Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01076

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01076

 

ххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххид холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дугаар байрны зогсоолоос өөрийн эзэмшлийн хххххххх улсын дугаартай хххххххх маркийн автомашинтай гарч байх үед зам ачаалал ихтэй түгжрээд зогсож байхад хажууд зогсож байсан хххххххххххххххххххххххх маркийн автомашин ухарч миний автомашины арын хэсэг рүү мөргөж сэвтүүлсэн.

1.2. Тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч ххххххххххххххххх маркийн автомашины жолооч буруугаа хүлээж тохиролцьё гээд автомашиныхаа бичиг баримтыг өгөөд түгжрэл ихтэй байсан болохоор осол болсон газраас хөдөлсөн.

1.3. Хариуцагч нь утсаа авахгүй, хариу бичихгүй зугтаад байгаа учраас засуулсан зардал болох 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Осол болсон талаар баримт байхгүй. Хэний буруу байсан талаар ч баримт байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ххххоос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: хххх нь хххххххххххххххххх маркийн машинтай ухарч байгаад мөргөсөн болохоор хххххххххххххххххх маркийн автомашины хохирлыг барагдуулах ёстой гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ххххийн гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ххххоос 400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүгнэж гаргаагүй гэж үзэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч хххх нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осол болсон гэж, шүүх бүрэлдэхүүн тухайн өдөр осол болсон нь хэрэгт авагдсан бичлэгээс ххххийн эзэмшлийн ххххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж мөргөсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтад ослын газар хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа нь ямар ч баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан бичлэг нь хаанаас, яаж, ямар байдлаар авсан тодорхойгүй байхад шүүх уг бичлэгийг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэж, дугаар нь харагдахгүй автомашиныг хариуцагч ххххийн ххххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчиж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

5.2. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хэлж байгаагаар дээрх осол нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болсон гэж байгаа боловч хохирол үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийлгэж байгаа нь 2 өдрийн дотор болсон гэх ослын хохирлыг нэмэгдүүлэн гаргасан байх боломжтой байхад шүүх тус хохирол үнэлгээг бүрэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн зүгээс нэхэмжлэгчид учирсан хохирол үнэлгээ нь 200,000 төгрөг гэж гарсан байхад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 400,000 төгрөгийн баримтыг үнэлж, хариуцагчийн зүгээс ослыг хххх миний бие гаргаагүй, миний автомашин биш гэж хэлсээр байхад хэргийн үнэн зөв байдлыг судлан, тодруулж үзэлгүйгээр хариуцагч нь хохирлын хэмжээтэй маргаагүй тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг засуулж, засварт өгсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлж, хэргийг үнэн зөв, хуульд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүй гэдгийг баталж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өгнө үү.

5.3. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс 400,000 төгрөг гарсан гэх баримт байхгүй, ххххххх улсын дугаартай автомашин осол гаргасан гэх баримт ч байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, тодруулах боломжтой гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххид холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... осол болсон болон хэний буруу байсан талаарх баримт байхгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдолд үндэслэлгүй болно.

 

3.1. Нэхэмжлэгч хххх нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн ххххххх улсын дугаартай ххххххххххххх маркийн автомашинаа жолоодон орон сууцны зогсоолоос гарахаар явж байх үед хххх нь ххххххххх улсын дугаартай, хххххххххххххххххххх маркийн автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ машины арын хэсгийг мөргөж сэвтүүлсэн, тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч Тоёота кровны жолооч буруугаа хүлээж тохиролцож, машины бичиг баримтаа өгөөд, хөдөлсөн, засвар хийлгэсэн зардлаа гаргуулна гэж тайлбарлан, ххххххх ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, өөрийн эзэмшлийн болон хххххххххххххх маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, осол гарсан үеийн бичлэг хийсэн флаш диск зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-5, 7/

 

3.2. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч хххх нь нэхэмжлэгч ххххийн эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

3.3. Тодруулбал, хэрэгт авагдсан флаш дискэнд хадгалагдсан видео бичлэгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлжээ. /хх-29-33/

 

Уг нотлох баримтаар хариуцагч хххх нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцад буюу ухрах үйлдэл хийхдээ нэхэмжлэгч ххххийн автомашины ар талыг мөргөсөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үнэн, зөв гэж үнэлэх тул ... зам тээврийн осол болсон эсэх, хэний буруу байсан талаарх баримт байхгүй, нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөгүй , шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн ... гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн 25 дахь талд авагдсан Ю кар кузов засварын газрын 400,000 төгрөгийн үнэлгээ бүхий засвар үйлчилгээний хуудас баримтыг үндэслэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол нөхөн төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

 

4.1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан дээрх алдааг залруулж, ххххххх ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний зардал төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирол болох 226,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

4.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг баримталсан нь оновчгүй байх тул хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, шийдвэрт тусгасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01543 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххоос 226,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххид олгож, нэхэмжлэлээс үлдэх 174,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 12,650 гэснийг 7,430 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД