Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 215/МА2024/00011

 

 

“М......................” компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ц.О, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2024/00135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............ дүүрэг, ... -р хороо, .............. ... / ... байр, ... тоот, Б....... М...................... компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь ...................... холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...................... ХК-ийн хооронд үүссэн Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И (цахимаар), Б.Л (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Л (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, түүний өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “М...................... компани” нь ......................ХХК-тай 2018 оноос эхлэн “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан Таяннуурын уурхайгаас олборлон баяжуулсан төмрийн хүдрийг уурхайн амны нөхцөл (EXW нөхцөл)-өөр худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээний хүрээнд ......................ХХК-тай “Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр “М......................”компани худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын уурхайгаас Монгол Улсын хилийн Бургастайн боомт дахь гаалийн хяналтын бүс хүртэлх (экспортын) тээврийг ......................ХХК-иар хариуцуулан гүйцэтгүүлж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хоёр гэрээний дагуу 2018 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах ......................ХХК-ийн уурхайн амнаас төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авч, өөрийн гэрээт тээвэрлэгч ......................ХХК-иар тээвэрлүүлэн БНХАУ-ын тогтоосон цэгт хүлээн авдаг байсан. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу “Ковид-19”-ийн нөлөөнөөс шалтгаалан Хил, гааль хорио цээр тогтоож, бид худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалаа хилээр гаргаж чадахгүй байсны улмаас Бургастайн боомт дахь ......................ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд төмрийн хүдрийн овоолго үүсгэн хуримтлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн байдаг.

 

2022 оны 07 дугаар сард Бургастайн боомтын үйл ажиллагаа нээгдэж төмрийн хүдрийн баяжмалын экспортын тээврийг гүйцэтгүүлж байтал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь .................-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/ШЗ2022/11157 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах тээвэрлэгч болох ......................ХХК-ийн талбай дахь манай компанийн эзэмшил, өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг үндэслэлгүйгээр битүүмжилсэн байдаг. “М......................” компанийн нэгэнт худалдаад авсан буюу “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу манай компаний өмчлөлд шилжсэн хөрөнгийг битүүмжилж байгаа нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, бусдын өмч хөрөнгөд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна.

 

Говь-Алтай аймаг дахь ...................-аас Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах гэрээт тээвэрлэгч буюу ......................ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь манай компанийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс хүлээн зөвшөөрч байх тул тус хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Говь-Алтай аймаг, Бургастайн боомтын дэргэд байрлах хариуцагч ......................ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан. Шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159-240 тоот шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамж болон уг даалгаварт заагдсан газар, орон байрлал буюу Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах ......................ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг шийдвэрлэж, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Байршил нь захирамжид нэрлэн заасан нэг талбай дахь төмрийн хүдрийн овоолго, ижил төстэй зэрэгцээ талбай, овоолго гэж байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн битүүмжлэх үйл ажиллагааны хилийн хориг тавих арга хэмжээг авсан, харьяаллын дагуу манайд шилжүүлсэн ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “......................”-ны нэхэмжлэлтэй, ......................ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцдаа “......................”-ны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-д заасны дагуу ......................ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө болох Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжаар хангаж шийдвэрлэн, зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд Говь-Алтай аймгийн, Бургастай боомтын дэргэд байрлах хариуцагч “...............” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх арга хэмжээ авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр шүүхийн тогтоол шүүгчийн захирамжид байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэлийг хүлээн авч шүүхээс шаардаагүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдэж, төмрийн хүдрийн өмчлөлийг тогтоож, хуулийн дагуу явагдсан битүүмжлэх үйл ажиллагааг хүчингүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүх:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаагаар Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрийн битүүжлэлээс чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймаг дахь .................-аас 70,200 төгрөгийг гаргуулан М...................... компанид олгож ..... шийдвэрлэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой зөрчил гаргасан тухайд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд Говь-Алтай аймгийн Бургастай боомтын дэргэд байрлах хариуцагч “................” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх арга хэмжээ авсан. Гэтэл Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс “М......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32022/11159 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгож, тус банкны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг ноцтой зөрчсөн явдал нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой зөрчил гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд, тус зүйлийн 65.1.6 дахь заалтад “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;” гэж, 65.1.7 дахь заалтад “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;” гэж тус тус заасан хуулийн шаардлагад хамаарах үйл баримтууд байсаар байтал хэргийг эцэслэн шийдвэрлэж буй нь хуулийн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ... тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2024/00135 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. “М......................” компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь .................-аас Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын дэргэд байрлах гэрээт тээвэрлэгч буюу ......................ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь манай компанийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс зөвшөөрч байх тул тус хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжлэлийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаар шүүгчийн захирамж байх бөгөөд уг захирамжийн маргаан бүхий төмрийн хүдрийн овоолгыг битүүмжлэх үйл ажиллагаа явагджээ. Энэ тохиолдолд адил шатны Монгол Улсын шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх хянаж дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

 

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн … шийдвэр, захирамж байгаа бол” тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зохицуулжээ. Шүүхийн шийдвэр гэдэг ойлголтод Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шүүхээс гарч буй эрх зүйн үр дагавар үүсгэж буй эрх зүйн акт болох шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хамааруулан үздэг.

 

11. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эс зөвшөөрч байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар “…шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гомдол гаргана.” гэж заажээ.

 

12. Нэхэмжлэгч нь маргаж буй шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсний улмаас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байдлыг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах боломжгүй гэж үзнэ.

 

13. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад тус албаны зүгээс хуулиар хүлээсэн үүрэг, тухайн харилцаа хууль тогтоомжийг зөрчсөн шүүгчийн захирамжид зааснаар төмрийн хүдрийн овоолгыг битүүмжилсэн гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдсонгүй.

 

14. Битүүмжлэгдсэн төмрийн хүдрийн овоолгын өмчлөгчөөр тогтоолгох асуудал нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй тул энэ талаар шүүх дүгнэх шаардлагагүй байна.

 

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байж болох ч, хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Л оролцож буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүний хэмжээ хязгаар, хүрээ үндэслэлийг тодорхойлох хуулиар олгогдсон эрхийнх нь хүрээнд нэхэмжлэгч компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2024/00135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “...................... ХК”-ий давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд болох “...................... ХК”-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М......................” компаниас 70,200 төгрөг гаргуулж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э 

                                        ШҮҮГЧИД                          Ц.О

                                                                                    Ш.Б