Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01118

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01118

 

хххххх ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01348 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: хххххх ХХК

Нэхэмжлэгч: ххххххх, хххххх


хххххх ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй,

Татварын өр 13,186,413,170 төгрөг, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 49,639,338 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ххххххийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххххийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, ххххххх, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

1.1. хххххх ХХК нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 гишүүнтэйгээр үндсэн үйл ажиллагаа нь тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх, мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан.

1.2. Одоо байгаа хувьцаа эзэмшигч компанийн эрхийг шилжүүлэн авахдаа тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан боловч тусгай зөвшөөрөл сунгагдаагүй цаашид үйл ажиллагаа явуулах, компанийг удирдан ажиллах чадвар, чадамжгүй болсон. Монгол Улсын өнөөгийн нийгэмд үйл ажиллагаа явуулах эдийн засгийн нөхцөл байхгүй, дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, түүнчлэн Монгол Улсын хилийн боомт хаалттай зэрэг нөхцөл байдлууд нь нөлөөлж байна.

1.3. Улсын бүртгэлийн хххххххххх дугаар бүртгэлтэй ххххххх регистрийн дугаартай хххххх ХХК-ийн хувьд Тэсэлгээний ажил үйл ажиллагаа явуулж байх явцад компанийн гүйцэтгэх захирал хххххх нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Нас барсан өдрийн маргааш нь хххххх ХХК-ийн тэсэлгээний агуулахад тэсрэх бодис дэлбэрч, тэсэлгээний агуулах, тэсэлгээний агуулахын үүдэнд байсан автомашин бүхэлдээ дэлбэрэлтэд өртсөн. Үүнтэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагаас шалгаж дүгнэлт гарсан.

хххххх ХХК нь тэсэлгээний ажил гүйцэтгэж байх явцдаа санхүүгийн тайлан тооцооллоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Үйлдвэрлэлийн осолтой холбоотой байгууллагын хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа буюу тэсэлгээний үйл ажиллагаа нь хийгдэх боломжгүй болсон.

1.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт, цагдаагийн байгууллагын нотлох баримтад үндэслэн цаашид тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс хххххх ХХК-ийн үйл ажиллагаа 2021 оноос хойш зогссон. Энэ компани төлбөрийн чадваргүй болох гол нөхцөл нь үйлдвэрлэлийн осолтой холбоотой мөн ковидын нөхцөл байдал үүссэн. Тэсэлгээний холбогдох хэрэгсэл, үйлчилгээний материалууд бүгд урдаас орж ирдэг, гаднаас авдаг учраас хил гааль, боомтын үйл ажиллагаа хаасантай холбоотой цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй болсон.

Иймд хххххх ХХК-ийг татан буулгаж, төлбөрийн чадваргүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Бусдад төлөх төлбөр хххххх ХХК-ийг 62,875,751.17 төгрөгийн төлбөрийн чадвараар гүйцэтгэх чадваргүй болохыг тооцуулах хүсэлтэй байна. хххххххт 13,186,413.17 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэгч ххххххд 49,639,338 төгрөг тус тус төлбөрийн чадварын үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон тул хуулийн этгээдийг татан буулгасанд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Нийслэлийн ххххххийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. хххххх ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2019 оноос 2020 оны хооронд дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын 13,186,413.170 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй байна.

2.2. хххххх ХХК-ийн тайлагнасан нэмэгдүүлсэн албан татварын тайландаа нийт борлуулалтын орлого нь 167,002,019 төгрөг, 2019 оны тайлан дээр 167,399,897 төгрөг гэж тайлагнасны дагуу НӨАТ дээр үүссэн өр төлбөр нь 13,186,413.17 төгрөг. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн тайлангийн үзүүлэлтийг харахад баланс нь 2019 оны 4 дүгээр улиралд борлуулалтын орлого нь 1,301,000,000 төгрөг дээр бараа бүтээгдэхүүний өртөг нь 1,288,000,000 төгрөг, ашиг нь 12,000,00 төгрөг гэж үзүүлэлт гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган татварын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч хххххын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Миний бие хххххх нь 1992 онд төрсөн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Би 2017 онд "хххххх" ХХК-д "Тэсэлгээний удирдлагын инженер"-ээр ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хххххх аймгийн хххххх суманд байдаг "ххххххх" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан. Тус ослоос болж нэг нүд сохорсон, нөгөө нүд гэгээ төдийг хардаг бөгөөд хүний царай ч ялгаж харж чаддаггүй болсон. Баруун гарын 4 хуруугаа тайруулсан, зүүн гарын хоёр 2 хуруу хугарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон, өрөөсөн төмсөг дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болж авхуулсан, өвдөг, 2 гар, цээж, нүүр, гавлын ясандаа тултал төмрийн үртэс шигсэн, өрөөсөн талд уйланхай үүссэн гэх мэт бэртэл гэмтэл, өвчинтэй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

3.2. Энэ ослын талаар хххххх аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 онын 8 дугаар сарын 06-ны өдрийн хххххх дугаартай "Нөхөн төлбөр олгуулах" тухай акт гарсан, тус актаар "хххххх ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын дундажтай тэнцэх нөхөн төлбөр 19,246,446 төгрөгийг нэг ба түүнээс дээш удаа олгохыг даалгасан боловч одоог хүртэл өгөөгүй.

3.3. Би цаашид хэзээ ч хэвийн байдалдаа эргэж орохгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/02547 дугаартай шийдвэрээр 50,573,338 төгрөг гаргуулахаар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 49,639,338 төгрөгийг эцсийн байдлаар шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тус байгууллага энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад компанийн хувьцаа эзэмшигчээ ямар ч төлбөрийн чадваргүй ххххх гэх хүний нэр дээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлж, улмаар бидэнд мэдэгдэхгүйгээр шүүхэд хххххх гэх компанийг дампууруулахаар шүүхэд хандсан байгаа нь миний хувь заяа болон миний гэр бүл гурван хүүхдийн хувь заяагаар тоглосон, бидэнд төлбөрөө өгөхгүйн тулд зохиомлоор дампууруулсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. Нэгэнт шүүхээс тус хэрэгт дампуурлын хэрэг үүсгэн шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд хххххх ХХК-ийн гаргасан төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгож, дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй хэрэгт нэхэмжлэгчээр оролцуулах, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 49,639,338 төгрөгийг хххххх ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгч хххххххийн шүүхэд гаргасан дүгнэлт, тайлбарын агуулга:

4.1. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэгчийн дүгнэлтээ гаргасан. Нэхэмжлэлийн анхны магадлан санал болгосноор би хэрэг гүйцэтгэгчээр ажилласан. хххххх ХХК-ийг судлаж үзэхэд ххххххххх дүүргийн хх дүгээр хорооны хх дугаар дүүрэг, хххххххх тоотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цаашдаа Сүхбаатар дүүрэг рүү шилжин ирээд үйл ажиллагаагаа явуулж байсан. хххххх гэдэг хүн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барж, өвлөх эрхээр энхэрт нь шилжсэн боловч хувьцаа эзэмшигчээр 2022 оны 3 дугар сарын 18-ны өдөр хххххэд шилжүүлсэн байна. Дүрмийн сан 1 сая төгрөг байдаг. Санхүүгийн тайланг үзэхэд санхүүгийн тайланд мөнгө гарч ирээгүй ба 16,272.20 төгрөг Голомт банканд гарч ирсэн. Ингээд бүх албан газруудаас лавлагаануудыг авсан. Авто тээврийн үндэсний төв дээр тээврийн хэрэгсэл гарч ирсэн.

Үүнд үндэслэн хөдөлмөрийн чадварын талаарх дүгнэлт нь Санхүүгийн үзүүлэлтийн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доош хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг энэ үүргийг 2019 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон байна.

4.2. Өр төлбөр нь 16,783,000 төгрөг болж алдагдалтай ажилласнаас болж өөрийн хөрөнгийн 933%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон гэж дүгнэлт гарсан. Бид шинээр 19 байгууллага, 11 банкнаас лавлагаа авч бүх зүйлийг гаргаж үзсэн. Эндээс урьд нь байсан автомашин техник хэрэгслүүдийг нь бүгдийг нь шалгаж үзсэн. Шалгаж үзсэн автомашин техник хэрэгслүүд дээр 5 техник хэрэгсэл гарч ирсэн. Дампуурлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд байгаа эсэхийг шалгаж үзэхэд 5 автомашины 3 нь тэр хугацаанд хамаарч байна. Өөрийн хамаатан саданд шилжүүлсэн эсэхийг шалгаж үзсэн. Үүнийг шүүхийн лавлагаагаар удаа дараа явуулаад шүүхийн лавлагаагаар үзэхэд өөрийнхөө нэр дээр хувьцаа эзэмшигчийн ямар нэгэн хамаарал бүхий этгээд биш гэсэн хариу гарсан.

4.3. Нэхэмжлэгчийн хувьд ххххххийн газарт 13,2 сая төгрөг буюу 21 хувийг эзэмшдэг, хххххх орж ирснээрээ 49,6 сая төгрөг буюу 79 хувийн эзэмшдэг. Нийлээд 62,8 сая төгрөгийн нэхэмжлэлтэй. Энэ хугацаанд янз бүрийн хөрөнгүүд гээд бусад зүйлийг нь шалгаж үзэхэд хөрөнгө, мөнгө гарч ирээгүй тул Дампуурлын тухай хуульд заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул Дампуурлын тухай хуулийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэлтэй гэж үзэн хариуцагчийг татан буулгах санал гаргаж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хххххх ХХК / РД:ххххххх/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж,

Хариуцагч хххххх ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч хххххххт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч хххххх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч ххххххийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Тус хэлтсийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хххххх ХХК-ийн хүсэлттэй танай шүүхэд хянагдаж байгаа дампуурлын хэрэгт холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. хххххх ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2019-2020 оны Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 13,186,413.17 төгрөгийн өрийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 181/ШШ2024/01348 дугаартай хххххх ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгож татварын албаны өрийг барагдуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч ххххххийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2019 он болон тухайн оноос өмнөх жилүүдэд хххххх ХХК нь тэсэлгээний үндсэн ажил хийдэг учраас тэсэлгээний зориулалт үйл ажиллагаа явуулж, санхүүгийн хувьд боломжийн ашиг орлоготой байсан. 2019 оны 4 дүгээр улирлын тайлан болон 2020 оны тайланд хэрэг гүйцэтгэгчээс гаргасан 3 дүгнэлтийг тусгасан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон цаг хугацаа болон 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болсон үйлдвэрлэлийн осолтой холбоотой бүх хөрөнгө санхүүжилтийг осолд өртсөн хүмүүст тусалж, үйлчилгээ, хандив, нисдэг тэрэг хөлслөх, гэмтлийн эмнэлэг үйлчилгээний төлбөр тооцоог төлж барагдуулсан.

7.2. Мөн тухайн осол гарахын урьд өдөр нь уг байгууллагын гүйцэтгэх захирал нь зуурдаар нас барсан. Ажил явдал болж байх үед зам тээврийн үйлдвэрлэлийн осол гарсан байдаг. Тухайн байгууллагын хуримтлагдсан өр төлбөр, татварын хэлтсээс тайлбарлаж буй ашгийг гүйцэтгэх захирлын ажил явдал, үйлдвэрлэлийн осолд зарцуулж дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ххххххийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Хүсэлт гаргагч хххххх ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлтэд сүүлийн гурван жилийн тайлан тэнцлийг хавсаргахаар заажээ.

3.1. хххххх ХХК-ийн хүсэлтдээ хавсаргасан санхүүгийн тайлангууд нь эрх бүхий байгууллага буюу харьяа дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангаар баталгаажуулаагүй тайлангууд байх тул тэдгээрийг эргэлзээгүйгээр үнэн, зөв гэж үзэх боломжгүй. /1хх16-75/ Иймд дээрх жилийн санхүүгийн тайланг үндэслэж гарсан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй. Анхан шатны шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч хххххх ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын өр 13,186,413 төгрөг нэхэмжилж, татварын тайландаа нийт борлуулалтын орлого нь 167,002,019 төгрөг, 2019 оны тайланд 167,399,897 төгрөг гэж тайлагнасны дагуу НӨАТ үүссэн өр төлбөр нь 13,186,413 төгрөг, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн тайлангийн үзүүлэлтэд 2019 оны 4 дүгээр улиралд борлуулалтын орлого 1,301,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний өртөг нь 1,288,000,000 төгрөг гэсэн үзүүлэлт гарсан байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон, татан буулгах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журам, Дампуурлын тухай хуулиар тогтоосон ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

 

5. Анхан шатны шүүхээс зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр, нэхэмжлэгчийн тайлбартай холбогдон хххххх ХХК дээрх орлогыг юунд зарцуулсан талаар тодруулж, холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах, мөн Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас нэмэлт нотлох баримт шаардах боломжтой байжээ.

 

6. Мөн нэхэмжлэгч талаас хххххх ХХК-ийн 2019-2021 оны татварын тайланг баримтаар шүүхэд гаргаж өгөхдөө байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийг дээрх хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэж үзнэ.

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгч хххххын, хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 49,639,338 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

 

8. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч ххххххийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/01348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ххххххх нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД