Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01181

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01181

 

хххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/01634 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххт холбогдох,

 

хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Би ххххххххт 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс ахлах нягтлан бодогчоор томилогдож ажилласан. Уг албан тушаалд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалын тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын хариуцлагын алдаа гаргаж байгаагүй.

1.2. Тус байгууллагын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалаар ххххххыг ххххххх болгон өөрчлөгдөж, ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хууль бусаар халсан.

Иймд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1041 тоот захирамжаар Нийслэлийн ххххххын нэршлийг Нийтийн тээврийн газар болгон өөрчилж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1059 тоот захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоосныг үндэслэн хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 тоот тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан.

Дээрх жагсаалтаар нэхэмжлэгч хххххгийн эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан. Тодруулбал, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаал нь Т3-9 зэрэглэлийн, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн, холбогдох хууль, тогтоомжид заасан болзол, шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Уг нөхцөл байдлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч хххххд мэдэгдэж, бичгээр баталгаажуулан танилцуулахад мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, уг шинэчилсэн бүтцийн дагуу шинээр бий болсон өөр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй талаар ажил олгогчид мэдэгдсэн.

2.2. Ажил олгогчийн зүгээс хххххд түүний эрхэлж байсан албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцүү хэмжээний олговрыг олгож, календарын 30 хоног буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дараа түүнийг ажлаас бүр мөсөн чөлөөлсөн талаар газрын даргын 2022 оны А/08 тоот тушаалын 1, 2 дахь хэсэгт тодорхой тусгасан. Ажлын байр хасагдсан шалтгаанаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 2,393,028 төгрөгийн тэтгэмжийн нэг удаа олгосон.

2.3. хххххгийн зүгээс тус газарт өөрийн мэргэжил, ур чадварт тохирох ажлын байранд ажилд орох талаар хүсэлт гаргаагүй, ажил олгогч нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн хүрээнд ажилтанд хуульд заасан олговор, тэтгэмж зэргийг бүрэн олгосон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хххххг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч хххххг хххххххт урьд эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хххххххаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 41,181,529 төгрөгийг гаргуулан хххххд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 41,181,529 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч хххххгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч хххххххт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч хххххххаас 363,858 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байхад шүүхийн шийдвэрт урьд нь эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэсэн нь хххххххын даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсныг нотолж байна.

Учир нь хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгоогүй байх ба Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдох нэхэмжлэлийн шаардлага нь төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, ахлах түшмэл мэргэшүүлэх багц цагийг хангасан, тусгай шалгалт өгсөн байх захиргааны хэмжээний актаар үгүйсгэгдэж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр хххххг урьд нь эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь түүний нэхэмжлэлийн шаардлага байгаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон.

4.2. Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий нягтлан бодогчоор өнөөг хүртэл ажиллаж байгаа нь төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн тогтолцооны системд бүртгэлтэй байхаас гадна ажлаас чөлөөлөгдөхөд түүнд урьд эрхэлж байсан төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-8 дүйцэхүйц ажлыг санал болгосон боловч эс зөвшөөрөөгүй. Харин хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилогдох байсан.

Энэ нь хариуцагчийн хариу тайлбарт ...эдгээр нөхцөл байдлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны нэхэмжлэгч хххххд мэдэгдэж, бичгээр баталгаажуулан танилцуулахад мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, уг шинэчилсэн бүтцийн дагуу шинээр бий болсон өөр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахгүй талаар ажил олгогчид мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчид 2,393,028 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон бөгөөд түүний зүгээс тус газарт өөрийн мэргэжил, ур чадварт тохирох ажлын байранд ажилд орох талаар бидэнд ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг мөн дурьдах нь зүйтэй... гэснээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр хххххгийн хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангагдаагүй бөгөөд түүнд олгосон 2,393,028 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон шийдвэр хүчин төгөлдөр байна.

4.3. Шүүхийн шийдвэрт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хххххххаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 41,181,529 төгрөгийг гаргуулан хххххд олгосугай. гэж шийдвэрлэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилсэнтэй холбогдуулан хүчингүй болсон Нийгмийн даатгалын тухай 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийг Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдлыг эхний хуудаснаас харахад ойлгомжгүй буюу Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь гэж бичсэн. Үүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна аль шүүхэд хандаж байгаа талаар шаардлага нь зөрчигдсөн байхад анхан шатны шүүх хүлээж аваад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрт урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсугай гэсэн хэсгийг гомдолд дурдсан. Талуудын мэтгэлцээний хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт зааснаар уг ажил, албан тушаал байхгүй гэвэл өөр дүйцэхүйц албан тушаалд томилуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Уг хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.2. Шүүх хүчингүй болсон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэсэн гэх гомдлын агуулгыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэг удаагийн тэтгэмж олгосон гэх боловч тэтгэмж, олговор хоёр нь ялгаатай ойлголт юм. Анхан шатны шүүх хуралдаанд тэтгэмж олгогдсон, олговор олгогдоогүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хангалттай мэтгэлцээд хариулт өгсөн. Цалин, хөлс нэмэх, хасах асуудал нь ажилд томилогдсоны дараа цалингаас суутгах, суутгахгүй талаар яригдах байх. Энэ асуудлыг давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрлэх асуудал биш. Шүүх ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж гомдолд дурдсан.

5.3. Гэтэл хххххд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гардуулахдаа өөр ажил, албан тушаал санал болгоогүй. Энэ хэрэг маргааныг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, одоо хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Өмнө нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж байсан. хххххххаас эвлэрэх санал тавьж, санал солилцох гэсэн боловч хххххтай уулздаггүй. Хэрэв ажил, албан тушаал санал болгож байвал бичгээр нотлох ёстой гэдгийг шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. Энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй учраас шүүхээс ажил, албан тушаал санал болгосон гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххххт холбогдуулан тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, ахлах нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ххххх нь хххххт Ахлах нягтлан бодогчийн албан тушаалын ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үйл баримтад маргаангүй. /2хх-26-30/

 

4. хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ххххххх-ыг Нийтийн тээврийн газар болон өөрчлөгдөж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан үндэслэлээр хххххтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хх-8/

 

5. Талууд дээрх тушаалын хууль зүйн үндэслэл болон ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан эсэх талаар маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1. хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай А/01 дугаартай тушаалаар тус газрын ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчилж, тушаалын хоёрдугаар хавсралтаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн орон тоог хэлтсийн дарга-1, эдийн засаг төсвийн мэргэжилтэн-1, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хариуцсан мэргэжилтэн-1, тооцооны нягтлан бодогч-3, нярав-1, жолооч -1 гэж, баталсан байна. /2хх9, 11/

7.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 365 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын загварыг батлахдаа албан тушаалын ангилал, зэрэглэлийг Ахлах түшмэл, ТЗ-9 гэж баталжээ. /2хх-36-41/

7.3. хххххгийн ажиллаж байсан Ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь ТҮ-8 зэрэглэлд хамаарч байна.

7.4. Нэхэмжлэгч ххххх нь ... Ахлах нягтлан бодогч-ийн албан тушаалын чиг үүргийг одоогийн Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гүйцэтгэж байгаа гэж маргах боловч хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолт, Албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудаар дээрх албан тушаалын чиг үүрэг, зорилго ижил гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн албан тушаалын ангилал, зэрэглэл өөр байна. Төрийн захиргааны ангилалд хамаарах төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай нөхцөл, болзол, шалгуурыг хангасан байхыг шаардана.

 

8. Иймээс хххххххын Санхүү, хөрөнгө, оруулалтын хэлтэст Ахлах нягтлан бодогч албан тушаалын ажлын байр хасагдсан гэж үзэх тул хариуцагч хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

9. Хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалд тусган, энэ өдрөө нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор мэдэгдэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/01634 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч хххххххт холбогдуулан гаргасан хххххххын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД