Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01081

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01081

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01318 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох,

 

ххххххххххх дүүрэг, хх дугаар хороо /одоо ххх дугаар хороо/, ххххххххх гудамж, хххх тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, хххх м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Анх 2009 онд ххххын том хүү хххххх нь ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххххххх гудамж, хххх тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ххх га газрыг эзэмшиж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ххххххххххххх дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр газрыг хххх нь өмчилдөг болсон.

1.2. ххххх нь ххххын өмчлөлийн газарт гэр барьж олон жил амьдарч байна.

Нэхэмжлэгч нь Дүүргийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, улсын байцаагчаас хариуцагч хххххд газар чөлөөлөх тухай шаардах хуудас, акт удаа дараа хүргүүлсэн ххххын өмчлөлийн газарт амьдарсаар байна.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08 дугаартай тогтоолыг үндэслэн Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж, хххххххх дүүргийн, ххх дугаар хороо, ххххххххххх дугаар гудамж, хххх тоотод байрлах ххххххххххххх дугаарт бүртгэлтэй газрыг хххххгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

ххххххххх дүүргийн хх дугаар хороо нь 2 хуваагдаад маргаан бүхий хаяг нь ххх дугаар хороонд харьяалагдаж байгаа гэдгийг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ххххххххх дүүргийн хх дугаар хороонд 2019 оны 10 дугаар сард нүүж ирж одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн. Миний бие газрын зөвшөөрлөө авах гэж хорооны дарга болон ххххххххх дүүргийн газрын албаны байцаагч нарт хүсэлт болон зөвлөгөө авахаар очиход нэгдсэн журмаар өгнө, номер дугаарыг нь шинэчилж өгнө. Харин та тухайн цаг үед нь гэртээ өөрийн биеэр заавал байж бай гэж хэлдэг байсан. Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч хххххххх нь 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох хурал дээр өөрийн биеэр ирэхэд нь би уулзаж учир байдлаа хэлэхэд таны газрыг би мэдэж байгаа, таньд газрыг чинь өгнө, нэгдсэн журмаар өгнө. Харин та кадастрын зургийн мөнгө бэлэн байлгаж, өөрөө гэртээ байж байгаарай, надад утасны дугаараа, регистрийн дугаараа цаасан дээр бичээд өгчих би тань руу залгаж дуудна гэж хэлж байсан.

2.2. Миний хүүхдүүд хххххххххх дүүргийн хххх дүгээр сургуульд одоог хүртэл суралцаж байна. Мөн гэрэл тогны асуудлаа арай гэж шийдэж байхад газрыг маань луйвардаж, дээрэмдэж авах гэж байгаад нь гомдолтой байна. Өрх толгойлсон надад энэ олон жил амьдарахад өгөөгүй байж яагаад хххх гэж энэ хүнд өгсөн юм. хххх нь анх 2023 оны 11 дүгээр сард энэ миний газар танайх нүү гэж ирж уулзаж газрын маргаан үүссэн. Энэ олон жил амьдарч байхад нэг ч удаа ирж уулзаагүй байж гэнэт гарч ирж хууль бусаар бичиг баримт бүрдүүлэн, эмнэлэг барина. 2023 оны 11 дүгээр сар гэхэд чөлөөлж өгөхгүй бол шүүхэд хандаж, албадан нүүлгэнэ, шүүхийн өрөөнөөс чирж гаргана гэж дарамталж байсан.

Миний бие эмнэлэг барих гэж байгаа юм бол газраа чөлөөлж өгье, харин үлдсэн жоохон хэсгийг таньж мэддэг хүнээр яриулаад аваад өгөөчгэж хэлэхэд Ах нь өрх толгойлсон хүнд тус болно гээд надаар өргөдөл бичүүлж, гарын үсэг зуруулсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй нь үнэн.

2.3. Үүнээс хойш утсаар ойр ойрхон залгаж ахынхаа данс руу мөнгө хийчих гэдэг байсан. Би өрх толгойлж, ганцаараа ажилладаг болохоор цалин маань илүү гардаггүй учир мөнгө шилжүүлж чадаагүй. хххх утсаар залгах болгондоо чи тайван ажлаа хий, чиний газрын асуудлыг шийдээд өгнө гэж хэлэхэд баярладаг байсан. Надад удаа дараа худал хэлж, хууран мэхэлж байсан нь тодорхой байна. хххх гэдэг энэ хүн танил талаараа дамжуулан ххххх миний одоо амьдарч буй газрыг авах гэж байна. Иймд нэхэмжлэгч ххххын хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ххххын өмчлөлийн нэгж талбарын хххххххххххх дугаартай, хххххххххх дүүрэг, ххх дугаар хороо /одоо ххх дугаар хороо/, ххххххххххх гудамж, хххх тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, хххх м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хариуцагч хххххгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хххххгөөс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие ххххын нэхэмжлэлтэй хххххд холбогдох иргэний хэрэгт Хуульчдын холбооноос пробоно өмгөөлөгчөөр томилогдсон. Гэтэл тухайн хэргийн шүүх хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт товлогдсон байсан ба миний бие тухайн өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцаж байсан тул үйлчлүүлэгчээрээ өмнө өдөр нь хурал хойшлуулах хүсэлтээ явуулсан боловч шүүгчийн туслах тухайн хүсэлтийг авахгүйгээр маргааш өдөр нь хариуцагчийн эзгүйд Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангалгүйгээр хэргийг шийдсэн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэж шүүх хуралдаанд мэтгэлцэх болон өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх боломжоор нь хангах үүрэгтэй. Үүнээс гадна Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд зааснаар хариуцагчийн төлбөрийн чадваргүй, өөрийгөө өмгөөлөх хууль, эрх зүйн чадваргүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан өмгөөлөгч томилж албан тоот хүргүүлсээр байхад өмгөөлөгчид хэргийн материал танилцуулж, хурлын тов мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд хангаж оролцох боломжийг хангаж өгөөгүй буюу Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Дээрх шалтгааны улмаас өнөөдөр 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй 2009 оноос хойш амьдарсан газраасаа хөөгдөөд улмаар амьдрах газаргүй болох дээрээ тулаад байна.

Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор эргэлзээгүй нотлох баримтыг цуглуулж талуудын оролцооны эрх тэгш зарчимд үндэслэж хэргийг шийдээгүй буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Мөн анхан шатны шүүхээс болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн хүсэлтийг дэмжсэн. Гэвч хариуцагч нь дараагийн шүүх хуралдаанд ирэхдээ надад үнэгүй өмгөөлөгч томилсон боловч өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэж нотлох баримтгүй өөрөө шүүх хуралдаанд оролцсон. Тухайн үед ямар асуудал байгааг тодруулахад хуульчдын холбооноос бичиг өгсөн боловч тухайн бичгийг нь би аваагүй гэж тайлбарласан. Уг бичгийг нотлох баримтаар авчрахгүй бол таны өмгөөлөгч авсан гэх үйл баримт нотлогдохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдааныг дахин хойшлуулж, өмгөөлөгч авсан үйл баримтаа нотлох баримтыг авчирч, дараагийн шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгчид хэргийн материалтай танилцуулаарай гэж хэлээд шүүх хуралдааныг хойшлуулсан.

5.2. Гэвч дараагийн шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болон хууль туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй байсан. Хуульчдын холбооны 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн томилгоотой албан бичиг хэрэгт авагдсан үйл баримт тогтоогддог. Тухайн үеэс эхэлж, хугацааг тоолж үзэхэд хэргийн материалтай танилцах, шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өгөх нотлох баримт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.

5.3. Анхан шатны шүүх хуралдаан товлогдсон өдөр ямар нэгэн нотлох баримтгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцохоор ирээгүй. Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар баримт байгаагүй. Мөн хариуцагч талыг 30 минут хүлээж, шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад эхлүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч биечлэн ирээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар хүсэлт ирүүлээгүй. Уг нөхцөл байдлыг үндэслэж, анхан шатны шүүх хуралдааныг эхэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн эрхийг зөрчсөн болон өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан үйл баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххд холбогдуулан ххххххххх дүүрэг, хх дугаар хороо /одоо ххх дугаар хороо/, хххххххххх гудамж, хххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын хххххххххххххххх дугаартай, улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, хххх м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч миний бие хүүхдүүдийн хамт 2009 оноос хойш тус хаягт амьдарч байна. Тус газрыг өөрийн өмчлөлдөө авахын тулд хорооны Засаг дарга болон газрын албаны байцаагч нарт удаа дараа хандсан боловч хаягжилт нэгдсэн журмаар хийж, гэрчилгээ гаргаж өгнө гэх хариу өгдөг байсан. хххх нь хууль бусаар бичиг баримт бүрдүүлж, гэрчилгээ гаргуулж авсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. хххххххххххх дүүрэг, хх дугаар хороо /одоо хх дугаар хороо/, хххххххххххх гудамж, хххх тоот хаягт байрлах, хххх м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ххххыг эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж, ххххххххххх дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хх-6/

 

4. Хариуцагч ххххх нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд дээрх маргаж буй газрыг өөрийн мэдэлд байлгаж байгаа болохоо баримтаар нотлоогүй. Тэрээр тухайн газарт 2009 оноос хойш амьдарч байгаа үйл баримт нь хариуцагчийг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгч хххх хууль бусаар бичиг баримт бүрдүүлж газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ххххыг хххххххххх дүүрэг, ххх дугаар хороо /одоо ххх дугаар хороо/, ххххххххххх гудамж, хххх тоот хаягт байрлах, хххх м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл үнэн зөв гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

5.1. Иймд нэхэмжлэгч хххх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн хөрөнгөө хариуцагч хххххгийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нь 2009 оноос хойш уг маргаан бүхий газарт амьдарсан, улмаар амьдрах газаргүй болсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагчийн өмгөөөлөгч нь шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудын оролцооны эрх тэгш байх зарчимд үндэслэж хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

6.1. Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байжээ. /хх-22-25, 30-34/

6.2. Монголын хуульчдын холбооноос 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч ххххххыг хариуцагч хххххд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэхээр томилсон байна. /хх-36/ Энэ өдрөөс хойш шүүх хуралдаан товлогдсон мөн сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

6.3. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан үйлчлүүлэгчээсээ шүүх хуралдааны товыг мэдээд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, баримтын хамт өгч явуулсан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хүлээн аваагүй гэх тайлбараар нотлогдож байна.

6.4. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журам болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, тэгш байх зарчимд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01318 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД