Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2024/00036

 

 

*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

"Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   Миний аав ******* овогтой ******* ээж *******гийн нар нь 1972 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Сургуулиа төгсөөд аав ээж 2 Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ирж амьдарсан бөгөөд ээжийн ажиллаж байсан худалдааны байгууллагаас Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан тоот, Ү- улсын бүртгэлийн дугаартай м.кв орон сууцыг өгч эзэмшүүлж байсан гэдэг. Энэ орон сууцандаа амьдарч байгаад манайх 1999 оны 01 сарын 08-ны өдөр орон сууцаа хувьчлан авсан. 2002-2003 оны үед аав *******гийн ээж нь Ховд аймагт хүндээр өвчилж аав маань ээжийгээ харахаар түрүүлж яваад тэнд байх хугацаандаа өөрийнх нь бие муудаж ээж араас нь очиж аав, эмээ нарыг хамтад нь асарч байгаад Ховдод нэлээд удсан. Энэ үедээ ээж орон сууцаа гэж хүнд захиж түүнийг түр оруулаад явсан гэсэн. Аав маань удтал хүндээр өвчилж байгаад 2020 оны 10 сарын 26-ны өдөр нас барсан. Хүүхдүүд нь болох бид ирж очин байж байгаад миний бие дүү ын хамт Европын улсад олон жил амьдарч байгаад аавын бие муу байх үед би дуудагдаж ирж дүү маань тэндээ үлдсэн. Аавын ээж, бидний эмээ 100 гаруй насалж 2022 оны өвөл нас барсан.

Ийнхүү бид аав дээрээ ирүүт очуут байдаг байсан бөгөөд аав эхний жилүүдэд ээжийгээ асарч байсан бөгөөд дараа нь өөрийн бие нь муудаж тааруухан сайнгүй байсан учир хол газраас наашаа ирж чадахгүй байгаад нас барсан. 2019 оноос хойш цар тахал өвчин гарч байн байн хөл хорио тогтоогдож орон нутаг хооронд чөлөөтэй зорчин явах боломжгүй байсан учир энэ хооронд цаг хугацаа их алдагдсан.

Ээж маань одоо 74 нас хүрч байна. Өндөр настай болсон учир тодорхой он сар цаг хугацааг сайн санахгүй байгаа юм. Аавыг нас барсны дараа бид өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад улсын бүртгэлийн хэлтэст хандах гэтэл манай орон сууцны гэрчилгээ олдохгүй байсан учраас 2022 оны 05 сард өдрийн шуудан сонинд гэрчилгээгээ гээгдүүлсэн талаараа зар тавьж зарлуулаад Улсын бүртгэлийн хэлтэст хандаж дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн өргөдөл гаргахад Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 01/11485 дугаартай албан тоот ирүүлснээр манай орон сууцны гэрчилгээ эх хувиараа ******* гэгч хүнд хадгалагдаж байгааг мэдсэн.

Иймд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан тоот, Ү- улсын бүртгэлийн дугаартай м.кв орон сууцыг *******ын түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ. /хх 1-2-р тал/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

... миний бие 2007 онд Шарын гол сумын Хайрхан багийн 11 байр тоот 2 өрөө байрыг иргэн Д.гаас тухайн үеийн байр зарагдаж байсан хамгийн дээд ханш болох 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсны дараагаар Д. орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгсөн. Тухайн үед Д. гэж хүнтэй гэрээ байгуулаагүй шууд худалдан авсан. Тухайн оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 16 дахь жилдээ энэхүү орон сууцанд амьдарч байна.

Д.гаас худалдаж авсныхаа дараа тухайн байрны өмчлөлийг шилжүүлэх гэж тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх нэр бүхий , *******, ******* гэх хүмүүстэй холбогдох гэсэн боловч хаана оршин сууж байгаа нь болон ямар утсаар холбоо барих нь тодорхойгүй байсан учир холбогдож чадаагүй. Д. ч гэсэн надад байраа зарснаас нь хойш наад хүмүүстэй чинь огт холбоо бариагүй. Би ч бас хаана байгааг нь болон яаж холбоо барихыг нь мэдэхгүй гэсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс гэнэт надад *******ийн нэхэмжлэлтэй амьдарч буй орон сууцаа өг гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гардуулсан.

Нэхэмжлэгчид нь өмнөх 15 жилийн хугацаанд ч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч надтай огт холбоо барьж уулзаагүй. Нэг нь байраа зарж мөнгө авчхаад, нөгөө нь авсан байраа суллаж өг гэж байгаа энэхүү үйлдлийг миний бие залилах гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж байна.

Иймд миний бие Дархан-Уул аймаг, Шарын-гол сум, 1-р баг, Хайрхан 11-р байр, тоот орон сууцыг хуулийн дагуу худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 55-р тал/

3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...миний бие 2007 онд Шарын гол сумын Хайрхан багийн 11 байр тоот 2 өрөө байрыг иргэн Д.гаас тухайн үеийн байр зарагдаж байсан хамгийн дээд ханш болох 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсны дараагаар Д. орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгсөн. Тухайн үед Д. гэж хүнтэй гэрээ байгуулаагүй шууд худалдан авсан. Тухайн оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 16 дахь жилдээ энэхүү орон сууцанд амьдарч байна.

Д.гаас худалдаж авсныхаа дараа тухайн байрны өмчлөлийг шилжүүлэх гэж тухайн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх нэр бүхий , *******, ******* гэх хүмүүстэй холбогдох гэсэн боловч хаана оршин сууж байгаа нь болон ямар утсаар холбоо барих нь тодорхойгүй байсан учир холбогдож чадаагүй. Д. ч гэсэн надад байраа зарснаас нь хойш наад хүмүүстэй чинь огт холбоо бариагүй. Би ч бас хаана байгааг нь болон яаж холбоо барихыг нь мэдэхгүй гэсэн. Ингээд 2023 оны 04 сарын 04-ний өдөр шүүхээс гэнэт надад *******ийн нэхэмжлэлтэй амьдарч буй орон сууцаа өг гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гардуулсан.

Нэхэмжлэгчид нь өмнөх 15 жилийн хугацаанд ч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч надтай огт холбоо барьж уулзаагүй. Миний бие тухайн орон сууцыг бусдыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар өөрийн эзэмшилд аваагүй.

Зохих төлбөрийг төлөн шударгаар тус байрыг өвч өнөөдрийг хүртэл 16 жилийн турш халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан, сөх, хог тээвэр зэрэг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 89-р тал/

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. нь дураараа загнаж байрыг дур мэдэн т зарсан байна. нь гаас байр худалдан авсан гэж яриад байгаа боловч олон хүний өмчлөлд бүртгэлтэй гэрчилгээг нь харсаар байж орон сууцанд орсон шудрага эзэмшгчээр тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй. нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө манай ээжийг нөхрөө нас бархаар нь хүүхдүүдээ аваад шилжээд явсан, байраа надад зарсан гэж худал мэдүүлсэн байна. Аав маань ар гэрийн гачигдлаар Ховд аймаг руу явж ээжийгээ олон жил асраад, дараа нь өөрөө өвдөж ирж чадалгүй байж байгаад 2020 онд нас барсан байхад худлаа хэлж бусдад буруу ойлголт төрүүлж орон байрыг маань зарсан байна. хариуцагч тай учраа олох хэрэгтэй байх. нь манай байранд олон жил амьдран суухдаа өөрийн гэр бүлийн ая тавтай байдлаа  хангах үүднээс байранд засвар хийсэн байх боломжтой ч энэ засварын зардлыг би хариуцаж төлөх үндэслэл байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх 118-р тал/

            5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын гаргасан *******ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоотод байрлах ,0 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоотод байрлах ,0 мкв талбай бүхий орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр хариуцагч *******ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Наранчимэг, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд би гомдолтой байна.

...аав М.******* нь ******* *******, , ******* нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Миний аав Ховд аймагт хүнд өвчнөөр өвдөж хэвтэрт байж байгаад 2020 оны 10-р сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд 2022 оны 05-р сарын 10-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* миний бие Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1-р баг, Хайрхан 11-р байрны тоот ,0 м.кв 2 өрөө орон сууцыг өвлөн авсан.

Миний ээж ******* нь бөөрний хагалгаанд ороод мөн л хэвтэрт байдаг, ... өөрийн орон байраа Д. гэгчид захиж орхиод дулаан цахилгааны гэрээ хийх шаардлага гаргах юм бол энэ гэрээг үзүүлээрэй гэж орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ үлдээснийг хожим нь Д. буруугаар ашиглаж орон сууцыг хууль бусаар *******т худалдсан байх юм.

            ******* нь тухайн орон сууцыг Д.гаас 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан, Д. нь тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг дараа нь чамд шилжүүлэн өгнө гэж хэлсэн гэсэн тайлбарыг шүүхэд гаргадаг. ... ******* нь анхнаасаа орон сууцыг нэхэмжлэгчид бидний өмч гэдгийг мэдсээр байж орон сууцыг худалдан авч амьдран суусан нь тодорхой шүү дээ.

            Гэтэл анхан шатны шүүх *******ыг 15 жил орон сууцыг эзэмшиж ирсэн учраас тухайн орон сууцны өмчлөгч байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь өмчлөгч бидний эрх ашгийг хохироож байна.

            Мөн нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзээд Иргэний хуулийн 105 дүгээр зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж үзэж *******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

            Тэгвэл Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1-д “... Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж тайлбарлаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Бид өөрийн өмчлөлийн орон сууцыг ******* гэж хүний эзэмшилд очсон гэдгийг улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээгээ шинээр гаргуулан авах гэж хөөцөлдөж явахдаа л мэдсэн. Эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш л зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж шүүхэд хандаж өнөөг хүрсэн.

           Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бидэнд хөөн хэлэлцэх хугацаа огт хамааралгүй байхад “хөөн хэлэлцэх хугацаа хамаарна“ гэж хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх187-188-р тал/

7.Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий, бүрэн дүүрэн үнэлж дүгнэлт хийлгүй шийдвэр гаргаснаар нэхэмжлэгч биднийг хохироосон дээр нь хохирсон шийдвэр гаргаж, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хангаж, бидний хөрөнгийг хууль зөрчин эзэмшилдээ шилжүүлэн эзэмшсэн олон жилийн хуулийн дагуух бус үйлдлийг улам өөгшүүлэн дэмжиж өмчлөгч болгон шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

            7.1.Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн тухайд:

...Өмчлөгчийн талаарх ийм тодорхой мэдээлэл бүхий нотлох баримт буюу 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмчлүүлж, улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдэн, 00 дугаар гэрчилгээ нь 2007 оноос өнөөг хүртэл нэхэмжлэгч бидэнд өгөхгүй, хариуцагч *******ын гарт байсаар, өмчлөгч нарын мэдээлэл тодорхой байсаар байхад өөрөө болон эрх бүхий байгууллагад нь хандаж эрэн сурвалжлах болон өөр бусад арга, журмаар бидэнтэй холбогдолгүй хугацааг алдагдуулж, сунжруулсан нь эргэлзээтэй. Биднийг эрж хайсан гэж ярьдаг ч түүнийгээ нотлоогүй.

            Бидний өмчлөх эрх бол хуулийн дагуу баталгаажсан, эрх бүхий байгууллагын бүртгэлд бүртгэлтэй, нотлох баримтаар нотлогдох тул хууль ёсны өмчлөгч нар болох нь нэгэнт маргаангүй юм.

            7.2. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн 10 дахь хэсэгт: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.1, 76.1. 76.2 гэх мэт зүйл, заалтуудыг хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, татгалзал тайлбарын үндэслэл, маргаантай холбон бичсэнээс үзэхэд нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн гэж ойлгож нэхэмжлэгч бид гомдлын нэг үндэслэлээ гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн дүгнэлтэд “дурдагдсан” Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1т заасныг хэсэгчлэн, ишлэн авч дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны хуулийн зохицуулалт хамаарах эсэх.

            Хамаарахгүй гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэсэн тусгай хугацаанд гэрээний бус үүрэгтэй холбоотой маргааны үйл баримт болох нь тогтоогддог учир үл хамааралтай байна.

            Тиймээс нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа маргааны үйл баримтад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах нь ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, хуулийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...” гэсэн зохицуулалтыг шүүх мөн л дурджээ.

            Анхан шатны шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацааг хэдийнээс хэрхэн тоолж тогтоосон ойлгомжгүй, энэ тухай дүгнэлт хийгүй орхигдуулсан. Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн эсхүл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолдог.

            Гэтэл хэргийн үйл баримт, хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар өмчлөх эрхтэй зарим нэхэмжлэгч нарын хувьд эцэг, эхийнхээ хөрөнгийг өөрсдөө мэдэж эрхээ хэрэгжүүлдэг тэд л мэддэг гэж байсан хэдий ч тэдний аав нас барж өв нээгдэх үед Дархан-Уул аймгийн 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмчлүүлсэн Дархан-уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот орон сууцны баримт бичиг үрэгдсэнийг зарлуулж, эрх бүхий байгууллагад хандсанаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг олж тогтоосноор тэдний шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бий болсон учир ийнхүү шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа билээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг нотолсон баримтууд хэрэгт хангалттай цугларсан боловч түүнийг шүүгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үнэлж, дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрч чадахгүй.

            7.3.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн тухайд:

            1.Шүүх шийдвэрийн дүгнэлтийн болон тогтоох хэсэгтээ -Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.т “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй, -хуулийн 106 дугаар зүйлийн 106-т "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэснийг үндэслэл болгон шийдвэрлэжээ.

Маргааны зүйл болох Дархан-уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот орон сууцны өмчлөгч нь гомдлын 1дэх хэсэгт дурдсанаар эрх бүхий байгууллагын бүртгэлд өнөөг хүртэл бүртгэлтэй байгаа нь хэргийн нотлох баримтад байгаа “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 24- ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Дархан-уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот орон сууцыг дундын өмчийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмчлүүлж, улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдэн, 00 дугаар гэрчилгээ”-ээр нотлогдон тогтоогдоно.

Энэхүү бүртгэл болон гэрчилгээг хэн ч, хэзээ ч хаана ч бүртгэлээс хасаагүй, бүртгэлийг нотлох гэрчилгээг хүчингүй болгоогүй учир нэхэмжлэгч нар буюу өмчлөгч нь хууль ёсны байсаар л байна.

            2.Гэрч Д. тухайн үед *******оос дээр дурдсан хөрөнгийг хөрөнгийг худалдан авч өөрийгөө өмчлөгч хэмээн нэрлэх” боловч мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт байхгүй. Ийнхүү хөрөнгийн эрхийг авсан гэдгийг нотолсон ч хуулийн дагуу эрх нь үүсэх хууль зүйн боломжгүй.

            З.Хариуцагч ******* нь уг хөрөнгийг хадгалуулсан гэх Д.гаас хууль зөрчин өөрийн эзэмшилдээ шилжүүлэн, өмчлөгч нарын талаарх гэрчилгээнд тусгагдсан хувийн дэндүү тодорхой мэдээллээр хайх бүрэн боломжтой боловч холбогдох хуульд заасан арга, журмаар иргэнийхээ эрх, үүргийг хэрэгжүүлээгүй атлаа энэхүү эрх, үүргээ бусдыг хэрэгжүүлээгүй байна хэмээн “хэнэгүйхэн” мэтгэлцэж, “өмчлөгч” хэмээн өөрийгөө тогоолгоод зогссонгүй, өмчлөгчдийн тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох баримт болох гэрчилгээг хүртэл эх хувиар нь “хууль зөрчин хадгалсан” нь дээр дурдсан хуулийн заалтад дурдсан “...эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш...” гэсэн хугацааг “андууран” хүлээж хуулийг буруу зөрүү ойлгож явж дээ гэж хардах нөхцөл байдлууд нь хариуцагч талын тайлбар, татгалзлаас ажиглагдана.

            4.Анхан шатны шүүх нь нэгэнт “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Дархан-уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот орон сууцыг дундын өмчийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмчлүүлж, улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдэн, 00 дугаар гэрчилгээ” нь олгогдож одоо ч эрх бүхий байгууллагын бүртгэлд хэвээр байсаар байхад “*******ыг өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн” нь хэргийн бодит үнэн,дүл нийцсэн, маргааны үйл баримт, цугларсан нотлох баримтын хүрээнд бус ... нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.

            -1991 оны 5 сарын 31 -ний өдөр батлагдсан Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно” гэснээр 00 дугаар гэрчилгээ олгож,

            -2002 оны сарын өдрийн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмчлүүлж, улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдсэн.

Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл үнэн зөв байх үндэслэлийг

            -Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 -д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно\

            -2018 оны 6 сарын 21 -ны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” гэх мэт хуулийн зохицуулалтын хүрээнд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч буюу нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаа төдийгүй эрхийн бүртгэл нь хүчин төгөлдөр байна.

            Харин ч өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх, ялангуяа эрхийг гэрчлэх нотлох баримтаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3-т “гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан гэх үндэслэлээр эрхээ хэрэгжүүлж байсан түүнийг нотлох баримт нь дээрх нөхцөл байдлыг давхар нотолж байна.Гэтэл анхан шатны шүүх нь тодорхой, ойлгомжтой байгаа маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хүчин төгөлдөр байдлыг ямар үндэслэл, нотлох баримт, үйл баримтаар үгүйсгэн няцааж байгаагаа хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй ийнхүү шийдвэрлэсэн, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад “...орон сууцны өмчлөх эрхийн улс бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр ШИЛЖҮҮЛЭН бүртгэхийг даалгуулах тухай” шаардлагыг шүүх “...орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт...’' гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, ийнхүү өөрчлөлт оруулж буй үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах, нотлох баримтыг үнэлэх гэх мэт хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэнгүй.

            Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 1-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй, шийдвэрийн 1 дэх заалтын хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй хангаж шийдвэрлэснийг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэхүү заалтад нэхэмжлэгч нарын гаргасан “Дархан-уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. /хх 190-194-р тал/

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан "Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,

хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /хх 1-3х, 144х/

Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан /1х 55, 118х153, 154х/

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

   3.1. М.******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн тоотод байрлах, м.кв сууцны талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1995 оноос гэрээний үндсэн дээр хөлслөн амьдарч байсан, улмаар Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор хувьчлан авсны үндсэн дээр 1999 оны 01 сарын 08-ны өдөр олгосон 00 ДА дугаартай гэрчилгээгээр М.*******, *******, *******, , ******* нарт өмчлүүлж улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 11, 13-16, 71 дүгээр хуудас/

   3.2. Хамтран өмчлөгч М.******* нь 2020 оны 10 сарын 09-ний өдөр нас барсан, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 0028 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр *******т Дархан-Уул аймгийн Шарын гол сум 1 дүгээр баг, Хайрхан тоот, ,0 м.кв орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэг 20 хувь, өвлөгчид оногдох хэсэг 20 хувь, бусад өвлөгчдийн мэдээллээр 1 жил өнгөрсөн тул татгалзсанд тооцож хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх-ийн 8 дугаар хуудас/

   3.3. Нэхэмжлэгч ******* тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин авахаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 01/1485 дугаартай албан бичгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байх бөгөөд тус албан бичигт ... холбогдох бүртгэлийн мэдээллийг хянах явцад таны үрэгдүүлсэн гэх гэрчилгээ иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд тус хаягт бүртгэлтэй иргэн *******т эх хувиар хадгалагдаж байгаа нь тогтоогдсон тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3-т заасан үндэслэлээр гэрчилгээг хүчингүйд тооцож дахин олгох боломжгүй, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийн эх гэрчилгээнд бичигдсэн дугаар өдөр тутмын мэдээлэлд зарлуулсан зар болон өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дугаараас зөрүүтэй болох нь тогтоогдсон гэжээ. /х.х-ийн 12, 18-20, 35 дугаар хуудас/

4. Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

   4.1. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.” гэж дүгнэн *******, *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

   4.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...дууссан үеэс үүснэ.” гэж тус тус хуульчилсан.

   4.3. Маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцны өмчлөгчийн нэг болох М.******* нас барж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчдийн нэг болох нэхэмжлэгч *******т уг 2 өрөө орон сууцны М.*******д ногдох хэсэг болох 20 хувийг өвлүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өвлөх эрхийн 28 дугаар гэрчилгээг олгосон хугацаанаас нэхэмжлэгч *******ийн шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна.” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. / х.х-ийн 8 дугаар хуудас /

   4.4. Иймд хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын *******т холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Анхан шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч *******ын тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

5.1. Хариуцагч ******* нь тус орон сууцыг Д. гэгчээс тухайн үед худалдан авсан гэж, гэрч Д. нь ... 2000 онд н. гэдэг хүнээс худалдан аваад байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй. Тухайн байранд 7 жил амьдраад 2007 онд *******т зарсан. нь байрны бичиг баримтуудыг бүгдийг нь надад өгч байсан... гэж мэдүүлсэн, харин нэхэмжлэгч нар нь амьдралын шаардлагаар өөр орон нутагт шилжих болсон тул өөрийн танил Д.д орон сууцаа харж хамгаалуулахаар үлдээсэн гэж тус тус тайлбарладаг болно. /х.х-ийн 65-66 дугаар хуудас/

5.2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж,

Мөн хуулийн  110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хоруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус хуульчилсан.

5.3. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжих ба уг хэлцэл болон шаардлагатай баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд  бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсний улмаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдох ба үүний улмаас өмчлөх эрх нь баталгаажих журамтай бөгөөд хариуцагч ******* нь маргааны зүйл болж буй орон сууцыг Б.гаас худалдан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ тухай бичгээр хэлцэл байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар өмчлөх эрхийг хуульд зааснаар шилжүүлэн аваагүй, түүнд өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүй байна.

5.4. Хариуцагч ******* нь 2008 оноос хойш тус орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа нь нотлогдож байгаа боловч эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж, хуульд заасны дагуу өмчлөх эрх хариуцагч *******т үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

   Учир нь маргааны зүйл болж байгаа 2 өрөө орон сууц нь эзэнгүй үл хөдлөх хөрөнгө биш, харин М.*******, *******, *******, *******, нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хариуцагч *******ын гаргаж ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.  /х.х-ийн 71 дүгээр хуудас/

   5.5.  Маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууц нь эзэнгүй үл хөдлөх хөрөнгө байсан бол эзэмшилд байсан хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна.” гэж заасны дагуу хариуцагч  *******т өмчлөх эрх үүснэ.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь М.*******, *******, *******, *******, нарын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд тухайн өмчлөгч нар нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх шаардлага үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх *******т үүсэх ба харин өмчлөх эрх үүсэхгүй юм.

Мөн ******* нь Д.д 2000 онд тус орон сууцыг худалдан борлуулсан гэж гэрч Д. мэдүүлж байгаа боловч тухайн үед маргаж буй орон сууцны бусад өмчлөгч, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс бичгээр зөвшөөрөл аваагүй байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Н.ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын гаргасан *******ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоотод байрлах ,0 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын гаргасан *******ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоотод байрлах ,0 мкв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,  хариуцагч *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан тоотод байрлах ,0 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Наранчимэг, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгосугай.” гэснийг

“нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж өөрчилж”, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

    4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

    

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

 

                                                                                                    Р.ҮҮРИЙНТУЯА