Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00038

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00331 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч ******* нь "*******" ХХК-д 47,778,000 төгрөгийн төлбөртэй, уг төлбөрийг гаргуулахаар  хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулан барьцаа хөрөнгө болох орон сууцыг хэт доогуур үнээр худалдан борлуулсан.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу албадан дуудлага худалдаа нь хууль зөрчсөн, өмчлөгчийн эрхийг хөндсөн асуудлаар хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргасан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хүчингүй болгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

... эхний дуудлага худалдаа 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр явагдаж хоёр дахь дуудлага худалдаа үүнээс сар гаруй хугацааны дараа буюу хуулийн хугацааг хэтрүүлсэн. Үүнийгээ төлбөр авагч *******-иас наадам болж байгаа, хүмүүсийн амралт давхацсан гэх үндэслэл дурдаж хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хугацааг хойшлуулж хийсэн,

хоёр дахь дуудлага худалдааны тэмдэглэлд сонирхогч 2 оролцогч оролцож үнийн санал хэлж, орон сууцыг үнэ өсгөн дуудах зарчмыг алдагдуулсан, дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч эсхүл оролцогч нараас дуудлага худалдааны үнийг ямар хэмжээгээр өсгөн дуудах талаар харилцан тохиролцсон, санал гаргасан эсэх талаар мэдээлэл тэмдэглэлд тусгаагүй, адилхан байршил, хаягтай орон сууцнууд м.кв нь 1.8-2.6 сая төгрөгөөр борлогдож байхад хямд үнээр орон сууцыг худалдан авах боломж олгож, дуудлага худалдааг үндэслэлгүйгээр хойшлуулж, албадан дуудлага худалдаа хоорондох хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг хянаж, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд заасны дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. /хх 1-2-р тал/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21/01 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 226,507,566 төгрөгөөр үнэлсэн тайланг талуудад танилцуулсан.

Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Капитал зууч ХХК-ний үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/14 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

Ашид билгүүн ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 218,766,425 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлснийг талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1 ... үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулна гэсэн заалтыг зөрчсөн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Маргаан бүхий эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15070517/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авах ажлыг дахин зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/16 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

Ашид билгүүн ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 226,507,566 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайлан ирүүлснийг хүлээн авч талуудад хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор мэдэгдэн танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2010 дугаар албан бичгээр төлбөр авагч *******-д, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2009 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******т мэдэгдсэн.

...Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23/06 дугаартай  тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийг 226,507,566 төгрөгийн 70 хувь болох 158,555,296.2 төгрөгөөр тогтоож 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт зохион байгуулсан боловч сонирхогч этгээд оролцоогүй. Төлбөр авагч ******* нь баяр, амралтын цаг тул 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар хоёр дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасныг ханган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 21 хоногийн хугацаагаар хойшлуулж талуудад албан бичгээр мэдэгдэж,

хоёр дахь дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23/07 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийг 226,507,566 төгрөгийн 50 хувь болох 113,253,783 төгрөгөөр тогтоож 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар талуудад мэдэгдэж дуудлага худалдааны ялагчийг тодруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 24-26-р тал/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 66 дугаар зүйлийн 66.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааг хойшлуулах төлбөр авагчийн хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үндэслэлээр хянан шийдвэрлээгүй, хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэж тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан байхад анхан шатны шүүх хэргийн холбогдох баримтыг хянахгүйгээр дүгнэлт хийж, хууль зүйн өөр өөр үр дагавар, агуулгын хувьд ялгаатай зүйл, заалтыг буруу хэрэглэж, дүгнэлт хийсэн.

Төлбөр авагчийн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч, албадан дуудлага худалдааг хойшлуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу борлогдоогүй хөрөнгийн үнийн зөрүү төлөхөөс зайлсхийх давуу байдлыг төлбөр авагчид ахлах шийдвэр гүйцэтгэгч бий болгож, талуудын тэгш эрхийг хангаагүй, өмчлөгчийн эрхийг хангаагүй, албадлагын арга хэмжээг гүйцэтгэснийг анхан шатны шүүх илтэд хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн ч өөрийн хөрөнгийн үнэ цэнэ, үнэгүйдэхээс хамгаалах, Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхээ хамгаалах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулж, хүчингүйд тооцуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ. /хх 117-118, 157-158-р тал/

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

                                                                ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг хуульд заасны дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж  маргасан байна.

3.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын ... ахлах шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааг хойшлуулахыг  хүссэн төлбөр авагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үндэслэлээр бус мөн хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэж тогтоол гаргасан, энэ нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу борлогдоогүй хөрөнгийн үнийн зөрүү төлөхөөс зайлхийх давуу байдлыг төлбөр авагчид бий болгож, талуудын тэгш эрхийг хангаагүй, дээрх хуулийн энэ хоёр зүйл, заалт нь  үр дагавар, агуулгын хувьд өөр өөр ялгаатай байхад  анхан шатны шүүх, сайтар хянаагүй, алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийн нотлох баримтыг анхаарч, шийдвэр гаргаагүйд  гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий  гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 Хэргээс  судлан үзэхэд :

 4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаартай  “эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар ******* нь “Болор зоос” ББСБ-д зээл,хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 47,748,000 төгрөгийг, графикийн дагуу төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан байх ба хариуцагч буюу төлбөр төлөгч ******* нь графикийн дагуу барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч ******* –н  хүсэлтийн дагуу шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 2399 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-83-85/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.2-т заасан  “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулна” гэж хуульчлан зохицуулсан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн ...6.2.2, ...-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба  анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2399 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 325 тоот гүйцэтгэх хуудас олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

5.******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх баримтад үндэслэн хариуцагч байгууллага 2016 оны 03 сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, түүний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 5 дугаар хороолол ******* тоот 115 м2 3 өрөө орон сууцыг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоолгож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулжээ./хх- 5-7,86-103/  Энэ үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа нь хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны үе шатанд явагдаж байсан байна.

6.Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар  нь Ашид билгүүн ХХК-н шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 226,507,566 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байх боловч сонирхогч этгээд оролцоогүйн улмаас хөрөнгө худалдан  борлогдоогүй байна./хх-6, 96-98/

7.Төлбөр авагч “Болор зоос” ББСБ нь албадан дуудлага худалдаанд олон хүн хамруулах зорилгоор улсын болон нэр бүхий аймаг, орон нутгийн иргэдийн улирлын шинж чанартай бизнес тогтворжин жигдрэх үе ирэх гэх буюу цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хугацаанд албадан дуудлага худалдааг түр хойшлуулах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдөр гаргасан байх ба  уг хүсэлтийн агуулгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт  үндэслэжээ./хх-98/

8.Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Чулуунцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 15070517/09 дугаартай “ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай” тогтоол гаргаж,  уг тогтоолд “ төлбөр төлөгч *******т холбогдох 15071517 дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдөрийг хүртэл 21 хоногийн хугацаагаар хойшлуулсугай” гэжээ. /хх-9, 99/

9.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн  23/07 дугаартай “хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 5 дугаар хороолол ******* тоот хаягт байрлах 115 м2  үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 226,507,566 төгрөгийн 50 хувь болох 113,253,783 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, худалдан борлуулах гэжээ. /хх-7,8,10,11/

           10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/шинэчилсэн найруулга/ нь 5 хэсэг, 27 бүлэг, 302 зүйлээс бүрддэг ба үүний I хэсэг, 2 дугаар бүлэг  “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, нэгтгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох” ажиллагааг зохицуулж, хуулийн 18-31 дүгээр зүйл, заалт  хамаарч байх ба 26 дугаар зүйл нь “Гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэхийг хойшлуулах” ажиллагааг журамлан зохицуулжээ.

Тухайлбал, хуулийн 26.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй бол гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр авагч, эсхүл төлбөрөө сайн дураар төлж барагдуулахаар гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан.

Энэхүү зүйл, заалтаас үзвэл  гүйцэтгэх баримт бичгийн  дагуу хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж буй  шийдвэр гүйцэтгэгч нь  төлбөр авагч, төлбөр төлөгчийн хэн алиных нь хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулж болохоор ойлгогдож байна. 

11.Харин хуулийн  II хэсэг, 5 дугаар бүлэг “Хөрөнгө албадан худалдан борлуулах” ажиллагааг журамлан зохицуулж, үүнд хуулийн 62-75 дугаар зүйл,заалт хамаарч байх ба “Дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч хүсэлтээ буцаах” гэх ажиллагааг хуулийн 67 дугаар зүйлд зохицуулсан, тодруулбал, хуулийн 67.1-д “Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно” гэж заасан.

Төлбөр авагч “Болор зоос” ББСБ нь дээрх хуульд заасны дагуу албадан дуудлага худалдааг тодорхой хугацаагаар хойшлуулахыг  зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байдаг.

Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2-д заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах эсэхийг шийдвэрлэх атал хуулийн 26 дугаар зүйл,заалтыг үндэслэн “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-г  21 хоногийн хугацаагаар  хойшлуулсан нь энэ талаар гомдол гаргах үндэслэл, нөхцөлийг бий болгосон байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар албадан дуудлага худалдаа-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэх талаар тусгайлсан бүлэг, зүйл, заалтаар тодорхой журамлан зохицуулагдсан байхад “гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх “хугацааг хойшлуулах” –р зохицуулагдсан хэсгийг баримтлан  албадан дуудлага худалдааг бус  гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх ажиллагаа -г хойшлуулсан нь хууль буруу хэрэглэсэн, өөр өөр үр дагавар, агуулга, хугацаатай, улмаар эрх зүйн акт гаргах субъект нь ч өөр байж болохоор   байгааг анхаараагүй байх тул  хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулах үндэслэлтэй  гэж үзэв.

12.Зүй нь гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй шийдвэр гүйцэтгэх байгулулагын албан хаагч хэн боловч хууль дээдлэх зарчмыг баримтлах, холбогдох хууль, дүрэм, журмыг хуульд заасан эрэмбэ, дарааллын дагуу зөв хэрэглэж байх учиртай.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

13.Түүнчлэн хэргийн 75 дугаар талд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд сургалттай гэж  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргаж, сургалттай холбоотой гэх баримтуудыг “хуулбар” хавсаргагдсан байна. /хх-76-78, 79/

Мөн хэргийн 106-127 дугаар талд анхан,давах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр,магадлал,тогтоол зэргийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс  бэхжүүлж авсан гэх /хх-105/-д шүүгчийн туслахын тэмдэглэл авагдсан байх ба  харин “хуулбар үнэн” тэмдэг дараагүйгээр хэрэгт хавсаргасан байна.

Цаашид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн үндэслэл болгож хүсэлт гаргагчаас  ирүүлж буй бичгийн баримтыг эх хувиар нь авч хэрэгт хавсаргаж байх,  мөн өөр хэрэг, материалаас шинжлэн судласан бичгийн баримтуудыг  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  талаас нь “ үнэлж “, шийдвэрийн үндэслэл болгож буй  тохиолдолд  “хуулбар үнэн” тэмдэг дарж  баталгаажуулж байх нь  зүйтэй юм. 

Эдгээр  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой  тул  магадлалаар тэмдэглэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00331 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг

            “ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******йн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн,  Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 5 дугаар хороолол ******* тоот хаягт байрлах 115 м2  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах  дуудлага худалдааг дахин явуулахыг  *******д даалгасугай” гэж,

            2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  талын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА                                                         

                                        ШҮҮГЧИД                                  Г.МЯГМАРСҮРЭН                                                                                    

                                                                                                Х.БАЙГАЛМАА