Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 332

 

 

 

 

  

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,      

Хохирогч С.Төмөр,    

            ШүүгдэгчЛ.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Шар халзан хоньт овогт Л.Бд холбогдох эрүүгийн 1809048690149 дугаартай 185/2019/0320/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1988 он 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Шар халзан хоньт овогт Л.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд рояал” ресторанд үйлчлүүлж байсан С.Төмөрийг “эхнэр хоргоолоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчЛ.Б мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр болон түүний найз Дашзэвэгийн хамт тухайн газраар үйлчлүүлж байсан. Дашзэвэг бид хоёрыг тамхи татаад ирэх хооронд С.Төмөр манай эхнэрийг хоргоосон байсан. Би энэ хүнийг “та насандаа бай” гээд 2 удаа алгадсан. Тухайн газраас гараад мөн заамдалцсан. Дотор байсан залуучууд гарч ирээд бид хоёрыг салгасан. Буцаад тухайн газраа ороод сууж байтал С.Төмөр цагдаа дагуулж орж ирсэн. Цагдаагийн хэлтэст очиж бүгд мэдүүлэг өгсөн...Б. Сарантуяатай 3 жил хамтран амьдарч байгаа...Ямар нэгэн гар утас алга болсон талаар тухайн үед ярьж байгаагүй гэв. Буруугаа ойлгож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Төмөр мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би тухайн газраар үйлчлүүлсэн. Дөнгөж ороод байтал нэг бүсгүй ганцаараа сууж байсан. Ширээнээс нь 1 метрийн цаанаас “таныг дайлж болох уу” гэж би асуусан. Тухайн хүний хариулт нь надад сонсогдоогүй. Буцаад явах гэтэл энэ залуу үгийн зөрүүгүй намайг 2 удаа баруун зүүн гараараа шанаа руу цохисон. Чихэн тус газар цохьсон. Зодоод байхаар нь зугтаагаад гадагш гартал араас хөөж гараад гадаа намайг эрүү рүү болон элэг рүү  нэг нэг удаа цохьсон. Энэ нь хавтаст хэргийн 10 дугаар хуудаст байгаа гэрч Дашзэвэгийн мэдүүлгээр нотлогдоно. Сарантуяа гэдэг цуг явж байсан бүсгүй нь шүүгдэгчийн хууль ёсны эхнэр биш. Гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар энэ нь тогтоогдоно. Энэ хүний худал хуурамч байдал нь энэ байдлаар ч гэсэн харагдаж байна. Хавтаст хэргийн 12 дугаар хуудастЛ.Б өөрөө намайг нэг удаа алгадсан гэсэн. Гэтэл мөн гадаа гарч залуучууд өөрийг нь боож унагасан гэж байгаа. Намайг бааран дотор танхайрч зодсон, мөн гадаа гараад үргэлжлүүлэн зодохоор бааранд сууж байсан залуучууд аргагүйн эрхэнд өөрийг нь боож унагаасан. Өөрийнхөө эцэг шигээ хүнийг зодож олон нийтийн газар танхайрсан үйлдэл хийсэн. 14 дүгээр хуудаст байгаа Сарантуяагийн мэдүүлэгт 1 удаа алгадсан гэж худлаа мэдүүлсэн. 11 дүгээр хуудсанд байгаа мэдүүлэгтээ Сарантуяа 2-3 удаа цохьсон гэсэн байдаг. 6 дугаар хуудаст байгаа шүүх шинжилгээний актад гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Дүгнэлтэд байгаа мохоо зүйл гэдэг нь миний халаасанд байсан гар утсаар намайг цохьсон гэж үзэж байна. Хатуу зүйлээр цохьсноос болж толгойд булдруу үүссэн. Хавтаст хэргийн 42 дугаар хуудаст миний эмчилгээний карт байгаа. Мэс ажилбар хийж, хавдарт хуримтлагдсан цусыг соруулж боолт хийсэн. Хавтаст хэргийн 55 дугаар хуудас томографын шинжилгээ хийлгэсэн баримт бий. 23 дугаар хуудас 55-28 УБӨ улсын дугаартай машиныгЛ.Б жолоочийн үнэмлэхгүйгээр жолоодож байсан тухай баримт байдаг. Гэмтлийн зэрэг тогтооход 8000 төгрөг, тархины томограф зураг авуулахад 120.000 төгрөг, эмчилгээний зардал 36.080, 56.100, 101.250, 71.000, 60.600, 105.680 төгрөг, тээврийн хөлс 200.000 төгрөг, бариачаар 5 удаа бариулсан 100.000 төгрөг болсон. Шууд гарсан эмчилгээний зардал 859.110 төгрөг, нэмж гар утасны төлбөр 1.750.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг буюу нийтдээ гар утсыг оролцуулахгүйгээр 1.859.110 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа огт ухамсарлан ойлгоогүй, зөвшөөрөөгүй байна гэж үзэж байна. Миний хийлгэсэн эмчилгээг үндэслэлгүй гэж үзсэн байсан. Шүүх хуралдаанд хөнгөн ял шийтгэл авахын тулд гэм буруугаа ойлгосон гэж худлаа ярьж байна гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Төмөр /хх-ийн 8-9/, гэрч М.Дашзэвэг /хх-ийн 10/, гэрч Б.Сарантуяа /хх-ийн 11, 14/, яллагдагчЛ.Б /хх-ийн 18-19/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/, шүүгдэгчЛ.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Шар халзан хоньт овогт Л.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд рояал ресторанд хохирогч Сүхбаатарын Төмөрийг өөрийн хамтран амьдрагч эмэгтэй Б. Сарантуяаг өдөж хоргоосон гэх хардалтын шалтгааны улмаас хохирогчийг ресторан дотор болон гадаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч С.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнйн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт гудамжны “Гранд рояал” гэх нэртэй нэг пабад орсон. Тухайн үед нэг эмэгтэй ширээн дээрээ ганцаараа сууж байхаар нь би ганцаараа явж байгаа юм байна гэж бодоод очоод “би таныг уух юманд дааж болох уу” гэсэн тэр эмэгтэй надад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би буцаад явж байхад нэг залуу хүрч ирээд зүүн баруун эрүү рүү хоёр цохьсон. Мөн баруун чих рүү нэг цохьсон. Би тэр залуу зодоод байхаар нь зугтаагаад гадаа гарсан боловч тэр залуу хойноос ахиж гарч ирээд элэг рүү цохьсон. Тухайн үед пабаас залуучууд гарч ирээд наад хүн чинь яагаачгүй шүү дээ, хөгшин хүн байна гэж намайг зодож байсан залууд хэлсэн боловч тэр залуу тоогоогүй зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч М.Дэшзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...50 орчим настай нэг хүн манай найз Сарантуяаг хоргоогоод байж байсан. Тэгээд манай найз Болдбаатар тухайн залууг яв гээд цохих шиг болсон. Яг хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр үүд хэсэг рүү гарсан гадаа юу болсоныг мэдэхгүй байна. ...ямар нэгэн гар утасны талаар яриагүй. Тухайн газар ямар нэгэн гар утас гаргаж ирээгүй. Нэг үүргэвч үүрчихсэн байсан. Өөр ямар нэгэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,  

 

Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зэвгээ болон миний нөхөр болох Болдбаатартай цуг 23 цагт Гэрэлт гудамжинд байдаг “Гранд рояал” гэх пабад орсон. Тэгээд тэнд ороод сууж байх үед манай нөхөр болон Зэвгээ хоёр тамхи татах гээд гарсан. Тэр үед нэг хөгшин ах хүрч ирээд надад хандаж “ахын дүү яриа хөөрөө байна уу, ах нь юугаар дайлах вэ” гэж асуусан. Тэр үед манай нөхөр гаднаас орж ирээд тэр ахыг хоёр юмуу гурван удаа цохиод авсан. Мөн тэр ахын хойноос гараад явсан.  өөр зүйл болоогүй. ...Гар утас гаргаж ирээгүй. Үүргэвч үүрчихсэн орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 14/,

 

ШүүгдэгчЛ.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар: “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед өөрийн эхнэр Сарантуяа түүний найз Дашзэвэгийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд рояал” пабад үйлчлүүлж байгаад тамхи татах гээд эхнэрийн найзтай цуг гадагшаа гарсан. Буцаад ороход эхнэрийг 50 гаран насны эрэгтэй хоргоож байхаар нь учир явдлыг асуутал манай эхнэр надад намайг хоргоогоод байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн эрэгтэйг баруун гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд тухайн баарнаас гараад гадаа нь маргалдаж байгаад бид хоёр барилцаж авсан. Тэгсэн чинь хэдэн залуучууд гарч ирээд салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. ...цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөх гэж байх үед ямар нэгэн гар утасны талаар огт яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13027 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. С.Төмөрийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алины хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчЛ.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан шүүхээсЛ.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах боломжтой байна.         

 

ШүүгдэгчЛ.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч С.Төмөр нь эмчилгээнд зарцуулсан гэж 859.110 төгрөгийг, сэтгэл санааны хохирол гэж 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, нийт 1.859.110 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хохирогчийн гэмтлийн зэрэг тогтоолгоход хураалгасан хураамжийн 8000 төгрөг, тархины КТГ томографи зураг авахуулсан 120.000 төгрөг, эмчилгээнд нийт 6 удаагийн худалдан авалтаар эм тарианд зарцуулсан  36.080 төгрөг, 56.100 төгрөг, 101.250 төгрөг, 71.000 төгрөг, 60.600 төгрөг, 105.680 төгрөг,  нийт 559.110 /таван зуун тавин есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг шүүгдэгчЛ.Баас гаргуулах нь зүйтэй байна.

Харин хохирогчийн бариачид төлсөн гэх 100.000 төгрөгийн, эмчлүүлэх явцад таксины жолоочид төлсөн гэх 200.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогчийн энэ хэсгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Тиймээс хэрэв хохирогч нь цаашид шүүгдэгчээс дээрх болон бусад хохирол төлбөрийг нэхэмжлэхээр бол нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

ШүүгдэгчЛ.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.            

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шар халзан хоньт овогт Л.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.