Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 422

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК /төлөөлөгч *******/-д холбогдох

 

56,145,780.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говь гарден” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2014 оны эцсийн үлдэгдэл 42,238,005 төгрөг, цалин хөлс тэдгээртэй адилтгах орлогын албан татварын 2015 оны ногдол 9,229,750.8 төгрөг, 2015 оны газрын төлбөрийн ногдол 495,000 төгрөг, 2014 оны хяналт шалгалтын актаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 4,183,025 төгрөг нийт 56,145,780.80 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй төсвийн орлогыг саатуулж байна. Татварын алба, татварын улсын байцаагчийн зүгээс хуулийн дагуу өр барагдуулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Иймд албан татварын нийт 56,145,780.80 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* миний бие Өмнөговь аймгийн Татварын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 56,145,780.80 төгрөгийн татварын өрийг “*******” ХХК төлөх нь үнэн. Маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* нь хариуцагч “*******” ХХК-иас 56,145,780.80 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “*******” ХХК /төлөөлөгч *******/ нь нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын газрын 56,145,780.80 /тавин зургаан сая нэг зуун дөчин таван мянга долоон зуун наян төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдусугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР