Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01158

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01158

 

хххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххд холбогдох,

 

Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь ххххххтай 2019 онд танилцаж, хамтран амьдрах болсон.

1.2. Бид хххххххх дүүргийн хххх дугаар хороо, хххххххх гудамжны хххх тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хххх м.кв талбайтай газар, хх м.кв талбай бүхий хувийн сууцыг 18,000,000 төгрөгөөр 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

1.3. Бид 2021 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон.

1.4. Дээрх эд хөрөнгийг 2022 оны зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд 40,000,000 төгрөг байсан. Миний хувьд оруулсан зардлаа тооцоход 21,550,000 төгрөг болсон.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасны дагуу газар, орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид 2020 оны 01 дүгээр сард танилцаж, хамтран амьдрах болсон. Би 2020 оны 8 дугаар сард өөрийн хүчин чармайлтаар маргаан бүхий хашаа, байшинг худалдан авсан. Тухайн үед манай охин 100 хувь мөнгө явуулсан, энэ хүнээс нэг ч төгрөг авалгүйгээр 18,000,000 төгрөгөөр хашаа, байшинг худалдаж авч байсан.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч ххххххаас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч хххххгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххххаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххд олгож, шинжээчийн ажлын хөлсөд нэхэмжлэгч хххххгаас 150,000 төгрөгийг гаргуулж ххххххххх ХХК-д, хариуцагч ххххххаас 500,000 төгрөгийг гаргуулж, хххххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

хххххххххххх дүүргийн ххххх дугаар хороо, хххххххх дугаар гудамж, хххх тоот хаягт байрлах, хххххххххххххххх нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххх м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх гудамж, ххх тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй ххх м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хххххх миний бие өөрийн хувийн орлого болох 18,000,000 төгрөгөөр 100 хувь мөнгөө төлж худалдан авсан. Миний бие өөрийн охиноос шилжин ирсэн 6,800,000 төгрөг, ххххх маркийн автомашиныг худалдан борлуулж орлого 7,000,000 төгрөг, өөрийн эгчээс зээлсэн 2,000,000 төгрөг өөрт байсан орлогоор худалдан авсан.

хххххг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үед би харвасан, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй болсон байсан.

4.2. ххххх өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан 21,550,000 төгрөгийг хувийн орон сууцанд зарцуулсан гэж хэлсэн байдаг. Энэ бүхнийг шалгаж өгнө үү. Шүүх сайн нягтлан тогтоох байсан.

Миний бие хххххх нь үл хөдлөх эд хөрөнгө болох газар, хашаа байшингаа барьцаалж зээл авч байсан. ххххххх ХХК-аас 2,000,000 төгрөг ххххххх ХХК-аас 8,000,000 төгрөг тус тус зээл авсан. Зээлсэн мөнгөнөөсөө амьжиргаа цагаан автомашин 6,000,000 төгрөг авсан. Мөн эгчээсээ авсан 1,000,000 төгрөгөө өгсөн. Банк бус санхүүгийн байгууллагын мөнгийг миний бие өөрөө төлж, дуусгасан. Миний бие нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тархины хүнд гэмтэл авч гуравдугаар төв эмнэлэгт тархины мэс засалд орж, хэвтэн, эмчлүүлж, 70 хувийн группт орсон. Cap бүр 300,000 төгрөг авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй намайг хууран мэхэлж, залилсанд их гомдолтой гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг эрх зүйн зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххххд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... охины явуулсан мөнгөөр газар, хувийн сууцыг худалдан авсан, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй ... гэсэн үндэслэл заан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн дундын өмчийн талаарх холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Харин дундын өмчлөлийн зүйлээс нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ маргаж буй эд хөрөнгийг хэний өмчлөлд үлдээх, мөн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгчийн нэрийг хасах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Талууд 2019 онд танилцан, 2021 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд хамтран амьдарсан байна. Энэ хугацаанд хххххх, ххххх нар нь ххххххх, хххххх нартай 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хххххххххх дүүрэг, ххх дугаар хороо, хххххххх дугаар гудамж, хххх тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ххх м.кв талбайтай газар, ххх м.кв талбай бүхий хувийн сууцыг 18,000,000 төгрөгөөр худалдан авч, уг газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдсон байна. Энэ үйл баримтад талууд маргаангүй.

 

5. ххххх, хххххх нар нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий газар гэрлэлтээ батлуулаагүй тул тэдгээрийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчийн талаарх зохицуулалт үйлчилнэ.

5.1. Зохигчид дундын өмчид оруулсан хувь хэмжээний талаар маргаж, өөрсдийн эзэмшлийн банкны дансны хуулга, ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч хххххгийн зүгээс дээрх эд хөрөнгийг худалдан авахад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан болох нь нотлогдож байх боловч талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ нь ач холбогдолгүй юм.

Учир нь маргаж буй газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ххххх болон хххххх нар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн, зөв гэж үзэх тул мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх эд хөрөнгө нь зохигчдын дундын өмч байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчид ногдох хэсгийг тодорхойлохдоо шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж байх тул нотлох баримтыг нягтлаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

6.1. Харин хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлээс нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнийг гаргуулж шийдвэрлэсэнтэй холбогдон ххххххххх дүүрэг, хххх дугаар хороо, ххххххх дугаар гудамж, хххх тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ххх м.кв талбайтай газар, ххх м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч ххххххын өмчлөлд үлдээж, эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгч хххххгийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийн заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/01308 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын олгосугай гэснийг олгож, ххххххххх дүүрэг, хххх дугаар хороо, ххххххх дугаар гудамж, хххх тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ххх м.кв талбайтай газар, ххх м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч ххххххын өмчлөлд үлдээж, эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгч хххххгийн нэрийг хасч бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД