Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2024/00032

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: "*******" ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “*******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхоны тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
 

  Миний бие "*******" ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу захиалсан тус аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол 10а байрны тоот хаягт байх 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу 100 хувь төлбөрийг төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээг 2022 оны 12-р сарын 05-ны өдөр авсан болно.

Гэтэл уг эд хөрөнгийн лавлагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автал ******* гэгч хүний барьцаанд байгаа гэх тодорхойлолттой байсан. Гэрээгээр барилгын ажил гүйцэтгэгч "*******" ХХК нь иргэн *******тэй зээлийн барьцааны гэрээ хийж бүртгэгдсэн *******ийн барьцаанд байгаа тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэж улсын бүртгэгч мэдэгдэж 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10/А дугаар бүхий зээлийн барьцааны гэрээг танилцуулсан.

Уг барьцааны гэрээг судалж үзтэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 156-р зүйлийн 156.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байсан. Тодруулбал 156.2-д "...барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана" гэсэн гэтэл уг гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүйгээс ямар хугацаанд барьцаагаар хангагдах, ямар үнэтэй барьцаа байгаа үнийн хэдэн хувиар барьцаа хангагдах гэх мэт нь тодорхой биш байдлаас болоод захиалагч өмчлөгч миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ямар үнээр захиран зарцуулах нь тодорхойгүй байдал бий болсон.

Иймд хуулийн шаардлага хангаагүй, миний өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж хохирол учруулсан, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Барьцаалагч *******т хандаж өөрийн өмчлөлийн байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тодорхой хариуг одоо болтол өгөөгүй болно. гэжээ. /1 хх 1-2-р тал/

2.Хариуцагч талын  татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-тай 2015/06/10 дугаар зээлийн гэрээ, 2015/06/10А дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан гэрээг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

      Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 27, 40-р тал/

  3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын  тайлбарын агуулга:

 Нэхэмжлэгч *******ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг "*******" ХХК болон нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 дугаар баг 13-р хороолол тоот 59,84 мкв 2 өрөө орон сууны үл хөдлөх хөрөнгө 00 дугаартай олгож өгсөн. ******* гэрээтэй байсныг бид мэдээгүй өмнөх захирал Лхагвасүрэн нь манай компанид шилжүүлэн өгөхдөө ямар нэгэн гэрээ, бичиг баримт өгөөгүй сүүлд нь бид улсын бүртгэл болон шүүх дээрээс гэрээ хэлцэл баримтуудыг олж авч байна. Бид өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримт бусад зүйлсээр нь болон гэрээ хэлцлээр  нь үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэжээ. /1-р хх 62-р тал/

            4.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.1-д зааснаар *******, "Ласти-Nнтернэшнл" ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхоны тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Миний бие Дархан сумын 11 дүгээр баг 13-р хороолол 10а байрны тоот хаягт байрлах 59,84 м2 талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автал "*******" ХХК, иргэн *******тэй байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10/А дугаар бүхий зээлийн барьцааны гэрээг танилцуулсан.

Уг барьцааны гэрээтэй танилцахад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй, ямар хугацаанд барьцаагаар хангадах, ямар үнэтэй барьцаа байгаа, үнийн хэдэн хувиар барьцаа яаж хангагдах гэх мэт хуулийн шаардлага хангаагүй тодорхой бус байдал бий болсноос өмчлөгч би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ямар үнээр захиран зарцуулах эрх ноцтой зөрчигдсөн.

Хууль тогтоогч энэхүү байдал бий болж бусдын эрх ноцтой зөрчигдөн гэж үзэж тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д "156.2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж хуульчилсан.            

Гэтэл анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хуулийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан гэж үндэслэсэн боловч энэ үндэслэлээсээ тэс өөрөөр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...зээлийн гэрээний 1.3-д “Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно” гэж хугацааг заасан гэх, барьцаагаар хангагдах үнийг гэрээний 3.1-д 2,000,000,000 гэж тусгаснаар үнийг тодорхойлсон хуулийн шаардлага хангасан хэлцэл гэж үзнэ гэж шийдвэрлэсэн гэдэг нь хуулийг буруу ойлгож тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

...шүүх хугацаа заасан хуулийн шаардлагыг хангасан гэдгийг Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелүүлэх хүртэлх гэж дүгнэсэн нь зээлийн гэрээ хэдэн зуун жил, мянган жил хүртэл үргэлжлэх боломжтойгоор тайлбарласан, үнийг гэрээний 3.1-д заасан 2,000,000,000 гэж тусгаснаар тодорхойлсон нь барьцаа хангагдах шаардлага, түүний хэмжээ болохоос нийт барьцаалсан хөрөнгийн хэмжээ биш байхад зөрүүлж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй барьцааны гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /2 хх 28-29 тал/

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч  хэргийн оролцогчийн гаргасан  бичгийн баримтууд болон талуудын тайлбар, хэргийн үйл баримт  зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн материалаас судлан үзэхэд:

3.Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 06 дугаар сард "*******" ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай” 10 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 9 давхар орон сууцны А блокын 1-р орц,8 давхарт тоот 59.84 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцыг  59,840,000 төгрөгөөр бариулах, гүйцэтгэгч тал  2015 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх, төлбөрийн  урьдчилгаа 30 хувь 17,952,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлөх зэрэг нөхцөлүүдийг тохирч,  гэрээнд захиалагч *******, гүйцэтгэгч ”*******" ХХК-г төлөөлж  борлуулалтын менежер Д.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ. /1-р хх-99-102/

3.а..******* нь  гэрээний дагуу  урьдчилгаа 17,952,000 төгрөгийг төлсөн, энэ талаар уг гэрээний талууд маргаагүй, харин үлдэгдэл төлбөрийг төлж явтал нь төлбөр авагч нь хэн болох нь эргэлзээтэй болсны улмаас тэрээр “хэн төлбөр хүлээн авахыг, мөн  орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг иргэн болон  “******* ХХК  нарт  холбогдуулан Улаанбаатар хот Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2182 дугаар шийдвэрээр  Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг , 13 дугаар хороолол, 10 а байрны  А блок тоот хаягт байрлах, 59.84 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр  *******ийг тогтоож шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна./1-р хх-96-98/

3.б. ******* нь дээрх гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлснөөр түүнийг Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр тоот хаягт байршилтай, 59.84 м.кв  талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай, 0 %-ийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогджээ. /1-р хх-6/

3.в. ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа/1-рхх-8/-г 2023 оны 01 дүгээр сард авсан гэх бөгөөд үүнд ******* өмчилсөн, ******* өмчилсөн гэж тус тус тэмдэглэгдсэний улмаас тэрээр *******-т холбогдуулан  “******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрийн өмчлөлийн байрыг барьцаанаас чөлөөлүүлэх гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /1-р хх- 1-2/

4.Хариуцагч тал тайлбартаа: ******* нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “******* ХХК-тай  2015/06/10 дугаар зээлийн гэрээ, 2015/06/10А дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан сум 11 дүгээр баг, 13-р хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан гэрээг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /1-р хх-27/

4.а.Хэргийн 17 дугаар талд авагдсан  /нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай/ баримт №4-с үзвэл :  нэхэмжлэлийн хувийг хариуцагч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрөө гардан авсан, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр -д итгэмжлэл олгосон/1-р хх-25/ байх ба   нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбарыг бичгээр гаргажээ. Гэхдээ тайлбар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн байх боловч хэргийн 25 дугаар талд авагдсан “итгэмжлэл”-р хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзсэн болно.

4.б. ******* нь “******* ХХК”-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  1,500,000,000 төгрөгийг барилгын материал авах зориулалтаар, 2 жилийн хугацаатай, сарын хүү 4.3 хувь гэсэн нөхцөлтэй  зээлийн гэрээг /1-р хх-34-36,41-43/, 

Дархан-Уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг, 13-р хороолол 8,470 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү- дугаартай, гэрчилгээний № 000 дугаар  бүхий орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн 2,000,000,000 төгрөг гэсэн зээлийн барьцааны гэрээг/1-р хх-3,32,44/ тус тус байгуулж, гэрээнд зээлдүүлэгч буюу барьцаалагч *******, зээлдэгч буюу барьцаалуулагч ******* ХХК-г төлөөлж нар гарын үсэг зурсан байна.

4.в. ******* нь ******* ХХК-д холбогдуулан 3,193,251,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба талууд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын тусламжаар нэхэмжлэгч ******* нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг татан авч/татгалзаж/, 3,193,251,000 төгрөгийн шаардлагаас 1,793,251,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 1,400,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ/1-р хх-46/ байгуулж, улмаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2840 дугаартай  шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамж  нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна./1-р хх-28-,47-48/

4.г. ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2840 дугаартай  шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гаргасан байх ба тус шүүх  2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ” Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай”  4169 дугаартай шүүгчийн захирамж гаргаж,  улмаар “******* ХХК-иас 1,400,000,000 төгрөгийг гаргуулах  гүйцэтгэх хуудас  бичигдсэн. Харин “шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 4169 дугаартай шүүгчийн захирамж,  гүйцэтгэх хуудас зэрэгт  мөнгөн дүн бүхий үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах талаар тусгаагүй байна./1-р хх-49,50/ 

5.Улсын бүртгэлийн Ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн  8.1.1- 8.1.9-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг нэрлэн заасан ба  тухайлбал,  “эд хөрөнгө өмчлөх эрхийн” /8.1.1 / зэрэг болно.    

             Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Иргэн, ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”.

Хуулийн 5.3-д “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгч *******ийг  Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр тоот хаягт байршилтай, 59.84 м.кв  талбайтай хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж,  түүнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон нь дээрх хуулидад  нийцсэн, улмаар *******т  дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн  байна.

6.Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д “ Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.

.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд/захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж тус тус заасан.

 *******, “*******” ХХК-н хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж байх үед буюу 2014 оны 06 дугаар сард тухайн барилга нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан нь тодорхойгүй,  гэрээнд ч тусгаагүй, талуудаас энэ талаар тодруулахад  хэн аль нь  тодорхой тайлбар гаргаагүй  тул нийт 8,470 м.кв талбай бүхий дуусаагүй барилга нь тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан гэж ойлгогдож байна.

Харин  2014 оны 06 сараас хойш  буюу 3 сарын дараа нийт 8,470 м.кв талбай бүхий барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй болсны улмаас 2014 оны 09 дүгээр сарын 03-нд улсын бүртгэлд бүртгэгдэж,  гэрчилгээ олгогдсон гэж үзэхээр байна.

Учир нь "*******" ХХК, ******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сард байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний 3.1-д “орон сууцны зориулалттай 50% гүйцэтгэлтэй дуусаагүй барилга”, талбайн хэмжээ- 8,470 м.кв, улсын бүртгэлийн Ү-, гэрчилгээний дугаар №000 “, “Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2014/09/03”  ...гэж тэмдэглэгдсэн байна.

Тиймээс  *******ийг  Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудад заасны дагуу улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл  хийлгээгүй гэж  буруутгах үндэслэлгүй байна.

7.******* нь “******* ХХК-тай 2015 оны 06 дугаар сард байгуулсан зээлийн  барьцааны гэрээ/1-р хх- -р хх-3,32,42/ -ний 3.1-д барьцааны зүйл хэсэгт барьцаа хөрөнгийн нэр, зориулалт, байршил хаяг, талбайн хэмжээ, улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, огноо,  барьцаагаар хангагдах үнийн дүн зэргийг,  гэрээний 3.4-т барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ зэргийг тус тус тусгаж заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 183 дугаар зүйлийн 183.1-д заасныг тус тус зөрчөөгүй байна.

8.Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ...  №2015/06/10А дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх ... гэсэн шаардлагын агуулга, санаа зорилго нь  *******, "*******" ХХК  буюу зээлийн гэрээний талуудын  хооронд байгуулагдсан “барьцааны гэрээ”-г  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар, өөрийн өмчлөлийн орон сууц нь чөлөөлөгдөх боломжтой гэх үүднээс, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхийг нь зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, өмчлөх эрхээ сэргээлгэх зорилгоор бусдын хууль бус эзэмшлээс  орон сууцаа  чөлөөлүүлэх гэсэн хүсэл зориг агуулагдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, ******* нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй үйлдлийг зогсоолгох үүднээс  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан  байна.

9.Хариуцагч *******ийн хувьд "*******" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,400,000,000 төгрөгөөс хэд нь  биелэгдсэн, хэд нь  биелэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  ямар үе шатандаа явагдаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, тайлбартаа ч тодорхой тусгаагүй, мөн тэрээр барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах гэх шаардлагаасаа татгалзсан байдаг,  хэргийн /1-р хх-8 /- талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа-д  “2022.12.07- ******* – өмчилсөн, гэрээний үнэ 1,500,000,000 төгрөг” гэж тэмдэглэгдсэн байх боловч тухайн 8,470 м.кв  талбай бүхий барилгын хэдий хэмжээний, хэд гэсэн дугаартай  хэдэн өрөө бүхий хичнээн  орон сууцыг “өмчилсөн”,  энэхүү  “өмчилсөн” гэх хэсэгт нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн ... тоот 2 өрөө орон сууц хамаарч  байгаа эсэх  зэрэг нь тодорхойгүй байна.

10.Хэргийн /1-р хх/ 3,32,44 дүгээр талуудад авагдсан “зээлийн барьцааны гэрээ”-ний 3.1-д улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар хэсэгт Ү-, № 000 гэж тэмдэглэгдсэн байх ба энэ нь "*******" ХХК-н барьж байсан  8.470 м.кв талбай бүхий 144 айлын орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг барилгад олгогдсон гэрчилгээний дугаар гэж ойлгогдож байх бөгөөд энэхүү 000 дугаартай гэрчилгээ нь хэрэгт авагдаагүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч тал татгалзлын үндэс болж байгаа байдлын таларх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй байна.

11.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "*******" ХХК-н нь  *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээний нэг тал буюу барьцаалуулагч болохын хувьд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасны дагуу барьцааны гэрээ байгуулах үедээ /2015 оны 06 дугаар сард / өмнөх “Орон сууц захиалах гэрээ”-ний захиалагч болох *******т барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй байсан боловч хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс *******, ******* нарын хооронд маргаан үүсэх үндэслэлийг бий болгосон буруутай.

12.Иймд дээр дурдсан дүгнэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг  баримтлан хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс  Дархан-Уул аймаг Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхонд байрлах, 10А байрны 59.84 м.кв талбай бүхий тоот, хоёр өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, энэ  үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 135/ШШ2023/00215 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг “*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 106 дугаар зүйлийн 106.1 д заасныг баримтлан  хариуцагч *******, “******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “зээлийн барьцаат гэрээ” болон *******ийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны тоотын  59.84 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч *******т олгохыг  хариуцагч *******т, барьцааны гэрээнд зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай ” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг   “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай” гэж  тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МЯГМАРСҮРЭН                                                           

                                            ШҮҮГЧИД                                        Я.ТУУЛ                                                                    

                                                                                                           Х.БАЙГАЛМАА