Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01153

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01153

 

ххххххы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХК-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 57,674,321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх нь ххххххххх дүүрэг, хххх дүгээр хороо, ххххххх дугаар гудамж ххх тоот хаягт байрлах үйлчилгээний хоёр давхар бүхий барилгыг үйлчилгээний зориулалтаар барьсан ба анх нэгдүгээр давхарыг 2009 онд хххх м.кв талбайд ххх-н өрөөтэй халуун ус, сауны үйл ажиллагаа явуулахаар барьж байсан. Харин хоёрдугаар давхарыг 2012 онд хххх м.кв талбайд 7 өрөөтэй угаалгын газар, цайны газрын үйл ажиллагаа явуулах зорилгоор барьсан ба хаалгыг нэг давхараас тусад нь шатаар орж, гардаг байдлаар зохион байгуулж өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан. Нэгдүгээр давхарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2009 онд гарч байсан бөгөөд харин хоёрдугаар давхарын гэрчилгээ гаргахаас өмнө хххххинд барьцаалсан байсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж амжаагүй болно.

1.2. 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн талийгаач нөхөр хххххххтэй хамтран ххххх ХК-тай ххххххх тоот зээлийн гэрээ байгуулж, 46,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Мөн ххххххх-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон хххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххх дугаар гудамжны ххх тоот хаягт байрлах ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай хххх м.кв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга (хххх хувийн гүйцэтгэлтэй), ххххххххххххх дугаартай хххх м.кв талбайтай газрын хамт барьцаалсан. Уг барьцааны хххх м.кв сууц нь гагцхүү тухайн барилгын

нэгдүгээр давхарт хамаарах хххх м.кв байсан ба харин хоёрдугаар давхар нь хамаарахгүй байсан болно. Тухайн үедээ гагцхүү 1 давхрын гэрчилгээг үндэслэн барьцааны гэрээ хийсэн ба 2 дугаар давхрын гэрчилгээ гараагүй байсан.

Хожим зээлийн гэрээний асуудал шүүх рүү шилжиж, ххххххх бид хоёр ххххх ХК-аас нэхэмжилсэн 41,846,892 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

1.3. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаа хөрөнгө болох ххххххххххх дүүргийн хххххх дүгээр хороо, хххххххххх гудамжны хххх тоот хаягт байрлах ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай хххх м.кв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга (хххх хувийн гүйцэтгэлтэй), ххххххххххххх дугаартай хххх м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус эд хөрөнгийг хураан авч албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон.

Ингэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гагцхүү 1 дүгээр давхрын хүрээнд явагдаж байсан ба хариуцсан шийдвэр гүйцэтгэгч 2 дугаар давхар хамаагүй тул битүүмжлэх, хураан авах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу 1 давхарт хийнэ гэж байсан. Шийдвэр гүйцэтгэлийнхэн хоёрдугаар давхар луу огт орж үзээгүй болно. Дээрх барьцаа хөрөнгийг (1 дүгээр давхар болон газар) хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан ба дуудлага худалдаанд ххххх өөрсдөө оролцон хххххны итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххын саналын дагуу 36,245,000 төгрөгөөр худалдан авсан. Шүүхийн шийдвэр бүхий өр төлбөр нь тухайн дүнгээс бага дүнтэй байсан учир надад зөрүү төлбөрийг олгож энэ шүүхийн шийдвэрийн асуудал бүр мөсөн дууссан болно.

Гэтэл 2023 онд ххххххы өмчлөлийн тухайн барилгын 2 дугаар давхрын цоожийг сольж, дотор хадгалагдаж байсан угаалгын болон халуун усны зориулалттай эд хөрөнгүүдийг гарган хаяж, намайг өөрийн өмчлөлийн хөрөнгөд нэвтрэн орох боломжгүй болгосон. ххххх ХК 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан 2 дугаар давхрыг ххххх ХК-ийн өмчлөлд бүртгэснээр 1 болон 2 дугаар давхар нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон байна.

1.4. Улмаар банк иргэн ххххххтай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж, ххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, хххххххх гудамж ххххх тоот хаягт байршилтай хххххх м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө ххххххын өмчлөлд шилжсэн болохыг хэргээс олж мэдсэн. хххххх нь хххххийг хууль бусаар өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдэлгүй худалдан авсан байж болзошгүй, түүнийг мэдсэн гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Тодруулбал, банк тус 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын зөвхөн нэгдүгээр давхрыг захиран зарцуулах эрхтэй байтал хххххх миний өмчлөлийн 2 дугаар давхрыг мөн дур мэдэн өөрийн өмчлөлд бүртгүүлж, бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иймд хххххххххх дүүрэг, хххх дүгээр хороо, хххххххххх  гудамж хххх тоот хаягт байрлах Үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын хоёрдугаар давхрын тоосгон хийцтэй барилгын ажлын нэгдсэн төсвийг Монгол Улсын мэргэшсэн төсөвчин хххххххөөр тооцуулсан. Уг нэгдсэн төсөвт 2 дугаар давхрын нийт төсөвт өртөгийг 71,810,332 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хохирлоо тооцохдоо уг давхрыг барихад зориулагдсан ажиллах хүчний зардал, материал, тээвэр, машин ашиглалтын зардлын нийлбэр буюу шууд зардлын дүн болох 56,674,321 төгрөгөөр тооцсон болно.

Иймээс ххххх ХК-ийг ххххххд худалдахаас өмнөх хугацаанд хххххх дүүрэг, хххххх дүгээр хороо, хххххххх гудамж хххх тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоож, 2 дугаар давхарын үнэ болох 56,674,321 төгрөгийг банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. хххххх нь хххххххгийн хамтаар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хххххнаас 46,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай зээлдэн авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй хххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хххххххх гудамж ххххх тоот хаягт байрлах хххх м.кв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын ххххххххххххххх дугаартай хххх м.кв талбайтай эзэмших газар, мөн хаягт байрлах 18 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/Ш32017/11160 дугаар захирамж гарч хххххх, ххххххх нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар 41,846,892 төгрөг гаргуулахаар талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн.

2.2. 2018 оноос эхлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14,970,852 төгрөгийг бэлнээр төлсөн ба төлбөрийн үлдэгдэл 27,091,540 төгрөгийг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулж төлбөрийг төлүүлсэн. ххххх нь 2019 оны 10 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцон ххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххххххх гудамж хх тоот хаягт байрлах хххх м.кв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга, хххх м.кв талбайтай эзэмших газрыг 36,245,000 төгрөгөөр худалдан авсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг худалдан борлуулсанаас бий болсон мөнгөн хөрөнгөөс 27,091,540 төгрөгийг төлбөр авагч хххххны төлбөрт, үлдэх 9,153,460 төгрөгийг төлбөр төлөгч ххххххд шилжүүлсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч уг барилгыг 2012 онд 2 давхар болгон барьсан, 2013 онд хххххнаас зээл авсан, 2 дугаар давхарын гэрчилгээг гарахаас өмнө барьцаалсан гэдгээ дурьджээ. Нэхэмжлэгч гэрчилгээгээ дууссан барилга болгон өөрчлөөгүй боловч хххххнаас зээл авч зээлд барьцаалахаас өмнө уг барилгын 2 дугаар давхарыг барьж дуусгасан бөгөөд 2 давхар барилга бүхэлдээ нэг дуусаагүй барилгын гэрчилгээтэй байсан.

2.3. Шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхлэхэд уг барилга 2 давхар хэвийн үйл ажиллагаатай байсан ба битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдааны үе шатуудад мөн адил 2 давхар барилга бүхэлдээ дуусаагүй барилга гэсэн гэрчилгээгээр битүүмжлэн хураагдаж, албадан дуудлага худалдаанд худалдан борлогдсон. ххххх ХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож уг 2 давхар барилгыг бүхэлд нь газрын хамтаар худалдан авсан ба төлбөрийг төлж улсын бүртгэлд бүртгүүлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авснаар хууль ёсны өмчлөгч болсон.

Зээлдэгч нар зээл авах үедээ 2 давхар барилгаа бүхэлд нь барьцаалахаар банкинд хүсэлт гаргасан ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинэчлэн аваагүй, 2 давхар барилга нь дундаа 1 гэрчилгээтэй байсан тул 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хххххнаас 46,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххххххх дүүргийн хххххх дүгээр хороо, ххххххххх гудамж ххх тоот хаягт байрлах хххх м.кв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн гэрээг байгуулсан.

2.4. Мөн хэрэгт авагдсан хэмжилтийн тайланд 1 давхарыг 63,62 м.кв талбайтай, 2 давхарыг 69,03 м.кв талбайтай гэж тогтоосноос харахад уг хххх м.кв дуусаагүй барилгын талбайд 2 дугаар давхарын 31,38 м.кв талбай багтсан байна. Энэ нь хххх м.кв талбайтай дуусаагүй барилгад уг 2 давхар барилга бүхэлдээ багтаж байгааг нотлож байна. Иймээс нэхэмжлэгчийн 2 давхар барилгын зарим хэсэг буюу хххх м.кв талбайг л барьцаалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж худалдсан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөн хөрөнгөөс 27,091,540 төгрөгийг төлбөр авагч хххххны төлбөрт, үлдэх 9,153,460 төгрөгийг төлбөр төлөгч хххххх, ххххххх нарт олгосон тул уг хөрөнгийг худалдан борлуулснаар ххххххд хохирол учраагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжилж байгаа үнийн дүнг нотлосон баримтгүй. Хэрэгт баримтаар ирүүлэн төсөв өөрөө хххх м.кв хэмжээгээр хийгдсэн, харин бодитоор 69,3 м.кв байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримтгүй. Мөн уг хөрөнгийн хоёр давхар хэсэг өөрөө бие даасан хөрөнгийн шинжгүй, зөвхөн барилгын өргөтгөл хэсэг болно. Ус дулааны шугам нэгтэй хөрөнгө болно. Үүнээс гадна нэхэмжлэгч хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан эсэх тодорхойгүй, ийм баримтгүй. Гэрчүүд мэдүүлэхдээ талийгаач нөхөр нь барьсан гэж мэдүүлсэн тул хххххх шаардах эрхгүй. Анхнаасаа барьцааны гэрээ байгуулах үед 2 давхар баригдсан байсан тул бүхэлдээ барьцаалагдсан.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. хххххх миний бие 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хххххтай худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххххх дугаар гудамж ххх тоот хаягтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хххх м.кв газар эзэмших эрхийн хамт худалдан авсан. Газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед ямар нэгэн зөрчил маргаан байхгүй байсан.

3.2. Миний худалдан авсан хххх м.кв газар дээр уг хөдлөх хөрөнгө байршиж байгаа нь газрын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн байгууламжийн зургаар нотлогдож байгаа. Иймд миний шудрагаар худалдаж авч өмчилсөн энэхүү хөрөнгөтэй холбоотой маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Иймд миний эрх ашгийг хөндөхгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан ххххх ХК-аас 49,763,727 төгрөг гаргуулж ххххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,910,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781,332 /441.332+340.000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406,768 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ххххххд хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн материалыг танилцуулаагүй. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талууд үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх-5/, нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн 290 гаран хуудас /2хх бүхэлдээ/ нотлох баримтыг ххххххд огт танилцуулаагүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ххххххд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон талаар огт мэдэгдээгүй. Энэ талаар шүүхээс тэмдэглэл үйлдээгүй. / 2хх-234/

Анхан шатны шүүх хуралдааны явцад ирц танилцуулахдаа талуудаас ирцтэй холбоотой санал асуугаагүй. Хариуцагч талаас ххххххыг хуралд оролцуулах хүсэлтэй байсан боловч ирцийн талаар санал асуугаагүй тул оролцуулах боломжгүй болж талууд эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон. Анхан шатны шүүхээс дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ххххххын хувьд хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх, шинээр нотлох баримт өгөх, нэхэмжлэгч талтай эвлэрэх, шүүх хуралдаанд мэтгэлцэх, тайлбар татгалзлаа нотлох эрхээ эдлэх боломжгүй болсон.

5.2. Хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн шийдвэрлээгүй. Өмчлөгч этгээдийг тогтоогоогүй.

Нэхэмжлэгч нь хххххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, хххххххх дугаар гудамжны хххх тоот барилгын 2 давхрын хххххх м.кв талбайн хууль ёсны өмчлөгч байсныг тогтоолгох, 2 давхрын үнэ болох 56,674,321 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн 2 шаардлага шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.

Гэтэл анхан шатны шүүх эхний шаардлага буюу өмчлөгч байсныг тогтоолгох шаардлагыг огт шийдвэрлээгүй ба 2 дахь шаардлагын хүрээнд 49,763,727 төгрөгийг гаргуулан өмчлөгч биш этгээд буюу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өмчлөгч байсан гэдгээ нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтуудад 2 дугаар давхарыг хххххх өөрийн хөрөнгөөр барьсан гэх санхүүгийн баримт, гэрээ хэлцэл огт авагдаагүй. Мөн нас барсан нөхрөөсөө өв залгамжлалаар 2 дугаар давхарыг хүлээн авсан эсэх нь тогтоогдохгүй байна. Барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр хххххх байсан гэдэг нь 2 дугаар давхрын өмчлөгч хххххх мөн гэдгийг нотлохгүй, тогтоохгүй бөгөөд улсын бүртгэлээр өмчлөгч гэж тогтоогоогүй этгээдэд шууд хөрөнгийн үнийг гаргуулан олгож байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн барилгын ажлын төсөв нь энэ 2 дугаар давхар нь ххххххы өмч гэдгийг нотлох баримт биш бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шүүхэд шаардлага гаргах шаардах эрхийг мөн нотлохгүй юм. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ххххххыг шаардах эрхтэй эсэхийг тогтоогоогүй байж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх 2 дугаар давхарыг дуусаагүй барилгын бүрдэл хэсэгт хамаарах эсэх нь асуудалд ач холбогдолгүй, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж буруу дүгнэсэн. Иймээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт зааснаар ххххх нь барилгын бүрдэл хэсэг болох 2 дугаар давхрыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх 2 дугаар давхарыг тусдаа бие даасан объект мөн гэдгийг тогтоогоогүй, түүний өмчлөгчийг тогтоогоогүй байж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэн мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

5.3. 49,763,727 төгрөгийг үнэдэслэлгүйгээр тогтоосон.

ххххх нь албадан дуудлага худалдаанд оролцон дээрх хөрөнгийг газрын хамтаар 36,245,000 төгрөгөөр худалдан авсан. Албадан дуудлага худалдаанаас олсон мөнгөн хөрөнгийг 27,091,540 төгрөгийг төлбөр авагч ххххх 9,153,460 төгрөгийг төлбөр төлөгч ххххххд тус тус хувиарласан. Уг хөрөнгө нь худалдан борлогдох чадвар маш муу олон зар тавьсан боловч худалдан борлогдоогүй ба хххххх нь өөрөө худалдан авна гэж банктай тохиролцсон үйл ажиллагаагаа 2022 хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулан орлого олсон. /2хх-245/

2023 оны 02 дугаар capын 03-ны өдөр банк нь нийт 132,65 м.кв талбайтай 2 давхар барилгыг 27,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хариуцагч нь анх худалдан авсан үнээс доогуур худалдасан буюу 9,245,000 төгрөгийн алдагдал хүлээсэн байтал 49,763,727 төгрөгийн ашиг орлого олж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээчийн үнийг баримталсан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилон шинжээчийн үнэлгээ хххх м.кв дуусаагүй барилгыг хххх м.кв эзэмших эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээ байсан. Гэтэл анхан шатны шүүх газрын үнэ багтсан үнэлгээгээр талбайн үнэлгээг тооцон гаргаж үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнэ нь энэ үнэлгээг 50 хувиар бууруулсан үнэлгээ байсан гэдгийг харгалзан үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч талаас өмчлөгч байсныг тогтоолгох, мөнгөн хөрөнгө гаргуулах гэсэн 2 шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс эхний шаардлагыг бие даасан шаардлага биш гэж шийдвэрт дурдсан, шүүх хуралдааны тогтоох хэсгийг танилцуулахдаа бие даасан шаардлага бус мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэлд хамаарч байна гэж дурдсан. Энэ талаар дүгнэлт үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Тус барилгын 1 болон 2 давхрыг 2013 онд барьцаалах үед 2 давхрыг барьсан талаар зээлийн материалуудыг ххххх ХК-аас гаргаж өгсөн. Иймд 2 давхрын өмчлөгч мөн гэдгийг ххххх ХК тухайн үед хүлээн зөвшөөрч, 2022 оныг хүртэл тухайн объектод үйл ажиллагаа явуулж орлого олж байсан дансны хуулга, ашиглалтын зардлыг талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Гэрчүүдийн мэдүүлгээр хэн оролцсон талаар нөхцөл байдлыг хангалттай нотолсон учраас шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.2. 2009 онд хххх м.кв улсын бүртгэлийн гэрчилгээ авахад дотор ашигтай талбайг хэмждэг стандарт батлагдаагүй байсан, түүнээс хойш сар гаруй хугацааны дараа батлагдсан. Гадна талаараа хххх м.кв хэмжээтэй гарсныг дурдах нь зүйтэй. 2012 онд 2 давхар барилга баригдаж, 2013 онд зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлийн судалгааны материалд 1 давхар нь 2009 онд, 2 давхар нь 2012 онд баригдсан талаар дурдсан. Гэтэл банк зөвхөн 2009 онд гарсан улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалах шийдвэр гаргаж барьцаалсан. Өөрөөр хэлбэл, 2012 онд 2 давхар ашиглалтад орсныг мэдсэн атлаа зөвхөн 2009 оны улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан нь сонголт хийсэн асуудал юм. Энэ хүрээгээр шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болохоос шүүх шийдвэрлээгүй хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй.

6.3. Дуудлага худалдаагаар худалдаж авахад худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж байгаа, энэ талаар санал, гомдол гаргаагүй. Тухайн үеийн стандартаар хххх м.кв болохоос одоогийн стандартаар 67 м.кв байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсгийг үндэслэн бие даасан объект гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад үнэлгээтэй холбоотой маргаан үүсээгүй, хариуцагч талаас үнэлгээтэй холбоотой хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилох боломжгүй байсан. Нэхэмжлэгч талаас төсөв гаргаж өгсөн. 2019 оны шүүхийн шийдвэрийн үнэлгээний баримт хэрэгт авагдсан.

Тухайн баримтаар 1 м.кв талбайн үнэлгээ тодорхой харагдаж байсан, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй учраас энэ талаар гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххх ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 57,674,321 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч хххххх нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... барьцаалж буй хххх м.кв сууц нь гагцхүү тухайн барилгын 1 давхарт хамаарч байсан, харин 2 дугаар давхар нь хамаарахгүй, ... 2 дугаар давхрыг ххххх ХК-ийн өмчлөлд бүртгэснээр 1 болон 2 давхрын нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болж, бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан байна.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

5.1. хххххх, ххххх ХК нар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ-г тус тус байгуулсан, талууд барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зээлдэгч ххххххы өмчлөлд бүртгэлтэй, ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх дугаар гудамжны ххх тоот үйлчилгээний зориулалттай хххх м.кв талбайтай, хххх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./1хх-8-18/

5.2. Хэргийн 1 дэх хавтасны 146 дугаар талд авагдсан 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон Зээлийн санал-ын хуудасны Санхүүжилт шаардагдсан шалтгаан хэсэгт Зээл хүсэгч хххххх нь 2009 оноос ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх дугаар гудамжны ххх тоот үйлчилгээний 1 давхар барилгаа 2 давхар болгон өргөжүүлж цайны газар, үсчин, эмийн сан, караоке, 1 давхарт халуун ус, саун, угаалга, хатаалга гэсэн чиглэлээр үйл ажиллагаа нь явагдаж байна гэж тэмдэглэгдсэн байна.

5.3. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн 182/ШЗ2017/11160 дугаартай захирамжаар хянан шийдвэрлэсэн, уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хххххх, ххххххх нар сайн дураар биелүүлээгүйтэй холбогдон шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцааны зүйл болох ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх дугаар гудамжны ххх тоот үйлчилгээний зориулалттай хххх м.кв талбайтай, хххх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч ххххх ХК худалдан авч, тус эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан /1хх-7-37, 101-104/

5.4. ххххх ХК нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ болон 1 болон 2 давхрын барилгын ажил бүрэн дуусч гүйцэтгэл 100 хувь болсонтой холбогдон улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасны дагуу ххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх дугаар гудамжны ххх тоот хаягт байршилтай 132,65 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ххххх ХК-ийг эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /1хх-107-115/

5.5. ххххх ХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ххххххд худалдаж, өмчлөх эрхийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001072060 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. /1хх118-120/

 

6. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч хххххх нь зээлийн гэрээний үүрэгт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ххххх ХК-д барьцаалах үед 2 давхар барилга байсан байх бөгөөд талууд ххххххы өмчлөлд хххх м.кв талбайтай, хххх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хожим ххххх ХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг өөрчлөн бүртгүүлж, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан зохицуулалтад хамаарахгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу шаардах эрхгүй.

6.1. Анхан шатны шүүх хххххх ХХК-ийн үнэлгээг үндэслэн барилгын м.кв-ын зөрүүг тооцож, хариуцагч ххххх ХК-ийг 49,763,727 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Хариуцагч нь шүүх гуравдагч этгээд ххххххд хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, ирцтэй холбоотой санал хариуцагчаас аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

7.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

7.2. Нэхэмжлэгч нь хххххххххх дүүргийн, ххххххх хороо, ххххххххххх гудамж, ххх тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай барилгын 2 давхрын хххх м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 57,674,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ххххх ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 57,674,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххххы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/01205 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ххххх ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 57,674,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххххы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,769 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД