Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 05

 

                        Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын
                             газрын нэхэмжлэлтэй Алтайн-Хүдэр ХХК-д 
                                    холбогдох иргэний хэргийн тухай


                                                Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж 
                                              заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
                                                                                Даргалагч шүүгч Т.Жаргалсайхан 
                                                                         Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Даашинхүү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин,
Нарийн бичгийн дарга: Б.Одбаяр

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшингийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд   ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даашинхүү анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зарласнаар малын гоц халдварт өвчний голомттой. Хурдан явцтай маш олон тооны малыг нэг дор устгадаг дэлхийн А зэрэглэлийн 16 өвчний голомттой А зэрэглэлийн бүс нутаг юм. Манай аймагтай хил залгаа  Хами аймагт бог малын өвчин 2013, 2014 онд гарсан. Хилийн боомтыг нэвтрэх цэг гэж тодорхойлсон. Уг нэвтрэх цэгээр орж ирж байгаа тээврийн хэрэгслийг байнга халдварын их уурхай гэж үзэж бохирдлыг арилгана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэмд заасан байдаг. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16, 21 дүгээр зүйлийг баримталж халдавргүйжүүлэлтийн хураамжаа нэхэмжилж байгаа. Дээрх хуулиас үндэслэж, Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга 2007 онд тушаал гаргасан. Уг тушаалд зааснаар хилээр орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлнэ гэж заасан. Ариутгал, халдваргүйжүүлэлт хоёр нь өөр, өөр ойлголтууд юм. Ариутгал гэдэг нь Монгол улсын хилээр өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тусгай талбай бэлдэж хязгаарлалт тавьж, машинуудыг нэг бүрчлэн ариутгадаг. Халдваргүйжүүлэлт гэдэг нь ямар нэгэн хүн, мал, амьтны өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлж дугуйг халдваргүйжүүлдэг. Зуны цагт хлорын уусмалаар гатлуулдаг, өвлийн цагт хлорын шохойг хуурайгаар нь цацаж халдваргүйжүүлдэг. Тийм учраас ямар нэгэн гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж халдваргүйжүүлэлтийг хийдэг. Халдваргүйжүүлэлтийн мөнгийг “Алтайн-Хүдэр” ХХК нь 2009 оноос хойш төлж байгаад 2013 оноос хойш төлөхөө больсон. Бургастайн хилээр Хятад улсын хоосон машин орж ирж “Алтайн-Хүдэр” ХХК-ний хүдрийг ачиж гардаг. Бид зөвхөн Монгол улсын хилээр орж ирж байгаа хоосон машинд халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний талаар хууль, дүрэм, журамд заасан байгаа тул “Алтайн-Хүдэр” ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтайн-Хүдэр ХХК-иас 2013, 2014, 2015 оны хавдаргүйжүүлэлтийн мөнгө нийт 229.147.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Монгол улсын нийт 46 хилийн боомт нь Монгол улсын Үндсэн хууль болон улсын хэлээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн халдваргүйжүүлэлт хийдэг. Энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байдаг. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хорио цээрт хамаарах зүйлийг зааж өгсөн. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж тодорхой заасан. “Алтайн-Хүдэр” ХХК-ний төмрийн хүдрийг тээвэрлэхээр орж ирсэн Хятад улсын автомашинуудыг халдваргүйжүүлдэг. Мөн хуулийн 6 дугаар зүйлд улсын хяналт шалгалт,  түүний зохион байгуулалт гэх заалт дээр урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ гэж заасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын гол баримталдаг хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуульд манай байгууллага урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах арга хэмжээг авахаар хуульчлагдсан байдаг. Үүний дагуу манайх үндэсний аюулгүй байдал улс орны халдашгүй дархан байдлыг хамгаалах зорилгоор халдваргүйжүүлэлтийг хийдэг. Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол дээр Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлэлтийг хийсэн. Монгол улсын нэгдсэн орсон олон улсын эрүүл мэндийн дүрмийн 2005 оны 58/03 дугаар тогтоолын 24 дүгээр зүйлийн 24.1в-д тээвэр гүйцэтгэгчийн тээврийн хэрэгслийг байнга халдварын их уурхай ба түүний доторх халдвар дамжуулагч болон халдвар агуулагчгүй байлгах нөхцлийг хангахын тулд оролцогч улсууд бүх практик арга хэмжээг энэхүү дүрэмд нийцүүлэн авна гэсний дагуу үндэсний аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилгоор урьдчилан сэргийлэхээр халдваргүйжүүлэлт хийсэн. Монгол улсын Сангийн сайд, улсын Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 366/131 дүгээр тушаалаар жишиг үнэ баталсан. Энэ жишиг үнийг үндэслэн улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 521 дүгээр тушаалд халдваргүйжүүлэлтийн үнийг тогтоож өгсөн. Үүний дагуу том машин 4000 төгрөг, жижиг машин 1000 төгрөг гэсэн жишиг үнээр халдваргүйжүүлэлтээ хийдэг. Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2007 оны 474 дүгээр тушаалаар улсын хилийн боомт дээр тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх журмыг тогтоож өгсөн. Уг журмын 2 дугаар зүйлд зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэгт тогтоосон үнийн дагуу төлбөр авч халдваргүйжүүлэлт хийх арга, хэрэгсэл зэргийг заасан. Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл бусад хөдлөх бүрэлдэхүүн гэж тодорхой нарийвчлан зааж өгсөн. Үүний дагуу “Алтайн-Хүдэр” ХХК-иас халдваргүйжүүлэлтийн төлбөр нийт 229.149.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилж байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэх 229.149.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаараа тайлбарлахад Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуультай уялдуулан гаргасан Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт хийх журам байдаг. Дээрх хоёр эрх зүйн актыг хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд мөрдөж ажилладаг гэж ойлгож байна. Хорио цээр явуулахтай холбоотойгоор гарсан зардал хөрөнгийг хэрхэн яаж нөхөж олж авах ямар журмаар төлбөр тооцоог хийх асуудлыг зохицуулснаараа тухайн төрлийн эрх зүйн харилцааг зохицуулсан ач холбогдолтой гэж үзэх тушаал заавар байдаг. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Сангийн сайдын хамтарсан тушаал юм. Мөн нэхэмжлэгч талын гол баримталж байгаа эрх зүйн акт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Олон улсын эрүүл мэндийн 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн HH58/3 дугаартай дүрэм байдаг. 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан HH58/3 тогтоолын дугаар нь байгаа. Мэргэжлийн хяналтын газрын гол баримталж байгаа баримт бичиг нь Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль юм. Манай талаас мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсэгт заасан заалтыг баримталж байна. Уг заалтад энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг мал эмнэлэг ургамлын хорио цээрд хамруулна гээд 4.1.1 дэх заалтаас 4.1.10 дахь заалт хүртэл тодорхой заасан. Мэргэжлийн хяналтын газар 2013 оноос эхэлж нэхэмжлэл гаргаж байгаа. Тухайн үед “Алтайн-Хүдэр” ХХК-ний төмрийн хүдэр гаргаж байгаа асуудлыг Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар хамаарна гэж үзэж байгаад больсон. Тэгэхээр энэ нь  улсын хилээр нэвтэрч байгаа бүх төрлийн тээврийн хэрэгсэл биш юм. Энэ бол зөвхөн халдвар өвчин оношлогдсон болон эерэг нөлөө үзүүлсэн амьтан, ургамлын дотоод хорио цээр илэрсэн ургамал, түүхий эд бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл гэж ойлгох ёстой. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дурдаж байгаа Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага хийнэ гэсэн заалттай. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зорилго ба хэрэглэх хүрээ нь өвчнийг олон улсад дамжин тархахаас сэргийлэх, хамгаалах, тэмцэх нийгмийн эрүүл мэндийн тухай эрсдэлт байдлаас шалтгаалсан олон улсын тээврийн хөдөлгөөн, худалдаанд саад үл учруулах нийгэм эрүүл мэндийн хариу арга хэмжээ авахад оршино гэж маш тодорхой заасан. Ямар ч халдварт өвчин гараагүй тохиолдолд орж ирсэн бүх тээврйин хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүй. Хятад улсад амьтан, ургамлын гаралтай ямар нэгэн өвчний голомттой гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаагүй учраас өвчний голомттой гэж үзэж халдваргүйжүүлэлт хийх шаардлага байхгүй гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 тус тус зааснаар 2013, 2014, 2015 онуудын халдваргүйжүүлэлтийн хураамжид нийт 229.147.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Алтайн-Хүдэр” ХХК-иас халдваргүйжүүлэлтийн хураамжид 229.147.000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 229.147.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 1.303.685 төгрөгийг хариуцагч “Алтайн-Хүдэр” ХХК-иас гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, "Алтайн хүдэр" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн   Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 146 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь "Алтайн хүдэр" ХХК-ийн хүдрийн баяжмалыг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль", уг хуульд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг үндэслэн халдваргүйжүүлэлт хийсний хураамж 229,147,000 төгрөгийг нэхэмжилж байгааг "Алтайн хүдэр" ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Говь-Алтай аймгийн МХГ-ын нэхэмжлэлтэй энэхүү хэргийг 2014, 2015 онд хянан хэлэлцсэн Сум дундын 5 дугаар шүүх /тухайн үеийн нэр/ -ийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 124 дүгээр шийдвэр, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 391 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх /тухайн үеийн нэрээр/-ийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг "бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...Амьтан, ургамал,тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр заасан байх ба хуульд заасан дээрх сэжигтэй үйлдэл илрээгүй болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна гэж үзлээ. Нэхэмжлэгч МХГ нь "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 16.1 дэх хэсэгт заасан сэжигтэй зүйл илрээгүй байхад хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ" гэсэн байдаг. 
Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт: "Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэсний дагуу уг хэргийг шийдвэрлэхэд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн холбогдох заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй байна.
...Олон улсын эрүүл мэндийн дүрмийн 24 дүгээр зүйлийн 2-ын дагуу 4 дүгээр хавсралтад  тээврийн хэрэгсэл болон тээвэр гүйцэтгэгчид хамаатай техникийн шаардлагуудын "В"-д дүрмийн дагуу бусад эрүүл мэнд, ариун цэврийн арга хэмжээг хэрэглэх" гэж заажээ. Иймээс Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хилээр нэвтрэн орж байгаа тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэлт хийж байгаа нь хууль болон олон улсын гэрээнд нийцэж байх тул халдваргүйжүүлэлтийн хураамж нийт 229,147,000 төгрөгийг "Алтайн хүдэр" ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй байна" гэжээ.
Шүүхийн шийдвэрийн энэхүү хэсгийг дараах үндэслэлээр няцааж байна.
1.Анхан  шатны   шүүх     улсын  хилээр  нэвтэрч  байгаа  бүх  л  тээврийн  хэрэгсэлд халдваргүижүүлэлт хиих естои гэж үзсэн нь буруу юм.
       "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "... дараахь зүйлд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ" гээд 16.1.4-д "энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй адилтгах бусад зүйл" гэж заасан байна. Тэгвэл 15.1.1-д "энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу амьтан ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээж авахаас татгалзсан", 16.1.1-д "Амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон болон эерэг урвал үзүүлсэн амьтан", 16.1.2-т "ургамалын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд бүтээгдэхүүн" гэж зааснаас үзэхэд зөвхөн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой, дээрхээс бусад тохиолдолд хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт заавал хийх албагүй гэж ойлгогдож байна.
2. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор батлан гаргасан, Монгол Улсын Засгийн Газрын, 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дугаар зүйлийн 6.1-д " Улсын хилээр нэвтэрч буй амьтан, ургамал, бүтээгдэхүүнд амьтан, ургамлын хорио цээртэй зүйл илэрвэл тэдгээрийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ " гэж хуулийн 16 дугаар зүйлийг илүү тодорхой болгожээ. Өөрөөр хэлбэл хуульд ч, тогтоолд ч "хилээр нэвтэрч байгаа бүх л тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ гэж заагаагүй, харин хуульд заасан хорио цээртэй зүйл илэрвэл ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ" гэдгийг маш тодорхой заасан байна.
3. Анхан шатны шүүх болон нэхэмжлэгчийн зүгээс "Олон улсын эрүүл мэндийн дүрэм" /цаашид дүрэм гэх/-д заасан арга хэмжээнүүдийг улсын хил дээр байнга, тогтмол хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн нь буруу юм
Дүрмийн 12 дугаар зүйлд зааснаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын зүгээс "олон улсыг хамарч болох нийгмийн эрүүл мэндийн онц байдал бий болсон"-ыг тодорхойлсон нөхцөлд л энэхүү дүрэмд заасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой болохыг дүрмийн 2 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд тэрхүү "олон улсыг хамарч болох нийгмийн эрүүл мэндийн онц байдал"-д хамаарах зүйлүүдийг дүрмийн 2-р хавсралтад заасан байна.
Зөвхөн "олон улсыг хамарч болох нийгмийн эрүүл мэндийн онц байдал бий болсон" нөхцөлд л дүрэмд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстойг 12 дугаар зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлд тодорхой заасан байна. Тухайлбал 15 дугаар зүйлийн 1-д "Хэрвээ 12 дугаар зүйлийн дагуу олон улсыг хамарч болох, нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал бий болж байгааг тогтоосон бол, Ерөнхий захирал 49 дүгээр зүйлд заасан горимын дагуу түр зөвлөмж гаргана. Ийм түр зөвлөмжийг нөхцөл байдалд тохируулан, түүний дотор олон улсын шинжтэй нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал дууссан гэж тогтоосны дараа өөрчилж буюу сунгаж болно", 15 дугаар зүйлийн 2-т "Түр зөвлөмжид олон улсыг хамарч болох нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд байгаа гишүүн улсаас "'хэрэгжүүлэх эмнэлэг ариун цэврийн арга хэмжээ буюу өвчний олон улсын тархалтаас сэргийлэх, түүнийг багасгах, олон улсын тээвэр хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор бусад гишүүн улсаас авч хэрэгжүүлэх хүмүүс, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа болон шуудангийн илгээмжинд хамаатай арга хэмжээнүүдийг оруулж болно", 16 дугаар зүйлд "53 дугаар зүйлийн дагуу ДЭМБ тасралтгүй буюу тогтмол хэрэглэх эмнэлэг-ариун цэврийн арга хэмжээний тухай байнгын зөвлөмж гаргаж болно. ...ДЭМБ ийм зөвлөмжийг 53 дугаар зүйлийн дагуу зохимжтой бол өөрчилж, эсвэл дуусгавар болгож болно" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл "Дүрэм"-ийн дотор буй хорио цээр, ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбоотой заалтууд нь ямар ч нөхцөлд хэрэгжүүлэх ёстой, байнгын үйлчилгээтэй бус харин зөвхөн "олон улсыг хамарч болох нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал" бий болсон онцгой нөхцөлд мөрдөх ёстой, тэр нөхцөл байдал дууссан үед өөрчилж, дуусгаж болох тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ гэдэг нь тодорхой харагдаж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Бургастайн хилийн боомтоор нэвтрэн орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслүүдэд ямар ч нөхцөлд халдваргүйжүүлэлт хийх эрх зүйн үндсийг энэхүү  "Дүрэм"- хангаж өгч байгаа гэж үзсэн нь шүүхээс буруу шийдвэр гарах үндэслэл болсон байна.
4.Нэхэмжлэгч "БНХАУ нь хүн малын халдварт өвчнеөр тайван бус бүс нутаг. Малын халдварт өвчин удаа дараа гардаг, ургамалын хорт болон хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтан тархсан бүс нутаг юм" гэж дурьдаад иймээс урьдчилан сэргийлэхийн тулд "Олон улсын эрүүл мэндийн дүрэм"-ийн "Эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх үүрэг" хэмээх 22 дугаар зүйлийн 1.( в)-д заасан "Энэ журмын дагуу гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, шуудангийн илгээмж, хүний шарилд хийх аливаа мэрэгч устгал, халдваргүйжүүлэлт, шавьж                         устгал буюу бохирдлыг арилгах, хүмүүст зориулсан эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээнд хяналт тавих асуудлыг хариуцах", "Тээвэр гүйцэтгэгчид" хэмээх 24 дүгээр зүйлийн 1.(в)-д заасан "тээвэр гүйцэтгэгчдийн хариуцдаг тээврийн хэрэгслүүдийг байнга халдварын эх уурхай батүүний дотор халдвар дамжуулагч болон халдвар агуулагчгүй байх нөхцөлийг хангахын тулд Гишүүн улсууд бүх практик арга хэмжээг энэхүү Дүрэмд нийцүүлэн авч хэрэгжүүлнэ. Хэрэв тээврийн хэрэгслийн бүхээгт халдварын эх үүсвэр буюу бохирдол байгаа нь илэрвэл, түүнийг арилгах, устгах арга хэмжээ авахыг шаардаж болно" гэснийг баримтлан халдваргүйжүүлэлт хийх ёстой гэж үзсэнийг анхан шатны шүүх зөвшөөрсөн болох нь түүний шийдвэрээс харагдаж байна.
"Дүрэм"-ийн 22,24 дүгээр зүйлд буй "халдварт өртсөн бүс" гэдэг нэр томъёог "Дүрэм"-йн 1 дүгээр зүйлийн 1-д "халдварт өртсөн бүс нутаг гэж энэхүү дүрмийн дагуу ДЭМБ-аас эрүүл мэнд, ариун цэврийн арга хэмжээ авахыг тусгайлан зөвлөмж болгосон газар зүйн тодорхой бүс нутгийг хэлнэ" гэж тайлбарлажээ. Гэтэл ДЭМБ-аас БНХАУ-ыг бүхэлд нь "халдварт өртсөн бүс нутаг" гэж тооцсон тухай албан ёсны нотлох баримт хэргийн материалд байхгүй.
Аливаа хууль тогтоомж, эрх зүйн акт нь үйлчлэх эрх зүйн чадамжийн хувьд тодорхой зааг хязгаартай байдаг нь ойлгомжтой. Тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд эхлээд Монгол Улсын хуупь, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол нь эрх зүйн чадамжийн хувьд зонхилох үүрэгтэй, харин салбарын байгууллагаас батлан гаргасан аливаа журам, дүрэм нь дээрх хууль тоггоомжид нийцсэн байх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ нэн түрүүн баримтлавал зохих "Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай" хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолыг бус харин салбарын даргын батапсан журмыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын болон манай улсын холбогдох хууль, тогтоомж, Засгийн газрын тогтоолыг буруу хэрэглэж алдаатай шийдвэр гаргасан учир Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь “Алтайн-Хүдэр” ХХ Компаниас  тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамж 229.147.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Алтайн-Хүдэр” ХХК нь төмрийн хүдрийн баяжмалыг Бургастайн хилийн боомтоор БНХАУ-руу экспортолж эхэлсэн үеэс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн төлбөрийг тогтмол төлж байснаа 2013 оноос уг халдваргүйжүүлэлтийн төлбөрөө төлөхөөс татгалзаж, төмрийн хүдрийн баяжмал нь амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хамаарахгүй, түүнчлэн халдваргүйжүүлэх үйл ажиллагааг хилээр нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгсэлд бус “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасан халдварт өвчин оношлогдсон болон хорио цээртэй зүйл илэрсэн үед тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ. Тийм учраас мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилж буй халдваргүйжүүлэлт хийсний хураамж гэж нэхэмжилж байгаа 229.147.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. 

Хариуцагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15, 16 дугаар зүйлийн “...улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах, ...ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тухай заалтын “хилээр нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ гэж заагаагүй, харин хорио цээртэй зүйл илэрвэл ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ” гэж заасан  гэж хуулийг буруу ойлгосон байна. 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ямар нэгэн хорио цээртэй зүйл илэрсэн үед биш, ямар зорилгоор хийгддэг ажил болохыг Олон улсын эрүүл мэндийн дүрмэнд “...“халдваргүйжүүлэх” гэж хүний буюу амьтны биеийн гадаргуун дээр, эсвэл гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмж дотор буюу дээрх бодисыг устгах буюу түүнтэй тэмцэх зорилгоор хими буюу физикийн үйлчлэлтэй бодис хэрэглэж, ариун цэврийн арга хэмжээ авахыг хэлнэ...” тодорхойлжээ. 

 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, хуулийн 16, 21 дүгээр зүйлүүдтэй холбогдуулан мэргэжлийн байгууллага буюу Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2007 оны 474 дугаар тушаалаар баталсан “Улсын хилийн боомт дээр тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх журам”, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22.12, 24 дүгээр зүйлийн 24.1в , 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар улсын хилээр орж, гарч байгаа бүх тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж түүний хураамж 229.147.000 төгрөгийг “Алтайн-Хүдэр” ХХК-иас Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
 
1.Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

    
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН
                          ШҮҮГЧИД                                          Л.НЯМДОРЖ
                                                                                     Л.УЛАМБАЯР