Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Т.Ундрах-Эрдэнэ

шүүгдэгч С.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0839 82139 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.А, 1975 оны 10 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин. тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжны 74 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч С.А нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Good price" сүлжээ дэлгүүрээс цалингаасаа суутгуулна гэж мөн "Үлэмж Агь Катринг" ХХК-ийн захирал Б.Агиймаагийн нэрийг барьж "Агий захирал аваад ир гэсэн юм" гэж 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн үйлдлээр 2.779.452 төгрөгний барааг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед би ажиллаж байгаад төлнө гэж бодсон. Сүүлдээ бага зэрэг шуналтчихсан юм. Хийсэн хэргтээ гэмшиж байна. Ажил хийж цалингаараа хохирлоо нөхөн төлнө, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн: "2018 оны 08 сарын 18-ны өдөр С.А гэх эмэгтэй миний хариуцдаг "Good price" супер маркетын салбар дээр таарахад бараа аваад явж байсан. Асуухад "Агиймаа захирлын гэрт бараа аваад явж байгаа юм" гэж хэлээд кассан дээр очоод бичүүлснийхээ дараа худалдан авалтын талон дээр "Агиймаа захирал' гэж бичээд яваад егсөн. ...тэгээд би байгууллагын захирал Агиймаагаас юу болсон талаар асуухад "С.А нь миний нэрийг бариад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Good price" супер маркетын салбараас 8 удаа 3.049.771 төгрөгийн бараа авсан байна" гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Д.Лхамдолгорын: "...2018 оны 07 сарын сүүлээр А эгч ирж 300.000 орчим төгрөгний хүнсний бараа бичүүлж авахдаа надад хандан цалингаасаа суутгуулж авах юм миний нэр дээр бичээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш 2018 оны 09 сарын 07-ны өдөр Алтантуяа гэгч нь дахин ирж 326.110 төгрөгний хүнсний" бараа аваад мөн адил цалингаасаа бодуулна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Дамно хөрөнгийн үнэлгээ. зуучлалын компанийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-28/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-40/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.А нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Good price" сүлжээ дэлгүүрээс цалингаасаа суутгуулна гэж мөн "Үлэмж Агь Катринг" ХХК-ийн захирал Б.Агиймаагийн нэрийг барьж "Агий захирал аваад ир гэсэн юм" гэж 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн үйлдлээр 2.779.452 төгрөгний барааг хуурч мэхлэн залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.А-г бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруутай этгээд нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул 2.779.452 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. С.А-г бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар С.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.А-аас 2.779.452/ хоёр сая долоон зуун далан  есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Үлэмж Гросерс ХХК-нд олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ШИНЭБАЯР