Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ю.Батсүх,

хохирогч Г.Э ,

шүүгдэгч Н.Х , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х т холбогдох эрүүгийн 1806 00785 0977 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Х , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Х  нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 7-75 тоотод эхнэр Г.Э ийн зүүн дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 20 жил ханилсан ханьдаа ийм зүйл хийсэн гэдэгтээ харамсаж байна. Сэтгэцийн өвчтэй гэдэгт би их гайхаж байна. Манай удамд сэтгэцийн өвчтэй хүн байхгүй. Учруулсан асуудалдаа би гэмшиж байна гэв.

Хохирогч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 14-нд тэр өдөр охинтойгоо бид гурав байсан. Гэтэл охинтойгоо манай нөхөр маргалдаад, манай хүүхдүүд ерөөсөө ажил хийдэггүй, ажилд сураагүй гэсэн. Тэгсэн охин урдаас нь 14 настай намайг ямар ажил хий гээд байгаа юм бэ гэсэн. Би нөхрөө хүүхэд рүүгээ битгий ингэж ярьж бай гэсэн чинь манай нөхөр над руу хүүхдүүдээ буруу хүмүүжүүлдэг, хүүхдүүд чинь хэн нь ч надаас үг сонсдоггүй гээд маргалдаад байж байсан. Би Хурцаа надад битгий тийм юм яриа гээд цаашаа хараад юм оёж байтал араас түлхэх шиг болсон. Нэг мэдсэн чинь би дээшээ харсан, Хурц дээр хутга бариад байж байсан. За хөгшин минь тэгэж л болдоггүй юм шүү, гурван сайхан үртэй байж хоёулаа тэгэж л хорвоог бузарлаж болдоггүй юм шүү гээд байж байтал гаднаас хүүхэд орж ирээд хүү нь аавыгаа аваад, би охинтойгоо гараад түргэн тусламж болон цагдаад мэдэгдсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл алга гэв.

Яллагдагч Н.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт эхнэр, охин нар байсан. Би охиныгоо ажил төрөл хийсэнгүй гэж эцэг хүний хувьд жоохон юм хэлсэн. Тэгтэл манай охин миний үгийг тоохгүй урдаас хэрэлдээ байсан ба энэ үед эхнэр хажуу талаас орж ирээд намайг далд ор гээд гэрээс хөөгөөд байхаар нь би уур их хүрээд гэрт ширээн дээр байсан хугыг эхнэрийнээ зүүн дал орчим газарт нэг удаа хатгасан. Би тухайн үед уур их хүрээд ухаан балартаад ийм үйлдэл гаргачихсан байсан. би 2015 оноос хойш Улаанбаатар хотод ирээд л сэтгэцэд өөрчлөлт ороод эхлэх шиг болсон. Би юм их мартаад унтаж чадахаа байсан. Би 2017 оны 5 сард, 11 сард мөн хэрэг болсоны дараа нийт 3 удаа СЭМҮТ-н орон нутгийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-36, 78-79, 126-127 дугаар хуудас/,

Хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21-22 цагийн орчим гэртээ нөхөр, охины хамт байсан ба нөхөр маань охинд хандаж ажил төрөл хийхгүй юм, манай хүүхдүүд арчаагүй гэтэл охин маань би 14 настай, надаар ямар ажил хийлгэх гээд байгаа юм, тэнэг юм яриад гээд охин дургүйцтэл Хурцбаяр шууд надад хандаж чи хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлсэн, надаас огт үг сонсохгүй байна чиний буруу гээд л уурлаад байсан ба би түүнд хандаж Хурцаа минь юм л бол над руу уурлах юм больж үз гээд нээх ойшоохгүй сууж байтал гэнэт араас миний зүүн дал хэсэг газар луу нэг удаа хутгаар хатгаад, намайг газар унагаад дээш харуулж байгаад одоо хоолойг чинь хэрчинэ гээд чичигнээд байхаар нь би түүнд хандаж болохгүй шүү гээд аргадаад гуйж байтал гаднаас манай хүү орж иртэл Хурцбаяр шууд хутгаа өөр тийшээ шийдээд буйдан дээр орчоод суусан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20, 92-93 дугаар хуудас/,

Гэрч Х.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай хашаанд байдаг айлын гэрт байж байгаад 22 цагт гэртээ орж ирэхэд манай эцэг болох Н.Х  нь манай ээж Г.Э ийн дээр нь орилоод байж байсан, манай ээж Г.Э ийн баруун далнаас цус гарч байсан ба би аавыгаа тэвэрч аваад гэрийн баруун буланд байдаг ногоон сандал дээр дааад байж байхад дүү Соёл-Эрдэнэ ээжийг авч гараад цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹1567 дүгнэлтэд “Г.Э ийн биед зүүн даланд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹303 дүгнэлтэд “Н.Х  нь “Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Н.Х  нь болсон хэргийн талаар бүрэн ухамсарлан ойлгох чадваргүй байна. Н.Х  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Х  нь хэрэг хариуцах чадваргүй байна. Н.Х  нь хэрэг болох үед Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна” гэжээ /хэргийн 60-64 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ийм хам шинж өвчтэй хүн нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Мөн өвчин нь сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө, нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Хэрэг гарсан өдөр бол тухайн өвчин нь хөдөлсөн байсан. Энэ өвчтөн нь манай эмнэлэгт 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Н.Х  нь эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэхгүй бол нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүн гэж ойлгож болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 94-96 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 15 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношилгоо /хэргийн 39 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 7-75 тоотод эхнэр Г.Э ийн зүүн дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч Н.Х ын...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт эхнэр, охин нар байсан. Би охиныгоо ажил төрөл хийсэнгүй гэж эцэг хүний хувьд жоохон юм хэлсэн. Тэгтэл манай охин миний үгийг тоохгүй урдаас хэрэлдээ байсан ба энэ үед эхнэр хажуу талаас орж ирээд намайг далд ор гээд гэрээс хөөгөөд байхаар нь би уур их хүрээд гэрт ширээн дээр байсан хутгыг эхнэрийнээ зүүн дал орчим газарт нэг удаа хатгасан гэх, хохирогч Г.Э ийн...гэнэт араас миний зүүн дал хэсэг газар луу нэг удаа хутгаар хатгаад, намайг газар унагаад дээш харуулж байгаад одоо хоолойг чинь хэрчинэ гээд чичигнээд байхаар нь би түүнд хандаж болохгүй шүү гээд аргадаад гуйж байтал гаднаас манай хүү орж иртэл Хурцбаяр шууд хутгаа өөр тийшээ шийдээд буйдан дээр орчоод суусан гэх, гэрч Х.Одгэрэлийн...манай ээж Г.Э ийн баруун далнаас цус гарч байсан ба би аавыгаа тэвэрч аваад гэрийн баруун буланд байдаг ногоон сандал дээр дааад байж байхад дүү Соёл-Эрдэнэ ээжийг авч гараад цагдаа болон түргэн тусламж дуудсан гэх, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹1567 дүгнэлтэд “Г.Э ийн биед зүүн даланд шархтай гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹303 дүгнэлтэд “Н.Х  нь “Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Н.Х  нь болсон хэргийн талаар бүрэн ухамсарлан ойлгох чадваргүй байна. Н.Х  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Х  нь хэрэг хариуцах чадваргүй байна гэх дүгнэлт, Шинжээч эмч Я.Ганхүүгийн...ийм хам шинж өвчтэй хүн нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Мөн өвчин нь сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө, нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Хэрэг гарсан өдөр бол тухайн өвчин нь хөдөлсөн байсан. Энэ өвчтөн нь манай эмнэлэгт 3 удаа хэвтэж эмчлүүлсэн. Н.Х  нь эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэхгүй бол нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүн гэж ойлгож болно гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношилгоо, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Н.Х ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Н.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Г.Э  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Х ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон ч энэ гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ гэжээ.  

Н.Х т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.