Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00243

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Орхироо гэдэг газар оршин суух,1986 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Боржигон овогт Халтарын Бгийн нэхэмжлэлтэй /РД: МИ86092809/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Дарьтын эх буюу Цагаанчулуут гэдэг газар оршин суух,1981 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Дүнгээ овогт Батцогтын Мад холбогдох /РД:ИВ81071511/

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сард Мтай гэр бүл болж нэг гэрт хамтран амьдраад 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.Мөнх-Очирыг төрүүлсэн юм. 2016 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд Б.М нь байнга архи дарс ууж шөнө унтуулахгүй орилж хашгичдаг байсан. Хутга барьж над руу болон өөр лүүгээ чичлээд үхээд өгье гэж хэлээд хэцүү байдаг. Өөрийнхөө гарт дайралдсан болгоноор над руу шиддэг. Машинтайгаа согтуу ирээд гэрээ дайрах шахам хуруу хиртэй тулж зогсчоод маргааш нь надаас би яаж ирсэн бэ юу болсон бэ гэж асуудаг байсан. М нь  өөрөө эхлээд хоёулаа салъя чи түрүүлээд яв гээд намайг гэрээсээ хөөдөг байсан. Сүүлийн үед би энэ хүний гарт хэзээ алуулах бол гэж боддог болсон. Би зүрх муутай учраас зүрхний хагалгаанд орсон бие муутай хүн. Энэ хүнийг согтуу ирэхээр нь яах ийх бол гэж бодоод унтаж чадахгүй зүрх түгшиж айж хонодог байсан. Би Мыг тэгж байгаад архи уухаа болих байх гэж зөндөө их тэвчиж хүлээдэг байсан боловч одоо тэгж бодож хүлээхээ больсон. Цаашид бид үнэхээр хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2013 оны 10 дугаар сард Х.Бтэй гэр бүл болсон бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү Мөнх-Очир бидний дундаас төрсөн. 2016 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдрах хугацаанд би гадаа гэрт малчныхаа ажлыг хийгээд үр хүүхдийнхээ л төлөө явсан. Энэ хугацаанд архи ууж агсам согтуу тавиад айлгаж дарамтлаад шөнө унтуулдаггүй байсан гэдэг нь худлаа. Бид хоёрын хооронд хааяа маргаан гардаг байсан Энэ нь гэрт гадаа хийх малын ажлаас л болдог байсан. Би хийдэг ажлаа хийгээд явдаг байсан болохоос энэ хүнийг зодож байгаагүй. Ямар учраас сална гээд байгааг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Гэхдээ энэ хүн заавал сална гээд байвал хүссэнээр нь болъё. Харин хүүхдээ өөрийн асрамжинд авмаар байна. Эд хөрөнгийн хувьд маргаад байх зүйлгүй гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Б.М нар нь 2013 оны 10 дугаар сард гэр бүл болж 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.Мөнх-Очир төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн ¹ ¹ 4322000404 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, иргэдэд үйлчлэх автомат машины 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн Баянбаг өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Б нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн амьдралд тайван бус байдал буюу хэрүүл маргаан үүсгэж эхнэр Х.Бг айлгаж дарамтлах зэрэг байнгын хүчирхийлэл дарамтыг гаргаж байсан ба цаашид гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй байх тул Б.М, Х.Б нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй цуцлах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүү М.Мөнх-Очирыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа боловч хүүхэд 07 насанд хүрээгүй тул саналыг нь авах боломжгүй ба хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд нь тавих эхийн халамж анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин зэргийг харгалзан эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.   

Иймд нэхэмжлэгч Х.Бгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Мөн хариуцагч Б.Маас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                  Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дүнгээ овогт Батцогтын М, Боржигон овогт Халтарын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Мөнх-Очирыг эх Х.Бгийн асрамжинд үлдээсүгэй.                                    

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Мөнх-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүү М.Мөнх-Очирыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                Б. ХЭРЛЭН.