Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01152

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01152

 

хххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх, хххх нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагч ххххын итгэмжлэгдсэн төлөөлөгчхххххх, хариуцагч ххххын өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххх нь хххх, хххх нартай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0224 дугаартай зээлийн гэрээ байгуулан, гэрээний дагуу 3 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний баталгаа болгож ххххын өөрийн өмчлөлийн хххххххххх дүүргийн хх дүгээр хороо хх дугаар хороолол хххххх гудамж, хххх байр, хх тоот, ххххх м.кв 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн.

1.2. Зээлдэгч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 3.1-т ..Гэрээний хугацааг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлөх ёстой. гэж заасан байтал үлдэгдэл 34,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өдийг хүрч байна.

Иймд үндсэн зээл нийт 34,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7 заасны дагуу алданги 17,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан хххххт олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх нь зээл олгох нэрийдлээр ххххын өмчлөлийн хххххххх дүүрэг, ххх хороо, хх хороолол, хххххххх гудамж, ххх байр, хххх тоот орон сууцны зориулалттай ххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр дүр үзүүлсэн гэрээ байгуулан шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориуд бий болгон хууран мэхлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байх тул хариуцагч ххххын зүгээс энэхүү зээл болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хуулийн асуудлыг цагдаагийн байгууллагаар буюу эрүүгийн хэргийн журмаар шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

Учир нь ххххх нь зээл олгоно гэх давуутай байдлаа хөшүүрэг болгон ашиглаж, бусдын өмчлөлийн хөрөнгийг гэрээгээр халхавчлан ямар нэгэн хууль ёсны барьцааны гэрээ хэлцэл байгуулалгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хэрнээ өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус үйлдлээ хэрэгжүүлсэн хэвээр байна. ххххын зүгээс өөрийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу буцаан шилжүүлэхийг хххххаас шаардсан хэдий боловч энэхүү шаардлагыг биелүүлээгүйн зэрэгцээ давхар эрүүгийн хууль тогтоомж зөрчин, бусдын орон байрны халдашгүй байдалд халдан хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын биед халдсан зэрэг үйлдлүүдийг гаргасан. хххххын эдгээр эрүүгийн хууль тогтоомжоор хориглосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бөгөөд эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх хүртэл иргэний хэргийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. хххххын үйлдлийн улмаас зах зээлийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн бодитой хохирол учраад байгаа бөгөөд ххххын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг цаашид бусад этгээдэд шилжүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Ийнхүү шилжүүлсэн нөхцөлд энэ нь гарцаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарах болно.

2.3. Нэхэмжлэлийн үнийн дүн, тоо тооцоолол алдаатай, хүүгийн болон үндсэн зээлийн тооцооллыг алдаатай буруу тооцсон, алдангийг хэт өндөрөөр тооцож хамгийн дээд хэмжээнд нь тулгасан зэрэг ноцтой алдааг нэхэмжлэгч гаргасан байна.

2.4. Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2 гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь барьцаа болгосон. Үүний дараа зээлийн гэрээ байгуулагдсан. Улмаар 40 сая төгрөгийг 3 сарын хугацаатай олгохоор тохиролцсон. Гэтэл бодит байдалд хариуцагч нарт яаралтай мөнгөний хэрэгцээ гараад 2 хүнтэй уулзаад 5 хувийн хүү тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь эхлээд орон сууцны эрхийг шилжүүлээд дараа нь зээлийн гэрээ байгуулах шаардлага тавьсан. Ингээд зээлийн гэрээ байгуулахдаа өөртөө ашигтай нөхцөлөөр буюу хүүг 10 хувиар гаргасан. Шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Иймд шүүхээс хүү, алдангийг багасгаж өгнө үү. Зээлийн гэрээг хариуцагч нар дангаараа зөрчөөгүй. Барьцааны гэрээ байгуулах байтал үл хөдлөх эд хөрөнгө авсан байдаг. 8,000,000 төгрөгийг хүүд, 10,000,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч хххх, хххх нараас 49,800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч хххххт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 406,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нарын зүгээс зээл авсан эсэх талаар маргаагүй. Харин зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тул зээлдэгчийн хүсэлтээр шүүх багасгах боломжтой гэж, мөн алдангийн хэмжээ илт их буюу 17 сая төгрөг байх тул багасгах боломжтой гэж, түүнчлэн зарим төлөлтийг үндсэн зээлээс хасаж тооцох байсан, зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээлээс хасаж тооцоогүйн улмаас алдангийн хэмжээ хэт өндөр буюу буруу тооцоолсон гэж маргасан болно.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 49,800,000 төгрөгийг хангаж 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дараах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд 40,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр гэрээг бичгээр хийсэн байдаг. Гэвч бодит байдал дээр хариуцагч ххххын хувьд барилгын ажил гүйцэтгэж байсан бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул ажилчдын цалин өгөх яаралтай шаардлага үүссэн тул хххххаас 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж улмаар хариуцагч ххххын өмчлөлийн ххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, ххх дугаар хороолол, ххх дугаар байр, ххх тоот хаягт байрлах ххххх м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгохоор тохиролцсон.

Гэвч зээл олгосон өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч хххх, хххх нар нь дээрх тохиролцооны дагуу зээл авах гэсэн боловч хххххын зүгээс барьцааны гэрээ хийхгүй худалдах, худалдан авах гэрээ хийсэн нөхцөлд зээл олгоно гэсэн байдаг. Хариуцагч нарын зүгээс ажилчдын цалинг яаралтай өгөх шаардлагатай байсан учраас уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 47 минутад худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр бичгээр хийсэн байдаг.

ххххх нь уг нотариат дээр зээлийн гэрээ байгуулаагүй ба өөр нотариат дээр зээлийн гэрээ байгуулна хэмээн мөн өдрийн 14 цаг 19 минутад буюу худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүгийн 1 сард төлөх хэмжээг 10 хувь болгон нэмэгдүүлж, зээлдэгч нарыг гарцаагүй байдалд оруулж гэрээ байгуулсан ба энэ талаар хариуцагч хххх шүүх хуралдаанд мөн тайлбар гаргасан болно.

Иймд, хариуцагч нарын зүгээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгах талаарх хүсэлтийг тус тус гаргасан. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ болон ХЗХ-аас олгох зээлийн дундаж хүүгийн талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар өгсөн хэдий ч шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй.

Мөн Иргэний хуульд заасан хүүгийн болон анзын хэмжээг багасгах зохицуулалт нь хэргийн оролцогчийн хүсэлтэд үндэслэн шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой зохицуулалт юм. Иймд, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ байгуулагдсан дэс дараалал, цаг хугацаа, хариуцагчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн нотлох баримт зэргийг харгалзан үзэж зээлийн хүүгийн хэмжээ болон алдангийн хэмжээг бууруулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Зээлийн дундаж хүүгийн хэмжээ нь сарын 4,5 хувь (мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд4,5 хувь, ББСБ -3,3 хувь, хадгаламж зээлийн хоршоо2,28 хувь, Банк 1,8-2,2 хувь) байх тул зээлийн хүүг 10 хувиар бус харин 5 хувиар бууруулан тооцож зээлийг хүүг багасгах боломжтой байсан гэж үзэж байна. Зээлийн хүүнд тооцсон гэх 16,000,000 төгрөгийг бууруулан 8,000,000 төгрөг болгож, үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох боломжтой байсан болно.

4.2. Шүүхээс төлүүлэх тогтоосон алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 41.5 хувьд хүрч байна. Зээлдэгч нь гэрээний үүрэгт нийтдээ 18,000,000 төгрөгийг төлсөн.

Иймээс шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 16,600,000 төгрөгийн алдангийн хэмжээг хуулийн дагуу 5,0000,000 төгрөгөөр хорогдуулан тооцох боломжтой байсан тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

4.3. Мөн шүүхээс хариуцагч нарын гаргасан хүү, алдангийн хэмжээг бууруулах хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ үндсэн зээл болон зээлийн хүүгийн эргэн төлсөн баримтыг алдаатай байдлаар тооцоолж хариуцагч нараас илүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Зээлийн гэрээний 3.6 дахь хэсэгт Зээлийг эргэн төлөх нөхцөлийг заасан байх бөгөөд cap болгоны 08-ны өдөр зээлийн гэрээний хүүг төлөхөөр, үндсэн зээлийг гэрээний хугацаанд багтаан төлөх-өөр тус тус заасан. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 4 дүгээр сарын 24-26-нд тус тус төлсөн нийт 8,000,000 төгрөгийг 2023 оны 3 болон 4 сарын зээлийн гэрээний хүүгийн төлбөр гэж үзэж болох хэдий ч 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох шаардлагатай юм.

Иймд, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хассанаар үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг үлдэж түүний хүү 3,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөгөөс алдангийг тооцож хамгийн ихдээ 49,500,000 төгрөг төлөх шийдвэр гарах байсан. Гэвч шүүхээс 49,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж тооцооллын шинжтэй алдаа гаргасан байна.

Иймд, үндсэн зээлээс зээлдэгчид илт хохиролтой зээлийн хүүг бууруулан тооцох ёстой байсантай холбогдуулан 8,000,000 төгрөг, их хэмжээгээр тогтоогдсон алдангийн 5,000,000 төгрөг, тооцоололтой холбоотой алдаа болох 300,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөгийг хасах байдлаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Гомдолд 10,000,000 төгрөгийн талаар дурдсан. Гэрээнд зааснаар сар бүрийн 08-ны өдөр зээлийн хүүд 4,000,000 төгрөг төлөх ёстой. Хэргийн 33 дугаар талд дансны хуулга авагдсан. Дээрх дурдсанаар нийт 18,000,000 төгрөг төлөгдсөн. Гэрээнд зааснаар 10 хувийн хүү буюу 4,000,000 төгрөгийн талаар асуудал яригдсан. Сүүлд төлсөн 10,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцоод 6,000,000 төгрөгийг үлдсэн төлөлтөөс хасаж тооцсон. Гэвч анхан шатны шүүх тухайн 4,000,000 төгрөгийг үндсэн төлөлтөөс хасаж шийдвэрлэсэнд манай талаас гомдол гаргаагүй. Тухайн 10,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс хасагдах байсан гэж давж заалдах гомдолд дурдсан. Энэ зээлийн маргаан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд 10,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг нь хасагдах байсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар 10,000,000 төгрөг бүхэлдээ үлдсэн төлөлтөөс хасагдах байсан гэх байдлаар тайлбарласан.

5.2. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар тайлбарууд нь өөрчлөгдсөн. Зохигчдын хооронд төлсөн цаг хугацаа төлбөрийн хэмжээг харахад зээлийн хүүд төлөгдсөн төлбөрүүд байх бөгөөд илүү гарсан төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон. Мөн зээлийн хүү, алдангийн хэмжээ хэт өндөр байна гэх агуулгыг гомдолд дурдсанаас гадна тодорхой хэмжээний төлөлтийг хасах талаар тайлбарласан. Үүнд хариуцагч талаас шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт, тайлбар гаргасан. Энэ хугацаанаас өмнө хариуцагч ххххтой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уулзаж, өмгөөлөгч нар нь санал тавьж тодорхой хэмжээний төлөлтүүдэд эвлэрэх боломжтой эсэх талаар ярилцсан. Тухайн үед энэ асуудлуудыг шийдвэрлүүлэх боломжтой байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санал, хүсэлт гаргаж удаашруулах байдлаар оролцсон. Нөгөөтэйгүүр, 30 хувийн хүү авсан талаарх асуудал 15 сарын хугацаанд яригдсан. Өнөөдрийн хүртэл үндсэн зээл нь тодорхой хэмжээний төлөлтгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төлөгдсөн зээлийн хүүг хэт өндөр байна гэх асуудал яригдсан. Дээр дурдсан 10,000,000 төгрөгөөс зээлийн хүүд 4,000,000 төгрөг тооцож, үлдсэн 6,000,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан.

5.3. Анхан шатны шүүх хуралдаанд хххх өөрөө оролцсон, энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцсэн боловч энэ талаар асуудлыг тодорхой дурдаагүй. Иймд дээрх төлөлтүүдийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин хариуцагч нар өөрсдөө зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хугацаа байна. Иймд хүү, алдангийг багасгах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххх, хххх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүү, алдангийн хэмжээ их байна гэсэн үндэсллээр эс зөвшөөрч, хүү, алдангийг багасгаж өгөхийг хүссэн байна.

 

3. Талууд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0224 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч ххххх нь 40,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хххх, хххх нар сар болгоны 8-ны өдөр хүү буюу 4,000,000 төгрөг төлж, үндсэн зээлийг гэрээний хугацаанд багтааж төлөх, сар бүр хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд /1 сар хүлээнэ/ 0.5 хувиар алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх6-7/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөг хариуцагчийн данс руу шилжүүлсэн, хариуцагч нараас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, мөн сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

6.Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дууссан, хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үүрэг болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заасантай тус тус нийцэж байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хариуцагч нараас зээлийн үүрэгт 49,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцооллын талаар хийсэн дүгнэлт нь ойлгомжгүй байхаас гадна гэрээгээр тохирсон зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохиролтой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

8. Давж заалдах шатны шүүх хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтой гэх агуулга бүхий хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

8.1. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний сарын хүүг 10 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байгаа боловч уг 10 хувийн хүү нь 3 сарын 30 хувийн хүү болж байх тул хариуцагч нарт зээлийн хүүгийн хэмжээ нь илт хохиролтой тогтоогдсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгаж, сарын 5 хувиар тооцвол хариуцагч нарын сарын хүү нь 2,000,000 төгрөг, 3 сарын хүү нь 6,000,000 төгрөг болно.

8.2. Хариуцагч нар гэрээний хугацаа дууссан өдрөөс /2023.05.08/ хойш зээлийн төлбөр төлөөгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй гэх хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна.

8.3. Талууд гэрээний 3.7-д гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагч талын гаргасан гомдлыг хангах боломжгүй.

8.4. Дээрхийг нэгтгэн дүгнээд, зээлийн үүргийг тооцвол, үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөг төлөхөөс хариуцагч нарын гүйцэтгэсэн 18,000,000 төгрөгийг хасч, зээлийн үүргээс 28,000,000 төгрөг төлөөгүй гэж үзнэ. Уг үүргээс 0.5 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангийн дүнг 14,000,000 төгрөгөөр тогтоож, хариуцагч хххх, хххх нараас зээлийн үүрэгт нийт 42,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

9. Талууд зээлийн гэрээнд барьцаанд ххххын өмчлөлийн ххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, хх дугаар хороолол, хх дугаар байрны хх тоот хаягт байршилтай хххх м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хххххын нэр дээр шилжүүлж өгсөн гэж тусгасан байна. Үүний дагуу хххх, ххххх нар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хххххын нэр дээр шилжүүлсэн, уг гэрээ дүр үзүүлсэн хэлцэл гэж зохигчид тайлбарласан.

 

10. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д талуудын маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь оновчгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01620 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 49,800,000 гэснийг 42,000,000 гэж, 1,200,000 гэснийг 9,000,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 406,950 гэснийг 367,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ххххоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД