| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0087/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0672 62232 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Г, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 18-403в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 18 дугаар байрны 403в тоотод /эмэгтэй 10 настай/ Д.Даваажаргал руу гипсэн хавтан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр гадаа хашаан дотроо дүү нартайгаа тоглож байгаад Ганчөдөр ахын хүүхэд Гансолонго миний үгэнд орохгүй болохоор нь би цохиод уйлуулсан. Тэгсэн Г хүүхдээ уйлахыг сонсоод сэрээд гэрээс гараад ирсэн. Г ах ажлаасаа тараад ирээд унтаж байсан юм. Г ах гэрээс гарч ирээд над руу хүүхэд шоглоод уйлуулчихлаа гэж надруу хэлэхээр нь би зугтаад хашаан дотор байдаг цагаан өнгөтэй машины араар орсон. Тэр үед Г ах над руу жижигхэн цагаан өнгөтэй зүйл шидсэн чинь миний хацар дээр оносон ” гэх мэдүүлэг. /хх-14/,
Гэрч Б.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...энэ үед миний охин Даваажаргал Ганчөдөрийн охин 4 настай Гансолонготой тоглож байгаад уйлуулсан. Тэр үед Г сэрээд хүүхдээ хараад миний охиныг шоглочихлоо гэж хэлээд миний охин Даваажаргалд уурласан. Тэр үед миний охин би шоглоогүй тоглож байгаад санамсаргүй унагаачихлаа гэж хэлэхэд Г уурлаад чанга дуугарсан чинь гүйгээд хашаан дотор байдаг явдаггүй цагаан өнгөтэй машины араар ороход Г уурлаад араас нь гипсэн хавтан аваад айлгах гээд араас нь шидсэн чинь нөгөө гипсэн хавтан нь миний охины баруун талын хацар дээр оносон...” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Д.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би унтаж байхад Түвшинжаргал Г-г дуудаад Жаргал миний үгэнд орохгүй байна гэж хэлсэн. түүнийг сонссон боловч би нойрноосоо бүрэн сэрээгүй болохоор хэвтэж байхад хүүхэд уйлах чимээ гарсан. Хүүхэд уйлаад байхаар нь гараад хартал миний зээ охин Жаргал уйлаад байж байсан. Очоод хартал баруун талын хацар дээр шалбарсан байсан. Би Жаргалаас асуухад Ганаа ах гипсэн хавтан шидээд намайг оночихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8118 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 18 дугаар байрны 403в тоотод Д.Даваажаргал /эмэгтэй, настай/ руу гипсэн хавтан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Г-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР