Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 371

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /регистрийн дугаар: *******/

Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, ажилгүй байсан нийт хугацааны 1.387.627 төгрөгийн цалин хөлс гаргуулах, орлогын хувь 1.090.000 төгрөг нийт 2.477.621 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт буудлын үйлчлэгчээр 2011 оноос 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Уг байгууллагад буудлын үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа элдэв зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 03 дугаар 22-ны өдөр хэсгийн ахлагч нарын зөвлөлийн хурал хийж намайг алдаа зөрчилтэй ажиллаж байгаа талаар хэлсэн. Би ажилдаа ямар зөрчил гаргаснаа сайн мэдэхгүй байсан. Миний зөрчлийн талаар яг ийм зөрчил гаргалаа гэж тодорхой хэлсэн зүйл байхгүй, арга хэмжээ авна гэсэн. Хурлын дараа дарга намайг ганцаараа үлд гэж хэлсэн. Тэгээд надад чамайг ажлаас халлаа гэсэн. Ямар зөрчил гаргаад ажлаас халагдаж байгаагаа би мэдэхгүй байна. Ямар нэг зөрчил гаргаагүй болохоор би зохих газарт нь хандана гэж хэлээд гарсан. Ингээд намайг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг болон байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсүгэй гэж заасан байсан. Миний бие нь байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх хэсэгт заасан ноцтой зөрчлүүдийг гаргаж байгаагүй болно. Миний бие 2011 оноос ажлаас чөлөөлөгдөх хүртэлээ буудлын үйлчлэгчийн ажлыг хийж байсан. Манай байгууллагад буудлын эрхлэгчийн тусдаа орон тоо байхгүй. Гэтэл тушаалын 1 дэх заалтанд Буудлын эрхлэгч ажилтай *******гийн *******ийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Өмнөговь аймаг дахь Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/14 тоот тушаалыг хүчингүй болгож, миний урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын зочид буудалд ажиллаж байхдаа сарын 380041 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн ур чадварын нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувь, ахлахын нэмэгдэлд үндсэн цалингийн 10 хувь, хоолны мөнгө 80000 төгрөг авдаг байсан бөгөөд сард ойролцоогоор 555051 төгрөгийн цалин авдаг байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд зааснаар буудлын ажилтанд сард оруулсан орлогын 10 хувиар тооцож нэмэгдэл олгохоор зохицуулсан бөгөөд 2015 оны 9-11 сард надад нэмэгдэл олгож байсан боловч 2015 оны 08 cap, 2015 оны 12 cap, 2016 оны 1-3 сард орлогын хувийг цалин дээр нь нэмж олгоогүй юм. 2015 оны 08 сард 2.180.000 төгрөг, 2015 оны 12 сард 1.980.000 төгрөг, 2016 оны 01 сард 1870000 төгрөг, 2016 оны 02 сард 1.770.000 төгрөг, 2016 оны 03 сард 3.100.000 төгрөгийн орлогын оруулсан. Дээрхи хугацаанд байгууллагад оруулсан орлого 10.900.000 төгрөг болно. 10.900.000 төгрөгийн 10 хувь нь 1.090.000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.387.627 төгрөг, байгууллагад оруулсан орлогын хувь 1.090.000 төгрөг, нийт 2.477.627 төгрөг гаргуулах, мөн миний эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай эвлэрэх санал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх зөвлөлийн хурал дээр ажлаас халах тийм зүйл яриагүй. 18 дугаартай өрөөнд хүн хоноогүй нь камерт бичигдээгүй байна гэж хэлээгүй. Хурлын дараа арга хэмжээ авна гэхээр нь ямар арга хэмжээ авах юм бэ? гэсэн чинь ажлаас хална  гэж хэлсэн. Баярдэлгэрийг гэрчээр оруулах гэтэл зөвшөөрөөгүй. Зөвлөлийн хурал дээр мөнгө тушаагаагүй талаар яригдаагүй. Тайлан тавьсны дараа дэвтэр өгөхгүй байж байгаад ганц цаас энийгээ ав гэж өгсөн. Буудалд хүн буугаад төлбөрөө төлөөгүй, мэдэгдээгүй гэсэн ямар ч яриа гараагүй. Би энэ байгууллагад нэг ч төгрөгний хохирол учруулаагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан хуульзүйн дүгнэлтдээ: Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар миний үйлчлүүлэгч Д.*******ийг ажлаас халсан байдаг. Ноцтой зөрчил гаргасан гэж. Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам зөрчсөн гэдэг. Гэхдээ энэ үндэслэлүүд нь тодорхойгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Хариуцагч тал 4 өрөөнд хүн оруулсан гэдэг. Ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Гэрчүүд ч энэ талаар мэдүүлдэггүй. Нотлох баримт байдаггүй. Бид 4 өрөөний төлбөр төлөөгүй талаар судлаад үзэхэд 3 өрөөний төлбөр төлөгдсөн байдаг. Харуулын дэвтрийн бичилтийг хэн хэзээ хаана бичсэн нь тодорхойгүй. Хэн ч бичсэн байх боломжтой. Хариуцагч талаас ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, мөн орлогын 10 хувийг олгож өгнө үү. Зөвлөлийн хурал дээр *******ийн төлбөр, өрөөний талаар огт яригдаагүй байж байгаад сүүлд ажлаас халсны дараа энэ талаар яригдсан гэв. 

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд ирүүлсэн ажилдаа эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх хариу тайлбарыг хүргүүлж байна. Д.******* нь долоо хоног бүр буудлын орлогыг нягтланд тайлагнадаг бөгөөд 2016 оны 03 сарын 14-18-ны өдрийн тайланд зөрчил гарсан. 03 сарын 16-17-нд хоносон 9 болон 1 номерын өрөө, 17-18-нд хоносон 1 номерийн өрөө, 18-19-нд хоносон 8 номерийн өрөө зэрэг нийт 4 өрөөний 180.000 төгрөгийг тайланд тусгаагүй байсан. Би өөрөө хяналтын камерыг шүүж үзэхэд 8 болон 9 номерийн өрөө нь хүнтэй хоносон нь илэрсэн энэ 2 өрөөний төлбөр нь нийлээд 120.000 төгрөг болно. Үлдсэн 2 өрөөнд хүн хоносон болох харуулын дэвтэрт бүртгэлтэй байсан. Манай байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомжид ч албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын өмч хөрөнгийг амин хувьдаа шамшигдуулах, ажиллаж буй байгууллагадаа хохирол учруулахыг хориглосон байдаг. Ялангуяа манай байгууллагын хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг орон нутгийн өмчит төсвийн байгууллага юм. Тиймээс санхүүгийн асуудалд илүү хяналттай байхын зэрэгцээ бэлэн мөнгөтэй харилцдаг ажилтнуудыг албаны эд, олсон орлогыг хувьдаа ашиглахыг хатуу хориглож ийм зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор байгууллагын дотоод журамд заасан. Гэтэл Д.******* нь буудалд буусан хүний төлбөр тооцоог байгууллагад тушаалгүй нуун дарагдуулсан байсан. Иймд уг асуудлыг 03 сарын 22-ны өдрийн зөвлөлийн хурлаар оруулж Д.*******ээс яагаад тайланд тусгагдаагүй байгаа талаар асууж тайлбарлахыг шаардсан. Дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан, яагаад тайланд тусгаагүйг тайлбарлахгүй бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тул энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтанд хандаж хяналтын камерыг шүүлгэх боломжтой. Харин гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа бол тэгэх шаардлагагүй хэмээн тайлбарласан. Энэ нь Д.******* өөрийг нь хамгаалсан би ч бас нэг ажилтнаа буруугүй бол түүнийгээ нотлох боломж олгосон боловч нэхэмжлэгч өөрөө гаргасан алдаагаа ухамсарлаж байна шалгуулах шаардлагагүй гэж хэлсэн. Хурлын дараа нягтлан бид 2 өөрөөс нь дахин асуухад бас л юм хэлэхгүй байсан. Хэрвээ тухай үед яагаад тайланд тусгаагүйгээ үнэнээрээ хэлсэн бол асуудлыг өөрөөр шийдэж болох байсан. Гэтэл Д.******* нь өөрийн алдааг ухамсарлаж хууль бус үйлдлээ тайлбарлахын оронд 03 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулан өгөхөд өрөөний хаалга онгойлгочихоод чанга чанга хашгичиж намайг хэл амаар доромжилж байгаад гарсан төдийгүй одоог хүртэл байгууллагад учруулсан 180.000 төгрөгөө төлөөгүй байна. Зөвлөлийн хурал хийснээс хойш 3 хоногийн дараа тушаал гаргасан. Д.******* нь Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө буудлын үйлчлэгч харин эрхлэгч биш байхад чөлөөлсөн тушаалдаа буудлын эрхлэгч хэмээн чөлөөлсөн нь ойлгомжгүй байгаа талаар дурджээ. Тэрээр буудлын үйлчлэгч хийгээгүй ээ, буудлын үйлчлэгч Цэндсүрэн гэж тусдаа үйлчлэгч байгаа мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад бүтэц зохион байгуулалтын схем зургийг баталж өгсөн байдаг. Үүнд буудал эрхлэгч, үйлчлэгч гэсэн 2 орон тоотой байна гэж заасан. Д.******* нь буудлын эрхлэгчийн ажил хийдэг. Санхүүгийн тайлан мэдээ гаргаж өгдөг, ахлагчийн 10 хувь, ур чадварын 15 хувийн нэмэгдэл авдаг, зөвлөлийн хуралд зөвхөн ахлагч нар суудаг байсан. Тэгэхэд Д.******* нь энэ хуралд тогтмол суудаг байсан. Ажлаа хийж урамшуулал авах болохоороо ахлагч болчихоод хариуцлага хүлээх болохоор би ахлагч биш гэж тайлбарлаж байгааг гайхаж байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу ажлаас чөлөөлөгдөх тушаал гарснаас 6 хоногийн дараа Д.******* нь зочид буудалд очиж зочид буудлын бүртгэлийн дэвтрийг үйлчлэгч Цэндсүрэнгээс аваад явсан байдаг. Мөн бичиг хэргийн бичээч Я.Сарантуяагаас зөвлөлийн хурлын тэмдэглэл авахаар нэхсэн байдаг энэ бүгдийг өөрийн хийсэн үйлдлээ засах оролдлого гэж ойлгож байгаа. Тиймээс Д.*******ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 6/14 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч ******* шиг зан харилцааны соёлгүй, өөрийн алдаа дутагдлыг ухамсарлах чадваргүй, байгууллагын эд хөрөнгийг амин хувьдаа ашигладаг, байгууллагад хохирол учруулдаг ийм хүнд ахин итгэл хүлээлгэж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* би Д.*******ийн нэхэмжлэлтэй *******т хариуцагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд миний бие ээлжийн амралттай Улаанбаатар хотод байгаа тул хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутанд болох шүүх хуралдааныг намайг оролцуулалгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журамд ноцтой зөрчлийн талаар тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд тодорхой зааж өгсөн байгаа. Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглах, завдсан үед ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж. Гэрч Цэндсүрэн, Сарантуяа нар нь Д.*******ийг тайлан зөрчилтэй гаргасан талаар мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч камерын бичлэгт байдаггүй гэж байна. Тухайн үед Д.******* нь камерын бичлэгийг хянах шаардлагагүй гэж хэлсэн нь хүлээн зөвшөөрч тэгж хэлсэн гэж ойлгож байна. 21-23-ны өдрүүдэд буудалд хүн хоносон гэх бүртгэл байдаг боловч тооцоо хийгдээгүй байдаг тул татгалзлаа дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Д.******* нь “Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нийт хугацааны 1.387.627 төгрөгийн цалин хөлс гаргуулах, орлогын хувь 1.090.000 төгрөг нийт 2.477.621 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

Нэхэмжлэгч Д.******* нь  2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн ОНӨ захирал Б.Тэгшжаргал, Д.******* нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар тус газрын буудлын үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ.

Дээрхи хөдөлмөрийн гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч Д.******* ажлаас чөлөөлөгдөх хугацаа хүртэл ажлаа гүйцэтгэсээр байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “ хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх заалтыг үндэслэн буудлын эрхлэгч ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг  Д.*******т мөн өдөр гардуулан  өгсөн байна.

 

Ажил олгогчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 дугаартай тушаалаар  нэхэмжлэгч Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх заалтыг үндэслэн буудлын эрхлэгч ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардаж авчээ. Шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь “...Манай байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомжид ч албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын өмч хөрөнгийг амин хувьдаа шамшигдуулах, ажиллаж буй байгууллагадаа хохирол учруулахыг хориглосон байдаг. Ялангуяа манай байгууллагын хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг орон нутгийн өмчит төсвийн байгууллага юм. Тиймээс санхүүгийн асуудалд илүү хяналттай байхын зэрэгцээ бэлэн мөнгөтэй харилцдаг ажилтнуудыг албаны эд, олсон орлогыг хувьдаа ашиглахыг хатуу хориглож ийм зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор байгууллагын дотоод журамд заасан. Гэтэл Д.******* нь буудалд буусан хүний төлбөр тооцоог байгууллагад тушаалгүй нуун дарагдуулсан байсан...” гэж маргаж байна.

 

Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд дээрхи шаардлагад нийцээгүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт  “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан “, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт “ ажлаас халах “,

2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в”-д “ хөдөлмөрийн сахилгыг 3-аас доошгүй удаа зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах” гэж тус тус заасан байна.

Ажил олгогчийн дээрхи үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, Д.*******ийг хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх хэсэгт “ ЗДТГ болон -т эд хөрөнгийн хохирол учруулах, ...” заасан үндэслэлийг байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн “в” дэх хэсэгт заасан үндэслэлд хамааруулан буруутгаж байгаа боловч ажил олгогч нь ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл байгууллагад хэдий хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан нь тодорхой бус байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Л.Сарантуяа, П.Цэндсүрэн, Л.Мөнхтогтох, Ц.Тогтуунбаяр, Д.Батцэрэн нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч нар нь зочид буудлын өрөөнд хүн байсан талаар нотолдог боловч тэр хүн нь төлбөр төлсөн эсэх? төлбөр төлсөн бол хэдэн төгрөгийг  Д.*******т төлж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан эсэхийг нотолж мэдүүлээгүй болно.

 

Иймд Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар  хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл нотлогдоогүй байхад дээрхи заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн байх тул Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас чөлөөлсөн мөн өдрөөс нь эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцоход  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.387.627  төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, уг олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн *******т даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан “ 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд зааснаар буудлын ажилтанд сард оруулсан орлогын 10 хувиар тооцож нэмэгдэл олгохоор зохицуулсан бөгөөд дээрхи хугацаанд байгууллагад оруулсан орлого 10.900.000 төгрөгийн 10 хувь нь 1.090.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ямар нотлох баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа талаараа нэхэмжлэгч тал нотлоогүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаал /хх-3/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-4/, Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай /хх-12-14/, зочид буудлын дэвтэр /хх-17-20/, Нутгийн удирдлагын ордны харуулын рапортны дэвтэр /хх-25-26/, үзлэг хийх тухай  тэмдэглэл /хх-32/, Өмнөговь аймгийн засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  б/04 дугаартай захирамж /хх-36/, Өмнөговь аймаг нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай итгэмжлэл /хх-40, 45/, Д.*******ийн Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-42-43/, Өмнөговь аймаг нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай албан тоот /хх-56/, Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан  /хх-57-60/, зочид буудлын захиалгын хуудас /хх-61/, Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /хх-62-65/, зочид буудлын тооцооны  хуудас  /хх-66/, Хөдөлмөрийн гэрээ /хх-67/, хурлын тэмдэглэл /хх-68-70/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт хамааралтай, гэрч Л.Мөнхтогтох, Л.Сарантуяа, Д.Батцэрэн, П.Цэндсүрэн, Ц.Тогтуунбаяр нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй  байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

 

Харин Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  02 дугаартай /хх-15-16/ тэмдэглэл,    Иргэний үнэмлэхний хуулбар ХХ-9, Өмнөговь аймаг Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын  2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар а/01тушаал /хх-21/, а/01 дүгээр тушаалын хавсралт /хх-22-23/, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт, Бүтэц зохион байгуулалт /хх-24/, Өмнөговь аймаг нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын тушаал 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  а/08 дугаартай, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар а/10 дугаартай тушаал /хх-79-81/, Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /хх-87-88/ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат нь хавтаст хэргийн 87-88 талд авагдсан бэлэн мөнгөний гүйлгээний тайланг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт “ Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй...” зааснаар  хариуцагч тал уг нотлох баримт хуурамч гэдгийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 37.152 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалыг хүчингүй болгож,  ******* овогт *******гийн *******ийг Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын зочид буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газраас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 1.387.627 /нэг сая гурван зуун наян долоон мянга зургаан зуун хорин долоо/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгч Д.*******ийн байгууллагад оруулсан орлогын хувь 1.090.000 /нэг сая ерэн мянга/-н төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн *******т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 54.592 /тавин дөрвөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 37.152 төгрөгийг /гучин долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР