Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч С.У түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ут холбогдох эрүүгийн 1809004710131 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 1б гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 26 дугаар байр 28 тоотод оршин суух, урьд:

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 613 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.У нь П.Есөн-Эрдэнэд “Тоёота Стима” загварын автомашин худалдан авч өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2016 оны 8 дугаар сарын 18-наас 2016 оны 12 дугаар сарын 14-ний хооронд машины мөнгө хэмээн 12.500.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809004710131 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн эхнэр Ундармаагийн дүү Есөн-Эрдэнэ болон түүний нөхрөөс 12.500.000 төгрөг авсан нь үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2016 оы 8 дугаар сарын үеэр эхнэрийн төрсөн дүү Есөн-Эрдэнэ болон түүний Раашнамжил нарт “машин худалдаж авч өгнө” гэж нийтдээ 12.500.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед таньж мэддэг машин зардаг хүмүүсээс машин авахаар хөөцөлдсөн боловч машиныг нь авч өгч чадаагүй өдийг хүрсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сурмаажав овогт Уламбаяр 2016 оны 8 дугаар сард “Toyota Stima” маркийн автомашин худалдан авахаар амаар гэрээ хийж Уламбаярт 2016 оны 8 дугаар сараас хойш цувуулан нийт 12.500.000 төгрөгийг Хаан банкны 5007608573 гэсэн Уламбаярын нэрийн дансаар шилжүүлэн өгсөн боловч одоог хүртэл машинаа авч чадаагүй бөгөөд мөнгөө буцаагаад авъя гэхээр “удахгүй өгнө” гээд одоо болтол өгөхгүй хуураад худлаа хэлээд байна. Утсаар хэлэхээр “өгнө” гээд утсаа салгаад алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч П.Ундармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Уламбаяр маш ухаалаг яриатай, гэмгүй цагаан цайлган юм шиг мөртлөө маш зальжин зантай. Бид хоёр 2016 оны 4 дүгээр сард Уламбаяр Уянга гэдэг хүүхэнтэй явалдаад байгааг нь мэдэгдсэнээс хойш салсан. Яг тухайн үед манай дүү Есөн-Эрдэний нөхөр Раашнамжилд худал хэлээд мөнгө авч залилсан байгаа юм. Хүргэнд хэлэхдээ “эхнэр хүүхэд маань түрээсийн байраар амьдарч байгаа амьдрал хэцүү байна” гэх мэтээр худал хэлж мөнгө авсан. Дараа нь дахиж хүргэнээс “машин тэрэг оруулж ирнэ” гэж худлаа ярьсаар байгаад маш их мөнгө авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 15-20, 88-102 дугаар хуудас/,

 

Хаан банкны албан тоот /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар, шүүгчийн захирамж, суллагдсан баримт /хх-ийн 64-76 дугаар хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

  Шүүгдэгч С.У нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 2016 оны 12 дугаар сарын 14-ний хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт гэр бүлийн харилцаатай байсан П.Ундармаагийн төрсөн дүү П.Есөн-Эрдэнэд “Тоёота Стима” загварын автомашин худалдан авч өгнө, уг машины мөнгөө өгөөрэй” хэмээн худал хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн 12.500.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Уын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Есөн-Эрдэнийн “...Би Сурмаажав овогт Уламбаяр 2016 оны 8 дугаар сард “Toyota Stima” маркийн автомашин худалдан авахаар амаар гэрээ хийж Уламбаярт 2016 оны 8 дугаар сараас хойш цувуулан нийт 12.500.000 төгрөгийг Хаан банкны 5007608573 гэсэн Уламбаярын нэрийн дансаар шилжүүлэн өгсөн боловч одоог хүртэл машинаа авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Ундармаагийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл С.У нь “Автомашин худалдаж авч өгнө” гэж П.Есөн-Эрдэнийг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учирсан  болох нь тогтоогдсон тул С.Уын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, автомашинтай болох гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нь хохирогчоос авсан мөнгөн хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 12.500.000 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.У нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 2016 оны 12 дугаар сарын 14-ний хооронд гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч прокуророос шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх журмыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүх шүүгдэгч С.Уыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Есөн-Эрдэнэд учирсан 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй тул уг хохирлыг шүүгдэгч С.Уаас гаргуулж хохирогч П.Есөн-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.У нь хохирогч Д.Есөн-Эрдэнэтэй хохирлоо төлөх талаар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогчоос “хохирлоо төлбөл гомдол саналгүй” талаар хүсэлтээ бичгээр гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ут хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч С.У гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тэнсэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Есөн-Эрдэнэд учруулсан 12.500.000 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. С.У-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч С.У хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уаас 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Есөн-Эрдэнэд олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уыг 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

             8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН