| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00336/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 423
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Булган сум, Хавцгайт баг, Даравгай гэх газар оршин суух, Шарынхан овгийн Галсангийн Оюундэлгэр /РД:КЛ79111502/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Номгон сум, 1 дүгээр баг, Адаг баянд оршин суух, Гурваншалсай овгийн Шархүүгийн Цэнгэлжаргал /РД:КЮ77030419/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие хариуцагч Ш.Цэнгэлжаргалтай 1999 оноос хойш 2015 оныг хүртэл 16 жил ханилж амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү Чулуунбаатар, 2004 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Болорчулуун нар төрсөн. 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Ш.Цэнгэлжаргал 2007 оноос хойш архи уудаг болж, гэр орондоо агсам тавьж, сүүлдээ зоддог болсон. Бид 2015 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Сүүлийн үед архи улам ихээр ууж, ах нь ирж хотонд байгаа малнаас дураараа авч явдаг болсон байдлыг би тэвчсэнгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл дарамтад амьдрах үнэхээр хэцүү байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Дундын өмчийн асуудлыг дараа жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.” гэжээ.
Хариуцагч Ш.Цэнгэлжаргал шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “Миний бие нэхэмжлэгч Г.Оюундэлгэртэй 1998 онд танилцаад 2000 онд гэр бүл болоод үүнээс хойш хүү Чулуунбаатар, охин Болорчулуун хоёр төрсөн. Бид 16 жил хамт амьдраад одоо тусдаа амьдарч байна. Миний бие хүү Чулуунбаатарын хамт, охин Болорчулуун ээж Г.Оюундэлгэрийн хамт тус тусдаа амьдарч байна. Бид хүүхдийн тэтгэлэг дээр тохиролцож, гэрлэлтээ цуцлуулах дээр маргах зүйлгүй болж тохиролцлоо. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ш.Цэнгэлжаргалтай охин надтай хамт, хүү эцэгтэйгээ хамт амьдарч байгаа тул тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж ойлголцож эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.
Хариуцагч Ш.Цэнгэлжаргал шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд энэ тухай нэхэмжлэгч Г.Оюундэлгэр тусгайлсан санал хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хэргийг шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр нь хариуцагч Ш.Цэнгэлжаргалд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Ш.Цэнгэлжаргал гэрлэлт цуцлуулахад маргах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэгийгн хувьд тохиролцсон гэж тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр нь хариуцагч Ш.Цэнгэлжаргал нар нь 1998 оны 08 дугаар сард гэр бүл болж, тэдний дундаас 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү Чулуунбаатар, 2004 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Болорчулуун нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч дээрхи ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
2.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр, хариуцагч Ш.Цэнгэлжаргал нар хүүхдийн тэтгэлэгийн тухай харилцан тохиролцож эвлэрсэн тул нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Оюундэлгэр, хариуцагч Ш.Цэнгэлжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Г.Оюундэлгэр, Ш.Цэнгэлжаргал нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР