Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/122

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Иргэдийн төлөөлөгч Ө.Б,

Улсын яллагч, хяналтын прокурор Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-,

Гэрч Э.Н-,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-ид холбогдох эрүүгийн 1938000000068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Мөрөн сумын ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.А-тэй маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.А-тэй маргалдан харилцан зодолдож, улмаар түүний цээжин тус газарт нь санаатайгаар хутгалан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

                 -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 8-10 дугаар хуудас/,

  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
  • Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед манайх “Жаргалан ресторан”-ы урд талын “Тэнгис” төвийн хоёр давхарт байдаг байсан. Тэгээд гэртээ очоод унтаж байтал шөнийн 02 цагийн орчимд Н- эгч над руу залгаад “Бааска ахыг чинь хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад такси аваад очиход цагдаа нар ирчихсэн, ах гэрийнхээ зүүн талын орны өмнө дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд надад ахыг нас барсан гэдгийг нэг цагдаа хэлсэн. Тэгээд сүүлд сонсоход А- ахыг Д- гэх хүн хутгалсан байсан” гэх, мөн шүүх хуралдаанд “ би маш их гомдолтой байна, ялын дээд хэмжээг нь өгүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэлээс,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г- овогтой А- нь миний том хүү байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн дүү Төмөрхуяг нь зах дээр надтай таараад хүү чинь нас барсан байна гэж мэдэгдсэн. Миний хүү Г-ийн А- нь ... Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Г-ийн ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа өвөө, эмээгийн гар дээр хүмүүжиж, 1999 онд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн ороод нэгдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч өвөө, эмээгийн хамт мал маллаж сүү зарж амьдарч байсан. ...Хүү маань нас барахынхаа өмнө Дорноговь аймагт нүүрсний том машин жолоодож амьдралаа авч явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Д- нь миний төрсөн дүү байгаа юм. ...10-20 минут орчим болоод манай хүргэн ах их ууртай Д- ах миний эмэгтэй дүүг янхан банзал гэж дуудсан гээд уйлсаар орж ирсэн. Тэгээд авдраасаа нэг шил 0.33 литрийн архи гаргаж ирж уугаад А- өөрөө 3-4 хундага уугаад архи ууж чадахаа байчихсан. Тэгээд бид гурвын ууж байсан архи дуусаад сууж байтал хашааны хаалга хүн нүдээд манай хүргэн А-, Д- ах юм шиг байна би ганцаараа гарч учраа олчихоод ирье та нар гарч хэрэггүй шүү гэж хэлж гараад удаагүй хоорондоо зодолдоод байгаа бололтой том том дуугараад байсан. Тэгээд бүр болохоо байгаад би гэрээсээ гараад яваад очоод салгах гэсэн чинь намайг ийш тийш нь шидээд огт салж өгөхгүй байсан. Тэгээд би О- ахын гэр рүү нь гүйж ороод О- ахыг дуудаж гаргаж ирээд арайхийж тэр хоёрыг салгаад би хүргэн А-ийг бариад О- Д-ийг аваад гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ хажууд үлдээчихсэн чинь Д- буцаад А- рүү очих гээд явахаар нь би хараад Д-ийг гэр рүү нь оруулсан. ...би нойл орж бие засах гээд нойлд сууж байсан чинь хутгалчихлаа гээд уйлалдаад байхаар нь яваад очсон чинь Д- нь А-ийг хутгалчихсан байсан. Тэгээд цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд О- ах, манай хүү Э- хоёр талийгаачийг өргөж чирч манай гэрт оруулсан. Тэгээд Д- би үхнэ, амиа хорлоно гээд гүйж алга болчих гээд бөөн юм болсон. А-д ямар нэгэн муухай ааш араншин байхгүй. Нэг их архи уугаад байдаггүй. Д-ийн хувьд архи уухаараа муухай ааш араншинтай энд тэнд зодоон хийсэн сурагтай байдаг. Ер нь байнга архи уудаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36-37 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А- нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Д- нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. ...бид нарыг яриад сууж байсан чинь Д- ах А-д хандан “танай дүү чинь янхан биз дээ” гэсэн чинь манай нөхөр уурлаад хоорондоо барилцаж авсан. Тэгээд Э- ах салгаад гэрээсээ аваад гарахаар нь би удалгүй араас нь гарсан чинь А-, Д- ахыг газарт унагаад хамрын цусыг нь гаргачихсан байсан. Тэгээд Э- ах салгаад бид хоёр А- ахыг гэр рүү нь аваад явсан. Тэгээд А- ах гэртээ ирээд авдраасаа 1 шил 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаад манай ээж У-, ах Э- хоёртой хувааж уусан. Тэгээд байж байтал манай хүн одоо болчихлоо гээд хоёр хундага хэртэй архи үлдээсэн. Тэгээд Э- ахыг хүргэж өгнө гээд сууж байтал хашааны хаалга хүн тогшоод гарах гэсэн чинь А- та нар байж бай би өөрөө гаръя гээд гэрээс гараад явсан. Тэгээд үүд онгойлгож өгөөд Д- ах ирсэн бололтой хоорондоо маргалдаад байсан. Д- ахын гэр нь манай хашаанд байдаг юм. Тэгээд би гэрээсээ гараад очтол хоорондоо зодолдоод ерөөсөө хүчрэгдэхгүй байсан. Тэгээд бүр салж өгөхгүй болохоор нь О- ахыг дуудаад салгуулах гэсэн боловч хүчрэгдэхгүй байсан. Тэгээд арайхийж салгаад А-ийг манай ээж бариад О- ах Д- ахыг аваад гэр рүү нь орсон. Тэгээд удаа ч үгүй байсан чинь Д- ахын гэрт байдаг манай хэвтэрийн эмээ Д- хутга аваад гарчихлаа гэж орилсон. Тэгээд А- ээжээс мултраад Д- ах руу гүйгээд очсон. Тэгээд А- очоод Д- ахыг өшиглөөд унагаачих шиг болсон. Тэгээд Д- “Очко ах аа би А-ийг хутгалчихлаа” гээд орилохоор нь яваад очтол хашааны зүүн урд буланд хогны хажууд манай нөхөр Д- ахын дээрээс дарсан байдалтай доошоо тонгойгоод хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгээд би очоод үзтэл манай нөхрийн гар нь чичрээд ухаангүй болчихсон, цээжний хэсгээс нь цус гарч байсан. Энэ хооронд Д- ах би боож үхнэ гэж гарч гүйгээд байсан. Тэгээд эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Д- ахын өөрийнх нь хутга гэсэн. Хутгаа гэрээсээ авч гарсан гэсэн. Үүнийг манай эмээ харсан. Д- ах л талийгаачид чи намайг барахгүй гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Тэгээд А- хөдлөхгүй байсан чинь эмэгтэй дүүг нь янхан гэж хэлээд А- уурлаад хоорондоо барилцаж авсан. Намайг очиход талийгаач Д- ахын дээр суугаа байдалтай толгой нь Д- ахын салтаа руу орчихсон байсан. Харин Д- ах хоёр хөлөө жийгээд суучихсан байсан. Тэгээд би очоод хэвлий хэсгийг нь илж үзэхэд зүгээр байсан. Тэгээд цээж хэсгийг нь тэмтэрч үзэхэд миний гар нил цус болсон байсан. Тухайн үед хагалгаанд бага зэргийн амьсгаатай л байснаас биш үг, үйлдэл гаргах ямар ч боломжгүй байсан. Тэгээд удалгүй нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-43, 45 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А-, Д- ах болон А-ийн очих гэж явсан айлын хүнийг таньдаг гээд хамт тэр айлд нь очихоор явсан. Би хэн гэдэг айлд очсон талаараа мэдэхгүй байна. Тэгээд бид нар тэр айлд хоол цай идэж уугаад нэг шил улаан өнгөтэй дарс задалж өгөхөөр нь тэрнээс нь амсаад тэр айлаас гараад шууд А-ийн хашааных нь гадаа очоод “за найз нь явлаа” гэсэн чинь А- “чи энэ цагаан сараар манайд ирээгүй шүү дээ. Одоо манай гэрт ороод цай уучих” гэхээр нь би тэгье гэсэн. А-, Д- ах бид гурав үлдээд талийгаачийнд орсон. Тэгээд талийгаач гал түлж цай чанаад цай болж байх зуур талийгаач А- надад зориулж хадгалсан гээд авдраасаа нэг шил улаан өнгийн дарс гаргаж ирсэн. Тэгээд тэр дарсыг нь гурвуулаа хувааж уугаад дуусгасан. ...би дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Тэгээд тэр архиа А-, Д- ах бид гурав хувааж уугаад талдаа орж байхад би согтоод тасрах гээд ирсэн. Манай найз А- намайг сугадаж өргөөд гэрийнхээ баруун талын орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд унтаж байсан чинь манай найз А-ийн эхнэр Н- гаднаас орилж чарлаж орж ирээд найзыг чинь хүн алчихлаа шүү дээ гэж хоёр удаа хэлээд намайг сэрээсэн. А- бид хоёр хар багаасаа найзалж нөхөрлөж байсан болохоор нэг нэгнийгээ сайн мэддэг хүмүүс байгаа юм. А-ийн тухайд ер нь болж өгвөл хүнд тусалчихъя гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Элдэв муухай ааш араншин байхгүй. Архи дарсыг хааяадаа уудаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д- ах Алтка гээд орилоод байхаар нь би яваад очтол Д- ах А-ийг гэрийнхээ урд хутгалчихсан А- газарт хэвтэж байсан. Тэгээд цамцыг нь сөхөөд хартал баруун цээжнийх нь хэсэгт хутгалчихсан, тэндээс нь цус гарч байсан. Тэгээд шууд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд Д- ах би боож үхнэ гээд хашаанаас гараад гүйхээр нь барьж аваад аавынд оруулсан. Тэгээд О ах бид хоёр талийгаачийн хутгалуулсан газраас нь чирч манай аавын гэрт оруулсан. Д- ахын А-ийг хутгалдаг хутга нь Д- ахын өөрийнх нь хутга байна лээ. Тэгээд би сүүлд О ахаас А-ийг хутгалсан хутга нь хаана байгаа юм бэ? гэж асуусан чинь гадаа хутгалуулсан газар байхаар нь аваад гэр рүүгээ оруулсан гээд гэрийнхээ эрэгнэгний урд тавьчихсан байхаар нь би цагдаад хэрэг болно гэж бодоод тэр хутгыг нь аваад талийгаач А-ийн гэрт нь оруулаад тогооны төмөр саван дээр нь тавьчихсан юм. Д- ах А- ахад “танай дүү чинь янхан биз дээ” гэж хэлээд хоорондоо барилцаад авсан. Хоёулаа архи уучихсан нэлээд согтуу байх

шиг харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

  • Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д-ийг гэр рүүгээ ороход би А-ийг гэр рүү нь оруулах гээд ноцолдож байсан. Тэгээд Д- гэр рүүгээ орчихоод нэг их удалгүй гараад ирсэн чинь талийгаач А- намайг түлхэж унагачихаад урдаас нь явж очсон. Тэгээд би удалгүй яваад очиход талийгаач А- Д-ийн хоёр хөл дээр нь суучихсан баруун талынхаа гараараа Д-ийн зүүн гаран дээр нь дарчихсан, О ах аа энэ хутгыг нь аваарай гэж хэлээд ямар ч хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд би Д-ийн зүүн гар руу хартал Д- гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан байхаар нь түүнийг нь гараас нь салгаж аваад гэртээ оруулж тавьчихаад гараад ирэхэд талийгаач дээрээс дарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд амьсгал хураасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 63 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очиход манайхан бүгд шаваад зогссон талийгаач А- дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан бөгөөд цээжний баруун хэсэг хавиас нь цус шүүрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 34 тоот: “...2. Хохирогч Г- овогтой А-ийн өмсөж явсан гэх хар саарал, улаан хүрэн өнгийн алагласан юүдэнтэй малгайтай цамц, хүрэн улаан өнгийн дугуй захтай цамц, дугуй захтай саарал өнгийн футболк зэрэг хувцасанд гэмтэл тогтоогдов. Үүнд: 1.  Хар саарал, улаан хүрэн өнгийн алагласан юүдэнтэй малгайтай цамцны баруун энгэр хэсэгт баруун ханцуйны залгаа оёдлоос зүүн тийш 15 сантиметр, мөрний залгаа оёдлоос эгц доош 20 сантиметр, урд задгай энгэрийн ирмэгээс баруун тийш 7 сантиметр зайд хөндлөн, зүүн дээш чиглэсэн 2.3 сантиметр зүсэгдэлт байна. 2. Хүрэн улаан өнгийн дугуй захтай цамцны баруун урд энгэр хэсэгт баруун ханцуйны залгаа оёдлоос зүүн тийш 12 сантиметр, мөрний залгаа оёдлоос эгц доош 18 сантиметр, доод ирмэгээс эгц дээш 43 сантиметр зайд хөндлөн, зүүн дээш чиглэсэн 2.4 сантиметр зүсэгдэлт байна. 3. Дугуй захтай саарал өнгийн футболкны баруун урд энгэр хэсэгт баруун ханцуйны залгаа оёдлоос зүүн тийш 13 сантиметр, мөрний залгаа оёдлоос эгц доош 18 сантиметр, доод ирмэгээс эгц дээш 43 сантиметр зайд хөндлөн, зүүн дээш чиглэсэн 2.5 сантиметр зүсэгдсэн байна. 4. Дээрх хувцасанд хийсэн гэмтлүүд нь нэг талдаа хурц иртэй, тухайн ир нь зүүн тийш чиглэсэн хутга мэт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот: “1.3. Талийгаач Г.А- нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний баруун талаас чиглэж орсон ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтанд орж тухайн цаг хугацаандаа нас баржээ. 2. Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний баруун талаас нэвтэрч орсон ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдсэн шарх болон цээжний хөндий рүү нэвтрээгүй ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 4. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно. 5. Г.А-ийн цогцосноос авсан шингэн цусанд шүүх химийн шинжилгээ хийгдээгүй байгаа тул дүгнэлтийг гаргав” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг А-ийг зодож байхад О- ах гэрээс гарч ирээд бид хоёрыг салгахаар нь би гэр рүүгээ гүйж ороод эрэгнэгний тавиур дээрээс хар иштэй хутга аваад гэрээс гарсан чинь А- манай гэрийн үүдэнд яг тулаад ирчихсэн байсан. Тэгэхээр нь зүүн гартаа барьж байсан хутгаараа хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт “..миний буруу, тухайн үед болсон явдалыг санаж байна, уурандаа л тэгсэн” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д-ийн хувьд архи уухаараа муухай ааш араншинтай, энд тэнд зодоон хийсэн сурагтай байдаг. Ер нь байнга архи уудаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д- ээжтэйгээ, нэг ахтайгаа гурвуулаа нэг гэрт хамт амьдардаг ба өөрөө эхнэр хүүхэд байхгүй. ...Ер нь бол архи жаахан уух гээд байдаг. Архи уухаараа ааш авир нь гайгүй л байдаг байсан. Миний мэдэхийн талийгаач энэ хоёр хоорондоо муудалцаж байсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Д-ийн сэтгэцийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот: “1. Д.Д- сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. 2. Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй. /өөрийн үгээр согтуу байсан гэх/ 3. Д.Д- одоо сэтгэцийн өвчингүй. 4. Д.Д-ид албадан эмчилгээ шаардлагагүй. 5. Д.Д- сэтгэцийн хувьд эрүүл, мэдүүлгийг зөв өгнө. 6.Д.Д- хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 117 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас багийн Засаг даргын тодорхойлолт,

- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас багийн Засаг даргын: ...тоотын хуулбарууд /хх-ийн 120 дугаар хуудас,

-Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед амь хохирогч Г.А- болон гэрч Д.У-, Э.Н-, Э.Э-, Д.О-, Н.Б- нар байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Мөрөн сумын ...од хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.А-тэй маргалдаж улмаар өөрийн гэрээсээ хар өнгийн иштэй хутга авч амь хохирогч Г.А-ийн зүрхэн тус газар нь хутгалан цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний баруун талаас чиглэж орсон шарх үүсгэн дотор эрхтнийг нь гэмтээж, үүний улмаас Г.А- нь цочмог цус алдалтанд орж нас барсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 8-10 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 36-37 дугаар хуудас/, гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-43, 45 дугаар хуудас/, гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61, 63 дугаар хуудас/, гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 34 тоот дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, Г.А-ийг “дүүгээ өмөөрсөн” гэх ялимгүй зүйлийг шалтаг болгон хутга авч түүний биед цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний баруун талаас чиглэж орсон шарх гэмтэл үүсгэсэн нь нэг мөсөн алахыг зорилготой, хувийн сэдэлттэй шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь хохирогчийн амийг бүрэлгэхдээ санаатайгаар ахуйн зориулалттай зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж, хохирогчийн биед хоёр тооны шарх гэмтэл үүсгэж, шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтлийн улмаас цочмог цус алдалтанд орж амь хохирогч нас барсныг тогтоосон нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч Д.Д-, амь хохирогч Г.А- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна.

Амь хохирогч өөрийгөө хутгалаагүй, бусдын гарт хорлогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Д.У-гийн: “...манай ээж гэр дотроосоо “хутга аваад гарчихлаа” гэж хэлэх шиг болсон. ...очиход хашааны зүүн урд буланд Д- хашаа налаад хоёр хөлөө жийгээд суучихсан, харин талийгаач А- нь Д-ийн хөлөн дээр хоёр хөлөө нугалаад суучихсан, толгой нь Д-ийн биеийн хажуугаар газар руу тонгойсон байдалтай.. ...талийгаачийг дээш нь өндийлгөөд дээш нь харуулаад газарт хэвтүүлэхэд А- ямар ч хөдөлгөөнгүй, ямар нэг дуу чимээ гарахгүй болчихсон байсан” /хх-ийн 36/, гэрч Э.Н-ын: “...манай хэвтэрийн эмээ “Д- хутга аваад гарчихлаа” гэж орилсон. ...тэгээд яваад очиход манай нөхрийн гар нь чичрээд ухаангүй болчихсон, цээжний хэсгээс нь цус гарч байсан” /хх-ийн 40/, гэрч Э.Э-гийн: “...Д- ах А гээд орилоод байхаар нь би яваад очтол Д- ах А-ийг гэрийнхээ урд хутгалчихсан А- газарт хэвтэж байсан. ...Тэгээд цамцыг нь сөхөөд хартал баруун цээжнийх нь хэсэгт хутгалчихсан, тэндээс нь цус гарч байсан” /хх-ийн 52/, гэрч Д.О-ийн: “...талийгаач А-, Д-ийн хоёр хөл дээр нь суучихсан баруун талынхаа гараараа Д-ийн зүүн гаран дээр нь дарчихсан, О ахаа энэ хутгыг нь аваарай гэж хэлээд ямар ч хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд би Д-ийн зүүн гар руу хартал Д- гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан байхаар нь түүнийг нь гарнаас нь салгаж аваад гэртээ оруулж тавьчихаад гараад ирэхэд талийгаач дээрээс дарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд амьсгал хураасан байсан” /хх-ийн 63/ гэснээр нотлогдоно.

Амь хохирогч нь архаг хууч өвчингүй /шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79/ бөгөөд, шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Г.А-ийн ойр дотны хүнийг “танай дүү чинь янхан биз дээ” гэсэн үгээр доромжилсноос үүдэн хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож шүүгдэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /хх-ийн 84/ учирсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн газраас хураан авсан хутганд хэдийгээр гарын мөр илрэхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89/ гарсан байх боловч уг хутгаар талийгаачийн амь насыг хохироосон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-10/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /13-14/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-21/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 75-77/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79, 95-98/, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотолно.

Гэмт хэрэг гарсны дараа буюу 2019 оны 02 дугаар 14-ний шөнийн 02 цаг 55 минутын үед хэргийн газарт үзлэг хийсэн нь, гэрч Д.О-, Э.Н-ын нарын мэдүүлэг дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.

Энэхүү гэмт хэргийн тухайд амь хохирогч Г.А- нь шүүгдэгч Д.Д-ид хүч хэрэглэн зодсон болох нь шүүгдэгч Д.Д-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-24/, гэрч Д.У-гийн: “...талийгаач А- дээр нь суучихсан Д-ийг цохиж байгаа харагдсан” /хх-ийн 36/, гэрч Э.Н-ын “...А- Д- ахыг газарт унагаад хамрын цусыг нь нийчихсэн байсан” /хх-ийн 39/, гэрч Э.Э-гийн “...Харин гадаа гараад А- нь Д- ахыг газарт унагаад өшиглөж байгаа харагдсан. ...Манай тэнд зодолдож байхдаа А- Д- ахыг зодоод байсан” /хх-ийн 51-52/, а гэрч А.О-н: “...Харин Д- ах манай гэрийн хаяанд сууж байгаад гэр рүү орж ирээд нүүр, ам цус, нөж болсон байсныг угааж. ...Д- ахын амнаас нь цус гарчихсан, нүүр, ам нь шалбарчихсан байсан” /хх-ийн 55-56/, гэрч Д.О-ийн: “...Тэгээд намайг очихын зуургүй А- Д-ийг гэрийнх нь урд, хашааны зүүн урд талын буланд цохиж унагаагаад А- Д-ийн дээр нь гарчихсан байсан” гэх /хх-ийн 63/ мэдүүлгүүдээр амь хохирогч нь шүүгдэгчийн эсрэг халдан

довтолсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д- нь өөрийнхөө гэрт байсан хутгыг авч гаран талийгаачийг хутгалж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-14/, гэрч Э.Н-ын “...Д- ахын өөрийнх нь хутга гэсэн. Хутгаа гэрээсээ авч гарсан гэсэн. Үүнийг манай эмээ харсан” /хх-ийн 39/, гэрч Э.Э-гийн: “...Д- ахын А-ийг хутгалдаг хутга нь Д- ахын өөрийнх нь хутга байна лээ” /хх-ийн 52/, гэрч Д.О-ийн: “...Хар иштэй балиусан хутга байсан бөгөөд манай өөрийн гал тогоонд хэрэглэдэг хутга байсныг л Д- аваад гарсан юм байна лээ” /хх-ийн 61/ гэх мэдүүлгүүдээр батлагдаж байна.

Шүүгдэгч Д.Д-ийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирч байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийг хоёр удаагийн хутгалах үйлдлээр алсан болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, хохирогчийн цээжний баруун дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, шинжээчийн “...цээжний баруун хажуу хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх үүссэн” гэх дүгнэлт /хх-ийн 78-79/ зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас хохирогчид хохирол төлбөрт зориулан 400.000 төгрөг өгсөн гэж мэтгэлцэж байгаа боловч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “400.000 төгрөг би бэлнээр, гар дээрээ аваагүй болохоор төлсөн гэж үзэхгүй” гэх мэдүүлэг, мөн Э.Н-ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “хөгшин ээж оршуулганд 300.000 төгрөг өгсөн, түүнээс Д-ийн өмнөөс өгөөгүй, үүнийг хохиролд авсан гэж үзэхгүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг хохирол төлбөр төлөөгүй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй боловч хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн оршуулгын зардал болон амь хохирогчийн бага насны 3 хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй.  

Шүүгдэгчээс гаргуулах хавтаст хэрэгт баримтжуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон

гэрч Э.Н-ын мэдүүлгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт

хамаарах оршуулгын зардалд мөнгө төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийн тухайд хүний амь нас хохирсон нь хохирлыг ахин хэзээ ч нөхөж төлөх боломжгүй юм.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “хүнийг алах” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Д-ид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “маш их гомдолтой байна, ялын дээд хэмжээг нь өгүүлмээр байна” гэснийг, улсын яллагчаас шүүгдэгчид “12 жилийн хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ. Уг гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ нь 15 жил болно.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 75 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Д.Д-ийн цагдан хоригдсон 75 хоногийг хорих ялын 75 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, нийт урт нь 26 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 12 сантиметр урттай, ажлын хэсэг нь 13 сантиметрийн урттай хутга 1 ширхэгийг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна. Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс хэрхэн устгасан талаар тэмдэглэл үйлдэн, фото зургаар баримтжуулан хэрэгт хавсаргуулах нь нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг хорих ялын 75 /далан тав/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай, нийт урт нь 26 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 12 сантиметр урттай, ажлын хэсэг нь 13 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгахыг тухайн Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР

                                        ШҮҮГЧИД                                  Г.ГЭРЭЛТ-ОД                                                             

                                                                                          Д.АЗЖАРГАЛ