Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0488

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0488

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“В” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, годмол гаргасан “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч З.С, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан “В” ХХК-ийн захирал Ц.Т давж заалдах гомдлоор, “В” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “В” ХХК-ийн захирал Ц.Т 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ......... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрээр:

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.6, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тус тус баримтлан “В” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “В” ХХК-ийн захирал Ц.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй гэх гомдлын тухайд:

Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршихоор байна. Тухайн хуулиар зохицуулсан зар сурталчилгааг хориглосон харилцааг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулах учиртай. Гэтэл хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь гомдол гаргагчийг чухам Зар сурталчилгааны тухай хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн яаж зөрчсөн гэж буруутгаж байгаагаа шийтгэлийн хуудсанд тодорхой тусгаагүй, үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолж чадаагүй.

Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааны хориглох харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч уг хуулийн зүйл, заалтыг зөрчөөгүй төдийгүй хариуцагч манай компанийг энэ талаар “зөрчил гаргасан” гэж үндэслэл зааж маргаагүй юм.

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл гомдол гаргагч Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй байхад Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй юм.

2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч хямдралд шийтгэлийн хуудас ногдуулах эрхгүй гэх гомдлын хувьд:

Анхан шатны шүүх өөр өөр харилцааг зохицуулсан хоёр хуулийг нэгтгэн тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Тодруулбал шүүх гомдол гаргагчийг “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан урамшуулалт худалдаа явуулах хэлбэрээр согтууруулах ундааг сурталчилсан” гэж буруутгасан атлаа “согтууруулах ундааг сурталчлах журмыг зөрчөөгүй, харин зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, түгээсэн” гэж үзэн зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Дээр дүгнэсэнчлэн гомдол гаргагч нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд шүүх гомдол гаргагчийг “урамшуулалт худалдаа явуулах хэлбэрээр согтууруулах ундааг сурталчилсан” гэж буруутгасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 14-д зааснаар шийтгэл ногдуулахаар байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 14-т зааснаар шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “В” ХХК-д ....... дугаар шийтгэлийн хуудсыг ногдуулах эрх хэмжээгүй атлаа бүрэн эрхээ урвуулан ашиглаж байгаад гомдолтой байгаа юм.

Анхан шатны шүүх согтууруулах ундааг сурталчлах журам гэдгийг явцуу утгаар буюу “эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан журмыг зөрчсөн тохиолдолд хэрэглэх нөхцөл” гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм. Бидний зүгээс журам гэдгийг ерөнхий байдлаар тайлбарлаж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тодорхой тохиолдлуудад согтууруулах ундааг сурталчлахыг хориглох талаар зохицуулсан харилцааг уг нөхцөлд хамаарна гэж үзэж байна.

3.Урамшуулал бус хямдралтай худалдаа эрхэлсэн гэх үйлдлийн тухайд:

Анхан шатны шүүх манай компанийн W фэйсбүүк хуудсандаа “2019 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг дуустал сар шинийн хямдралтай худалдаа “W дэлгүүрийн бүх салбаруудаар явагдаж байна” гэх мэдээллийг гаргасан үйлдлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...аливаа хэлбэрээр урамшуулалт худалдаа явуулах” гэж заасныг зөрчсөн тодруулбал “ердийн өдрүүдэд зарагддаг үнэд хямдрал зарласан үйлдэл нь худалдан авагчдад эргээд хямдруулсан үнийн дүнгийн тэр хэмжээгээр буюу мөнгөн хэлбэрээр урамшуулал болж байгаа нь урамшуулалт худалдааны нэг хэлбэр юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “Хямдрал”, “Урамшуулал” гэдэг нь ялгаатай бөгөөд үр дагавар, хэрэгжих арга хэлбэр нь өөр өөр юм.

Тодруулбал Монгол хэлний их тайлбар тольд “урамшуулалт худалдаа” гэдгийг /худалдааны байгууллага, дэлгүүрүүд бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах үүднээс зохион байгуулж буй худалдан авагчдад зориулсан тодорхой хэмжээтэй бэлэг, шагналтай худалдаа/-г хэлнэ гэж тайлбарласан бол “Үнийг нь хямдруулсан, хямдрал зарласан” гэдгийг хямдралтай бараа /үнийг нь хямдруулсан бараа/-г хэлнэ гэж маш тодорхой ялгаатай байдлаар тайлбарласан байна.

Тэгэхээр “В” ХХК нь үйлчлүүлэгчдээ өөрийн бүтээгдэхүүнийг авсан тохиолдолд ийм бэлэг дагалдана, тийм шагнал өгнө гэдэг байдлаар худалдааны, урамшууллын сурталчилгааны үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагууддаа зардаг үнээр буюу агуулахын бөөний үнээр нэр дурдагдсан дарснуудыг хэрэглэгч нартаа Монгол үндэстний баяр Цагаан сарыг тохиолдуулан хямдралтай үнээр зарсан тул согтууруулах ундааг урамшуулалт хэлбэрээр сурталчилсан үйлдлийг гаргаагүй юм.

Мөн “В” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулсан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг явуулаагүй, Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч манай компанид ямар нэгэн арга хэмжээг авах үндэслэл, шаардлага, шалтгаан байгаагүй бөгөөд бидний зүгээс хувийн субъектив байдлаар манай компанид хандаж байгаагийн нэг хэлбэр нь энэ шийтгэлийн хуудас юм гэж үзэж байна.

Иймд зөрчил гаргаагүй хуулийн этгээдэд тухайн асуудлаар эрх хэмжээгүй улсын байцаагч шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гомдлыг хангаж шийдвэрлэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр,

-Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно”, 7.2.3-д “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд “В” ХХК-ийн “W дэлгүүрийн бүх салбараар .................. гэх нэртэй дарснуудын сар шинийн хямдралтай худалдааны талаарх зар сурталчилгаагаа W фэйсбүүк пэйж хуудаснаар мэдээлсэн нь хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн, эсхүл түгээсэн” гэдэгт хамаарахгүй.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийг “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан урамшуулалт худалдаа явуулах хэлбэрээр согтууруулах ундааг сурталчилсан” гэж буруутгасан атлаа “согтууруулах ундааг сурталчлах журмыг зөрчөөгүй, харин зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, түгээсэн” гэх байдлаар зөрчилтэй дүгнэлт хийснээс гадна урамшуулалт худалдаа явуулах байдлаар согтууруулах ундааг сурталчилсан гэж гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй.

W фэйсбүүк пэйж хуудаснаа байршуулсан “2019 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг дуустал сар шинийн хямдралтай худалдаа “W” дэлгүүрийн бүх салбаруудаар явагдаж байна” гэх мэдээлэл нь дээрх хуульд заасан аливаа хэлбэрийн “урамшуулалт худалдаа” гэдэгт огт хамаарахгүй, өөрөөр хэлбэл хямдрал, урамшуулал нь хэрэгжих арга, үр дагаврын хувь өөр өөр ойлголтууд болно.

Үндсэндээ агуулахын буюу бөөний үнээр нэр дурдсан дарснуудыг хэрэглэгчдэдээ Сар шинийн баярыг тохиолдуулан тодорхой хямралтайгаар худалдаалах талаар мэдээлэл гаргасан нь хуулиар хориглосон согтууруулах ундааг сурталчилсан үйлдэлд тооцогдохгүй. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах байдлаар согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно” гэж заасны алинд ч бөөний буюу хямдралтай худалдааны мэдээлэл хамаарахгүй, “…худалдан авагчид эргээд хямдруулсан үнийн дүнгээр буюу мөнгөн хэлбэрээр урамшуулал болж байгаа нь урамшуулалт худалдааны 1 хэлбэр” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар хэрэгжүүлнэ гэж зааснаас үзэхэд хариуцагчаас өрсөлдөөнтэй холбоогүй харин согтууруулах ундаа сурталчилсан гэсэн үндэслэлээр, тодруулбал мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хуулиар олгосон эрхэд халдаж, шийтгэл ногдуулсан нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Гомдол гаргагчийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-т заасны дагуу “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулсан” гэж бус Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж буруутгаж буй энэ тохиолдолд хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргах эрхгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, тус газрын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон, “В” ХХК-ийн захирал Ц.Т давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Ворлд вайн трейдинг” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН