Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

Хохирогч Б.Энхжаргал

Шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ид холбогдох эрүүгийн 1809026961035 дугаартай 185/2019/0289/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Цогт овогт Д.И

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.И нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны 5 дугаар байрны 210 тоот өрөөнөөс хохирогч Д.Бямбын эзэмшлийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 681.948 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар дэлгүүрийн орчимд иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн унадаг дугуйг “Улсын бүртгэлийн ерөнхий газар руу унаж яваад ирье” гэж хууран авч 888.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И мэдүүлэхдээ: Би иргэний бүртгэл орчихоод ирнэ гэж хэлээд Энхжаргалын унадаг дугуйг унаад явсан. Бямбаагийн нөүтбүүкийг хэрэглэчихээд өгье гээд авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б. Энхжаргалд одоо 1 сая төгрөгийг өгөхөд бэлэн байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: Би ажилтан авахаар зар тавихад Д.И ирсэн. Амьдрах газар байхгүй гэхээр нь сэтгэл гаргаад энэ хүнийг өөрийнхөө хашаанд буулгасан. Тухайн үед түр ажилтаны гэрээ байгуулсан. Иргэний үнэмлэхээ аваад ирье гээд миний дугуйг унаад алга болсон. Удаа дараа дугуйг аваад ирээ гэж хэлсэн боловч би завгүй байна гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд авчирч өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Би Өвөрхангай аймгийн Өлзийт сум руу хаягаар нь хайсан боловч хаягандаа байхгүй Иш байсан. Энэ хүний хойноос зөндөө явсан. Миний дугуй Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Жиант маркийн уулын дугуй байсан. Би 2 800 000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Ядаж 2 сая төгрөг өгвөл би хохирлоо төлөгдсөн гэж үзнэ. Одоо миний хохирол төлбөр төлөгдөөгүй. 1 сая төгрөгийг бол авахгүй гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бямбаа /хх-ийн 6-8/, хохирогч Б.Энхжаргал /хх-ийн 43-45/, яллагдагч Д.И /хх-ийн 52/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Бямбаагийн зөөврийн компьютерыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/, хохирогч Б.Энхжаргалын унадаг дугуйг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/, шүүгдэгч Д.Иийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Цогт овогт Д.И нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны 5 дугаар дотуур байрны 210 тоот өрөөнөөс хохирогч Дорждэрэмийн Бямбын эзэмшлийн Lenovo брэндийн  i5 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 681.948 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гутлын 22 дугаар дэлгүүрийн орчимд хувиараа хөлсний ажил хийж байхдаа хохирогч Бямбасүрэнгийн Энхжаргалын эзэмшлийн Giant брэндийн унадаг дугуйг “Улсын бүртгэлийн ерөнхий газар руу захиалсан иргэний үнэмлэхээ авчрахаар явахдаа унаж яваад ирье” гэж хуурч, хохирогчид урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилан 888.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед намайг байрнаас гараад явж байхад Иш зөрж өрөөнд ороод өрөөний хүүхдэд миний нөүтбүүкийг 310 тоотоос ирж аваарай гэж хэлээд нөүт бүүкийг аваад явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

 

Хохирогч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр залуу өөрийгөө Дандар гэж танилцуулаад иргэний үнэмлэхээ алга болгосон байсан ба иргэний бүртгэлээс маргааш ирж аваарай гэсэн гээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Зуун айлын иргэний бүртгэл орчихоод ирье гээд миний JIANT брэндийн унадаг дугуйг гуйхаар нь би өгөөд явуулсан ба уг залуу тэр чигтээ алга болсон. Тэр залуу 94018189 гэсэн дугаартай байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны 16-17 цагийн алдад яваад очьё гэсэн. Тэгэхээр нь ирэх байх гэж хүлээсэн чинь тэр чигтээ ирээгүй, тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөлд гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

 

Яллагдагч Д.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зөөврийн компьютерыг нь аваад 2-3 хоногийн дараа Төгөлдөр төвийн 1 давхарт байх ломбарданд найз Барсболдын иргэний үнэмлэхээр нь 280.000 төгрөгийн барьцаанд тавьсан.; ...тухайн үед надад 100.000 төгрөгийн хэрэг болоод байхаар нь тэр дугуйг фэйсбүүк зараас унадаг дугуй авна гэсэн хүний дугаарыг харж байгаад 100.000 төгрөгеөр зараад мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

 

хохирогч Д.Бямбаагийн зөөврийн компьютерыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/, хохирогч Б.Энхжаргалын унадаг дугуйг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Иийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, мөн бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал буюу амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай санаа зорилго нөлөөлжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Иийн өмгөөлөгч Б.Баасандорж нь хулгайлах гэмт хэргийг Д.И нь үйлдээгүй. Д. Бямбын эзэмшлийн зөөврийн компъютерийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг биш залилах гэмт хэрэг юм. Учир нь Д.Инь хохирогч Д. Бямбыг урьд таних бөгөөд нэг нутгийнх, тэр өдөр Бямбын амьдардаг дотуур байранд очиж түүнтэй уулзсан. Дараа нь түүнийг байхгүйд өрөөнд нь цуг байдаг хүүхдэд хэлээд авсан. Тэгэхээр энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан үйлдэл бөгөөд энэ үйлдэл болон Б. Энхжаргалын дугуйг авсан үйлдэл нь хоёулаа цугтаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой гэв.

         

           Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмч хөрөнгө, эд зүйлийг захиран зарцуулах ямар ч эрхгүй этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг.

           Ингэхдээ уг этгээд нь тухайн эд хөрөнгийг нууцаар авч байгаа арга нь субъектив ойлголт бөгөөд өнөөдрийн Д. Иийн хэргийн жишээн дээр хохирогч           Д.Бямбын эзэмшлийн зөөврийн компъютерийг хулгайлж авахын тулд тэрбээр өрөөнд нь очиж түүнтэй эхэлж уулзан компъютер энд байна гэдгийг лавтай сайн мэдэж, компъютерийн тухай ямар нэг яриаг хохирогчтой огт үүсгээгүй бөгөөд түүнийг өрөө байрнаасаа гарч явмагц зөрж өрөөнд нь орж цугтаа нэг өрөөнд амьдардаг хүүхдийг нь үл тоомсорлон компъютерийг авч явж бусдад зарж худалдан өөрт ашиг олсон үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг мөн байна.

 

           Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах гол онцлог нь бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авахаас гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа ялгагдана.

 

           Хохирогч Б. Энхжаргалын унадаг дугуйг залилан авсан үйлдлийн хувьд шүүгдэгч Д.Инь хохирогчтой рестораны засал чимэглэл, засварын ажлыг хамт хэдэн хоног хийж итгэлийг нь олсны дараа хууран мэхэлж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлджээ.

 

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Д.Инь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах, залилах 2 төрлийн гэмт хэрэг үйлдээгүй зөвхөн залилах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчлөх шаардлагатай гэж гаргасан санал нь дээр дурдсан байдлаар няцаагдаж байна.

                       

            Иймээс шүүгдэгч Д.Иийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Б. Энхжаргалын зүгээс гомдолтой зэргийг харгалзан шүүгдэгч Д.Иид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Иийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.                     

 

Харин шүүгдэгч Д.Иийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй болно. 

 

Шүүгдэгч Д.И нь хохирогч Д.Бямбаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Харин залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хувьд хохирогч Б. Энхжаргал нь хэдийгээр унадаг дугуйгаа 2.8 сая төгрөгөөр үнэлж байгаа хэдий ч хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ийн үнэлсэн үнэлгээ /хх-ийн 94-95/-гээр 2014 онд үйлдвэрлэгдсэн 4 жил унаж хэрэглэгдсэн Giant брэндийн унадаг дугуйг     888.000 төгрөгөөр үнэлсэн байх ба хохирогч энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд эрх бүхий албан тушаалтанд хандан энэ талаар  санал хүсэлтээ албан ёсоор тавьж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан байна.

Иймд нотлох баримтын шаардлага хангасан болон эд зүйлд үнэлгээ хийсэн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Иээс 888.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхжаргалд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иийн урьдчилан цагдан хоригдсон 84  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.