Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 408

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******гийн *******

Хариуцагч: Өмнөговь аймаг, ******* сум 4-р багт оршин суух,  ******* овгийн *******ын *******

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 05-ны иргэний хэрэг үүсгэн, Г.*******ийн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч Г.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах  М.Сугирсүрэн оролцов.                      

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: 2014 онд хариуцагч Г.*******тэй танилцаж хамтран амьдарсан. Гэрлэлтээ бүртгүүлээгүй. 2015 онын 04 дүгээр сард хүү Т. төрсөн. Хамтран амьдарч байх хугацаанд эхнэр ******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ихэнхдээ согтуу байдаг байсан. ******* дийлэнхдээ хөдөө малаа малладаг байсан тул аймгийн төв Даланзадгадад хашаа газар авч гэр орон барьж *******ийг амьдруулсан. Түүнийг хүүхдээ төрүүлэхээр архи ууж согтуу хөлчүү байхаа болино гэж итгэж байсан. Гэтэл хүүхэд төрөөд сар болоогүй байхад эхнэр чинь архидаад хүүхдээ харахгүй байна. Хүүхэд чинь орилоод харангадаж үхлээ гэсэн хэл сонссон. Утсаар ярихад дандаа согтуу байсан. Ингээд ******* сумаас ирж *******ийг хүүхдийн хамт аваад суманд байх хөдөө гэртээ очсон. Очоод удаагүй л аймаг явна буцна гэх болсон. Бид ч хүүхэд нялх учраас явуулахыг зөвшөөрөөгүй. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын сарын 19-ны өдөр дуудлагаар явсан сумын эмнэлгийн машинд суугаад 1 сар 19 хоногтой нялх хүүгээ орхиод явчихсан. Явснаасаа хойш бараг утсаар ярьдаггүй, хүүгээ асууж санаа тавьдаггүй байсан. Тэгж явсанаасаа хойш 2 удаа ирсэн. Ирэхдээ дандаа согтуу ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ хүүхдээ авч явна гэж ирсэн. ******* нь өөр 2 хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл олуулаа амьдардаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, банкны олон сая төгрөгийн өртэй, хүүхэд өсгөх амьдралын боломж тааруугийн зэрэгцээ ийг огт өсгөөгүй хүү нь ч ээжийгээ таньдгүй. Гэтэл ******* нь сүүлийн үед хүүхдээ өөр дээрээ авна эсхүл банкны мөнгө 700000 төгрөг төлж бай гэж шаардах болсон. Мөн хүүгийн төрсний гэрчилгээ төрийн банкан дахь хадгаламжийн дэвтэр зэргийг авч явсан. Хүүхдийн сар бүр ордог 20000 төгрөгийг нь аваад зогсохгүй хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгож хүүгээрээ дамжуулан элдэв мөнгө төгрөг нэхэж өгөхгүй бол хүүхдээ авна хэмээн дарамталж байна. Иймд хүүг эцэг Л.*******ын асрамжинд үлдээж ээж Г.*******ээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Л.******* миний бие Г.*******т холбогдуулан гаргасан хүү Т. /1 нас, 5 сар/-ийг өөрийн асрамжинд авч, түүний ээж Г.*******ээр тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Г.******* нь хүүхдийг миний асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******тай 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т. төрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Би өөрийн хүү Т.ийг өөрийн асрамжиндаа авч өсгөж бойжуулах хүсэлтэй байна. Одоо хүү Т. нь аав Л.*******ын асрамжинд байгаа. Л.******* нь баян, ядуугаар нь дуудаж байнга сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан. Намайг ажилтай байхад ажлаас гаргаж Өмнөговь аймаг руу шилжүүлж Даланзадгад сумын Оюутын 3-50 тоотод оршин сууж байх хугацаанд ах, дүү, хамаатан садангаараа ам хэлээр доромжилж байсан. Өмнөговь аймгийн Хаан банкинд 5000000 төгрөгийн зээлтэй байхад төлөхгүй, архи дарс ууж хүүхэд авахуулж байсан гэж хэл амаар доромжлон чиний зээлийг төлөхгүй, тэр хүүхдийнхээ эцгээр төлүүл гэж элдвээр харааж дайрч доромжилдог. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр очиж хүү Т.ийг авах гэсэн боловч хадам ээж болох Гантогтох нь ухаан алдаж унаж, хэл амаар доромжлон хүүхэд өгөхгүй байсан. Би аргагүйн эрхэнд хүүгээ орхиод ирсэн. Одоо хүүгээ авах гэхд чаддаг юм бол тэр шүүхээрээ шийдвэрлүүлээд шүүх чиний тал уу? миний тал уу? гээд хэл амаар доромжлоод өгөхгүй байна. Иймд Л.*******аас хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй байна. Мөн хүү ийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэжээ.  

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.******* миний бие нь Л.*******аас хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Миний бие эцэг Л.*******ын асрамжинд хүү ийг үзлдээж сөрөрг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь “Л.******* миний бие Г.*******т холбогдуулан гаргасан хүү Т. /1 нас, 5 сар/-ийг өөрийн асрамжинд авч, түүний ээж Г.*******ээр тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Г.******* нь хүүхдийг миний асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн” гэсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь “Г.******* миний бие нь Л.*******аас хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Миний бие эцэг Л.*******ын асрамжинд хүү ийг үзлдээж сөрөрг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Л.*******ын нэхэмжлэлтэй Г.*******т хариуцагдах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, Г.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй Л.*******ад хариуцагдах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Г.Гонгоржавд, Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Г.*******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Л.*******т тус тус олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ