байсан. Би тэгэхэд нь “чиний бие яагаад өвддөг юм Хатанбаатар чамайг зодоо биз” гэхэд “та манай хүүхдүүдэд битгий хэлээрэй” гэдэг байсан. Нэг удаа Дуламжавыг дуудахаар нь очиход талийгаач ганцаараа гэрийнхээ үүдэнд сууж байсан. Хатанбаатар намайг зодчихоод яваад өгсөн гэж байсан. 2017 оны 12 сарын эхээр би Улсын нэгдүгээр эмнэлэгт хүн сахиж байгаад талийгаачтай тааралдсан. Тэгэхэд талийгаачийн царай зүс нь цонхийчихсон явж байсан бөгөөд “яасан юм бэ” гэхэд “миний бие өвдөөд байна” гэхээр нь би “чи бас нөгөөдөхдөө зодуулаа биз” гэхэд “Хатанбаатар миний элэг рүү өшиглөсөн хамраас цус гоожоод тогтохгүй байна та манай хүүхдүүдэд битгий хэлээрэй” гэж гуйсан...Хатанбаатар нь талийгаачийг байнга зоддог байсан бөгөөд талийгаач энэ талаар хэнд ч хэлдэггүй байнга Хатанбаатарыг өмөөрч хамгаалдаг байсан...” гэсэн /1 дүгээр хх-ийн 241-242 дугаар хуудас/,

Гэрч Б.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...намайг хамт байх үед талийгаач Хатанбаатар хоёрын хоорондын харилцаанд янз бүрийн таарамжгүй зүйл анзаарагддаггүй байсан. Харин байнга шахуу талийгаачийн нүүр, нүд, бие, гар хөл нь хөхөрч гэмтсэн, эсвэл хөл гар нь зовиуртай байдаг байсан. Хөл гар нь шархлаад эдгэхгүй буглачихлаа гээд надаар цэвэрлүүлэх гээд ирдэг байсан. Би асуухаар эгч би өөрөө халтираад уначихсан мод хагалж байгаад мод үсрээд нүд рүү оночихсон гэх зэргээр хэлдэг байсан...2018 оны 10 сарын 21-ний өдөр эгч над руу залгаад эгч нь “хүнд зодуулаад биений зүүн тал татчихлаа эгч нь ажил явдалд очиж чадахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ нөгөө хүн чинь дахиад зодсон юм уу” гэхэд эхлээд хэлэхгүй байж байгаад сүүлдээ “Хатанбаатар намайг зодсон” гэж хэлж байсан. Үүнээс хойш би эгчтэй дахиж холбогдоогүй бөгөөд 2018 оны 10 сарын 23-ны өдөр талийгаачийн том охин Саранцэцэг над руу уйлж залгаад “ээжийн бие муудаад бид нар 1-р эмнэлэг рүү түргэнээр явж байна та хүрээд ирээч” гэхээр нь би 1-р эмнэлэгт очиход эгч ухаангүй сэхээнд байсан бөгөөд эмч нар тархины зураг аваад “тархиндаа гэмтэлтэй байна гэмтлийн эмнэлэг рүү явуулъя” гээд ГССҮТөв рүү хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Хосбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 сарын 23-ны өдөр ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байтал 18 цаг 40 минутанд яаралтай тусламжийн тасагт 103-аар Б.Дуламжав гэх 55 настай эмэгтэй хүн хүргэгдэн ирсэн. Өвчтөнд үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд хариу урвалгүй, хүүхэн хараа хоёр талд өргөн, гэрлийн урвалгүй байсан бөгөөд мөр, бугалга, хэвлий, хоёр хөл гуянд олон тооны хөхрөлттэй байсан. Өвчтөн ямарч ухаангүй байсан тул цагаан мөөгөрсөн хоолойд гуурс байршуулж амьсгалын аппарат холбоод компьютер томографт оруулахад тархины зүүн талд субдурель геметоми буюу цусны хураа үүссэн байсан. Үзлэг хийх явцад өвчтөн хоёр удаа таталт өгч байсан. Субдурель геметоми нь гэмтлийн гаралтай үүсдэг. Мөн манай эмнэлэгт тухайн мөчид хагалгаа хийх эмч байхгүй байсан тул эмнэлгийн тоноглогдсон автомашинаар миний бие өөрөө гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн юм. Уг өвчтнийг харгалзан ирсэн охин нь гэх Түвшинжаргалаас асуулт авахад орой 17 цагийн үед цустай бөөлжиж таталт өгч, ухаангүй болсон гэх зүйлийг ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 245-246 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үед үүсэх боломжтой гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Амь хохирогчийн биед учирсан зүүн чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл авсан даруйд цаг алдалгүй үзүүлсэн ч гэсэн амь нас аврагдах боломж багатай байсан...ГССҮТөвийн эмч нарын өвчний түүхээс харахад амь хохирогчийн зүүн зулай чамархай ясанд 7x8 орчим см цооног гаргаж хатуу хальсан дээрх 150-180 мл цус, нөжийг соруулж авсан ба хатуу хальсны судаснаас цус алдаж байсныг тогтоох мэс засал хийсэн байна. Энэ нь тухайн өвчтний гавал тархины гэмтлийн үед зайлшгүй шаардлагатай мэс засал байсан байна. Эмчлэгч эмч нар өвчтөнд үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авсан байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл тул амь нас аврагдах боломж бага байсан байна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас/,

 

     Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шинжээчийн №2384 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаачийн зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа, зүүн эгэм, бугалга, цээж, хэвлий, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, зүрх томрол, нойр булчирхайн архаг үрэвсэл, бөөрний сувганцрын тархмал үхжил өвчтэй байжээ.  Энэ нь үхэлд хүргэхгүй.
  5. Талийгаач нь ГССҮТ эмнэлэгт гурав хоног эмчлэгдсэн тул согтууруулах ундааны зүйл үзэх шаардлагагүй.
  6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно.
  7. Талийгаач нь 2018.10.26-ны цогцосны гадна үзлэгийг 11 цаг 50 минутанд хийхэд нас бараад 3-4 цаг болсон..." гэжээ /1 дүгээр хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

 

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын №62 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Д.Х нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх бусдад ойлгуулах чадвартай байна.
  3. Д.Х нь хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Д.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочхон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.
  5. Д.Х эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 111-113 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-30 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.Дуламжавын зүүн чамархайд 24 см урт мэс заслын оёдолтой, зүүн мөрөнд 8х6 см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 4х9 см, зүүн тохой дотор хэсэгт 4,3,5 см, зүүн сарвуунд 3х3 см, 4,5х2 см цээжний зүүн дээд хэсэгт 2х2 см, цээжний зүүн доод хэсэгт 4х1,5 см, 2.5х2 см, хэвлийн зүүн хэсэгт 4х2 см, цээжний баруун хэсэгт 5х4 см, доод хэсэгт 2,5х2 см, 1х1 см, баруун шуунд 4х3 см, баруун өвдөгт 9х5 см, 6х3 см, 2х1,5 см, 3х1,5 см, зүүн гуяны гадна доод хэсэгт 3х1 см, 4х3 см зүүн өвдөгт 2х2 см, 5х3,5 см, зүүн шилбэнд 8х4 см, 4х2 см, хөх өнгийн захаараа шаргал хүрээтэй цус хуралтуудтай...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 31/,

 

Цогцос болон хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 32-41 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 35-41 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 42-46 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6200, №11394, №6199, №11393 дугаартай дүгнэлтүүд /1 хх-ийн 115-119, 121, 124-128 дугаар хуудас/,

 

Дуудлагын лавлагаа /Бэлхийн 53-436 тоот хаягт 102 дуудлага өгсөн байдлын талаар /1 хх-ийн 162 дугаар хуудас/,

 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх, Яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 164-169 дүгээр хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,

 

               Шүүгдэгч Д.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/, гэрч Д.Амарсайханы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-63 дугаар хуудас/, гэрч Д.Нэргүйн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/,  гэрч Н.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1 дүгээр 95-96 дугаар хуудас/, гэрч Д.Гармаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/, талийгаачийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 хх-ийн 170-185, 203 дугаар хуудас/, оршуулгын зардлын баримтууд /1 хх-ийн 186-201, 2 хх-ийн 9-11 дүгээр хуудас/, Д.Хын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 хх-ийн 209-217 дугаар хуудас/ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн шүүхэд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:                     

                 Шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дуламжавыг “зайл гэж хэллээ, гэрээс хөөж хэрүүл хийлээ” хэмээн эгдүүцэн уурлаж, улмаар түүний биеийн толгой, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн сарвуу, цээжний зүүн, баруун дээд, доод хэсэг, баруун шуу, баруун өвдөг тус газруудад удаа дараа хүч хэрэглэн цохиж өвтгөн бие сэтгэлийг нь шаналгаж онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн удтал зовоон тарчилгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоноос Б.Дуламжавын биед “зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа, зүүн эгэм, бугалга, цээж, хэвлий, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт” бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл учруулан санаатай алсан болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

                 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,

                 цогцос болон хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,        

                 мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 шүүгдэгч Д.Хын “...талийгаач өөрөө согтчихоод намайг хөөгөөд байхаар нь би “харанхуй орой би хаачих юм” гээд зодсон...маргааш өглөө нь босоод надад толгой жаахан өвдөөд байна гэж хэлээд хамраас нь цус шүүрээд байсан...” гэсэн мэдүүлэг,

                 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнийн “…2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд дүү Занабазар залгаад “ээж газар унаад амнаас нь хөөс сахраад царай нь хөхрөөд байна...” гэж хэлсэн... Рентген зураг аваад тархины гэмтэлтэй байна гэсэн. Түүнээс гадна бие нь олон тооны хөхрөлт няцралтай байна гэхээр нь зодуулсан гэж бодсон. Түргэн тусламжаар 1 дүгээр эмнэлэг рүү хүргэгдсэн очиж эмчилгээ хийлгэсэн...23 цагаас шөнийн 02 цагийн хооронд хагалгаанаас гарсан. Тэгээд ухаангүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 22 минутанд нас барсан...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Д.Адилбишийн “...Манай урд талын хашаанд талийгаач, Хатанбаатар хоёр амьдардаг байсан. Талийгаач, Хатанбаатар ах 2 хамт их архи уудаг байсан. Хоёулаа өдөр шөнөгүй архидаж байнга хоорондоо зодолддог байсан. Хааяа гэрээр нь ороход талийгаачийн нүүр ам, бие нь хөх няц болсон байдаг бөгөөд талийгаач “Хатанаа намайг зодсон” гэж хэлдэг байсан...Талийгаач нэг удаа надад хандан Адилаа миний дүү Хатанаа дандаа миний тархи толгой руу цохих юм гэж хэлж байсан... 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр санагдаж байна...талийгаач над руу залгаад байхаар нь би гэрт нь ороход талийгаач ганцаараа сандал дээр сууж байсан бөгөөд Хатанбаатар намайг зодоод бие өвдөөд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч М.Саранцэцэгийн: “…2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эх Дуламжав над руу залгаад “ээжийнх нь бөөр гацчихлаа ээж нь очиж чадахгүй байна” гэж утсаар ярьсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны 17 цагийн орчим манай дүү Занабазар утсаар залгаад “ээж сонин болоод байна. Гэр дотор хойшоо татаад уначихлаа би айгаад байна” гэхээр нь би 103 тусгай дугаар руу дүүгийнхээ хаягаар дуудлага өгсөн...манай ээж Дуламжав хүлээн авах тасагт ухаангүй хэвтэж эмчлүүлж байсан. Тухайн үед ээжийнхээ хөнжлийг сөхтөл бие нь хөхөрсөн шарх ихтэй байхаар нь эмчээс асуутал “энэ хүн битүү хөхрөл болсон нуруундаа хүртэл хөхрөлттэй байна. Гадны нөлөөтэй гэмтлийн шарх байх магадлалтай яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гээд тархины хагалгаанд орсон...3аримдаа ээж над руу залгаад “ээжийгээ ирээд аваач энэ Хатанбаатар намайг зодоод байх юм” гэж хэлдэг байсан. Хааяа уулзахаар нүүр нь хөхөрсөн байдаг байсан. Царай зүс нь тааруухан харагдаж байсан бөгөөд зүүн талын хөлөө чирээд сонин яваад байсан... эмч нар бид нарт “ээж чинь зодуулчихсан байна” гээд биеийг нь харуулахад битүү хөх эрээн болсон байсан…” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Б.Соёл-Эрдэнийн “...байнга шахуу талийгаачийн нүүр, нүд, бие, гар хөл нь хөхөрч гэмтсэн, эсвэл хөл гар нь зовиуртай байдаг байсан...2018 оны 10 сарын 21-нд эгч нь яг үнэнээ хэлэхэд хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Хэн зодсон талаар нилээн шалгаасны эцэст Б.Хатанбаатар гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Ө.Бямбаринчины “...Б.Дуламжав нь ухаан санааны байдал 3%-тай биеийн гадна ил харагдах хэсгүүдэд хөхрөлт няцралттай, өндөр халуунтай байсныг яаралтай мэс засалд бэлдэн тархины хатуу хальсны доорх хурсан цусыг авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийсэн боловч өвчтөний биеийн байдал маш хүнд хэвээр эмийн болон мэс заслын эмчилгээний үр дүн өгөхгүй гүн комын байдалтай амьсгалын аппараттай хэвтэн эмчлэгдэж байсан...” гэсэн мэдүүлэг,

                 гэрч Б.Сэвжид, гэрч Д.Батхуяг, гэрч М.Занабазар, гэрч М.Түвшинжаргал, гэрч Ц.Соёлоо, гэрч А.Баатаржав, гэрч О.Алтансувд, гэрч Т.Туул, Б.Хосбаяр нарын мэдүүлэг,

                 шинжээч Б.Даваасүрэнгийн “...Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үед үүсэх боломжтой гэмтлүүд юм. Амь хохирогчийн биед учирсан зүүн чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл авсан даруйд цаг алдалгүй үзүүлсэн ч гэсэн амь нас аврагдах боломж багатай байсан....” гэсэн мэдүүлэг,

     Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шинжээчийн №2384 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.Талийгаачийн зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа, зүүн эгэм, бугалга, цээж, хэвлий, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... 6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

дуудлагын лавлагааны тодорхойлолт, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх, Яаралтай тусламжийн хуудас, Түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.Хатанбаатар нь өөрийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч /амь хохирогч/ Б.Дуламжавын бие, сэтгэл санаанд дарамт байнга учруулж улмаар амь хохирогчийн хэлсэн үгэнд уурлан эгдүүцэж, өөрийнхөө хараат байлгах, хүчтэй байдлаа мэдрүүлэх зорилгоор гэр бүлийн тэгш бус харилцааг бий болгож амь хохирогч Б.Дуламжавын биеийн олон хэсэг газруудад цохиж өвдөлт зовиурыг удтал мэдрүүлж шаналган толгой тус газар нь хүчтэй цохисны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан ч амьдрах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан үйлдэл нь “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Б.Хатанбаатараас амь хохирогчийг зодож буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож /толгой тус газар нь хүчтэй цохих үед амь нас, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байсан/ байх боловч тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас бусдын амь нас хохирсон хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ. 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчээс амь хохирогчийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зодсоны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор авсан боловч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Дуламжав нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, нөлөөлөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Х нь нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож мэдүүлэг өгөх чадвартай, хийсэн үйлдлийн үр дагаварт хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх Сэтгэц эмгэг судлалын №62 дугаар дүгнэлтээр тогтоосон байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгчөөс “Д.Хыг гэм буруутай гэдгийг бататгаж байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

            Иймд шүүх шүүгдэгч Д.Хыг хүнийг алсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчээс амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан байдал нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийн өөрчилж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

            Учир нь хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэрч Д.Адилбишийн “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр санагдаж байна талийгаач над руу залгаад байхаар нь би гэрт нь ороход талийгаач ганцаараа сандал дээр сууж байсан бөгөөд Хатанбаатар намайг зодоод бие өвдөөд байна гэж хэлж байсан...” гэж, гэрч Б.Соёл-Эрдэнийн “...2018 оны 10 сарын 21-нд эгч Б.Хатанбаатар зодсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон амь хохирогчийн цогцост олон тооны хөхрөлт, гэмтэлтэй талаар, тэдгээрийн хоорондын гэр бүлийн харилцаа тогтворгүй байдал зэргийг хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн ойр дотны болон айл хөршүүдийн хүмүүс, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч нар зэрэг этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан болох нь хангалттай нотлогдсон байна.

 

            Хүнийг алсан энэ гэмт хэрэг нуугдмал далд байдлаар үйлдэгдэж, шүүгдэгч Д.Хаас амь хохирогчтой хамтран амьдрах хугацаандаа догшин авирлаж улмаар 2018 оны 10 сарын 21-ний өдөр энэ зүй бус догшин харьцаагаа үйлдлээрээ дахин илэрхийлж буй нь түүний зан төлөв үйл ажиллагаанд хэвшил болсон байхаас гадна амь хохирогчийн биеийн олон  хэсэгт цохиж өвдөлтийг мэдрүүлэн тодорхой хугацааны туршид шаналгасан, сэтгэл санааны гүн хямралд оруулсан буюу шүүгдэгчийн хийсэн үйлдлийн тэрхэн агшинд, амь хохирогчийг үхэлд хүргэх бодит боломж бий болгосон хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.

 

            Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлгээр амь хохирогчийн биед хүч хэрэглэсэн боловч үхэлд хүргээгүй гэдгийг өөрийнхөө хувьд таамаг байдлаар мэдүүлж, олон удаа хүч хэрэглэсэн үйлдлээ нуусан, хайцаалсан болох нь шүүгдэгчийг уг гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.          

 

Шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнээс “оршуулгын зардал, , өмгөөллийн хөлсөнд нийт 16.020.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн байх ба  баримтаар нэхэмжилсэн 11.200.731 төгрөгийн оршуулгын зардал түүнтэй холбоотой зардлыг шүүгдэгч Д.Хаас гаргуулж М.Атар-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн өмгөөллийн хөлсийг нэхэмжилсэн зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна зайлшгүй гаргуулах зардал биш тул уг нэхэмжлэлийг хангаагүй.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т тус тус зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Д.Хт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 159 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан, гэр бүлийн тэгш бус харилцааг бий болгосон зэрэг нийгэм, гэр бүлийн харилцаанд биеэ зөв авч явах дадал хэвшээгүй, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Хаас хуралдааныг үл хүндэтгэж бусад оролцогч руу хандаж зохимжгүй үг, хэллэг хэлж байсан болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                   

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Д.Хг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Хт 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй боловч дуудлагын лавлагааны хамт хавсаргагдсан 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 11.200.731 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэд олгож, өмгөөллийн хөлстэй холбоотой зардлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                               С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                 Л.ОДОНЧИМЭГ