Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01117

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01117

 

ххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххх-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх ХХК, ххххххх ТӨХК,

 

хххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххххххх гудамж, ххххх байрлалтай хххх м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххХХК нь ххххгийн аманд байрлалтай хххххтай дулаан дамжуулах төвөөс хххх скай хотхон хүртэлх дулааны шугамыг дангаар өмчилдөг. Манай компани хххххххх-тай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16/25 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хххххх нь гэрээний С-д заасны дагуу ххххх тоот дулааны техникийн нөхцөлийн дагуу өөрийн гишүүн хуулийн этгээдүүдтэй хамтран, тэдний оруулсан хөрөнгөөр Шинэ дулаан дамжуулах төв-ийг барьж ашиглалтанд оруулах, гэрээний 2.1.1-д заасны дагуу шинээр баригдсан дулаан дамжуулах төвийн барилга, түүний дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг манай өмчлөлд шилжүүлэн өгөх, хххххХХК нь шинэ дулаан дамжуулах төв барих газрын зөвшөөрлийг хууль ёсны эзэмшигчээс авах, гэрээний 2.2.1-т заасны дагуу шинэ дулаан дамжуулах төвийг өөрийн өмчлөлийн дулааны шугамд холбох, гэрээний хавсралт 1-д заасан хуулийн этгээдүүдийг гэрээний 2.1.2-т заасны дагуу дулааны шугамд холбогдохыг зөвшөөрөх, шинэ дулаан дамжуулах төвийн ашиглалтыг хариуцан ажиллах үүргийг тус тус хүлээсэн.

1.2. хххххХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэ дулаан дамжуулах төв барих газрын зөвшөөрлийг авч хариуцагчид дулаан дамжуулах төвийн барилга барих, түүний дотор дулаан солилцуурын иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах нөхцөл боломжийг бүрдүүлсний үндсэн дээр хариуцагч нь шинэ дулаан дамжуулах төвийн барилгыг барьж, тус барилгын дотор дулаан дамжуулах иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2016 оны 10 дугаар сард хийж дуусган, манай компани өөрийн дулааны шугамд холбож гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар ххххххны гишүүн, хуулийн этгээдүүдийн барилгуудыг гэрээний 2.1.2-т зааснаар шинэ дулаан дамжуулах төвийн дулааны шугамд холбож, дулаанаар хангасан.

1.3. Гэтэл хариуцагч нь дулаан дамжуулах төвийн ашиглалтыг бидэнд шилжүүлэн өгсөн атлаа өмчлөх эрхийг нь шилжүүлээгүй, өөрсдийгөө өмчлөгч гэж тайлбарлан, бидний зөвшөөрөлгүйгээр дулаан дамжуулах төвд шинээр хэрэглэгч холбох зөвшөөрөл өгч дулаан дамжуулах төвийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн хариуцагчийн зөвшөөрлөөр дулаанд холбогдсон иргэн, аж ахуйн нэгж нь биднийг тус төвийн өмчлөгч гэж үзэхгүй, ашиглалтын зардлыг хариуцахаас зайлсхийж, гэрээ байгуулахаас татгалзах болсноор манай компанийн ашиглалт, үйлчилгээний их хэмжээний төлбөрийг дангаар хариуцах нөхцөлд хүргэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

1.4. Шинэ дулаан дамжуулах төвийн барилгыг 334,601,100 төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болох нь ххххххх ХХК-аар хийлгэсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Иймд дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийг нэр бүхий олон компаниуд хамтарсан хөрөнгө оруулалт хийж, барьж байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 5.1-д Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд 5.1.18-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, 5.1.19-д Шинээр барилга байгууламж холбоуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн, анхдагч хаалт суурилуулсан, холболтын схемийг өөрчилсөн тохиолдолд холбогдох гарах зардлыг хариуцах, 5.1.20-д дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэж, Эрчим хүчний зохицуулалтын хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолоор баталсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний Холболтын журам-ын 2.1-д Шинээр барих, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны тоног төхөөрөмж, шугам, сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дулааны техникийн нөхцөл авна, 2.11-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхээр тусгасан байдаг. 5.3-д тухайн обьектыг дулаан дамжуулах, түгээх сүлжээд холбохын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харъяа дулаан дамжуулах төвийн хүчин чөдөл, дулаан дамжуулах, түгээх сүлжээг зайүшгүй өргөтгөхтэй холбогдон гарсан зарлыг объектоо холбуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд хариуцана, 5.8-д шинээр объект холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн дулаан дамжуулах төвийн хүчин чадал, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөсөн бол өргөтгөсөн тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд үлдэнэ гэжээ.

2.2. Дээрх хууль, дүрэм, журамд зааснаар дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглол, дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу төрийн өмчлөлд шилжүүлэхээр байх бөгөөд дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ххххххх ТӨХК байна. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд ххххххх ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

3.1. ххххгийн аманд байрлалтай хххххтай дулаан дамжуулах төвөөс хххх скай хотхон хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийг барихад олон компаниуд нийлж хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд манай компани дээрх дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийн хууль ёсны өмчлөгчдийн нэг юм. Гэтэл дээрх дулаан шугам, тоног төхөөрөмжүүдийг хэн эзэмших, өмчлөх эрхтэй, хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох шаардлага бүхий хххххх, хххххХХК-ийн нэхэмжлэлтэй хххххх ХХК, ххххххх ТӨХК-д холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа. Уг хэргийг шийдвэрлэх хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд ххххххх ТӨХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. Төвлөрсөн дулаан хангамжийн асуудал яригдана. Нийт ххххгийн зүүн салаанаас хххххтай ДДТ гээд цогцоороо юм. хххххХХК-ийн барьсан шугам нь 300 мм, 350 мм, 400 мм тул дамжуулах сүлжээнд хамрагдана. Хангах, түгээх сүлжээ биш. Хоорондоо уялдаатай тул нэгдүгээр хэлхээ, хоёрдугаар хэлхээ гэж нэрлэж байгаа, Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хангах түгээх гэх тусдаа зөвшөөрөл байдаг. Техникийн нөхцөл дээр 200 мм-ээс дээш голчтой тул дамжуулах сүлжээ мөн гэж тусгагдсан. Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК нь түгээх сүлжээ, дамжуулах сүлжээний тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хххххххх-д холбогдох хххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хххх тойруу гудамж, ххххгийн аманд байрлалтай хххххх м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хххххХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,830,956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хххххХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Бид анхан шатны шүүхэд талууд хоорондох гол маргааны үндэслэл болсон Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ болон эрх бүхий байгууллагуудаас авсан зохих зөвшөөрлүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байдаг. Шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь нягталж, хянаж үзээгүй хэт нэг талын барьсан шийдвэр гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ххххххх ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн байдалд болон түүнийг үнэлэх арга аргачлал болон үнэ цэнийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч мөн бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох хууль ёсны бүхий л шаардлагыг хангасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисон байна.

6.2. Талуудын байгуулсан гэрээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гол гэрээ болох Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний гол нөхцөлд шүүхээс дутуу дүгнэлт хийж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 14 дүгээр зүйлийн 14.4, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь, өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг, түүнчлэн өмчлөгчөөр тогтоохтой холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулсан байх атал шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн.

Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд Хөрөнгө оруулат, хамтын ажиллагааны гэрээний талаар маргаагүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тус гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал мөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Уг хэрэг маргаантай холбоотойгоор хххх дэд бүтэц нь олон аж ахуйн нэгж, иргэд хамааралтай байдаг. ххххд шинээр баригдаж буй барилгуудыг барьж буй компаниуд нь хххх дэд бүтцийн холбоотой харилцан хамааралтай ажилладаг. Уг байгууллагын эзэмшилтэй холбоотой асуудал нь нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасантай тайлбартаа тодорхой дурдсан. Тухайн дулааны өмчлөгчөөр тогтоох гэж буй шугам нь 200 мм дээш голчтой учраас Эрчим хүчний тухай хууль, холбогдох дүрэм журамд заасны дагуу төрийн өмчид шилжих ёстой. ххххххх ТӨХК нь тусгай зөвшөөрлийн эзэмшигч буюу гуравдагч этгээд байдаг. Анхан шатны шүүхээс өмнөх шугамын өмчлөгчтэй холбоотой асуудалд үнэлэлт, дүгнэлт хийх шаардлага байхгүй. Учир нь өмнөх болон хоёрдахь гэж тусдаа 2 шугам байдаг.

7.2. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс уг 2 шугамыг холбож тайлбарлан шүүхийг төөрөгдөлд оруулсан. Өмнөх шугамын өмчлөлтэй холбоотой маргаан нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэвч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээнд хххххХХК уг шугамыг дангаар өмчилдөг учраас гэрээ байгуулсан гэж нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан. Мөн хууль зөрчсөн хэлцэл байх ёсгүй учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс үнэлгээ болон гэрээтэй холбоотой дүгнэлтүүдийг гаргасан гэж үзэж байна. Иймд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх ТӨХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Талуудын хоорондын өмчлөлийн маргаан нь 2018 онд Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэгдэж, 2022 онд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Гэвч хххххХХК-ийн зүгээс бусад оролцогч нараас нууцаар уг маргааныг үүсгэсэн.

8.2. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаанд хххххХХК нь нэхэмжлэгчээр оролцож байна. Уг асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч хххххХХК нь хариуцагч хххххххх-д холбогдуулан хххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хххх тойруу гудамж, ххххгийн аманд байрлалтай хххх м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хууль, дүрэм, журамд зааснаар дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглол, дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу төрийн өмчлөлд шилжүүлэхээр байх бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, талуудын гэрээний 2.1.1 дэх заалтыг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсгийг зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан Өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд хэргийн нотлох баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

хххххххх буюу А талын хөрөнгөөр барьж байгуулсан шинэ ДДТ-ийг хххххХХК буюу Б талын эзэмшлийн дулааны шугамд холбосноор өмнө байснаас илүү хүчин чадалтай дулааны иж бүрэн шугам сүлжээ бий болсон ба түүний өмчлөл, цаашдын ашиглалт, түүнийг ашиглан А талын гишүүд болон бусад этгээдүүд дулаанаар хангагдахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16/25 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Эрчим хүчний яамнаас олгосон ххххх тоот Дулааны техникийн нөхцөлийн дагуу ххххх ХХК-аар ххххгийн зүүн салааны дулаан хангамжийн зураг төслийг хийлгэж, дээрх техникийн нөхцөл, зураг төслийн дагуу А тал нь хххх толгойн зүүн хойд талд шинэ Дулаан дамжуулах төвийг нэр бүхий гишүүдийнхээ хөрөнгөөр барьж, ашиглалтанд оруулсан үйл баримт болон Б тал буюу хххххХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар талууд маргаангүй.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэж үзнэ.

5.1. Талуудын гэрээний 2.1.1-т заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хариуцагч хххххххх нь хххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххх тойруу гудамж, ххххгийн аманд байрлалтай хххххх м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч хххххХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээжээ. Гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон дээрх нөхцөлийг харилцан тохиролцон хэлцэл байгуулсан нь хууль зөрчөөгүй учир гэрээний 2.1.1-т заасныг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

5.2. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх тухай зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээний маргаанд хамааралгүй тул гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

7. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний хувьд шинэ ДДТ-ийг хххххХХК өмчлөх эрхтэй, харин хххххХХК-ийг бусдын өмнө өмчлөгч болохыг уг магадлал нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тодруулбал, зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн хувьд шүүх хххххХХК өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй бөгөөд хххххХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон үйл баримт нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгэгдэх эрх үүсэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хххх тойруу гудамж, ххххгийн аманд байрлалтай ххххх м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хххххХХК-ийг тогтоосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч хххххххх-аас 1,830,956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,830,956 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД