Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01120

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01120

 

хххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/01378 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххид холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 28,830,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагч хххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххххх /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МТ шатахуун түгээх газрын замын ард явж байтал араас хххх мөргөсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хххх дугаар дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 12 сарын хугацаагаар тогтоогдсон.

1.2. Би ам бүл дөрвүүл, ганц ажил хийдэг хүн нь байсан. Осолд орох үед хххххх ХХК-ийн зүүн үйлдвэрийн 2 дугаар цехэд хатаах зуухны машинчаар ажилладаг бөгөөд сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг, урамшуулал, нэмэгдэл ороод 2,961,632 төгрөгийн цалин авдаг байсан. Дээрх авто осолд орсноос хойш эмнэлгийн магадлагаатай байсан үеийн цалингийн зөрүү 33,318,360 төгрөгийг хариуцагч ххххоос гаргуулж өгнө үү гэсэн боловч шүүх хуралдаанд шаардлагаа 4,487,985 төгрөгөөр багасгаж, 28,830,375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хххххийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний зардалд 121,900 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Зайлгүй гарах зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1. хххх нь хххххээс нэхсэн мөнгөн дүнгээс арай бага мөнгө төлж, гомдлыг барагдуулах нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ххххоос 4,290,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххэд олгож, нэхэмжлэлийн үлдэх 24,539,769 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ххххх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ххххоос 83,600 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь судалж үзэлгүй шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ххххх нь гэмтэл учирсны улмаас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажил хийгээгүйгээс орлого олоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хххххийн ажлаас чөлөөлөгдсөн хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1857 дугаар тушаалаас харахад нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хххххх ХХК-д ажиллаж байжээ...

...нэхэмжлэгч гэм хорыг нөхцөлдүүлж байгаа тэр үйл явдал болоогүй бол уг ашиг орлого өөрт нь очих байсныг болон тогтмол ажиллаж байсан боловч гэм хор учирсны улмаас ажиллах боломжгүй болсныг баримтаар нотолж чадаагүй... гэсэн дүгнэлт нь бие биенээ үгүйсгэж байна.

5.2. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хххххх дугаартай шийдвэрээр ххххх нь зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон шийдвэр хэрэгт авагдсан, мөн хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1857 дугаар тушаал, тодорхойлолт, / хххххийг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэх/, хххххийн ххххх банкны дансны /цалингийн/ хуулгаар 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу осол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад эдгээр баримтуудыг үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэлд дурдагдаагүй нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй, нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

5.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т хххххийг 2023 оны 1,2 сард гэмтэл учирсны улмаас орлого олоогүй гэж үзлээ, түүний ххххх банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар орлого олсон үйл баримт нотлогдсонгүй ... гэж дүгнэж байгаа нь хххххийн ххххх банкны дансны хуулгыг шүүх үнэлсэн, тус дансны хуулга нь өмнө цалин авч байсан дансны хуулга юм. хххххэд хххххх ХХК-аас цалин өгөөгүй нь давхар нотлогддог, өвчтэй ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ажил олгогч төлөхөөр Хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан, тус үүргийнхээ дагуу төлсөн байхад шүүхээс нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт төлөгдсөн нь ажил хөдөлмөр хийж, цалин авч байсан байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэв шүүх 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр cap хүртэл хххххх ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийг ямар учраас төлсөн эсэх, төлсөн бол нэхэмжлэгчид яагаад цалин олгоогүй /ххххх банкны дансны хуулга/ эсэхийг тодруулж, тооцооллын талаархи маргааныг хэргийн зохигч биш хххххх ХХК-аас тодруулсны дараа шийдвэрлэх нь тооцооллын хувьд маргаан гарахгүй байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэлийн шаардлагууд тодорхой нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххид холбогдуулан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 28,208,775 төгрөг, эмчилгээний зардал 121,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 28,830,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь эмчилгээний зардал 121,200 төгрөгийг зөвшөөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хххххийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр үлдэх хэсгээс татггалзан, маргажээ.

 

3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ххххххдугаар шийтгэх тогтоолоор хххх нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хххххийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ххххийн гэм буруугийн талаарх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна. /хх-3-8/

Дээрх шийтгэх тогтоолд хохирогч хххххийг хохирлын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсэн байх тул эрүүгийн журмаар хохирлыг барагдуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххххийн эрүүл мэндэд гэм хор учруулсан хариуцагч хххх нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

4.1. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хххххийг дунд чөмөг хугарах үндсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар тогтоожээ. /хх-10/

4.2. Нэхэмжлэгч ххххх нь хххххх ХХК-ийн Зүүн үйлдвэрийн 2 дугаар цехийн Хатаах зуухны машинчаар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж, сарын 1,500,000 төгрөгийн цалин хөлс авч байсан, тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон, ажил олгогч хххххх ХХК нь түүний гаргасан хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1857 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон байна. /хх9, 80, 82/

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон эмчилгээний зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэг хуулиар үүссэн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо нотлох баримт үнэлэх журмыг зөрчсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

5.1. Учир нь нэхэмжлэгч ххххх хххххх ХХК-д 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан үйл баримтын талаар дээр дүгнэсэн.

5.2 Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарыг дуустал сар бүр 288,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл сар бүр 325,000 төгрөг, мөн оны 2, 3 дугаар сар тус бүр 660,000 төгрөгийн тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас авдаг байсан болох нь түүний ххххх банк дахь дансны хуулгаар нотлогджээ. /хх-90-101/

 

6. Давж заалдах шатны шүүх, эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 15,259,900 төгрөгийн хэмжээнд хангаж, үүнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

6.1. Тодруулбал, хэргийн 13-15 дахь талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хххххийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч ххххх нь 2022 оны 12 сарын цалин хөлсөнд 2,367,986 төгрөг авч, 2023 оны 1 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдрийг хүртэл цалин, хөлс аваагүй байх тул 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингаас түүний авч байсан тэтгэмжийг суутгаж, үлдэх дүнг дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцох нь зүйтэй гэж үзлээ.

6.2. Хариуцагч нь эмчилгээний зардал 121,900 төгрөгийг зөвшөөрсөн. Иймд хариуцагчаас дутуу авсан цалин хөлс 15,138,000 төгрөг, эмчилгээний зардал 121,900 төгрөг, нийт 15,529,900 төгрөг гаргуулж, үлдэх 13,570,475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

7. Шүүх өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь иргэний хэрэгт өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэнийг нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох боломжгүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчөөгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/01378 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4,290,606 гэснийг 15,259,900 гэж, 24,539,769 гэснийг 13,570,475 гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 83,600 гэснийг 234,250 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД