Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2016/00266

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр багт байрлах “Хаан” банкны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр багт оршин суух Өндөр сант овогтой Ганболдын Зоригт /РД:ЙС81092714/,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр багт оршин суух Ганин овогтой Эрдэнэцэцэгийн Ганжаргал /РД:ЙС81112404/ нарт холбогдох,

19 735 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Зоригт болон Э.Ганжаргал нар нь тус банкны Хужирт тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3808/16543 тоот гэрээ байгуулан 35 000 000 төгрөгний бизнесийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 67 хоног өнгөрч, зээлийн гэрээний 6.1.1 дахь заалтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан, банк зээлдэгчид буцаан дуудах мэдэгдэл 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 2 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд банк зээлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1.2, 6 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

  1. 2014 оны 07-р сарын 14-ний өдрийн 3808/16543 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах
  2. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах Үндсэн зээлийн үлдэгдэл 19 343 192  төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 3 891.96  төгрөг

  1. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3116 төгрөг

Нийт төгрөг 19 735 504  төгрөг

  1. Нотариатын үйлчилгээний төлбөр 1900  төгрөг
  2. Улсын тэмдэгтийн хураамж 256 628  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна
  3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ өгнө үү... Хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нарын тайлбартай танилцлаа татгалзах зүйлгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн 19 735 504 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нарт холбогдуулан 19 735 504  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны   нэхэмжилсэн 19 735 504 төгрөгийг хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн 19 735 504 төгрөгийг хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 628 төгрөгөөс 128 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 5556458111 тоот данснаас 128 314 төгрөг, хариуцагч Г.Зоригт, Э.Ганжаргал нараас 128 314  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                              

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА