Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00103

 

 

Л.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийдвэртэй,

Л.Амгалангийн нэхэмжлэлтэй, “Дүдө” ХХК-нд холбогдох 750.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 913.683 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Хариуцагч Л.Алтанцэцэг

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Алтанцэцэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж ажил авч хийсэн. Гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж дууссан боловч ажлын хөлс үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байгаа тул 750.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Амгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013.08.19-ний өдөр 150 ш ажил авсан. 9 дүгээр сарын 26-нд эхний тушаалт 60 ш майк,48 ш кардиганаас 17 ш майк буцаасан. 2014.11.28-нд Ариунтуяагаар 127 ш майк тушаасан. Сүүлийн гүйцэтгэлийн 750.000 төгрөг нэхэмжилж байгаа. Алтанцэцэг хэлэхдээ 1.250.000 төгрөг авах юм байна гэж байсан ба дансаар 500.000 төгрөг өгсөн.Би 166 ш майк,48 ш кардиган тушаасан. Сүүлд 106 ш майк авч очиход Алтанцэцэг байгаагүй тул би Ариунтуяад үлдээгээд явсан. Эхлээд гэрээгээр 100 ш майк, 50 ш кардиганы захиалга авсан. Дараа нь 100 ш майкны захиалга авсан, гэрээ байгуулаагүй. Булганы сургуульд би 24 ш майк, 2 ш кардиган борлуулсан 417.120 төгрөг би авсан. Одоо 123 ш майкны үнэ нэхэж байна гэжээ.

Хариуцагч Дүдө ХХК-ний захирал Л.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүдө ХХК иргэн Л.Амгалантай 2013 оны 8 сарын 19-ний өдөр 13/08 тоот хамтын ажиллагааны туслан гүйцэтгэх гэрээ хийсэн. Гэрээний хавсралтад кардиган-50 ш,майк-100 ширхэгийг хийж гүйцэтгэн манай компанид чанар шалгуулж тушаах ёстой. Манай компаний зүгээс шаардлагатай туслах материал,хонины ноосон утсыг цаг тухай бүрд нь нийлүүлж байсан. Гэтэл Амгалан гэрээнд заасан бүтээгдэхүүнээ тоо ширхэгээр нь, хугацаанд нь бүрэн нийлүүлээгүй,чанарын шаардлага хангахгүй майк кардиган авчирч ажил хүндрүүлэн манай чанар шалгагчтай хамтран засварлаж нийлүүлж байсан. Мөн Булганы сургуульд гэрээ зөрчин чанарын шаардлага хангаагүй майк кардиган нийлүүлж манай компаний нэр хүндийг гутаасан зөрчил гаргаж байсан. Манай компани Амгаланд мөнгө төлөх биш,авлагатай тооцоо байгаа. Амгалантай хөвгүүдийн 50 ш, охидын 50 ш, нийт 100 ш майкны,50 ш кардиган цамцны гэрээ байгуулсан.Амгалан 1.252.588 төгрөгний утас материал авсан,ажлын хөлс 618.415 төгрөг,дансаар 500.000 төгрөг,өөрөө Булганд бүтээгдэхүүн борлуулж 417.120 төгрөг авсан. Манайд 913.683 төгрөгний өглөгтэй. Сурагчийн дүрэмт хувцас улсаас тогтоосон үнэтэй. Ажлын гүйцэтгэлийг бэлэн мөнгө зарлагын баримтаар тооцдог. Амгалан 1 удаа ажил тушааж баримтаар 618.415 төгрөг авсан. Намайг гадаад явах гээд хотод явж байхад мөнгө гээд яриад байхаар нь 500.000 төгрөг шилжүүлж өгч байсан.Нэмж 100 ш майкны гэрээ байгуулаагүй гэжээ.

Хариуцагч Дүдө ХХК-ний захирал Л.Алтанцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Л.Амгалан манай компаниас:

1.Хонины ноосон утас болон туслах материал 1.252.588 төгрөг,

2.Бэлэн мөнгө 618 .төгрөг,

3.2015-2-14-нд Хаан банкны 5270450589 тоот дансаар 500.000 төгрөг,

4.Манай компанид тушаах байсан 24 ш майк, 2 ш кардиганыг зарж мөнгийг ашигласан 417.120 төгрөг,

5.Борлуулалтын зардал тээврийн хөлс 45.500 төгрөг,нийт 2.833.623 төгрөг авсан. Тушаасан нь : Майк 43 ш-652.740 төгрөг,кардиган 48 ш- 1.267.200 төгрөг нийт 1.919.940 төгрөг. Зөрүү 913.683 төгрөгийг Амгалангаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Амгалан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би Алтанцэцэгт өглөг байхгүй. Алтанцэцэгээс хийх гэж авсан ажил майк 200 ш, кардиган цамц 50 ш. Эхлээд тушаасан: кардиган 48 ш-351.600 төгрөг, майк 43 ш-266.815 төгрөг, нийт 618.415 төгрөг.17 ш майк чанараар буцаагдсан. Дараа нь: 2013-11-11-нд майк 106 ш Ариунаагаар өгч явуулсан. 2013-11-28-нд 17 ш майкаа засаад өгсөн Ариунаагаар 106 ш + 17 ш нийт 123 ш майкны гүйцэтгэлийн мөнгө 775. 515 төгрөг би аваагүй. Үүнээс Алтанцэцэгтэй тооцоо нийлээд борлуулсан 24 ш майк, 2 ш кардиганы 417.120 төгрөгийг хасаад 358.395 төгрөг авна гэж тохирсон. Дараагийн гүйцэтгэлийн мөнгө нь майк 166 ш 1.046.630 төгрөг, кардиган 48 ш 356.400 төгрөг, урд өгөгдөөгүй гүйцэтгэлийн мөнгө 358.395 төгрөг. Нийт ажлын тоо хөлс: майк 166 ш 2.290.800 төгрөг, кардиган 48 ш 1.152.000 төгрөг, нийт 3.442.800 төгрөг. Зарлаганууд: нийт 2.788.123 төгрөг. Зөрүү мөнгө хөлс 654.677 төгрөг байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул Л.Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Л.Амгалангаас 868 183 төгрөг гаргуулан Дүдө ХХК-д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 45.500 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 30.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн хураамж 26.480 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, нэхэмжлэгчээс 25386 төгрөг гаргуулан хариуцагч Дүдө ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Амгалан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Амгалан миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 868.183 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Миний бие нь “Дүдө” ХХК-ийн захирал Алтанцэцэгтэй гэрээ байгуулан сурагчдын дүрэмт хувцас болох майк, кардиган цамц нэхэх ажил авсан бөгөөд дараа нь дахин 100 ш майкны захиапга дахин авсан, нийтдээ 250 ш ажил авсан юм. Ингээд гүйцэтгэлээ тушаасан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлынхаа үнийг аваад явж байсан ба одоо 123 ш майкныхаа үнийг авч чадахгүй өдий хүрсэн билээ. Ингээд Аптанцэцэгээс 123 ш майкны үнэ болох 750.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Алтанцэцэг нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Алтанцэцэг нь надад хийсэн ажлын маань үнийг төлөх ёстой болохоос биш миний бие нь энэ компанид ямар нэгэн байдлаар өртэй асуудал байхгүй. Хамгийн сүүлд гэрч Ариунтуяагаар 106 ш майкыг тушаалгасан бөгөөд үүнийг ч гэрч Алтантуяа шүүх хуралдаан дээр хэлж мэдүүлсэн. Гэтэл шүүх нь намайг шаардах эрхгүй байна хэмээн нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон мөртлөө сөрөг нэхэмжлэлийг нотлох баримттай хэмээн ханган шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдсэн шийдвэр гэж бодож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Дүдө” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Амгалан ажлын хөлс 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Дүдө ХХКомпаний захирал Л.Алтанцэцэг төлбөр 913.683 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэл байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.Амгалан нь 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Дүдө ХХКомпаний захирал Л.Алтанцэцэгтэй “Хамтын ажиллагааны туслан гүйцэтгэх” гэрээ байгуулсан ба гэрээний 1.3-т заасны дагуу 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бараа материалын тооцоо хийснээр талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон ба нэхэмжлэгч Л.Амгалан нь гэрээний дагуу 100 ширхэг майк, 50  ширхэг кардиган цамц бэлтгэн нийлүүлэхээс хариуцагчид 48 ширхэг кардиган цамц, 43 ширхэг майк хүлээлгэн өгч 618.815 төгрөг, мөн өөрөө 2 ширхэг цамц, 24 ширхэг майк борлуулж 417.120 төгрөг, дансаар 500.000 төгрөг тус тус авсан болох хэрэгт авагдсан гэрээний хуулбар, тооцооны акт болон зохигчдын гаргасан тайлбараар батлагдсан ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Л.Амгалан нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрээний хавсралт /№1, №2/ -аар баталсан  “нэр төрөл, үнэ, нийлэлтийн хуваарь, түүхий эд, туслах материалын хэрэгцээ” зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, мөн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчтай бараа материалын тооцоо нийлсэн атлаа гэрээний дагуу хэдэн майк, кардиган цамц нийлүүлсэн талаар тооцоо хийгээгүйгээс гадна хариуцагчид 100 ширхэг майкыг хүлээлгэн өгсөн гэдгээ нотолж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Амгалангийн хүсэлтээр гэрч оролцуулсан ба гэрч А.Ариунтуяа “106 ширхэг майкыг Энхжаргалд тушааснаас 6 ширхэг майкыг буцаасан” гэж гэрч Б.Энхжаргал “6 ширхэг майкыг буцааснаа санахгүй байна, захирал өөрөө хүлээн авдаг” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, гэрч А.Ариунтуяагийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул  нэхэмжлэгчийн 100 ширхэг майкыг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Амгаланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлийг нотлож чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Л.Амгалангаас 868.183 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тухайлбал талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хариуцагч тал 1.252.588 төгрөгийн бараа материал, бэлнээр болон дансааар 1.118.415 төгрөг, 417.120 төгрөгийн цамц, майк зарж борлуулж нийт 2.788.123 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан тооцооны акт, бэлэн мөнгөний зарлагын баримт, дансны хуулга /хх-ийн 16-18 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Л.Амгалан ямарч тооцоо байхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагчиас гаргасан 2.788.123 төгрөгийн зардлаас 1.919.940 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж зардлын зөрүү 868.183 төгрөгийн төлбөрийг шүүх хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3–д заасантай нийцсэн байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам  болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Амгалангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Амгалангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                 Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ