| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0116/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/121 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч, хяналтын прокурор Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1838001370443 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.А.
Шүүгдэгч Н.А- нь 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Г-ийн 120 хонийг худалдан борлуулсны дараа мөнгийг нь өгнө гэж хууран авч 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух иргэн О.Ц-ээс 10.000.000 төгрөгөөр 200 хонь худалдаж аваад 8.800.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 12 хонины 960.000 төгрөгийг өгөлгүй залилсан,
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн П.Т-ын 45 тооны хонийг Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух ах П.Б-ээс нь худалдаж аваад мөнгийг нь өгөлгүй 3.825.000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А- нь шунахайн сэдэлтээр 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Г-ийн 120 хонийг худалдан борлуулсны дараа мөнгийг нь өгнө гэж худал хэлэн хохирогч Б.Г-аас 6.600.000 төгрөгийн үнэ бүхий 120 тооны хонийг залилан авсан,
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух иргэн О.Ц-ээс 200 тооны хонийг 10.000.000 төгрөгөөр бодож зээлээр худалдаж аваад 8.800.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 12 тооны хонины үнэ 960.000 төгрөгийг өгөхгүй “мөнгийг нь дараа шилжүүлнэ” гэж худал хэлж залилсан,
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шунахайн сэдэлтээр иргэн П.Т-ын 45 тооны хонийг Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух ах П.Б-ээс нь “мөнгийг нь удахгүй шилжүүлнэ” гэж худал хэлж аван түүнд 3.825.000 төгрөгийг өгөлгүй залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-20 дугаар хуудас/,
Хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ах над руу залгаад Дархан-Уул аймгийн Мах импекст ажилладаг А- гэх хүн мал аваад явж байна энэ хүнд өгчих үү гэхээр нь боломжтой хүн юм уу гэхэд боломжтой юм шиг байна гэхээр нь өгчих гэсэн. Тэгээд 4 хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирээд мөнгө дуусчихлаа, та малаа өгөөд явуулах уу би удлаа гэхэд 7 хоног, удлаа гэхэд 10 хоногийн дотор дансаар шилжүүлье гээд ах маань зөвшөөрөөд миний малаас нийт 45 эр хонь ялгаад өгч явуулсан байсан. Ах нэг хонийг 88.000 орчим төгрөгөөр бодож өгсөн байсан. 2017 оны 11 дүгээр сар болсон юм. Ах намаржаандаа нүүх үеэрээ над руу залгаж ах нь намаржаандаа гарлаа гэрт утасны сүлжээ барихгүй юм чинь чи энэ хүнтэйгээ холбогдоорой, залгахаар утсаа авахгүй эсхүл холбогдохгүй байгаад байна. Төв суурин газар байдгаараа холбоо бариад бай гэсэн юм. Хэд хоночихоод л байн байн залгаад яахав гэж бодоод 7-10 хоноод л нэг удаа залгахаар утсаа авахгүй байдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1 хонийг 88.000 орчим төгрөгөөр бодож нийт 4.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А-ийг буцахад би 150 хонь, 4 үхэр, 2 морь зарсан юм. Тухайн үед надад мөнгө дууссан гээд мөнгө өгөөгүй, удаахгүй мөнгийг явуулна гэж хэлээд явсан юм. А- явсныхаа дараа 7 хоногийн дараа 2 морины мөнгө, 10 эр хонины мөнгийг явуулсан байсан. Бусад малынхаа мөнгийг авах гэж залгахаар жаахан хүлээж бай гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа авдаггүй болсон. Мөнгөний хэрэг болоод би Дархан-Уул аймаг орж 2018 оны 02 дугаар сард очиж уулзах гэж очсон. А- нэг хүүхэнтэй уулзсан юм. Тэр хүүхэн та нарын мөнгийг би өгнө гэж хэлээд надад утсаа өгсөн юм. А- тэр Төрийн банкнаас надад 1.000.000 төгрөг авч өгсөн юм. Тэгээд мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн. Би одоо 120 эм хонины мөнгө буюу 6.000.000 төгрөг авч чадаагүй байна. Би А-ээс хаягийг нь асуухад хуучин Дарханы “Толгойтын ар” гэдэг юмнаас өөр юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас А- гэж хүн ирээд мал мах авч эхэлсэн. Тэр хүнд мөнгөний хэрэг болоод би 200 эр хонь өгөхөөр болоод уулзахад А- гэж хүн одоо надад мөнгө байхгүй хэд хоногийн дараагаар мөнгө ороод ирнэ гэж хэлээд байхаар нь 200 эр хонь зээлээр өгсөн. Мөнгийг нь 10 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж тохироод гэрээ хийлгүй хонио өгчихсөн юм. Түүнээс хойш холбоо барилгүй явж байгаад А- гэж хүн надад 8.800.000 төгрөг өгсөн. Надад 10 сая төгрөг өгөхөөс 1.200.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Одоо болтол миний мөнгийг өгөөгүй явж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай төрсөн дүү болох Т-ын мал нь манайд байдаг юм. Т-т би энэ жил хатуу жил болж магадгүй малаа яах юм бэ гэж би хэлсэн юм. Тухайн үед Т- мал худалдан авч байгаа хүн байвал зарчихаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай хамаатны ахын дүү Г-тай хамт Дарханаас ирж мал авч яваа А- гэх хүн байна гэхээр нь дүү Т-ын 45 тооны эр хонийг өгөөд явуулсан юм. Тухайн үед 4.000.000 төгрөг болох юм байна гээд манай дүүгийн хонийг туугаад явсан юм. Одоо залгаж мөнгөө авах гэхэд утсаа авахгүй байгаа юм. Манай ахын хүү Г- мөн мал өгөөд мөнгөө авч чадаагүй байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Б.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “А- ах Түнэл сумаас мал авах гэж байна мал нядалж өг гэхээр нь наашаа хамт ирсэн юм. Тэгтэл А- ах өмнө Баянзүрх гэдэг газраас хүмүүсээс мал аваад мөнгийг нь өгөөгүй залилсан гэсэн хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Би энэ талаар мэдээгүй байж байгаад сая л мэдлээ. Хорхойд хоргүй хүн байгаа юм. Манай эхнэр Отгонтуяагийн төрсөн ах Н.А- нь Хөвсгөлөөс мах аваад зарж борлуулсан гэж сонссон. Тэр үед Дархан-Уул аймгийн хогийн хонхорын хажууд өвөлжөөний хашаа барьсан. Өөрөөр хэлбэл малын хашаа барьсан юм. А- ах өөрөө мал маллаж амьдардаг болохоор тэр хашааг барьсан юм. Мах зарсан мөнгөнөөсөө ойролцоогоор 3-4 сая төгрөгөнд барьсан байх. Бусад мөнгөө яасан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан махаа зарж борлуулаад мөнгө болгосон гэдгийг мэдэж байна. Эхнэр нь утсаар ярихдаа махны зарим мөнгийг ахуй амьдралдаа хэрэглээд дуусчихсан, хүн юм чинь мөнгө хэрэглэдэг юм байгаа биз дээ гэж байсан. Бусад мөнгийг нь өөр хүнд банкны эргэлтэд оруулаад авч чадахгүй байгаа гэж байсан. 200-300 толгой бог мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би А- гэж залууг одоогоос 2-3 жилийн өмнөөс эхэлж таньдаг болсон. Манай нутгаар мал авч яваад би мал зарж танилцаж байсан юм. Надаас мах авдаг байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.А- нь манайд хоёр хүргэнтэйгээ ирээд надаас 5 шар, 3 адуу худалдаж авахаар болж би 10 сая төгрөгөнд 5 шар, 3 адуугаа зарсан юм. Мөрөнгөөс цагдаа яриад А-ийг би хүний мөнгийг өгдөггүй юм байна гэж бодоод Мөрөнд ирж 5 шар, 3 адууныхаа мах, арьс ширийг буцааж авсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. А-ийг сайн мэдэхгүй. Их худлаа ярьдаг болсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Хохирогч О.Ц-ийн 12 толгой эр хонийг 960.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57 дугаар хуудас/,
Хохирогч П.Т-ын 45 толгой хонийг 3.825.000 төгрөгөөр, хохирогч Б.Г-ийн 120 толгой эм хонийг 6.600.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би ...2017 оны 09 дүгээр сарын эхээр байх хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, Хөвсгөл аймгийн Баянзүрх сум орж өөрийн танил залуу болох Г-аас нийт 120 эм хонь худалдаж авахаар болоод нэг хонийг нь 50.000 төгрөгөөр бодож нийт 6.000.000 төгрөгийг Дархан ороод махыг нь зараад мөнгийг нь явуулчихъя гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан. Мөн би Баянзүрх сумын иргэн О.Ц-ээс 100 хонь аваад 12 тооны хонины мөнгө өгөх байсан. Түүнийг мөн адил Дархан ороод явуулъя гэж хэлсэн. Ингээд би Дархан-Уул аймаг руу авсан малаа туугаад замдаа явж байгаад Агараас 45 тооны хонь, 17 ямааг Б- гэж хүнээс худалдаж аваад 17 ямаааных нь мөнгийг өгөөд хониных нь мөнгийг өгөлгүй Дархан-Уул аймаг руу явсан. Дарханд очоод худалдаж авсан малаа нядлаад хүнсний зах дээр аваачаад ченж нарт зарсан. Би тухайн үед махыг маань худалдаж авсан ченж нарын нэрийг нь мэдэхгүй. Таарсанд нь өгчихсөн. Махаа зараад нийт 21-22 сая төгрөг болгоод уг мөнгөний зарим хэсгийг би амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн. Би мал авсан хүмүүстээ мөнгийг нь өгөх гэсэн боловч нэг сард өгөхөөр шийдээд Дархан-Уул аймгийн антеннтай толгойд өвөлжөөний мал хаших зориулалттай хашааг 3-4 сая төгрөгөөр барьж тэнд өөрийнхөө малыг маллаж өвөлжсөн. Тэгээд би зарим мөнгийг нь хүнд зээлээд авч чадахгүй байсан юм. Г-, Ц-, Б- нарын мөнгийг өгөх гэсэн боловч надад мөнгө байхгүй байсан болохоор би өгч чадаагүй юм. Тэгээд цагдаа нарыг дуудахаар нь би очиж чадахгүй байж байгаад эрэн сурвалжлагдаж байгаад баривчлагдаж. ...Ц-, Г- нарын мөнгийг нь өгч хохирлыг нь барагдуулсан. Одоо Б-ийн хонины мөнгийг яаралтай гаргаж өгч хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Их дуугүй даруухан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Гэрч Ч.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Их даруу төлөв зантай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 128 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 146-151 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Н.А-ийн эзэмшлийн Дархан-Уул аймагт байрлах өвөлжөөний зориулалттай 12м.кв хашааг 4.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 155 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад иргэдийн гэнэн итгэмтгий байдал, шүүгдэгчийн хууль зүйн болоод ёс суртахууны мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Н.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.А- нь шунахайн сэдэлтээр 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Г-ийн 120 хонийг худалдан борлуулсны дараа мөнгийг нь өгнө гэж худал хэлэн хохирогч Б.Г-аас 6.600.000 төгрөгийн үнэ бүхий 120 тооны хонийг залилан авсан, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух иргэн О.Ц-ээс 200 тооны хонийг 10.000.000 төгрөгөөр бодож зээлээр худалдаж аваад 8.800.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 12 тооны хонины үнэ 960.000 төгрөгийг өгөхгүй “мөнгийг нь дараа шилжүүлнэ” гэж худал хэлж залилсан, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шунахайн сэдэлтээр иргэн П.Т-ын 45 тооны хонийг Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин суух ах П.Б-ээс нь “мөнгийг нь удаахгүй шилжүүлнэ” гэж худал хэлж аван залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-20 дугаар хуудас/, хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/, гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, хохирогч О.Ц-ийн 12 толгой эр хонийг 960.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57 дугаар хуудас/, хохирогч П.Т-ын 45 толгой хонийг 3.825.000 төгрөгөөр, хохирогч Б.Г-ийн 120 толгой эм хонийг 6.600.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Н.А- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, гэмт хэргийн
шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.А-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 5.445.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.А- нь хохирогч Б.Г-т 6.600.000 төгрөгийн, хохирогч О.Ц-эд 960.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлж эвлэрлийн гэрээ /хх-ийн 95 дугаар хуудас/ байгуулсан, хохирогч П.Т-т 3.825.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Н.А-ийг хохирогч Б.Г-, О.Ц- нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс 3.825.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Т-т олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Н.А-ийн дээрх 3 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирогч нараас уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлага гаргасан, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид “...800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай байна” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяраас “торгох ялыг дэмжиж байна, доод хэмжээнд нь ойртуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.А- нь “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад 5.445.000 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзан хуульд заасны дагуу торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А-ийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 26 хоног баривчилж, цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 390 /гурван зуун ер/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хасах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 390 /гурван зуун ер/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.А-ээс 3.825.000 /гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Т-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.А-ийн Дархан-Уул аймагт байршилтай 12м.кв өвөлжөөний зориулалттай дугуйгаар барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ