Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2016/00263

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 2 дугаар баг, “Бүрэгтий” гэх газар оршин суух Цэрэн овогтой Пүрэвийн Дондогдоржийн /РД:ЙБ57010617/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Дондогдорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

П.Дондогдорж миний бие нь 1979 оны 05 сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар 1992 оны 4 сар хүртэл ажилласан.  Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ байхгүй улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд 1979 оны 05 дугаар сараас 1992 оны 04 дүгээр сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү... Миний бие нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Дондогдорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Дондогдорж нь 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2187 дугаартай цалингийн лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Монгол овогтой Пүрэвжамбын Жигмэдсэрчин нь “...Би 1974 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлийн малчнаар ажиллаж байсан. П.Дондогдорж 1976 онд цэргээс халагдаж ирээд 1979 оны 05 сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. П.Дондогдорж нь хөдөө их явж сонин түгээдэг байсан. Бид хоёр тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Рэнчиннямбуу овогтой Гимнайгийн Дондогсэрчин “...Би 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бат зам” нэгдэлийн бригадийн дарга байсан. П.Дондогдорж 1976 онд цэргээс халагдаж ирээд 1979 оны 05 сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам”  нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Би тухайн үеийн бриагдын дарга байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч П.Дондогдоржийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч П.Дондогдорж нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

               ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэрэн овогтой Пүрэвийн Дондогдоржийг 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хэвлэл түгээгч, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Дондогдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

               ДАРГАЛАГЧ                                              Б.САРАНТУЯА