Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Гэрч Э.Амартүвшин,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1809017260071 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Хан хөхий түгээ” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо, Хайрхан 9 дүгээр гудамж 319 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 52 дугаар байр, 04 тоотод түр оршин суух, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан, Үүнд:  

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зарим зүйл ангийг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаас үлдсэн 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялаас үлдсэн 2 жил 3 сар хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №996 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн №212 дугаар шүүгчийн захирамжаар1 сар 13 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр 14 нас 8 сар 5 хоногтой насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжинг бөмбөгөө авлаа хэмээн эрхтэн рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь гэмтлийн дараах зүүн талын төмсөгний үрэвсэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 15:00 цагийн үед дөрвүүлээ тухайн тоглоомын талбай дээр очиж тоглосон. Хохирогч Тэмүүжингийн найз, байрны хүүхдүүдтэй цуг тоглосон. Хохирогч намайг буруу заасан гэж үзэж байна. Гурвуулаа байсан гэж хэлсэн байна. Гэтэл тухайн өдөр бид нар дөрвүүлээ явж байсан. Намайг гэж зааж байгааг гайхаж байна. Тэмүүжин бөмбөгөө аваад явлаа гэж хэлсэн. Дамжин одоо онооны харьцаа 6:2 юм чинь удахгүй дууслаа, дуусгачихъя гэхэд бөмбөгөө аваад эргэсэн. Би араас нь очоод бөмбөг рүү нь өшиглөсөн. Бөмбөгөө урдаа барьсан байсан. Бөмбөг ойгоод дээшээ явахаар нь аваад үргэлжлүүлээд тоглосон. Тоглоом дуусаад онооны харьцаа 6:8 болж манайх хожоод бөмбөгөө аваад явсан. Араас нь Амараа очоод бөмбөгөө үлдээчих гээд хохирогчтой юм яриад зогсож байсан. Би явъя гэж хэлээд куртикээ давхарлаж өмсөөд явсан...” гэв.

 

Гэрч Э.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр хүүхдийг сагсны талбай дээр очоод “хамт тоглоё” гэхэд бөмбөгөө булааж аваад байсан. “чи бөмбөгөө өгчих л дөө, ямар сүртэй юм бэ” гээд С.Б ах очсон. Нөгөө хүүхэд бөмбөгөө өгөхгүй байхаар нь би очоод “бөмбөгөө өгчих” гээд араас нь нэг удаа амбаардаад тухайн хүүхэд цаашаа гүйгээд явчихсан. С.Бийн үйлдлийг нэгд нэгэнгүй хараагүй...” гэв.

 

Эрүүгийн 1809017260071 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дүү Дамжин, Бат-Эрдэнэ, Амараа нарын хамт ажлын хажуу талын сагсан бөмбөгийн талбай дээр 3-4 хүүхдийн хамт сагс тоглосон. Тэгтэл бид нартай хамт тоглож байсан нэг хүүхэд “бөмбөгөө аваад явлаа” гэж хэлсэн. Тэгтэл Амараа нөгөө хүүхдийн араас очиж “ахын дүү бөмбөгөө өгч бай” гэж хэлээд бөмбөгтэй хүүхэдтэй ярилцаад зогсож байсан. Бид нарыг тэр хоёрыг хараад зогсож байхад хамт тоглож байсан хүүхдүүдийн нэг “би гэрээсээ ороод бөмбөг аваад ирье” гэж хэлээд удалгүй бөмбөг авчирсан. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сагсан бөмбөгийн хэн нэгнийг зодож цохисон, биед нь халдсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-128 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны гадна талын сагсны талбай дээр өөрийн үеэл Номуундалай, өөр байрны гадна  сагс тоглож байхдаа харсан 3 ахтай хамт тоглож байхад өөр 3 ах ирээд “миний бөмбөгийг өгч бай тоглоод өгнө” гэж хэлж аваад тоглож байхад нь би дүүгээ 143 дугаар цэцэрлэгээс авах байсан учраас өөрийн бөмбөгөө авах гэсэн боловч “ганц тоглоод өгнө” гэж хэлээд тоглоод байхаар нь 17 цаг 40 минутын орчим дахиад “бөмбөгөө авъя” гэж хэлэхэд “одоо дууслаа” гэж хэлээд миний бөмбөгийг өгөхгүй байсан. Тэр үед надтай хамт тоглож байсан манай байрны ах “би бөмбөгөө аваад ирье наад хүүхдийнхээ бөмбөгийг өгөөд явуулчих” гэж хэлээд миний бөмбөгийг аваад өгөхөөр нь би өөрийнхөө бөмбөгийг аваад гарах гэж байхад сүүлд ирсэн 3 ахын нэг нь “ямар сүртэй пизда вэ, ганц тоглуулчихгүй” гэж хэлээд миний зүүн талд зогсож байгаад зүүн хөлөөрөө миний эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн...махлаг, 185 см орчим өндөр, цэнхэр өнгийн UFC гэсэн бичигтэй малгайтай, биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн пүүзтэй, цайвар өнгийн нимгэн /хальсан/ куртиктэй, тамирын цүнхээ мөрөндөө үүрсэн эрэгтэй байсан. ...Анх машины дугаараар олоод ярихад “бид хоёр бол биш шүү, Батгэрэл ах өшиглөсөн, намайг хэлсэн гэж битгий хэлээрэй гэж гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 92 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Баянгол зочид буудлын урд талын байрны хажуугийн талбай дээр очсон чинь хүүхдүүд сагс тоглоод байж байхаар нь тэр хүүхдүүдтэй хамт бөмбөг шидэцгээсэн. Би ажлын хувцастай явж байсан болохоор ганц нэгхэн бөмбөг шидсэн. Тэгээд би цаашаа яваад утсаар ярьж байгаад эргээд ирсэн чинь нөгөө хүүхэд нь бөмбөгөө аваад цаашаа явж байсан. Тэнд байсан хүүхдүүдийн нэг нь бөмбөгөө аваад ирсэн. Тэгээд бөмбөг шидэж байгаад бид нар явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4633 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Ц.Тэмүүжингийн биед гэмтлийн дараах зүүн талын төмсөгний үрэвсэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны хойд тал зам, зам дээр байрлуулан тавьсан автомашинууд харагдаж байв. ...хөх өнгийн суудлын жижиг автомашин ухарч орж зогсов. Бичлэгийн 02:35 дахь минутад уг автомашины зүүн хойд хаалгаар хар курткатай эрэгтэй, зүүн урд хаалгаар хохирогчийн намайг өшиглөсөн гэж мэдүүлсэн UFC гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн малгайтай, цагаан цахилгаантай цэнхэр өнгийн цамцтай, гадуураа цайвар өнгийн нимгэн куртиктэй, цэнхэр өнгийн пүүзтэй эрэгтэй хүмүүс буугаад машины араар тойроод хохирогч тоглож байсан гэх сагсны талбайн зүгт явах ба 03:09 дэх минутад бичлэг дуусав   ...” /хх-ийн 40 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Ц.Тэмүүжин нь 1, 2, 3, 4, 5, 6 гэж тэмдэглэн байрлуулсан 6 хүний 3*4 хэмжээтэй гэрэл зургаас “2”-д байрлах яллагдагч С.Бийн гэрэл зургийг зааж энэ хүн намайг өшиглөсөн залуу мөн байна гэж таньж заав...”  /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

Эд зүйл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,  

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 104-119 дүгээр хуудас/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 133-147 дугаар хуудас/, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр 14 нас 8 сар 5 хоногтой насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжинг “бөмбөгөө авлаа, ямар сүртэй юм бэ” хэмээн зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь “гэмтлийн дараах зүүн талын төмсөгний үрэвсэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингийн “...би өөрийнхөө бөмбөгийг аваад гарах гэж байхад сүүлд ирсэн 3 ахын нэг нь “ямар сүртэй пизда вэ, ганц тоглуулчихгүй” гэж хэлээд миний зүүн талд зогсож байгаад зүүн хөлөөрөө миний эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн...махлаг, 185 см орчим өндөр, цэнхэр өнгийн UFC гэсэн бичигтэй малгайтай, биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн пүүзтэй, цайвар өнгийн нимгэн /хальсан/ куртиктэй, тамирын цүнхээ мөрөндөө үүрсэн эрэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Амартүвшингийн “...Тэр хүүхдийг сагсны талбай дээр очоод хамт тоглоё гэхэд бөмбөгөө булааж аваад байсан. “чи бөмбөгөө өгчих л дөө, ямар сүртэй юм бэ” гээд С.Б ах очсон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4633 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Ц.Тэмүүжингийн биед гэмтлийн дараах зүүн талын төмсөгний үрэвсэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр “....6 хүний 3*4 хэмжээтэй гэрэл зургаас “2” –д байрлах яллагдагч С.Бийн гэрэл зургийг зааж –энэ хүн намайг өшиглөсөн залуу мөн байна гэж таньж заав...” гэсэн тэмдэглэл,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингээс биед нь хүч хэрэглэсэн үйлдэл, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэгт ач холбогдолтой байдлуудыг тодорхой мэдүүлж, түүний мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдож, С.Бээс Ц.Тэмүүжингийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ц.Тэмүүжинг зодоогүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, Батгэрэлтэй хамт явсан Амартүвшингийн үйлдлийг шалгаагүй. Батгэрэлийг гэм буруугүйг анхаарна уу...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогчоос удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүйгээс гадна тэрээр хэрхэн гэмтсэн, хэрэг болсон газар, цаг хугацаа, маргаан, өөрийг нь зодсон этгээдийн бие, өмссөн хувцас, ямар автомашинтай байсан, түүний хийсэн үйлдэл бусад байдлуудыг дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, таньж олуулах ажиллагаагаар насанд хүрээгүй хохирогчоос шүүгдэгчийг эргэлзээгүйгээр таньж,  насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, хэрэг болох үед шүүгдэгчийн өмсөж явсан хувцас, ашиглаж байсан автомашины шинж тэмдэг нь насанд хүрээгүй хохирогч, гэрч Э.Амартүвшин, шүүгдэгч С.Б нарын мэдүүлэгтэй тохирсон зэрэг байдлуудыг дүгнэвэл Ц.Тэмүүжин нь илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Амартүвшин Ц.Тэмүүжингийн биед хүч хэрэглэсэн гэх боловч түүний үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид хохирол учраагүй, насанд хүрээгүй хохирогчоос энэ байдлыг мэдүүлээгүй тул энэ байдал нь үгүйсгэгджээ.  

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд 700.000 төгрөг орчим болсон, цаашид оношилгоо эмчилгээ хийлгэх талаар хүсэлтээ илэрхийлснээс баримтаар 172.100 төгрөгийн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч С.Бээс уг төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламрагчаагаас насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжинд цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай С.Бээс нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар С.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бээс 172.100 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламрагчаад олгосугай.

 

            6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламрагчаа насанд хүрээгүй хохирогч Ц.Тэмүүжинд учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН