Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2024/00035

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00363 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Гэм хорын хохирол 71,431,680 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шар манжин тарих газрыг хавагчаар хавуулж манжин үрлэгчээр үрлүүлж шар манжин тарьсан.

   Манжингаа тарьсны дараа ойролцоо байх малчин айлуудын мал ногоо руу орохоос сэргийлж хашааны торыг сэргээн засварласан. Хашаа засварласны дараа мал бүхий иргэдтэй биеэр уулзаж малаа оруулахаас сэргийлэх талаар хэлсэн.

   Удалгүй манжин тарьсан талбайд мал орсон байна гэж танил минь залгаж хэлсэн. Тэр даруй талбай дээрээ очиход 40 орчим үхэр манжингийн навчийг идэж байхад нь ******* гэх эзнийг нь дуудаж малыг гаргуулсан. Тухайн үед *******т хандаж малаа сайн харж байхыг захисан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манжингийн зэрлэг ургамал устгуулахаар хор цацуулж мал бүхий иргэдэд тариалангийн талбайн ойр орчмоос нүүхийг шаардаж хэлсэн.

Манжингаа хураах дөхүүлээд талбай дээрээ очиход *******ын үхэрнүүд дахин талбайд орж манжингийн бүх навчийг идэж дуусгасан учир манжингийн ургалт зогсож хураалт хийх боломжгүй болсон байсан. Ингээд бид хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж тариалсан ногоогоо хурааж авч чадаагүй хохирсон тул Хонгор сумын орлогч даргад мэдэгдэж хохирлын үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан. Миний хүсэлтийн дагуу Хонгор сумын Засаг даргын 111 дүгээр захирамжаар манжингийн талбайд учирсан хохирлыг тогтоох ажлын хэсгийг томилсон. Уг ажлын хэсгээс 2023.10.10-ны өдөр иргэн *******д 71,431,680 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлт гаргасан.

Иймд миний бие *******ын хариуцлагагүй байдлаас үүдэн түүний хариулгагүй малд тариалсан манжингаа идүүлж 71,431,680 төгрөгөөр хохирсон тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 1-р тал/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирж буусан өдөр адуу, хуц, ухна, үхэр гэх зэрэг мал байсан бөгөөд тухайн талбайд манжин тарьсан гэх ямар ч мэдээлэл өгөөгүй. Нэхэмжлэгч манжин тарьсан бол талбайг хашаажуулах, харуул хамгаалалт ойр орчмын айлуудад мэдээлэл хүргүүлсэн байх ёстой байсан. Ямар ч тийм зүйл байхгүй байсан. Тухайн мал орсон гэх үед миний бие гэртээ байгаагүй байсан. Манай үхрийг талбайд орсон гэж замд таараад үхрийн чинь зургийг авсан. Шүүхэд өгнө гэж хэлсэн. Тэр үед манжин тарьсан гэдгийг мэдсэн. Үүнээс хойш үхрээ хариулгатай болгосон. Нэхэмжлэлийн шаардлагад 40 тооны үхэр гэсэн боловч манайх тугалтайгаа нийлээд 30 үхэртэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 42-р тал/

            3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 17,857,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,573,760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 247,239.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал шүүхээс хариуцагч *******ыг малаа байнгын хариулга маллагаанд байлгахыг малчид, мал бүхий иргэдэд даалгасан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 111 дугаартай захирамжийг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчийн энэхүү эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан шууд шалтгаант холбоо байгаа эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

            ...Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа "...Тэрнээс хойш тариалангийн талбайг эргэж тойроход янзалсан хашааг мал оруулах зориулалт бүхийгээр дээш нь сөхөж багцалж боосон, зарим хэсгийг эвдэлсэн байсан." гэсэн тайлбар болон нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гэрэл зургийн тайлбартаа “ ... мал орохоос сэргийлсэн 4 эгнээ төмөр утсаар бэхэлсэн хашааг зориудаар дээш нь сойж малаа оруулж байна” /хх-ийн 15-р тал/ “.. мал орохоос сэргийлсэн 4 эгнээ төмөр утсаар бэхэлсэн хашааг зориудаар салгаж, мал орох жим гаргасан байна..” /хх-ийн 16-р тал/ гэж бичсэн,

мөн Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 11 дэх заалтдаа “...тайлбар зэргээс уг газарт байнгын харуул хамгаалалт байдаггүйгээс гадна уг газарт байрлалтай талбайгаа хашаалсан боловч эвдсэн хашааг тухай бүр нь янзлаагүй..." гэж дүгнэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч *******ыг түүний манжин тариалсан гэх тариалангийн талбайд хууль бус үйлдлээр санаатайгаар хашааг эвдэж мал оруулсан гэж тодорхойлсон ба харин шүүхээс энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

            ...Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар ******* нь тухайн тариалангийн хашааг зориудаар эвдсэн, мал орох боломжтой зай гаргасан гэж үзэх үйл баримт, түүний гэм буруутайг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна.

            4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тухайд: ...Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн үхрүүд нь удаа дараа талбайд орсныг баталгаажуулсан гэх хавтаст хэргийн 8-28 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрэл зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн буюу тухайн зургийг эх гэрэл зургаас нь шүүхээс үзлэг хийх замаар тэмдэглэлд тусгуулан хуулбарлан хэрэгт хавсаргах ёстой бөгөөд улмаар тухайн зургийг авсан огноо дугаар тодорхойлогдсон байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэх “Түрээсийн гэрээ” нь гэрээний гол нөхцөл болох тухайн түрээсэлж байгаа газар нь хаана байрлалтай, ямар хэмжээтэй, ямар зориулалттай, газрын эрхийн хэлбэр ямар болох /өмчлөх, эзэмших, ашиглах/, хэний өмчлөл, эзэмшил, ашиглах эрхтэй газар болох, газрын эрх хүчинтэй байгаа эсэх зэрэг нь тодорхойгүй, газрын эрхийг нотолсон баримт бичиг байхгүй, гэрээнд зурагдсан нэхэмжлэгч *******гийн гарын үсэг нь хэргийн материалд авагдсан бусад гарын үсэгтэй тохирохгүй байгаа зэргээс үзэхэд уг гэрээг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

            Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 88-90-р тал/

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохирол 71 431 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-ийн 1 хуудас/

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан /хх-ийн 42 хуудас/

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* *******той түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр 7 га тариалангийн талбайд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд манжин тарих, түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг байхаар тохиролцжээ.

3.2.Улмаар 2023 оны 07 дугаар сард шар манжин тарьсан, манжин тариалсан талбайд хариуцагч *******ын 30 гаруй тооны үхэр орж манжин идэж, гишгэж, талхалсны улмаас 7 га талбайгаас ургац хураах боломжгүй болсон, ******* нь энэ тухай орон нутгийн удирдлагад мэдэгдсэний дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 111 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн тариаланчийг байлцуулан ногооны талбайд ирж хэмжилт хийж, хохирлын үнэлгээ тогтоосон бөгөөд тэрхүү үнэлгээгээр мал орж идсэн талбай 7,1 га, тухайн 1 га-гийн ургац 8,000 кг, тухайн таримлын нэг кг-ын зах зээлийн дундаж үнэ 1,200 төгрөг, банкны хадгаламжийн сарын дундаж хүү 1.2 хувь, хугацаа 90-120 хоног гэж тооцон нийт 71,431,680 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. /хавтаст хэргийн 7 дугаар тал/

4.Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

4.1.Хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-аас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтэд ...мал орж идсэн талбай 7,1 га гэж дүгнэлт гаргасан байх ба нэхэмжлэгч ******* ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.1-д Түрээслэгч тал түрээслэж буй 7 га тариалангийн талбайг 7 000 000 төгрөгөөр түрээслэж байгаа болно... гэснээс үзэхэд манжин тариалсан талбайн хэмжээ зөрүүтэй байгаа нь тогтоогдож байна.

4.2. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.6, 20.2.10, 20.2.11-д тус тус зааснаар өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах; таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх, тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлж, иргэдийг ажлын байраар хангасан байх; талбайн түүх хөтлөх үүрэгтэй.

4.3 Хуульд заасан дээрхи үүргээ буюу өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах; таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх, тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа сум, дүүрэгтээ бүртгүүлсэн байх; талбайн түүх хөтлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, түүнчлэн манжин тарьсан талбайн хэмжээ зөрүүтэй  байхад анхан шатны шүүх гэм хорын хохирлын 25 хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

5. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэснийг үндэслэн хариуцагчаас хохирлын 15 хувь буюу 10 714 752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 60 716 928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* “...зохигчийн хэн аль нь буруутай” гэж дүгнэснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

7. Хариуцагч ******* шүүхэд “...Тухайн мал орсон гэх үед миний бие гэртээ байгаагүй байсан... Тэр үед манжин тарьсан гэдгийг мэдсэн. Үүнээс хойш үхрээ хариулгатай болгосон.” гэсэн, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “...манай үхэр 1 удаа орсон” гэсэн тайлбар гаргасан, хэргийн 18-20 талд авагдсан гэрэл зураг дээрхи үхрээс зарим үхэр манай үхэр мөн гэж зөвшөөрч байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрэл зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн буюу тухайн зургийг эх гэрэл зургаас нь шүүхээс үзлэг хийх замаар тэмдэглэлд тусгуулан хуулбарлан хэрэгт хавсаргах ёстой бөгөөд улмаар тухайн зургийг авсан огноо дугаар тодорхойлогдсон байх шаардлагыг хангаагүй байна” гэх,

Нэхэмжлэгч *******д учирсан эд хөрөнгийн хохирол хариуцагч *******ын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, ******* ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь гэм хорын хохирлыг үгүйсгэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэх “Түрээсийн гэрээ” нь гэрээний гол нөхцөл болох тухайн түрээсэлж байгаа газар нь хаана байрлалтай, ямар хэмжээтэй, ямар зориулалттай, газрын эрхийн хэлбэр ямар болох /өмчлөх, эзэмших, ашиглах/, хэний өмчлөл, эзэмшил, ашиглах эрхтэй газар болох, газрын эрх хүчинтэй байгаа эсэх зэрэг нь тодорхойгүй, газрын эрхийг нотолсон баримт бичиг байхгүй, гэрээнд зурагдсан нэхэмжлэгч *******гийн гарын үсэг нь хэргийн материалд авагдсан бусад гарын үсэгтэй тохирохгүй байгаа зэргээс үзэхэд уг гэрээг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нь үндэслэлгүй” гэх гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй  байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00363 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

 “... хариуцагч *******аас 17,857,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,573,760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“...хариуцагч *******аас 10,714,752 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,716,928 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 2 дахь заалтын “...хариуцагч *******аас 247,239 төгрөг” гэснийг, “186 386 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,240 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН

 

                                            ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ

                        

                                                                                                   Р.ҮҮРИЙНТУЯА