Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2024/00033

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00366 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Би 2017 оны 10 дугаар сард Монголд ирсэн байх үедээ Капитрон банкны барьцаанд байгаа үсчний салоны зориулалттай орон сууц зарагдах гэж байгааг мэдээд ипотекийн зээлээр 80,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, банкинд материал бүрдүүлж, урьдчилгаанд нь өөрийн төрсөн эгч *******ийн орон сууц болон өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавихаар болсон. Ингээд ипотекийн зээл гарахад банкны зүгээс намайг гадаадад ажиллаж, амьдардаг учраас үндсэн зээлдэгчээр орж болохгүй гэсэн учир өөрийн төрсөн эгчийн хүү *******ыг үндсэн зээлдэгчээр оруулж, би өөрөө мөнгөө төлөх учраас хамтран зээлдэгчээр орж гэрээ хийсэн. Бичиг баримтаа бүрдүүлж байхад миний Австри улс руу явах хугацаа болсон учраас 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр буцсан.

Би явахаасаа өмнө *******т орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулах, орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэхэд миний өмнөөс гарын үсэг зурах зэрэг бүх эрх үүргээ шилжүүлэн итгэмжлэл хийж өгөөд нотариатаар баталгаажуулаад явсан юм. Ингээд Австрид очоод байж байтал ******* нь “таны байрны урьдчилгаанд 3,000,000 төгрөг банканд төлөх хэрэгтэй байна” гэхээр нь би ******* руу тухайн үеийн ханшаар тооцож евро шилжүүлээд миний шилжүүлсэн мөнгийг ******* өөрөө капитрон банканд төлж байсан. Баримтуудаас харахад банк 76,850,000 төгрөгийн зээл гаргасан учраас зөрүү нь 3150000 төгрөг болж би зөрүүг төлсөн юм билээ. Би *******т миний авсан орон сууцны гэрчилгээ болон бусад бичиг баримтын зургийг дараад над руу явуул гэхээр гэрчилгээ гараагүй байна гэсээр маш их удсан. Ийм байдалтай байсаар би *******т гадаадаас мөнгө явуулж ******* банканд төлсөөр байсан. Ингээд би 2019 онд Монголдоо ирээд *******аас байрны гэрчилгээгээ авах гэхэд өгөөгүй учир би өөрөө банкин дээр очиж асуухад ******* нь миний өгсөн итгэмжлэлийг банканд өгөлгүйгээр зөвхөн өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргуулсан байсныг мэдсэн.

Энэ орон сууцыг авсан цагаас эхлэн бусдад түрээслүүлсэн. *******т түрээсийн мөнгөөр нь банкны зээлийг төлөөрэй гэсэн боловч тэр төлөөгүй, түрээсийн мөнгийг зөвхөн өөртөө хэрэглээд байсан. Гэвч би эгч дүүсийн харилцаатай болохоор түрээсийн мөнгөн дээр юм ярилгүйгээр өөрөө гадаадаас мөнгөө *******т явуулж банканд төлүүлсээр байсан юм. Ингээд зээлийн төлбөрийг Коронавирус цар тахал дэлгэрэхээс өмнө би сар бүр зээлээ тогтмол төлж байсан ба Ковид эхэлснээс хойш зээлийн төлбөрийг улсаас түр хойшлуулсан. Би 2021 оны 6 сард ирж аав, ээжийгээ асарч байгаад 8 сард буцсан. Буцахдаа би *******т 2023 оны 1 сараас эхлэн түрээсийн мөнгөнөөс банкны зээлийг төлөөрэй гэж хэлсэн боловч огт төлөөгүй өдийг хүрч миний авсан байр болон барьцаанд тавьсан орон сууц банканд хураагдахад тулаад байна. Ипотикийн зээлээр авсан байрыг ******* нь эхэндээ 600,000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд одоо сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлж өөртөө хэрэглээд явж байгаа. ******* нь миний итгэмжлэлээр олгосон эрх үүргийг хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан тул *******ын нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн 1-р хорооллын ******* тоот хаягт байршилтай 55.5 м2 талбайтай 5 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр ******* болохыг тогтоож өгнө үү гэжээ. /1 хх 1-2 дахь тал/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь анх 2017 оны 10 сард Монгол улсад ирээд хоёулаа хамтарч байр худалдаж авах уу? эгч нь байр худалдаж авмаар байна гэсэн. Би манай найз банканд ажилладаг юм, банкнаас зарагдах байр байвал судалж үзье гээд “Капитрон” банканд ажилладаг өөрийн найзаараа дамжуулж тухайн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын 7-******* тоот 55.5 м2 орон сууц зарагдана гэдгийг мэдээд эгч *******гийн хамтаар Капитрон банканд очиж уулзаад орон сууц барьцаалан ипотекийн зээлийн гэрээг байгуулж, тус орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. Би үндсэн зээлдэгчээр, эгч ******* батлан даагчийн хувиар зээлийн гэрээг байгуулахаар болж 2018.01.01-ний өдөр тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсныг би банктай уулзаж авсан.

Капитрон банкнаас авсан тухайн орон сууц нь үсчний зориулалттай ажилладаг байсан газар бөгөөд миний хувьд тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийн, үргэлжлүүлэн үсчний газраар нь түрээслэн ажиллуулах саналыг эгч *******д тавихад зөвшөөрсөн. Би сар гаруйн хугацаанд өөрийн биеэр тус газарт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэн, ойролцоогоор 15,000,000 төгрөгийг өөрөөсөө гарган тохижуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны дулаан, цахилгаан, ус, эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлын засвар гэх мэт хэрэглээний зардал, төлбөрүүдийг өөрөөсөө төлсөөр байна. Удалгүй өвөө, эмээгийн минь бие илт муудаж эхэлсэн тул би ажил хийлгүй өвөө, эмээгээ асрах шаардлагатай болсон бөгөөд эгч *******д хандаж банкны зээлийн төлбөрийг та өөрөө хийх хэрэгтэй байна, би өвөө, эмээгээ асраад ажил хийх боломжгүй болсон тул тус орон сууцны түрээсийн төлбөрийг авч өвөө, эмээгийнхээ эмчилгээ асаргаанд болон бас бус хэрэглээндээ ашигламаар байна гэхэд ******* ч ойлгон зөвшөөрсөн.

Миний бие олон жил өвчтэй өвөө, эмээгээ асрахын хажуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын 7-******* тоот 55.5 м2 орон сууцыг хариуцан харж хандаж, өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж гүйцэтгэн, хэрэглээний бүхий л төлбөрүүдийг нь төлсөөр ирсэн тул эгч *******гийн тус орон сууцны өмчлөгчөөр өөрийг нь тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин тус орон сууцны өмчлөгчөөр ******* надтай хамт бүртгүүлж, 50 хувийг нь эзэмших эрх нээлттэй гэж үзэж байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 118-119 дэх тал/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны ******* тоотод байрлах, 55,5 мкв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлж, дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.1.Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны ******* тоот, 55,5 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдан авахад хариуцагч *******ын оролцоо огт байгаагүй, зөвхөн тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ л Э. Эрхэмбаярын нэр дээр гарсан гэж тайлбарладаг. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаараа тайлбарлахдаа нэхэмжлэгч ******* өөртэй нь хамтран орон сууц худалдан авах санал тавьсан тул зөвшөөрч банкны барьцаанд зарагдах гэж байгаа орон сууцуудыг судлан Капитрон банкнаас тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийг гадаад улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулаад бусдад түрээслэн олсон орлогоороо нэхэмжлэгчийн хэвтэрт байх аав, ээжийг асардаг байсан, тухайн орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөөс гадна, хариуцагчийн зүгээс ч мөн өөрийн мөнгө, санхүү, цаг зав, хөдөлмөрөөрөө хөрөнгө оруулсан тул анхнаасаа нэхэмжлэгчтэй адил тэнцүү байдлаар тухайн орон сууцыг өмчлөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг. Хариуцагчийн энэхүү тайлбарыг  нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх үйл баримт бүрэн тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх энэхүү хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.Тухайн орон сууц нь 2038 он хүртэл Капитрон банкны барьцаанд байгаа эд хөрөнгө юм. Гэтэл шүүхээс барьцааных нь эд зүйлийн талаар хэрэг хянан шийдвэрлэхдээ барьцаалагчийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, түүний саналыг сонсолгүйгээр эрх ашгийг ноцтойгоор зөрчин барьцааны эд зүйлийнх нь өмлөгчийг сольж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /2 хх 127-128 дахь тал/

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8.Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, “...олон жил өвөө, эмээгээ асрахын хажуугаар уг орон сууцыг харж хандан, өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж гүйцэтгэн, хэрэглээний бүхий л төлбөрүүдийг төлсөөр ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны өмчлөгчөөр ******* надтай хамт бүртгүүлж, 50 хувийг нь эзэмших эрх нээлттэй гэж үзэж байна” гэж маргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

9.Нэхэмжлэгч *******гоос хариуцагч *******т 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлээр ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7-******* тоот 55,5 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, мэдүүлэг гаргах, гэрчилгээ хүлээн авах, түүнтэй холбоотой бусад бүх бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг *******т олгосон бөгөөд итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. /1х.х-ийн 8/

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-гээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны ******* тоот, 55,5 м.кв талбай бүхий 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Батчимэгээс *******т шилжүүлсэн, орон сууцны үнийг 80,000,000 төгрөгөөр тохирсон, үүний үндсэн дээр 2018 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр 000620*******4 дугаартай гэрчилгээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Энхбаатарын Эрхэмбаяр бүртгэгдсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №******* дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр Капитрон банк нь үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нарт маргаан бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар 76,850,000 төгрөгийн зээлийг олгож, мөн өдрийн барьцааны гэрээгээр тус орон сууцыг банкинд барьцаалсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /1 х.х-ийн 206, 232, 242-247, 2 х.х-ийн 1-5/

10.Нэхэмжлэгч *******гийн зүгээс маргаж буй орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай итгэмжлэлийг *******т олгосон бөгөөд *******аас байрны гэрчилгээ гарсан бол зургийг нь явуул гэж хэлэхэд гэрчилгээ гараагүй байна гээд явуулахгүй байсан учир 2019 онд Монголд ирээд *******аас байрны гэрчилгээгээ авах гэхэд гэрчилгээ өгөх нь байтугай үзүүлээгүй учир Капитрон банкин дээр очиж уулзаад ******* нь миний итгэмжлэлийг банкинд өгөлгүйгээр зөвхөн өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээ гаргуулсан байсныг мэдсэн гэж мэтгэлцэж байна.

Харин хариуцагч ******* нь уг итгэмжлэлийн талаар “банкны зээлийн эдийн засагч байрны гэрчилгээ чиний нэр дээр гарсан тохиолдолд ипотекийн зээл гарна гэж хэлсэн учир гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй.

11.Маргааны зүйл болж буй 80,000,000 төгрөгийн үнэ бүхий уг орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авахын тулд уг байрны үнийн дүнгийн 30 хувь буюу 24,000,000 төгрөгийг зээлдэгч нар өөрсдөө санхүүжүүлэх шаардлагатай байсны улмаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, тоот 18,0 мкв талбай бүхий , ******* нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууц, Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот 18,0 мкв талбай бүхий Э.Энхбааатар, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /2 х.х-ийн 6-29/

Хэдийгээр зээлийн барьцаанд 2 ширхэг 1 өрөө байр барьцаалсан боловч банкны зүгээс 76,853,750 төгрөгийн санхүүжилт олгох зөвшөөрөл гарч, олгосон зээл болон орон сууцны үнийн зөрүү болох 3,146,250 төгрөгийг зээлдэгч нар өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай болж, хариуцагч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3,160,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгаар Капитрон банкны тоот дансанд байршуулсан бөгөөд уг санхүүжилтийг нэхэмжлэгч ******* гаргасан болохыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, маргаагүй. /1 х.х-167, 231/

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу зохигч нь “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн аав, ээж буюу өөрийн өвөө, эмээг асрах, худалдан авсан орон сууцыг харж хандах, засан сайжруулах асуудлыг хариуцах учир маргаж буй орон сууцны хамтран өмчлөгч байхаар нэхэмжлэгч *******той тохиролцож байсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т өвөө, эмээгээ асарч байх хугацаанд хангалттай мөнгө явуулж байсан, орон сууцны хамтран өмчлөгч байхаар тохиролцоогүй гэж маргаж байгааг хариуцагч няцааж чадаагүй байна.

Маргаж буй орон сууцыг худалдан авснаас хойш нэхэмжлэгч ******* нь “5 өрөө орон сууцны зээлийн төлбөр” гэсэн утгаар тодорхой хэмжээний мөнгийг сар бүр хариуцагч *******ын дансанд шилжүүлж байсан, хариуцагч ******* нь тус орон сууцыг худалдан авахад ямар нэгэн санхүүжилт хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

13.Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т “ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, 166 дугаар зүйлийн 166.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ” гэж тус тус заасны дагуу  зохигч нь маргаж буй 5 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Капитрон банктай №******* дугаар бүхий гэрээ байгуулан 80,000,000 төгрөгөөр худалдан авахдаа орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, орон сууцны ипотекийн зээлийн барьцааны гэрээг байгуулжээ. / 1 х.х-242-250, 2 х.х-1-29/

Нэхэмжлэгч ******* нь орон сууцны ипотекийн зээлийн гэрээ болон орон сууцны ипотекийн зээлийн барьцааны гэрээний оролцогч байх тул банкны барьцаанд байгаа эд хөрөнгийн талаар хэрэг хянан шийдвэрлэхдээ барьцаалагчийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

14.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг аливаа гэрээний үндсэн дээр шилжүүлснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх, цуцлах, уг эрхийн агуулгыг өөрчлөх тухай нэхэмжлэлд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь маргаж буй орон сууцны гэрчилгээ *******ын нэр дээр гарсан болохыг 2019 онд Монголд ирээд Капитрон банкин дээр очиж уулзаад мэдсэн гэж мэтгэлцэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч *******гийн шаардах эрх нь 2019 онд үүссэн гэж үзэх үндэстэй тул “хөөн хэлэлцэх хугацааны асуудалд анхаарах ёстой байсан” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар  үндэслэлгүй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  *******т  3 жилийн хугацаатай олгосон боловч 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэлээсээ татгалзжээ. / 1 х.х-16, 117, 130, 141-142, 146, 2 х.х-77, 84, 96, 101/

Хэдийгээр ******* нь *******т итгэмжлэл олгосон боловч шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хавтаст хэргийн материал танилцуулсан талаар баримт байхгүй байх тул *******ийг үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон ... зохигчийн төлөөлөгч гэж үзэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасныг зөрчиж, гэрч *******ээс мэдүүлэг авсан гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАЙГАЛМАА

 

    ШҮҮГЧИД                                              Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                                                                            Я.ТУУЛ