Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01138

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар магадлалтай,

           Д.Бын нэхэмжлэлтэй,

           Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,    

          “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Г.Мөнхцэцэгт 13.982.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийхдээ Д.Б миний өмчлөлд байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум 5-р баг, 5-72 тоотод байрлах, 42.0 м.кв талбайтай хувийн сууц, Г-2003000317 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газрыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа уг орон сууцны зах зээлийн үнэ нь 35.000.000 төгрөгийн үнэтэй тул уг энэ үнээр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн. Харин төлбөр авагч Г.Мөнхцэцэг 25.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн. Төлбөр төлөгч, төлбөр авагчийн үнийн санал зөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гаргасан. Гэтэл “Капитал зууч” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 24.053.000 төгрөгөөр үнэлсэн тухай болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03/217 дугаар албан тоотоор миний үл хөдлөх эд хөрөнгийг 16.837.100 төгрөгөөр үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. “Капитал зууч” ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн саналаар буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Д.Боос 13.982.000 төгрөгийг гаргуулж Г.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Боос оршин суугаа хаягаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авч төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул Д.Бын өмчлөлийн эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан сумын 5 дугаар багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоот 35.0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан сум 5-р багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үнэлгээчнээр “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 24.053.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан болно. Манай алба нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан эрх үүргийнхээ дагуу үнэлгээчин томилсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Шинжээч нь өөрийн нэрийн өмнөөс бичгээр дүгнэлт гаргаж түүний үнэн зөвийг хариуцна” гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Д.Бын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 16-ны өдрийн 75 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцэхгүй байна гэсэн нь хууль бус бөгөөд төрийн байгууллага хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтаа өөрийн байгууллагын хуулбар үнэн дарж баталгаажуулна гэсний дагуу манай байгууллага нотлох баримтаа архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд хуульд заасан шаардлагын хүрээнд нотлох баримтуудаа ирүүлсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.Б 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүссэн байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцээгүй буюу хуулбарын үнэн зөв эсэх нь нотариатаар гэрчлэгдээгүй байна. 

          Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т нийцнэ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгийн гомдлыг  хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ