Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2024/00668/И |
Дугаар | 210/МА2024/01080 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01080
2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2024/01080 |
хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01741 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххх ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,500,000 төгрөг, алданги 21,375,000 төгрөг, нийт 46,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Тус компани нь хххххх ХХК-тай цамхагт кран ажиллуулахаар 2022 оны 5 сарын 17-ны өдөр Кран түрээслэх гэрээ байгуулан 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 51,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж хххххх ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 51,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
1.2. хххххх ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлж 26,000,000 төгрөг төлж, 25,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талууд тооцооны үлдэгдлийн баталгаанд заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх 275 хоногийн 0,3 хувийн алданги тооцоход 21,375,000 төгрөг болж байна.
1.3. Иймд хххххх" ХХК-аас кран түрээслэх гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу краны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 25,500,000 төгрөг, алданги 21,375,000 төгрөг, бүгд 46,875,000 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Бид 2022 онд түрээсийн гэрээ байгуулсан. 86,900,000 төгрөгийн төлбөрөөс 61,400,000 төгрөг төлж, 25,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээ байгуулсан объект дууссан ч гэсэн төлбөрөө бүрэн төлөөгүй. Иймд үндсэн төлбөрийг 25,500,000 төгрөгийн хэмжээнд хуваарь гаргаад боломжоороо төлөх хүсэлтэй. 2024 онд шинээр төсөл аваагүй тул санхүүжилт орж ирэх тов байхгүй удаашрах магадлалтай тул алданги төлж чадахгүй. хххххх нь манай нягтлан бодогч бөгөөд гэрээ байгуулах үед захирал байгаагүй тул тэрээр гэрээг баталсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч хххххх ХХК-с 25,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. хххххх ХХК нь гэрээ байгуулсаны дагуу цамхагт кранаар ажил гүйцэтгүүлсэн боловч цамхагт краны түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул 51,500,000 төгрөгт хххххх ХХК-ийн зүгээс санал болгосны дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж Иргэний хуулийн дагуу алданги тооцсон болно.
Дээрх краны ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэх захирал хххххх байгуулсан байтал шүүх ххххххыг хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш гэж үзэж тооцоо нийлсэн актанд алданги тооцсоныг үндэслэлгүй гэж тооцож 21,375,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 21,375,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тооцоо нийлсэн актад тусгагдсан үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх нь тодорхойгүй учраас алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу 0,3 хувийн алдангийг төлж барагдуулахаар тохиролцож, гарын үсэг зурж, акт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тухайн үед манай байгууллагын захирал байгаагүй учраас 0,3 хувийн алданги тооцохыг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
2. Нэхэмжлэгч хххххх ХХК нь хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,500,000 төгрөг, алданги 21,375,000 төгрөг, нийт 46,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь үндсэн төлбөр болох 25,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, ...санхүүгийн боломжгүй... гэсэн үндэслэлээр алданги 21,375,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Талууд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Кран түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч хххххх ХХК нь КБ 403 цамхагт өргөгч краныг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс цамхагт өргөгчийг барилгын талбайгаас буулгаж авах хүртэлх хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч хххххх ХХК нь цамхагт өргөгчийн угсралт буулгалтын зардал 9,000,000 төгрөг, краны нэмэгдэл 1 хос зам тавих бүрт 1,500,000 төгрөгөөр тооцох, цамхагт краны нэг сарын ээлжийн ажлын түрээс 8,800,000 төгрөг төлөхнөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-4-5/
4. Анхан шатны шүүх хххххх ХХК, хххххх ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч тал шүүх хуралдаанд түрээсийн гэрээний үүргээс 25,500,000 төгрөг төлөөгүй болохыг зөвшөөрсөн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргийг үндэслэн хариуцагч хххххх ХХК-аас түрээсний үүрэгт 25,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-51/
5.1. Нэхэмжлэгч нь Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үндэслэн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцон хариуцагчаас нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.
Учир нь талууд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Кран түрээслэх гэрээ-гээр алданги тооцох талаар тохиролцоогүй.
5.2. хххххх ХХК-ийн болон хххххх ХХК нарын нягтлан бодогч нар хоёр компанийн нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийг нийлж, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд үүссэн 51,500,000 төгрөгийн өр төлбөртэй гарсныг баталгаажуулж, энэхүү өрийн үлдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх, хугацаа хоцорвол хоног тутам 0.3 хувийн алданги тооцон төлөхөөр тохиролцож, гарын үсэг зуржээ. /хх-6/
5.3. Хариуцагч хххххх ХХК-ийн эрх бүхий этгээдээс нягтлан бодогч ххххххд алдангийн талаар тохиролцож, гэрээ байгуулах эрхийг олгосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарахгүй. Иймээс хоёр компанийн нягтлан бодогч нарын Тооцооны үлдэгдэл баталгаажуулсан хэлцлийн алдангийн талаар тохиролцсон хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул нэхэмжлэгч нь алданги тооцон хариуцагчаас шаардах эрхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул .... шүүх ххххххыг хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, ...тооцоо нийлсэн актын дагуу алданги тооцсоныг үндэслэлгүй гэж дүгнэн 21,375,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01741 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД