Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01077

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01077

 

ххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01321 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх, хххххх нарт холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 16,500,000 төгрөг, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хохиролд 18,493,240 төгрөг, нийт 34,993,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

хххххы цалин 1,600,000 төгрөг гаргуулах, ххххххийн цалин 1,500,000 төгрөг гаргуулах, ххххх, хххххх нарын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ххххх, хххххх нарын бакалаврын зэргийн дипломыг буцаан өгөхийг ххххх-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххн, хариуцагч хххххх, ххххх, хариуцагч нарын өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани 2021 онд хххххххххх ХХК-тай гэрээ байгуулан, цахилгааны бараа материал нийлүүлэх, ххххххххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй хххххххххх ХХК барилгын цахилгааны угсралтын ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Уг ажлыг хариуцуулахаар ххххх-ийн ажилтан цахилгааны ерөнхий инженер ххххх, цахилгааны инженер хххххх нарыг томилж тушаал гаргасан.

1.2. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн барилгад Улсын комисс орохоос 7 хоногийн өмнө ххххх, хххххх нар хариуцлага алдаж, ажлын талбайг орхин явсан. Энэ үйлдлээс болж ххххх нь дахин цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр хххххх, хххххххх гэх хүмүүстэй гэрээ байгуулж, 16,500,000 төгрөгийн зардал гаргаж дээрх ажлыг дуусгасан.

1.3. Хариуцагч нарын хийсэн ажлыг шалгахад цахилгаан холболтыг буруу холбосны улмаас тухайн барилга бүхэлдээ шатах эрсдэлд орсон байсан ба барилгын Б блокд хүчдэл өгсөн тестлэн үзэхэд тэжээлд залгаатай байсан хххххххххх ХХК-ийн компьютер, принтер, ус буцалгагч зэрэг нь шатаж, эдгээрийн хохиролд ххххх нь 479,000 төгрөг төлж барагдуулсан.

1.4. Мөн барилгын талбай дээр очиж бодит байдалтай танилцахад хариуцагч нар нь компанийн 2,784,520 төгрөгтэй тэнцэх хэмжээний багаж, хувцас хэрэгслийг хэрэглэж дуусгасан, 15,229,720 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг үр ашиггүй зарцуулсан болох нь тогтоогдсон.

1.5. Нэхэмжлэлийн шаардлагаас 220,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1, 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.1, Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 34,993,240 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч тус бүрээс 17,496,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хххххы хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие ххххх-д 2015 оны 10 дугаар сард ажилд орсон, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсан.

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Ковид 19 цар тахлын өвчний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас өрхийн эмнэлгээс гэртээ тусгаарлагдаж эмчилгээ хийлгэсэн. Энэ талаараа ажлын газарт болон захиралд утсаар мэдэгдсэн. Ажлын газраас ажлаа хийхийг шаардсан учир 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр очиж ажилласан. Түүнээс хойш хэвийн ажиллах боломжгүй, сүрдүүлэн гадуурхаж байсан учир өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, ажлаа орхиход хүргэсэн.

Гэтэл цар тахлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан аргагүй байдлыг оргон зайлсан гэх нэр зүүн, миний ажил үүрэг, хэрэглэсэн багаж хэрэгсэлтэй огт хамааралгүй эд зүйлийг хариуцаж байсан мэтээр бичиж, албан үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж дууссан байхад ажил гүйцэтгэсэн компанийн хийсэн ажилд гэрээний дагуу бусдад төлсөн мөнгийг охирол гэж нэрлэн биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

2.2. Бид хоёрт бараа материал, эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөөгүй, бараа материалыг нярав хариуцдаг. Бидний хувьд хяналт тавих үүрэгтэй оролцож байсан, тестлэхэд гэмтэл учирсан бол тухайн ажлыг хариуцаж байсан ххххххх хариуцах ёстой гэжээ.

 

3. Хариуцагч ххххххын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие ххххх-д 2017 оны 02 дугаар сараас ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсан.

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний бие тархины цусан хангамжийн дутагдал өвчнөөс үүдэлтэй эмчилгээ хийлгэхээр болж, энэ талаар байгуулагад утсаар мэдэгдсэн. Байгууллагаас ажлаа хийхийг шаардсан учир 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр очиж ажилласан. Түүнээс хойш хэвийн ажиллах боломжгүй, сүрдүүлэн гадуурхаж байсан учир өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, ажлаа орхиход хүргэсэн.

3.2. Гэтэл цар тахлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан аргагүй байдлыг оргон зайлсан гэх нэр зүүн, миний ажил үүрэг, хэрэглэсэн багаж хэрэгсэлтэй огт хамааралгүй эд зүйлийг хариуцаж байсан мэтээр бичиж, албан үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж дууссан байхад ажил гүйцэтгэсэн компанийн хийсэн ажилд гэрээний дагуу бусдад төлсөн мөнгийг охирол гэж нэрлэн биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Бид буруу холболт хийгээгүй. Бүх зүйл хэвийн ажиллаж байсан гэжээ.

 

4. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

4.1. Бид тус компанид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх ажилласан хугацааны цалин, хөлс олгоогүй.

Иймд хххххд 1,600,000 төгрөг, ххххххт 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.

Мөн бидний бакалаврын зэргийн дипломыг барьцаалан өгөхгүй байгаа тул уг дипломын эх хувийг буцаан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:

5.1. Хариуцагч нар барилга дээр бүтэн цагаар ажилладаггүй. Эд хөрөнгө, тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр хариуцуулсан этгээдүүд нь өөрсдөө байгаагүйн улмаас хохирол учирсан тул тухайн хугацааны цалинг олгохгүй гэж үзсэн. Хариуцагч нар нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, чанаргүй, хангалтгүй гүйцэтгэж байгууллагад хохирол учруулсан байх тул цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалыг төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ххххх, хххххх нараас 34,993,240 төгрөг гаргуулах тухай ххххх-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххх-иас 1,600,000 төгрөг гаргуулан хариуцагч хххххд, 1,400,000 төгрөг гаргуулан хариуцагч ххххххт тус тус олгож, тэдний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ххххх-д даалгаж, хариуцагч ххххххын гаргасан сөрөг нэхэмжлэлээс 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч ххххх, хххххх нарын дээд боловсролын дипломыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч ххххх хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,620 төгрөг, хариуцагч хххххы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,750 төгрөг, ххххххын төлсөн 109,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ххххх-аас тэмдэгтийн хураамж 75,650 төгрөг гаргуулан хххххд, 72,450 төгрөг гаргуулан ххххххт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 3 дахь заалтын хүрээнд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж дүгнэсэн, хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болох нь тодорхойгүй шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс тухайн эмнэлгийн магадлагаа өвчтэй байгаа талаарх баримтаа бидэнд мэдэгдэж байгаагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Хариуцагч ххххх 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарч, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад мөн өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний хооронд гэрийн тусгаарлалтад эмчлүүлсэн талаар тодорхойлсон. Харин хариуцагч ххххххын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 7 хоног, улмаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар 18,014,240 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх ...дээрх, шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч бараа материал худалдан авсан багаж хэрэгслийн жагсаалт зэргийг нотлох баримтаар гаргасан боловч хариуцагч нарын буруугаас тэдгээр бараа материалуудыг үр ашиггүй зарцуулсан гэх байдал тогтоогдохгүй, шаардаж буй багаж болон хамгаалах хэрэгсэл зэргийг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн гэх үйл баримтад хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй байх тул уг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгчээс хххххххххх ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "Барилгын дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж гэрээний 1.2.1-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/3 дугаар тушаалаар хххххыг хххххххх ХХК-ийн барьж буй ххххххх апартмент барилгын явцыг дуусах хүртэл ажилчдыг хариуцан ажиллуулахаар ерөнхий инженерээр, Т/4 дугаар тушаалаар ххххххыг мөн хугацаагаар барилгын цахилгааны ажлыг хариуцан ажиллуулахаар инженерээр тус тус томилсон. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Барилгын цахилгааны материал худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж уг гэрээний хавсралт 1-д заасан бараа материалыг нийлүүлсэн.

7.2. Анхан шатны шүүх хххххххххх ХХК-аас ххххххх орон сууцны төслийн цахилгаан холбоо дохиоллын угсралтын ажлын гүйцэтгэлийн хяналтын тайлан 2021 гэх баримтаар захиалагч талын инженер ххххххх, хяналтын инженер ххххххххх нарын гарын үсэг бүхий тайлангаар уг орон сууцны төслийн угсралт, холбоо дохиоллын ажилд хяналт хийсэн бөгөөд барилгын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол зэргийг шалгаж, ажлын дутагдлыг жагсааж бичин фото зураг авсан гэж дүгнэсэн атлаа тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тухайн тайлангаар кабель холболтын ажлууд чанарын шаардлага хангаагүй, цахилгаан байгууламжийн дүрэм, зохих стандарт норм хангаагүй, хүчит төхөөрөмжүүдийг хийхдээ холбогч хэрэглээгүй гэх зэрэг зөрчил гаргасан байгааг хянан шалгасан байдаг.

Мөн хариуцагч нар нь хариуцуулсан ажлыг орхиж явсан буюу гэрээ, тушаалаар хүлээсэн үүргээ зөрчиж ажлын талбайг орхин явснаас цахилгааны ажлыг улсын комисст яаралтай хүлээлгэн өгөх зорилгоор бусадтай гэрээ байгуулж хариуцагч нарын гүйцэтгэх ёстой байсан ажлыг ххххххх гэх хүнээр нийтдээ 16,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлж, хариуцагч нарын хариуцлагагүй үйлдэл ажлаа орхиж явсан энэ нөхцөл байдлаас үүдэн, бид нийлүүлсэн бараа материалаас гадна дахин өөрийн хөрөнгөөс бараа материал нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Хэрвээ хариуцагч нар нь ажлыг байрыг орхин яваагүй, ажлыг хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчээс энэ хэмжээний хохирол гарахгүй байсан.

2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрч хххххххххх, ххххххх нарын гэрчийн мэдүүлэг, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ххххххх нарын гэрчийн мэдүүлгээр хариуцагч нарын буруутай үйлдэл, ажлыг орхиж явснаас үүдэн бараа материал дутсан, ажлыг өөр хүнээр хийж гүйцэтгүүлсэн нь нотлогддог. Мөн ххххх-аас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021112402/01 Ажил гүйцэтгэх гэрээ-г хххххххтай байгуулж, хийгдэх ажлаар хариуцагч нарын хийж гүйцэтгэж байсан ажлын буюу барилгын А, Б блокны дутуу байгаа цахилгааны холбоотой бүх ажлыг хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцож, хх 47, 48, 49, 54, 55 хуудсуудад заасны дагуу ажлын хөлсийг шилжүүлсэн. Уг баримтуудаар ххххх, хххххх нар нь хариуцуулсан ажлыг хийж гүйцэтгээгүй орхиж явсан нь нотлогдож байхад "ххххххх, хххххххххх, ххххххх нарын гэрчээр асуулгасан боловч гэрчийн мэдүүлгүүд хэрэгт цугларсан баримтуудаар давхар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, бүхэлд нь дүгнэх боломжтой байсан ч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. 1999 оны хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэн боловч хэрэглэж байгаа хуулийн агуулга нь адилхан. Эд хөрөнгийн хариуцлагын асуудлыг ххххх ажиллаж байсан 2 хүнийхээ эсрэг тавьсан гэж ойлгодог Энэ асуудалд шүүх 2 жил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх боловч шүүх нотлох баримт цуглуулах асуудалд нэхэмжлэгч талын биелэх боломжгүй, хххххха байгаа нь мэдэгдэхгүй баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн харилцаа бүрэн ажил олгогчийн хяналт, нөлөөнд тодорхой ажлын байранд, тодорхой ажлын цагт, ажил олгогчийн бүрэн удирдлага дор явагддаг харилцаа. Энэ харилцаанаас үүдэн алдаа гарч байвал ажил олгогч өөрөө хариуцна гэсэн зарчмаар явдаг.

8.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүссэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэл хамаарахаар заасан. Би нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр ерөнхий үндэслэл болж байгаа хууль зүйн үндэслэлийг асуухад хариулт хэлээгүй. Миний 2 үйлчлүүлэгч нарт 2 хүн яагаад ч амжихааргүй, дийлэхээргүй ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Өвчин тусчихаад байгууллагынхаа пэйж хаяг руу илгээгээд байхад энд ирээд худлаа ярьж байгааг нь хараад хуульчийнхаа хувьд харамсаж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх, хххххх нарт холбогдуулан байгууллагын эд хөрөнгө учруулсан хохиролд 34,993,240 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажилласан хугацааны цалин хөлс дутуу олгосон гэсэн хариуцагч ххххх нь 1,600,000 төгрөг, хххххх нь 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэхийг даалгах, баклаврын диплом гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэргийн нөхцөл байдлын талаар хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1. ххххх нь 2014 оноос ххххх-д ажиллаж эхэлсэн, тэрээр компанитай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу цахилгааны ерөнхий инженерийн ажил, албан тушаал эрхэлж байсан,

хххххх нь 2015 оноос ххххх-д ажилласан, мөн компанитай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу цахилгааны инженерийн ажил, албан тушаал эрхэлж байсан үйл баримтад талууд маргаангүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаангүй тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

4.2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх, хххххх нарыг хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсний улмаас байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ ...2,754,520 төгрөгтэй тэнцэх хэмжээний багаж, хувцас хэрэгслийг хэрэглэж дуусгасан, хүлээлгэж өгөөгүй, ...15,229,720 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг үр ашиггүй зарцуулсан, .... ажлын хариуцлага алдаж, ажлын талбайг орхин явсны улмаас бусдаар ажил гүйцэтгүүлж компанид 16,500,000 төгрөгийн хохирол учруулсан ... гэж тайлбарлажээ.

4.3. Хариуцагч ххххх, хххххх нарын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч ххххх-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 72, 73 дугаартай тушаал гаргаж, тэдгээрийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна. /2хх-164-165/

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон байхыг шаардах бөгөөд 135.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна.

4.5. ххххх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасан журмын дагуу ххххх, хххххх нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан талаар баримтгүйн гадна хөдөлмөрийн гэрээнд мөн энэ талаар тусгагдаагүй байна.

4.6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хамгаалалтын малгай, бусад төрлийн ажлын оёмол хувцас худалдан авсан гэх төлбөрийн баримтууд, барилгын тасдагч, багаж, өрөм, дрилл, лазер, тоосны хамгаалалтын хувцас, ажилчдын хамгаалалтын хувцас, барилгын шат, уртасгагч залгуур, каск гэх гүйлгээний утгатай хххххх банкны шилжүүлгийн баримтууд нь хариуцагч нарт эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан бүрэн хариуцуулахаар багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлохгүй байна. /1хх-25-26, 30, 33, 36-40/ Мөн гэрч хххххххххх нь хариуцагч нарт бараа материал, хувцас хэрэглэл өгсөн талаар баримт үйлдэж гарын үсэг зуруулаагүй гэж мэдүүлжээ. /1хх-60-61/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.4-т заасан эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч нарт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй.

4.7. Хариуцагч ххххх, хххххх нарт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хххххххххх ХХК-ийн барьж буй ххххххх аппартмент хотхоны барилгын дотор цахилгааны угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажиллаж байсан үйл баримтыг хэрэгт авагдсан Барилгын дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ болон талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд маргаангүй. /2хх-198-204/

4.8. Уг барилгын цахилгааны угсралтын ажлын гүйцэтгэлтэй холбогдон 15,229,720 төгрөгийн өртөг бүхий барилгын материал, тоног төхөөрөмж зэрэг эд зүйлийг нэхэмжлэгч ххххх нь ххххх, хххххх нарт хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн барилгын материал худалдан авсан тухай Зарлагын баримт-уудад хүлээн авсан этгээд нь хариуцагч нар биш байх тул уг нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдол бүхий баримт гэж үзэхгүй. /1хх59-99, 225-250, 2хх4-30/ Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэн, хариуцагч нараас 17,984,240 /2,754,520+15,229,720/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

4.9. Нэхэмжлэгч ххххх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 16,979,000 /479,000+16,500,000/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учир байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсантай холбогдох маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэж зөв дүгнэсэн.

4.10. Мөн ххххххх апартмент орон сууцны төслийн цахилгаан холбоо, дохиоллын угсралтын ажлын гүйцэтгэлийн хяналтын тайлан, гэрч ххххххх, хххххххххх, ххххххх нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч нарын буруутай үйлдэл нотлогдоогүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

Учир нь, хэргийн 190-197 дахь талд авагдсан хяналтын гүйцэтгэлийн тайлан, 2021 он гэсэн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хариуцагч ххххх, хххххх нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлаа хаяж явсан, хариуцагч нар цахилгааны буруу холболт хийсний улмаас хххххххххх ХХК-ийн эд зүйлийг гэмтээсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна.

4.11. Талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч ххххх, хххххх нар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ны өдрийн хооронд өвчний чөлөөтэй байсан болох нь тогтоогдсон, гэрч ххххххх нь хариуцагч нарыг ажлаа гүйцэтгэж байсан талаар мэдүүлжээ. /1хх115-118, 2хх62-65/

4.12. Нэхэмжлэгч ххххх нь хххххххххх ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04 дугаартай Барилгын дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ-гээр захиалагчийн ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор гүйцэтгэж, захиалагч болон улсын комисст хүлээлгэх өгөхөөр тохиролцсон байна. /1хх-208-210/

4.13. Нэхэмжлэгч нь гэрч хххххххтай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан . /1хх215-220/

Хариуцагч нар барилгын цахилгаан угсралтын ажилд хяналт тавих үүрэгтэй, цахилгааны холболтыг бид хийдэггүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч нар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тэдгээрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч талд эд хөрөнгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг хэрэглэн нэхэмжлэгчийн 16,979,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн зөв тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч ххххх, хххххх нар дутуу олгосон цалин, хөлс гаргуулах, мэргэжлийн диплом гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч тал мэргэжлийн диплом гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

5.1. Шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч хххххд 1,600,000 төгрөг, хариуцагч ххххххт 1,500,000 төгрөг тус тус нэхэмжлэгч ххххх-аас гаргуулж, хариуцгч ххххххын сөрөг нэхэмжлэлээс 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдэлд нэхэмжлэгч болон хариуцагч хххххх давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв баримтлаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаатай байна.

5.2. Тодруулбал, анхан шатны шүүх, хариуцагч нарын мэргэжлийн диплом гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, тухайн хэрэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв. Гэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч, хариуцагч гэсэн үгийг орхигдуулжээ.

6. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01321 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ххххх гэсний өмнө хариуцагч гэж, хххххх ХХК гэсний өмнө нэхэмжлэгч гэж нэмж, үндсэн гэдэг үгийг хасч найруулан,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ххххх-аас 1,600,000 төгрөг гаргуулан хариуцагч хххххд, 1,400,000 төгрөг гаргуулан хариуцагч ххххххт тус тус олгож, хариуцагч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг нэхэмжлэгч ххххх-д даалгаж, хариуцагч ххххххын сөрөг нэхэмжлэлээс 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД