Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00242

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцат 9 дүгээр баг, Партизаны ¹ 05 тоотод оршин суух, 1969 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  төрсөн, 47 настай,  эрэгтэй, Харчин овогт Очирын Сарансүхийн  хүсэлттэй /РД:МЗ69121777/

             Э.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Сарансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Э.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Мандал сумын Онцгой байдлын албаны аврах гал унтраах 19 дүгээр ангийн захирагч Э.Алтангэрэлд Төрийн банкны данснаасаа 2.5 сая төгрөгийг авч 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай аман гэрээ хийж зээлдүүлсэн юм. Тухайн үед бидний хажууд Ё.Баттулга гэдэг хүн байсан. Тэгээд мөнгө авах хугацаа болоод Э.Алтангэрэл нь мөнгөө өгөхгүй яваад байхаар нь тухайн үед за яахав боломжгүй байгаа биз тэгж байгаад өгчих байлгүй гэж бодоод яваад байсан. Би хааяа уулзах гэж очиход өөрөө зугатаад байхгүй гэж хэлүүлээд эхнэр нь уулздаг байсан. Эхнэр нь болохоор одоо удахгүй нэг сарын дараа гэх мэтчилэн байсаар нэг мэдсэн Э.Алтангэрэл нь өндөр насны тэтгэвэртээ гараад Мандал сумаас явсан байсан. Мандал суманд байхдаа Минжийн хангайн ¹ 52 тоотод оршин сууж байсан. Одоо дам сураг сонсвол Сэлэнгэд байгаа сураг дуулдсан. Э.Алтангэрэлийн оршин суугаа газар нь тодорхойгүй байгаад байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү. Э.Алтангэрэлийн утас: 99430918, эхнэрийнх нь утас: 99740720, Э.Алтангэрэлийн ээжийнх нь утас: 94691954 гэв.

 

Үндэслэх нь:

 

Эрдэнэжаргалын Алтангэрэл нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын албаны аврах гал унтраах 19 дүгээр ангид захирагчаар ажиллаж, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Минжийн хангайн ¹ 52 тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай  байх тул О.Сарансүхийн хүсэлтийг хангаж түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч О.Сарансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын албаны аврах гал унтраах 19 дүгээр ангид захирагчаар ажиллаж, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Минжийн хангайн ¹ 52 тоотод оршин сууж байсан Эрдэнэжаргалын Алтангэрэлийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Алтангэрэлийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Сарансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б. ХЭРЛЭН.