Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 675

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Э  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Э  холбогдох эрүүгийн 1906 00142 0675 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын тоот хашаанд оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл эдэлж байсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т.Э  .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Т.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Оюуны онгорхой байшингаас нууцаар алтан нуухтай ясан халбагатай шинэ цагийн их гарын гартаамын чулуун хөөрөг, алтан нуухтай мөнгөн халбагатай дунд үеийн их гарын чүнчигноров хөөрөг зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ

гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Оюуны өгсөн мэдүүлэг /хх-17/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-22/, шүүгдэгч Т.Э  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Оюуны онгорхой байшингаас нууцаар алтан нуухтай ясан халбагатай шинэ цагийн их гарын гартаамын чулуун хөөрөг, алтан нуухтай мөнгөн халбагатай дунд үеийн их гарын чүнчигноров хөөрөг зэргийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Оюуны өгсөн: “...Манай хөдөө гэр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-76 тоот хашаанд байдаг ба нөхөр О.Цэгмид ганцаараа 22 тооны үхэр хариулж малладаг. Тэгээд нөхөр бид хоёр туслах малчин авахаар 2018 оны 8 сард “Шуурхай за” сонин дээр зар тавьж Монголоо түүний эхнэр Аззаяа нарын сарын цалин хөлсөө тохиролцож туслах малчинаар ажилд авсан. Тэгээд Монголоо, Аззаяа нар 2018 оны 12 дугаар сарын 21чний өдөр 12 цагийн үед манайхаас явахдаа хувцасны шүүгээд байсан алтан нуухтай ясан халбагатай шинэ цагийн гартааман чулуун хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай мөнгөн халбагатай дунд үеийн их гарын чүнчинноров хөөрөг 1 ширхэгийг хулгайлаад авсан байхаар нь би цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж өргөдөл гаргасан юм. Би хулгайд алдсан гартааман хөөргөө 4.000.000 төгрөгөөр, чүнчигноров хөөргөө 2.800.000 төгрөгөөр үнэлж байна. Үүнээс өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байх нийтийн байранд Монголоог нийтийн байранд гал түлүүлэхээр 2 хоног байлгах хугацаанд галын өрөөнд байх хувцасны шүүгээнээс алтайн нуухтай ясан халбагатай чулуун толгойтой шинэ цагийн манан хөөрөг алга болсон. Энэ хөөргийг Монголоо авсан байх. Тухайн үед би Монголоо болон Аззаяа нарт хэлээд анхааруулаад орхисон. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би энэ хөөргөө 1.800.000 төгрөгөөр үнэлж байна.” /хх-17/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...Миний бие нэхэмжлэх зүйлгүй, гомдол, хохирол байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” /хх-93/ гэх хүсэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Э  яллагдагчаар өгсөн: “...Цалин мөнгө өгөхгүй, хойрог хандаад байхаар нь энэ гэмт хэргийг үйлдсэн. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22/,

Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/,

Шүүгдэгч Т.Э  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон

тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Т.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Оюуны онгорхой байшингаас нууцаар алтан нуухтай ясан халбагатай шинэ цагийн их гарын гартаамын чулуун хөөрөг, алтан нуухтай мөнгөн халбагатай дунд үеийн их гарын чүнчигноров хөөрөг зэргийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Э  нь хохирогч Ц.Оюунд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Т.Э  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Э  ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Э  нь энэ хэрэгтээ 32 хоног цагдан хоригдсон ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Т.Э  ыг бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Т.Э  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Т.Э  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Э  нь бусдад төлөх төлбөргүй, нийт 32 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Э  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС