| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00229/И |
| Дугаар | 00249 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00249
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 8-63 тоотод оршин суух, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, Ач хариад овогт Гэндэнжавын Хын нэхэмжлэлтэй /РД:РУ91082000/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын ¹ 72 тоотод оршин суух, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Хонгор адуучин овогт Төрбаатарын Эд холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр бүл хороолол 41А-54 тоотод оршин суух, Бөх овогт Цагааны Бат-Өлзийгөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Хыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцож байна. Г.Х нь Т.Этэй 2010 оноос 2015 оны 05 дугаар сар хүртэл хамт аьдарсан байдаг ба энэ хамт амьдрах хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Анир төрсөн. Хүү Э.Анир нь одоо 03 настай бөгөөд эцэг Т.Эгийн асрамжинд эрүүл бойжиж байна. Хамтын амьдралтай байх хугацаанд Т.Э нь Г.Хыг жирэмсэн байх үед нь 3 удаа өөр бусад эмэгтэйчүүдтэй холбогдож гэр бүлээ хуурч, архи дарс ууж агсам согтуу твьдаг байсан байна. Энэ нөхцөл байдлаас болж Г.Х нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа юм. Тусдаа амьдрах үеэс Т.Э нь хүү Э.Анирыг өөр дээрээ авч үлдсэн бөгөөд одоо Г.Х нь өөр хүнтэй гэр бүл болж бие давхар болсон тул шүүхэд хандсан юм. Г.Х нь гэрлэлтээ цуцлуулах, хүү Э.Анирыг өөрийн асрамжинд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Т.Эгийн тус шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад хүүхдийг Т.Эгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй талаар тохиролцсон юм. Иймд зөвхөн гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2010 оны 05 дугаар сард Хтай танилцаж үерхэж байгаад 2010 оны 09 дүгээр сард гэр бүл болж нэг гэрт хамт амьдрах болсон юм. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас хүү Э.Анир 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Хүү маань Зүүнхараад буюу энд төрж өссөн. Г.Х бид хоёр 2015 оны 06 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Үүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрахдаа би хүүгээ өөрийн асрамжинд авч үлдээд одоог хүртэл өсгөж бойжуулж хамт амьдарч байна. Хүү Э.Анирыг миний асрамжинд үлдээхээр Х бид хоёр ярьж тохиролцсон тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Т.Э нар нь 2010 оны 05 дугаар сард гэр бүл болж 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Анир төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн ¹ 0000890148 Г-142 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийг бүртгэсэн ¹ 0164994 дугаартай гэрчилгээний хуулбар, Э.Анир эрүүл бойжиж байгаа гэсэн Бату өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, уулзалт ярилцлага хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон, уулзалтын явцад талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох саналыг гаргасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд Г.Х нь өөр хүнтэй гэр бүлийн хамтын амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Т.Э, Г.Х нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Э.Анирыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч Т.Эгийн асрамжинд хүүхдээ үлдээхээр тохиролцсон байх тул хүү Э.Анирыг эцэг Т.Эгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Хын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хонгор адуучин овогт Төрбаатарын Э, Ач хариад овогт Гэндэнжавын Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Анирыг эцэг Т.Эгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.