Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01079

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01079

 

ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/01576 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХХК, хххххх нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,900,000 төгрөг, алданги 37,951,249 төгрөг, сапуд төмрийн үнэ 226,800,000 төгрөг, нийт 340,651,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххх ХХК нь хххххх ХХК, захирал хххххх нартай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 534 дугаартай гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулж барилгын ажилд шаардлагатай сапуд төмрийг түрээслүүлсэн.

1.2. ххххххх ХХК нь хххххх ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээгээр 5,400 ширхэг сапуд, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаартай түрээсийн гэрээгээр 3,000 ширхэг сапуд нийт 8,400 ширхэг барилгын сапуд төмөр түрээслүүлсэн.

1.3.хххххх ХХК-ийн захирал хххххх түрээсийн 8,400 ширхэг сапуд төмрийг бусдад худалдаж мөнгийг нь ашиглаж компанид хохирол учруулсан тул Цагдаагийн байгууллагад 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор хххххх ХХК-ийн захирал хххххх нь түрээслэн авсан 8,400 ширхэг сапуд төмрийг худалдаж ххххххх ХХК-д 226,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Дүүргийн 1 дүгээр прокурорын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тогтоол, мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5039 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дүгээр зүлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдыг залилсан үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг хянаж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Мөн дээрх үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

1.4. хххххх ХХК, хххххх нарт холбогдуулж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/00557 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргасан. Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2021/03431 тоот захирамжаар хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02267 дугаартай шийдвэрээр хххххх ХХК, захирал ххххххийг эрэн сурвалжлах ажлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 28л-1г/4108 албан бичгээр хххххх ХХК, хххххх нарыг Баянгол дүүргийн 18 хороо 32в байрны 51 тоотод оршин суудаг болохыг тогтоосон.

1.5. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний зүйл 5,400 ширхэг сапуд төмрийг нэг бүрийг 110 төгрөгөөр түрээслэсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Энэ төлбөрийн хугацааг цагдаад гомдол гаргасан 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тооцсон.

Дараагийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээгээр 5,400 ширхэг сапуд төмрийг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөргүйгээр түрээслэгчид хадгалуулахаар тохирсон тул түрээсийн төлбөр бодогдохгүй.

2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ 1 сарын хугацаатай 3,000 ширхэг сапуд төмрийг 1 хоногийн 110 төгрөгөөр түрээслүүлсэн. Хугацаандаа бараа материалыг эргүүлж өгөөгүй тул энэ гэрээг цагдаад хандах хүртлээ буюу 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан гэж үзэж төлбөр нэхэмжилсэн.

1.6. Гэрээ сунгагдсан талаар ххххххд хэлэх гэхээр хил гараад явсан байсан тул мэдэгдэх боломжгүй байсан. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан тул 5 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж болно. Тухайн үед сапуд төмөр нэг бүр нь 27,000 төгрөгөөр үнэлэгдэж нийт 226,800,000 төгрөг болсон. Өнөөгийн зах зээлд бараа материалын үнэ өсөж 1 ширхэг сапуд үнэ 90,000 төгрөг болсон.

Иймд хариуцагч хххххх ХХК, хххххх нараас түрээсийн төлбөр 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр түрээсийн төлбөр 17,820,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 17,820,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3,000 ширхэг сапуд төмрийн түрээсийн төлбөр 9,900,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 9,900,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 55,440,000 төгрөг, 8,400 ширхэг сапуд төмрийн үнэ 226,800,000 төгрөг, алданги 27,720,000 төгрөг, нийт 309,960,000 төгрөг болсноос барьцаа 2,500,000 төгрөгийг хасаж 306,420,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххххий хувьд ххххххх ХХК-тай иргэний журмаар гэрээ хийгээгүй. хххххх ХХК нь нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагдсанаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, тайлан тооцоо гаргаагүй, Нийгмийн даатгалын байгууллагад өртэй, компани ерөнхийдөө дампуурсан. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ 31+30 гэсэн 2 сарын хугацаатай хийгдсэн гэрээ байгаа боловч стандартын шаардлага хангахгүй гэрээ байгаа. Иргэний хууль болон бичгээр хийгдсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон хугацааг сунгахдаа гэрээний хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө сунгалт хийх эсвэл нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байхад 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойно хийгдсэн.

2.2. 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг хххххх биш ххххххх гэж хүн хийсэн. Тухайн үед түрээсийн гэрээний төлбөрийг огт шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хөөцөлдсөөр байгаад 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсан байдаг. 8,400 ширхэг сапуд төмөр алдсан асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзсэн бол эрүүгийн шүүхээр явах ёстой.

2.3. 2014 онд шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан. 10 жилийн дараа хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагаар явсан учир хугацаа тасраагүй гээд 10 жилийн дараа хэрэг үүсгэх нь үндэслэлгүй. хххххх нь Хятад улс яваад тэндээ шоронд сууж байгаад ирсэн. 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд хххххх гарын үсэг зураагүй. Энэ гэрээг 5,400 ширхэг сапуд төмрийг авахаар ххххххх ХХК-тай гэрээ байгуулсан, авсан сапуд төмрийг хххххх ХХК худалдсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч хххххх ХХК-аас 224,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххххххх ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 82,120,000 төгрөг, хариуцагч ххххххд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,861,207 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хххххх ХХК-аас 1,279,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хариуцагч хххххх ХХК-аас 224,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч хххххх" ХХК нь ххххххх ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5,400 ширхэг сапуд төмөр, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3,000 ширхэг сапуд төмрийг тус тус түрээслэхээр гэрээ байгуулсан гэж үзсэн. Гэвч 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэх гэрээ нь хххххх ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш ххххххх гэдэг хүн гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн энэхүү гэрээний дагуу хххххх ХХК нь 3,000 ширхэг сапуд төмрийг авсан болон хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул шаардах эрхгүй хэмээн хууль зүйн үндэслэлээ тавьсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилээр тооцсон явдал нь хуулийг буруу тайлбарласан байна гэж үзэж байна. Учир нь шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг буюу талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шийдвэрлэсэн тохиолдолд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх байсан. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу байна.

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны тасалдсан гэж үзсэн нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад ийнхүү шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал ххххххх гэж хүн гэрээ байгуулсан гэж гомдолдоо дурдсан байна. ххххххх нь хххххх ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ххххххий эхнэр ххххххх нь хххххх ХХК-ийн тамга, тэмдгийг авчраад хххххх ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулаад 3,000 ширхэг барааг аваад явсан. 8,400 ширхэг бараа авсан гэдэг нь орлого, зарлагын баримт болон 8,400 ширхэг барааг хүмүүст зарсан гэх бичгүүдээр тогтоогдсон. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан бичгээр 8,400 ширхэг бараа авсан гэдэг нь тогтоогдоно.

5.2. ххххххх ХХК нь 2013, 2014 онд түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасны 2 хоногийн дараа хххххх Замын-Үүдийн боомтоор хил гараад явчихсан байсан тул мөрдөн байцаах ажиллагааг түдгэлзүүлж 2019 онд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Бидний зүгээс 2021 онд ххххххд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хххххх ХХК болон ххххххийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ххххххий хаяг нь тодорхой болсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ххххххх ХХК нь хариуцагч хххххх ХХК, хххххх нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,900,000 төгрөг, алданги 37,951,249 төгрөг, хохирол 226,800,000 төгрөг, нийт 340,651,249 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хххххх нь ххххххх ХХК-тай иргэний хувьд гэрээ байгуулаагүй, гэрээний хугацааг сунгаагүй, иргэний шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагаас 224,300,000 төгрөгийг хангаж, үлдэх 82,120,000 төгрөгт холбогдох хэсээг болон хариуцагч ххххххд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна. Энэ шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014.03.07-ны өдрийн гэрээг хххххх ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ххххххх гэдэг хүн байгуулсан байхад энэ талаар шүүхээс ямар нэг эрх зүйн дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн, 3,000 ширхэг сапуд төмрийг хүлээн авсан талаар нотлох баримтгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, шүүх Иргэний хуулийн 75.1-д заасныг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

4.1. ххххххх ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч хххххххх, хххххх ХХК-ийг төлөөлж захирал хххххх нар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 534 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ххххххх ХХК нь 5,400 ширхэг сапуд төмөр 1 бүрийг өдрийн 110 төгрөгөөр, 61 хоногийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч хххххх ХХК нь түрээслэх эд материалын үнэд 2,325,000 төгрөгийг урьдчилан төлж, барьцаанд 1,500,000 төгрөгийг түрээслэгчид эхний түрээсийн төлбөртэй хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-6/

4.2. Талууд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ-гээр 2013.10.16-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн зүйл болох 5,400 ширхэг сапуд төмрийг өвлийн саруудын хугацаанд барилгын ажилд ашиглахгүйгээр хадгалах, 2013.12.15-ны өдрөөс 2014.03.15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөргүйгээр түрээсийн зүйлийг түрээслэгч компанид өвөлжүүлэх, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн түрээслэгч компани барилга угсралтын ажил дуустал түрээсийн эд зүйлсийг үргэлжлүүлэн авч ашиглах, 2014 оны 3 дугаар сарын 15-наас өмнө түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах, өвөлжүүлэх гэрээ дуусгавар болохоос 5 хоногийн өмнө түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний хавсралтад заагдсан үнийн тарифын дагуу урьдчилан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй.

4.3. ххххххх ХХК-ийг төлөөлж нягтлан хххххххх, хххххх ХХК-ийг төлөөлж ерөнхий менежер, дэд захирал ххххххх нар 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ххххххх ХХК нь 3,000 ширхэг сапуд төмөр 1 бүрийг 110 төгрөгөөр, 1 сарын хугацаатай түрээслэх, түрээслэгч хххххх ХХК нь түрээслэх эд материалын үнэд 8,100,000 төгрөгийг урьдчилан төлж, барьцаа 1,000,000 төгрөгийг эхний түрээсийн төлбөртэй хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна. /хх-8-9/ Уг гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж хариуцагч тал маргажээ.

 

5. Анхан шатны шүүх ххххххх ХХК, хххххх ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

5.1. Учир нь ххххххх ХХК нь хххххх ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 534 дугаартай гэрээний дагуу 5,400 ширхэг сапуд төмрийг хүлээлгэн өгч, уг гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн зүйлийг өвлийн улиралд хадгалуулсан, гэрээний хугацааны түрээсийн төлбөр төлөгдсөн талаар талууд маргаангүй.

5.2. Үүний дараа талууд 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дахин Түрээсийн гэрээ байгуулж, ххххххх ХХК нь 3,000 ширхэг сапуд төмрийг түрээслүүлэх, түрээслэгч хххххх ХХК нь гэрээний хугацааны буюу 1 сарын түрээсийн төлбөрийг барьцаа төлбөрийн хамт түрээслүүлэгчид төлсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон.

5.3. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч хххххх ХХК нь өмнө байгуулсан гэрээний харилцаанд суурилан ххххххх гэдэг хүн тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж нэхэмжлэгч ххххххх ХХК-д итгүүлж 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсанд нэхэмжлэгч буруугүй.

5.4. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан тул төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч нь 5,400 ширхэг сапуд хүлээн авсан үйл баримтад маргаангүй, 3,000 ширхэг сапуд төмрийг хүлээн авсан авсан эсэх, мөн 1 ширхэг сапудны зах зээлийн үнийн талаар маргасан байна.

6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хххххх ХХК-ийн захирал хххххх нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр танай компанитай хийсэн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй асуудал үүссэн , Та бүхэн хэсэг хугацааг бидэнд олгож өгнө үү. , 2024 оны 01 сарын 08-ны өдөр төлбөрийг барагдуулж өгөх нь үнэн болно гэсэн агуулгатай хүсэлт ххххххх ХХК-д гаргасан байна. /хх-65/

6.2. Түүнчлэн хариуцагч хххххх ХХК нь 8,400 ширхэг сапуд төмрийг бусдад худалдсан талаарх бичгийн нотлох баримт хэргийн 73-75 дахь талд авагджээ. 6.3. Эдгээр нотлох баримтууд нь хариуцагч хххххх ХХК 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу түрээсийн зүйл болох 3,000 ширхэг сапуд төмрийг нэхэмжлэгч ххххххх ХХК-аас хүлээж авсан гэх үйл баримтыг нотолсон байна.

6.3. ххххххх ХХК нь 8,400 ширхэг сапуд төмрийг хххххх ХХК-ийн захирал хххххх бусдад худалдаж, залилсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасны дагуу, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Уг ажиллагааны үеэр 1 ширхэг сапуд төмрийн үнийг 27,000 төгрөгөөр үнэлж, нийт 226,800,000 /8400х27000/ төгрөгийн үнэлгээ тогтоожээ. /хх68/

6.4. Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн. Улмаар хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч хххххх ХХК-ийг түрээсийн гэрээгээр хүлээж авсан 8,400 ширхэг сапуд төмрийг нэхэмжлэгч ххххххх ХХК-д буцааж өгөх үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид 226,800,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.5. Мөн шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч ххххххгийн мэдүүлгийг үндэслэн дээрх 226,800,000 төгрөгөөс барьцааны төлбөрт авсан 2,500,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч хххххх ХХК-аас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 224,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

7.1. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байна. Учир нь талуудын хооронд үүссэн гэрээний маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хугацаа үйлчилнэ.

7.2. Хэргийн баримтаас үзвэл, ххххххх ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хххххх ХХК-ийн захирал ххххххийг 8,400 ширхэг сапуд төмрийг бусдад зарж, залилсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5039 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх-15, 17/

7.3. Нэхэмжлэгч ххххххх ХХК нь хххххх ХХК, захирал хххххх нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/00557 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргасан, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2021/03431 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-18-24/

7.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02267 дугаартай шийдвэрээр хххххх ХХК, захирал хххххх нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ххххххх ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлстийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр хариуцагчийн оршин байгаа газрын хаягийг олж тогтоожээ. /хх25-26/

7.5. Дээрх нотлох баримтуудаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх нөхцөл тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн 79.7-д зааснаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгийг үндэслэн уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолно. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/01576 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххх ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,350,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД