Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2024/00034

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00356 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******”-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “39,158,024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“*******” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зарласан “...Дархан-Уул аймгийн *******,*******ийн спорт заалны засварын ажил...”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр №ХНХЯ/******* тоот засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани гэрээт ажлаа хийж эхлэхэд, тендерийн баримт бичигт заагдсан ажлын нэр, тоо хэмжээнд тусгаагүй боловч барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэх технологийн дагуу заавал хийж, гүйцэтгэх ёстой ажлуудын тоо, хэмжээг орхигдуулсан нь ажил хийж эхэлсэн эхний өдрөөс илэрсэн. Энэ нөхцөл байдлыг захиалагч Нийгмийн Хамгааллын Яамны мэргэжилтэн н.*******, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Чимэдгаваа нарт мэдэгдэхэд *******,*******той үүссэн асуудлаа хэлэлцэж шийдвэрлээд ажлаа хий гэж хэлсэн.

*******,*******оос байгуулагдсан техникийн комисст “танай анх хийлгэсэн төсөв нь норм, дүрэм журмыг зөрчиж, алдаатай хийгдсэн. Манай компани төсвийн зөрүү төлбөр, нэмэгдэл ажлын төлбөрийг авахгүйгээр тендерт санал болгосон үнийн дүнд багтааж ажлаа дуусгах ямар ч боломжгүйд хүрээд байна” гэж хэлэхэд техникийн комиссын дарга нь “нэгэнт танайх ажлаа хийгээд эхэлчихсэн, бараа материалаа бүгдийг нь татчихсан юм чинь хийгээд дуусгачих, ...шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх төсвийн зөрүү төлбөр, нэмэгдэл ажлын төлбөрөө авахад чинь бид бүх талаар дэмжиж, яаманд болсон явдлыг хэлж өгч батална” гэж хэлж бид ажлаа үргэлжлүүлсэн.

Ингээд манай компани ажил гүйцэтгэх явцад үүссэн бүхий л асуудлаа техникийн комисст мэдэгдэж, техникийн комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийж гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэлээ хийж дуусгаад төсвийн зөрүү төлбөр болон нэмэгдэл ажлын төлбөрөө Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас авах хүсэлт гаргасан боловч өгөөгүй тул бид Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад гурван шатны шүүхээс үүссэн асуудлаа захиалагч болох Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд мэдэгдээгүй гэж манай нэхэмжлэлийг хангалгүй орхиж, нэхэмжлэгч нь төсвийг буруу зохиосонтой холбоотой болон нэмэгдэл ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой зардлыг зохих этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №05596 тоот шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны Монгол улсын тэргүүлэх төсөвчин нь ажил гүйцэтгэсэн барилгын талбайд үзлэг, хэмжилт хийж үндсэн ажил болон нэмэгдэл ажлын нийт төсөв нь 96,688,517 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн төлбөрт 1,900,000 төгрөг төлөгдсөн. Иймд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 96,688,517 төгрөгөөс манай компанийн засварын ажлыг гүйцэтгэхээр өгсөн үнийн санал болох 59,430,493 төгрөгийг хасаж, шүүхийн шинжээчийн хөлс 1,900,000 төгрөгийг нэмж, нийт 39,158,024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллежийн спорт заалны засварын ажлыг гүйцэтгэх 59,430,493 төгрөгийн төсөвтэй тендерийн шалгаруулалтад оролцон шалгарч, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ХНХЯ/ тоот гэрээг байгуулсан байна. Тиймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар уг гэрээний захиалагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байна. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хэлцэл хийгээгүй, хариуцагчийн өмнө гэрээ, хууль тогтоомжоор ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд, эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нь хохирол учруулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймаг дахь “Дархан Политехник коллеж”-оос 37,258,024 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, үлдэх 1,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 344,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

а.“Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн спорт заалны засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний оролцогч тал нь хариуцагчаар татагдсан Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж биш юм. Мөн хариуцагчаар татагдсан Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж болох ашиглагч байгууллагын Техникийн комисс нь ажил хүлээж авах комисс болохоос мэргэшсэн төсөвчний зохиосон төсвийн зөрүү төлбөрийн асуудал, нэмэгдэл ажлын хөлсний талаарх төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш юм. Гэтэл ашиглагчийн техникийн комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн 37,258,024 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

б.Шүүх хурал болох өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч байгууллага шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* намайг эдлэх эрх, хүлээх үүргийг зааж албан ёсоор томилж, итгэмжлэл хийж өгсөн бөгөөд итгэмжлэлээ аваад шүүх хуралд оролцохоор ирэхэд шүүх хуралдааны танхимд шүүгчийн туслах орж надад эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй атлаа баримтуудад гарын үсэг зуруулж, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй байхад шүүх хурлын цаг болж, шүүх хурал эхэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд эрх зүйн мэдлэг дутмаг эрх, үүргээ тайлбарлуулаагүй тул ойлголтгүй, үүнээс шалтгаалан хуульд заасан эрхүүдээ эдлэх талаар мэдээгүй, боломж олдоогүй тул мэтгэлцэх зарчим алдагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, процессын алдаа гарсан байна.

Анхан шатны шүүхийн гаргасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг дараагийн шатны шүүх засах боломжгүй буюу шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, ойлгуулаагүй, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх, хүсэлт гаргах зэрэг эрхээр нь хангаагүй, мэтгэлцэх зарчим хангагдаагүй зэргийг давж заалдах шатанд нөхөн эдлүүлэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь ялимгүй зөрчил бус Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн зөрчил болно. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.

в.Засварын ажлын гүйцэтгэл 96,688,517 төгрөг болох нь тогтоогдож байна гэж зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Хариуцагч гомдолдоо “...Политехник коллеж нь гэрээний тал биш, хөрөнгө мөнгө шийдэх эрхгүй, гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш”  гэснийг Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар тогтоочихсон байхад хариуцагч нь энэ тухай шүүх тогтоогоогүй мэт дурдсан нь үндэслэлгүй юм. Ашиглагч байгууллага болох Политехник коллеж нь төсөв бодох эрхгүй хүнээр, норм ба дүрмийг эс баримтлан санаатай, хууль бус, алдаатай төсөв хийлгүүлснээс төсвийн зөрүү гарч, ашиглагч, гүйцэтгэгч талууд хоорондоо аливаа үүрэг хүлээгээгүй, мөн ашиглагчийн Техникийн комисс нь нэмэгдэл ажлыг хийлгэх зөвшөөрөл олгох эрхтэй этгээд болох нь нотлогдохгүй, Техникийн комисс шийдвэр гаргаж, “*******" ХХК-аар нэмэгдэл ажил гүйцэтгүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ гэж шүүх дүгнэж, шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Техникийн комиссын хурлын тэмдэглэлүүд гэх баримтууд нь хариуцагчид байхгүй бол өөрсдөө олж авах, нэхэмжлэгчийн нотлох баримтад эргэлзсэн бол няцаасан нотлох баримтаа хариуцагч өөрсдөө бүрдүүлэх, үнэн зөв эсэхийг хөндлөнгийн шинжээч томилуулж, тогтоолгох зэрэг эрхээ захиалагч эдлээгүй нь шүүхийн буруу биш юм. Мөн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгснийг гурван шатны шүүхээр хэлэлцэгдэх явцад үнэн зөв эсэх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуульчид маргаагүй. Учир нь гүйцэтгэлийн 3% баримтад уг баримтууд эх хувиараа орж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд эх хувиараа хадгалагдаж байгаа хөдөлшгүй нотлох баримт юм.

Анхан шатны шүүхийн эхний шүүх хурал дээр хариуцагчаас өмгөөлөгч авна, хэргийн материалтай танилцана гэж шүүх хурлыг хойшлуулж, өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцсаны дараа хоёр дахь шүүх хурал товлогдож хийгдэхэд, хариуцагч тал захирал солигдсон, шинэ захирал хэргийн материалтай танилцана, өмгөөлөгч авна гэж шүүхэд хүсэлт гарган шүүх хурлыг дахин хойшлуулсан. Анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө шүүгчийн туслах нэхэмжлэгч, хариуцагчийг тусад нь дуудаж, хэргийн материалтай танилцуулж, эрх үүргийг танилцуулж, хэргийн материалтай болон эрх үүрэгтэй танилцсан баримтад гарын үсэг зуруулж авсан. Ингээд 1 цаг орчим хугацааны дараа шүүх хурал эхэлж, шүүгчээс оролцогч талуудад эрх үүргийг танилцуулж, ойлгосон эсэхийг асуухад нэхэмжлэгч, хариуцагч талууд ойлгож байна гэж маш тодорхой хариулж, шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Энэ нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл болон эрх, үүрэг танилцуулсан баримтаар нотлогдох бөгөөд хариуцагч үндэслэлгүй гомдол гаргасан байна.

2023 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл 3 сар 14 хоног өнгөрсөн. Энэ хугацаанд хариуцагч өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, өөрсдийн буруугүйг нотлох баримт цуглуулах, нэхэмжлэгчийн нотлох баримтыг хөндлөнгийн шинжээчээр дүгнүүлэх зэрэг хуульд заасан эрх, үүргээ эдлэх хангалттай хугацааг анхан шатны шүүх олгосон ч хариуцагч тал боломжоо эдлэлгүй байж эрх үүргээ эдэлж чадсангүй гэж анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэдэг нь хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтаар бүрэн няцаагдана. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

8.Хариуцагчийн төлөөлөгч Б.Нарантуяагаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр захиргаа, ахуйн менежер *******од итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлд ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой тусгаагүй байх тул итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд “итгэмжлэл “нь хуулийн шаардлага хангаагүй учир  зөвтгөж авчрахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон гэх *******од тайлбарласан тухай тэмдэглэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн туслах үйлдсэн байна./хх-148/

Гэтэл ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь  тодорхойгүй этгээд болох ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгууллагаа төлөөлж хариу тайлбараа бичгээр гаргасан байна. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлтэй этгээдийн тайлбар байх тул  түүнийг хариуцагч байгууллагыг төлөөлж  тайлбар гаргасан гэж үзэх боломжгүй байна. / хэргийн 149/

******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу шүүх хуралдаан болсон өдөр хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. / хх-154/

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, ойлгуулаагүй, баримтууд дээр шууд гарын үсэг зуруулсан, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх, татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх, хүсэлт гаргах зэрэг эрхээр хангаагүй, мэтгэлцэх зарчим хангагдаагүй...” гэж давж заалдсан гомдолдоо дурджээ.

Хэрэгт авагдсан хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримтуудаас  үзэхэд шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, мөн өдрөө хавтаст хэргийн материалтай танилцуулсан байна. / хх-111-112, 155/

Зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй гэх давж заалдсан гомдлын дагуу тодруулах үүднээс анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг авч үзэхэд дугаартай шүүх хуралдааны бичлэгийн 02:53-03:18 минутын хооронд шүүх хуралдаан даргалагчийн зохигчид эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан талаар бичигдсэн байна.

Шүүх хуралдааны бичлэгээр  шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанд оролцож буй зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай  байх  тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “...эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, ойлгуулаагүй, баримтууд дээр шууд гарын үсэг зуруулсан...” гэх давж заалдах  гомдол үндэслэлтэй байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч тайлбарлан өгөх үүрэгтэй.

Хэргийн оролцогч нарт  эрх, үүрэг тайлбарлаж өгсөн гэх баримт дээр  зохигчоор зөвхөн гарын үсэг зуруулснаар хязгаарлаж  зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгөх үүргээ шүүх биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан бусад хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/000356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4 . Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                               ШҮҮГЧИД                                     Р.ҮҮРИЙНТУЯА                                                                                                    

                                                                                               Я.ТУУЛ