Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2024/00037

 

"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:\

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/00307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6,425,645.36 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...*******, ******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******тай ЗГ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хуувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийг хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,016.33 төгрөг нийт 6,425,645.36 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-р тал/

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Баттулгын татгалзал, тайлбарын агуулга:

...2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр миний бие хүсэлт гаргасан үед уг хэргийг шийдвэрлэсэн бол ийм их хүү цугларахгүй мөн өдийд маш бага төлбөр үлдсэн байх байсан учраас энэ нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэжээ. /хх-ийн 25-р тал/

            3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 4,277,473.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,148,171.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,760.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 83,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж гомдол гаргаж байна.

Шийдвэрийн 4 дэх хуудасны 4 дэх догол мөрөнд: Хариуцагч нь дээрх өөрийн татгалзалтайгаа холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол шуудангийн иргэнд очих баримтыг эх хувиар нотлох баримтаар гаргаж өгсөн ба үүнд 2022.03.23 хэнээс Баттулга бөгөөд зээлийн төлөлтийн хуваарийг шинээр гаргуулахаар хариуцагч *******инд хандаж, хүсэлтээ шуудангаар явуулж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсан дээрх нотлох баримт шуудан нь банкинд ирээгүй, ямар учиртай нотлох баримт гэдэг нь ойлгомжгүй, хариуцсан ажилтан нь гэрчээр оролцохдоо мөн тухайн асуудлын талаар тодорхой тайлбарласаар банк тус баримтыг хүлээн авсан мэтээр шийдвэрлэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 142-р тал/

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

   2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

   3.Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,148,171.76 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх Монгол шуудангийн баримтыг банк хүлээн авсан гэж үзэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Хэргээс судлан үзэхэд:

5. Нэхэмжлэгч "*******" ХХК нь *******, ******* нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,425,645.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

6. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...*******ны Дархан-Уул аймгийн салбарт очиж зээл хойшлуулах тухай хүсэлтээ бичээд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол шууданд илгээсэн. Эдийн засагч Биндэръяаг мэйлээ шалгаарай гэсэн боловч хариу ирээгүй, би Ганхүдэр орд ХХК-д ажилд ороод дахин 2022 оны 6 дугаар сард *******тай уулзахад хүсэлтээ явуул гэсэн тул хүсэлтээ явуулсан боловч хариу ирээгүй. Миний энэ хүсэлтийг банк хүлээн авсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахгүй байсан. Иймд зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж маргажээ.

7. "*******" ХХК, *******, *******  нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ЗГ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдаж, 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-6/

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

8. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...******* руу зээлийн төлөлт хийх шинэ хуваарь гаргах хүсэлтээ удаа дараа шуудангаар явуулсан. Эргэн төлөлтийн хуваарь ирээгүй гэж тайлбарлаж, ******* Биндэръяад  гэх 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Монгол шуудангийн баримтыг эх хуваарь нь  хэрэгт ирүүлжээ. /хх-ийн 130/

Харин нэхэмжлэгч тал зээлийн хуваарь гаргуулахаар манайд хүсэлт гаргаагүй, архивд шүүхэд байхгүй байсан” гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

7. Хариуцагч нар нь *******анд хандаж хүсэлтээ шуудангаар явуулж байсан нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүйгээс хариуцагч нар зээлийн төлөлтийн хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь  зээлдэгчийн гаргасан  “хүсэлт”-д хариу өгөөгүйгээс зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн нөхцөл байдал  нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон тул зээлдэгчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг, үр дагаврыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 224.2.3-т  үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн  хүү, анз авах эрхээ алдах “ үүрэг, үр дагавар нь үүрэг гүйцэтгүүлэгчид үүснэ”  гэж заажээ.  

Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагчийн зээл төлөлтийн шинэ хуваарь   гаргуулан авах хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөөгүй нь зээл төлөлтийн хугацаа хэтрэхэд нөлөөлсөн болох нь тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 49,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ

   

                                                  ШҮҮГЧИД                                          Х.БАЙГАЛМАА

                                             

                                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН